HUMANZ | 2023 онд инстаграмаар залууст танигдсан улстөрч Гомбожавын Занданшатар

Улс төр, парламент, их хурал, засгийн газар зэрэг үгс 2000-аад оныхны анхаарлыг татахаа болиод удаж буй. Эрх мэдэл болон мөнгөний асар том наймаа явдаг “хар бараан” хүрээлэл гэсэн өнгөцхөн, олон нийтийн сүлжээний ерөнхий дүгнэлт залуусын дунд бүдэг бадагхан байдаг. Сонгууль өгөхийг ямар ч арга хэлбэрээр уриалсан торойж үлддэг, талбай дээр жагсаал болвол тун хашир ажиглах байдлаар оролцдог, анхаарлыг нь татах, хамтарч ажиллахад бэрх гэж тодорхойлогдсон GenZ үеийнхэн. Эдгээр онцлогуудыг нарийн мэдэрч, өөрийн цахим хуудастаа залуусын хандалтыг багагүй чиглүүлж чадсан улстөрч бол УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар. Тэрбээр, өөрийн ажлын байр болон хийдэг ажил, уншдаг ном, санаачилсан хууль, гадаад дотоод айлчлалын сонин сайхан болон бэлтгэл ажлын тухай энгийн бөгөөд ойлгомжтой 90 секундийн бичлэгийг инстаграм хуудастаа байршуулсан юм. Эхэндээ олон нийт түүнийг “попрох” аргаа олж ядлаа хэмээн шүүмжилж байсан. Харин явцын дунд түүний бүтээсэн бичлэгүүд/reels/ инстаграмд цагийг өнгөрүүлдэх дуртай залуусын хувьд сонирхолтой, мэдээлэл авч болохуйц шинэлэг контент болж чадсан юм. 

Түүний ажлын байраа буюу УИХ-ын чуулган өрнөдөг танхим, тэнд мөрдөгддөг дэг, дарааллын тухай танилцуулж хийсэн богино бичлэг нь инстаграм хуудсанд 260 гаруй мянган үзэлттэй байгаа бол Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн ач холбогдлын тухай баримт хуваалцсан бичлэгийг 240 гаруй мянган хүн үзэж, мянган орчим хүн хувийн хаягтаа хуваалцжээ. Энэхүү хандалт нь инстаграм хуудсанд улс төрийн хамаарал бүхий хүн оруулсан гэхэд хангалттай өндөр үзүүлэлт юм. 

Зөвхөн залуу үе гэлтгүй өнөөгийн нийгмийн нийт иргэдийн дунд улс төрийн идэвх оролцоо тааруу байдаг. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж болон тэдгээрийн үр нөлөөнд нийтээрээ анхаарал хандуулдаггүй. Энэ асуудал дээр тулгуурлан олон төрлийн сургалт, нөлөөллийн ажил, төсөл хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагууд хийдэг. Гэвч судалгаа, мониторингоор хангалттай үр дүн гардаггүй гэхэд болно. Харин 2023 оны аравдугаар сард petition.parliament.mn D өргөдөл гомдлын цахим системийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын иргэн бүр хурууны хээгээ ашиглан хуулийн төсөлд санал хүсэлтээ илгээх боломжтой болов. Хүн бүр цахим орчинг идэвхтэй ашиглаж байгаа энэ цагт эвлэлдэн нэгдэх, нэг саналыг олонхоор дэмжих тийм ч хэцүү байсангүй. Хамгийн эхний буюу НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх саналыг 103 мянган хүн дэмжиж саналаа өгсөн юм.  Долоо хүрэхгүй хоногийн дотор 100 гаруй мянган иргэн DAN системээр нэвтэрч, тодорхой үйлдэл, идэвх гарган оролцсон гэдгийг онцлох нь зүйтэй.  Мөн эдгээр саналын 74,5 хувийг 18-35 насны залуус өгчээ. Өөрөөр хэлбэл, нийт санал өгсөн иргэдийн 90 хувь нь 40-өөс доош насныхан байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар GenZ үеийнхэндээ талархал илэрхийлэн богино бичлэг инстаграм хуудсандаа оруулсан юм. 

Улс төрийн карьер хөөж буй хэн хүний хамгийн эхний хүсэл бол олон нийт, тэр дундаа залууст танигдах байдаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд энэ нь тийм ч төвөгтэй даалгавар байсангүй. Үүний нэг илрэл нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэх үед үзүүлсэн залуусын дэмжлэг. Амьтанд хайртай залуус түүнтэй ямар ч барьцаа, элдэв үнэ хөлс ярилгүй хүнлэг байдлаар хамтарсан удаатай. Мөн ирээдүй цаг дээр бус өнөө цагт үргэлжилж буй бүхнийг баримт нотолгоон дээр суурилан “энгийн” байдлаар тайлбарлан таниулж буй нь түүнийг 2023 онд инстаграмаар залууст танигдсан улстөрч хэмээн нэрлэхэд хүргэв. Улс төрөөс залуус жигшиж, зай барьж буй энэ цаг үед парламентын засаглал, хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа, сонгуулийн тухай ойлголт гэх мэт “өгөөжтэй” мэдээлэл өгөх илүү дутуу хачиргүй  контент илүү олон болж, тогтворжоосой …

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *