СУРВАЛЖИЛГА | Урт цагааны урд хэсгийг чимсэн цэмцгэр “6-р байр”-аас үлгэр жишээ авах нь

7 минут уншина
humanz.mn

Ажилдаа явах замаа хэдхэн алхмаар өөрчлөхөд Урт цагааны 6-р байрын хажуугаар өнгөрөв. Гадна талбай ямар ч хоггүй, яг л тэс өөр газар оччихсон юм шиг тухтай мэдрэмж төрөөд, байн байн эргэж харсаар зөрөв. Орцны үүд ийм байж болдог л юм байна шүү дээ гэх өөдрөг бодол төрнө. Ажлынхандаа ч хачин гоё байрны дэргэдүүр өнгөрснөө хэлээд амжсан санагдана. Тэр өдрөөс хойш ажилдаа байнга өнөөх замаараа явдаг болов оо. Явах бүрд тэр хавь яг л анхных шигээ цэмцгэр. Нэг намар, нэг өвлийг үзсэн. Яг хэвээрээ…

Энэ байрны орчин тойрныг цэвэрлэдэг үйлчлэгч болон оршин суугчид ямар гээчийн эв нэгдэлтэй, хариуцлагатай хүмүүс байдаг болохоор ингэж тухтай амьдарцгаадаг байна аа гэх бодол тээсээр очиж мэдээлэл бэлтгэх зорилготой болов. Заавал учиргүй том бүтээн байгуулалт, сүржин даржин ажлын “нээлтийг” л түгээн дэлгэрүүлэх гэхээс илүү бидний хажууханд оршин буй хариуцсан ажлаа хэнээр ч гуйлгахгүй чин сэтгэлээсээ хийдэг тэр л чимээгүй хөдөлмөрлөдөг СӨХ, үйлчлэгчийн ажлыг энэ удаад онцолъё.

Намайг очих үед байрны гадаах хогийн цэгээс ТҮК-ийн ажилчид хог ачиж байгаатай таарав. Зохион байгуулж байгаа болтой эгчээс 6-р байрыг хариуцдаг СӨХ болон үйлчлэгчийг асуутал төвөггүй хэлээд өгөв. Энэ хүн бол Хог хаягдлын байцаагч С.Дэнсмаа. Түүний хэлснээр 6-р байрыг “Буянт СӨХ” хариуцдаг бөгөөд түүнээс гадна долоон байр байгаа аж. Ийнхүү хариуцсан байруудаа тус СӨХ маш сайн цэвэрлэхээс гадна санаачилгатай гэдгийг хэлэв. Тэдний хувьд хамтдаа дор бүрнээ хуваарийн дагуу ажлаа хийгээд явахад аль аль талдаа хүндрэл бага байх боломжтойг ч хэлж байв. Нөгөө талд ТҮК-ийн ажилчдын хувьд хог ачих үед иргэд машинаараа орох зогсоолыг нь хааж тавьчхаад утсаа унтраах, зогсоол чөлөөлөхгүй байх тохиолдол их гардаг бөгөөд яалт ч үгүй зогсоолд байршуулсан машинууд болохоор ачуулж болохгүй болохоор хүндрэл үүсдэг гэж хуучлав.

Удалгүй “Буянт СӨХ”-ны Ашиглалт хариуцсан байцаагч С.Гантуяа ирж, түүний ажлын тухай ярилцав.

Түүний хувьд 20 гаруй жил энэ ажлаа хийж байгаа бөгөөд СӨХ-ны дарга болон үйлчлэгч мөн адил өдий олон жил ажиллаж буй аж. Харамсалтай нь ярилцлага авах гол шалтгааны нэг болсон 6-р байрны үйлчлэгч эгчийн нөхөр нь хэдхэн хоногийн өмнө бурхан болсон тул түүнээс яриа авах боломж олдсонгүй. Гэхдээ түүнийг нөхрийн хамт энэ олон жил хариуцсан байруудаа янзын сайхан цэвэрлэж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддагийг хэлж байв.

Харин С.Гантуяа эгч энэ ажлаа олон жил хийж байгаа болохоор оршин суугчидтайгаа хэдийн танил болж, хариуцдаг ажлаа төвөггүй хийхээс гадна өнгөрсөн хугацаанд тус СӨХ үр дүнтэй ажиллах арга барилаа олж авчээ.

Ихэнх хүмүүс орцны хана будаж, шал угаахыг л СӨХ-ны үйл ажиллагаа мэтээр хардаг. Гэвч нүдэнд харагдахгүй олон ажил бий.

