Цагаан сар бол Монголчууд өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр болгон айл гэр, ахан дүүсээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг өнө эртний уламжлалт баяр билээ. Өнөө жил “Улаан морин” буюу гал морь жил гарч буй.
Хаврын тэргүүн сар гарсны цагаан сарыг баярыг Чингис хааны үеэс тэмдэглэн ирсэн түүхэн улбаа агуулга, хэлбэрийнхээ хувьд уламжлал шинэчлэлийг хослуулсаар өнөөдөр бидэнд өвлөгдөж ирсэн байна. Тэрхүү уламжлал, шинэчлэлийн сайшаалтай тал нь үндэсний бахархал, ондоошлыг өвлөн авч түгээн дэлгэрүүлж буй явдал юм. Харин эсрэгээрээ муушаая гэх аваас цагаан сарын баярыг бэл бэлчний, зарим талаар аргацаасан байдал руу хэвийж байна хэмээн дүгнэвэл нэг их буруудахгүй болов уу. Хаврын тэргүүн сарын цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай үндэстнүүдийн гал голомт манай улсын хувьд эл баярын ёс бэлгэдэл, хүндэтгэлийн байдлыг нэн тэргүүнд тавих ёстой.
Битүүлэх ёсон, идээ ундааны ёсон, тэнгэрт мөргөх ёсон, золгох ёсон, шинэлэх ёсон зэрэг цагаан сараар дээдлэх бидний уламжлалт ёснууд бий. Мөн үүнд гэртээ ирсэн зочдынхоо гарыг цайлгах буюу бэлэг өгөх нэгэн ёсыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд ёс болгодог болсон.
Хэдий үеэс ямар төрлийн бэлэг бэлдэн хэнд хэрхэн өгдөг талаарх албан ёсны судалгаа байхгүй ч сүүлийн 10 жилд гаднаас тэр дундаа урд хөрш болох БНХАУ-аас жижиглэнгийн бөөний барааг ихээр төвлөрүүлэн цагаан сар гэлтгүй бусад баяруудаар ч бие биедээ бэлгэлдэг байдал тогтсон хэв шинжтэй болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд дээр амралтын өдрүүд таарах зарим ажлын өдрийг амрын өдөрт шилжүүлэх журмын дагуу зэргээр улс даяараа нэгэн долоо хоног цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс ч цагаан сарын баяраар хүндэтгэлийн идээ ундаа, өмсөж зүүх, бэлэг сэлт бэлдэх ажил бишгүй дээ их. Тиймдээ ч үйлдвэрлэгч орон болох урд хөрш рүүгээ гарч ганзага дүүргэн ирдэг. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр гэхэд нэг хоногт Замын-Үүдийн хилийн боомтоор гарсан иргэдийн тоо 5 мянга хол давсан. Тэдний зорилгын дийлэнх нь цагаан сарын “юм” бэлдэх…

Бид бол хоёр том гүрний дунд оршдог, эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа цөөхөн хүн амтай улсын иргэд. Хэн хүнгүй аль нэг улсын хараат болчих вий гэж алсуураа эмээж явдаг нь ч ил. Хэрэв зээ, бид дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй, 100 хувь импортын хамааралтай улс болох аваас тэр муу бодол биелэх нь дамжиггүй.
ҮСХ-оос гаргасан судалгаагаар сар шинийн баяраар монголчууд 1,2 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг гэсэн тооцоо гарчээ. (Монголчууд ба импортын бараа 2023)
Үүний 46 хувь нь буюу 548 тэрбум төгрөгийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Баярын ширээ, бэлэг, хувцас хэрэглэл, гоёл чимэглэл зэргээр дамжин гарч буй энэ мөнгө дотоодын эдийн засагт эргэж үлдэлгүй, гадагш урсаж байна гэсэн үг. Импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулсан 548 тэрбум төгрөг бол 50 гаруй сургууль, цэцэрлэг шинээр барих, 70-90 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг тоноглох, мөн 3,500-4,500 айл өрхийг орон сууцтай болгох хэмжээний бүтээн байгуулалт хийх нөөц юм.
Цагаан сар бол зардал биш эдийн засгийн сонголт. Өөрөөр хэлбэл, монголчууд бид жил бүр vар шинийн баяраар хийдэг хэрэглээгээ зөв чиглүүлж чадвал, ганц баяраар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууц, ажлын байр гэсэн суурь салбарууд болон чиглэлүүддээ бодит ахиц гаргах боломжтой.
Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэнээр:
Дотоодын бараа худалдан авах → Үндэсний үйлдвэр тогтвортой ажиллана
Үйлдвэр тогтвортой ажиллах → Ажлын байр хадгалагдана
Ажлын байр хадгалагдах → Иргэдийн орлого нэмэгдэнэ
Орлого нэмэгдэх → Улсын төсөвт татвар төвлөрнө
Татвар төвлөрөх → (Сургууль, эмнэлэг) дэд бүтэц сайжирч эерэг эдийн засгийн тойрог бий болно.
Харин импортын бараа давамгайлбал мөнгө гадагш урсана, дотоодын үйлдвэрлэл хумигдана, ажлын байр багасна, эдийн засаг эмзэг хэвээр үлдэнэ.
Тиймээс сар шинийн баяр, ёслолын идээ ундаа, бэлэг дурсгал, хувцас, гоёл, ахуйн хэрэглээ зэрэг худалдан авах бараа бүтээгдэхүүнээ боломжтой бүх тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч үндэсний брэнд, жижиг дунд бизнесүүдээ дэмжихийг уриалж байна. Энэ бол алсдаа манай улсын эдийн засаг сэргэх гол хөшүүрэг болох юм.