Анх оршин суугчид СӨХ-ны ойлголтгүйгээс болоод ч юм уу ажил үүргийн хуваарилалтыг сайн мэдэхгүй. Бараг л гэрт нь ороод хамаг ахуйн ажлыг нь хийж өгөх ёстой мэт харьцдаг байсан үе бий. Одоо бол өөр л дөө. Харьцангуй “дундын өмч”-ийн тухай ойлголттой болчихсон.

Ихэнх хүмүүс орцны хана будаж, шал угаахыг л СӨХ-ны үйл ажиллагаа мэтээр өнгөцхөн харж үл тоох хандлага бий. Гэвч бодит амьдрал дээр нүдэнд харагдахгүй олон ажил хийдэг. Ялангуяа манайх шиг ашиглалтад ороод удсан, хуучны байруудыг арчлах, шугам хоолойг засах, сэлбэх, цэвэр цэмцгэр байлгах, төлбөр мөнгөөрөө хэрэгцээтэй асуудлуудаа чухлын дарааллаар шийдэх гэх мэт цаг шаардах ажил олон. Мэдээж энэ бол ажлын нэг хэсэг хэдий ч энэ олон жил ажиллахдаа манай хамт олон бүгд л дор бүрнээ чин сэтгэлээсээ хийсээр ирсэн. Тиймдээ ч хамтдаа ажиллаад явахад амар байдаг. Түрүүлж ирсэн нь заавал үйлчлэгчийг хүлээхгүй хогоо гаргаж хаяад бас бус ажлуудаа зохицуулна гэх мэт.

Нөгөөтээгүүр хүндрэлтэй талууд бий л дээ. Орцонд хог хаях бол энгийн үзэгдэл. Хаясан эзэн олдохгүй. Яахав, тэр дунд түрээсээр суугчид анхандаа мэдэхгүйгээс болоод ч юм уу хаях тохиолдол мэр сэр байдаг. Тэгээд дор бүр нь хэлээд л явдаг. Уг нь хогийн цэг, хаях цаг тодорхой шүү дээ.

Цаашлаад архи уусан, гэр оронгүй хүмүүс орцонд унтах, шээх асуудал их гарна. Тэдний шээс, үнэр танарыг цэвэрлэнэ гэдэг чинь хэнд ч сайхан биш шүү дээ. Сүүлдээ ч бараг нөгөөдүүлээ таньдаг болоод битгий ингэж бусдад хүндрэл учруул, өөр газар оч гэж сануулдаг болсон.

Зарим нь бол өөрсдөө бохир заваан суучхаад, төлбөр мөнгөө төлөхгүй, хуралдаа ч суухгүй хэр нь шүүмжлэх тохиолдол бий. Цалин аваад, ажлаа хийж байгаа нь үнэн ч нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хандлага их чухал шүү дээ. Амар амгалан, цэвэр орчинд амьдрах нь дан ганц СӨХ болон үйлчлэгчээс хамаарахгүй хамтын хүч байдгийг л ойлгочихвол хаа хаанаа л сэтгэл ханамжтай амьдрах боломжтой л гэж хардаг юм.

Мэдээж нөгөө талд хариуцлагатай, сэтгэлтэй оршин суугч нь их л дээ. Жишээлбэл, манайд төлбөрөө төлөөгүй айл цөөхөн. Зарим нь хөдөө явчихсан, заримынх нь утас холбогдохгүй л байгаа болохоос учиргүй хүндрэл учруулаад байдаг нь ховор. Их дажгүй шүү. Одоо ч тэгээд олон жил ажилласан болохоор бүгдийг нь л эчнээ таньдаг болсон. Хамгийн гол нь хамт олон маань нэг сэтгэл зүрхтэй, чин сэтгэлээсээ ажилладаг болохоор их сайхан байдаг шүү.

Цэвэрхэн орчин, эмх цэгцтэй байр бол оршин суугч, СӨХ-ны хамтын үр дүн. Шал угааж, хана будахаас цаашгүй гэж олон хүн ойлгодог энэ ажил үнэндээ шугам хоолойн гэмтэл, цахилгааны эвдрэл, орчны цэвэрлэгээ, орцонд гарсан асуудал гээд өдөр тутам тулгардаг өчнөөн асуудлыг шийддэг байх нь. 


Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, оршин суугчдаа цэвэрхэн, тав тухтай орчинд амьдруулж тэндээсээ урам зориг авдаг нь илт байсан тэднээс олон зүйлийг ойлгосон юм. Үнэхээр хүн бүр урдах ажлаа маш сайн хийдэг байхад бидний хүсээд байдаг хөгжил дэвшил ойрхон. Заавал өндөр албан тушаал, их цалинтайдаа биш зүгээр л өөрт оноогдсон ажлаа маш сайн хийх. Ердөө л энэ.

TAGGED:
Түгээх