Монгол Улсад шинэ Засгийн газар байгуулагдах эгзэгтэй бөгөөд түүхэн гэж хэлж болохуйц цаг үе үргэлжилж байна. Шинэ ч гэж дээ. Найдлага тавиад байхаар гэрэл гэгээтэй сонголт харагдсангүй. Улстөрчийн хандлага, төлөвшил, боловсрол талаасаа зарим “шинэ” сайд нь олон нийтэд, тэр дундаа залууст гологдож байгаа нь цахим орчны цаг агаараас төвөггүй уншигдана.
Энэ дундаас хоолойд тулсан буюу бидний ахуй амьдралын суурь болох эрчим хүчний салбарыг толгойлох сайд хэн байх вэ гэдэг хамгийн том асуултын тэмдэг байлаа. Яг одоогийн нөхцөл байдалд илүү мэргэжлийн, ашиг сонирхлын зөрчилгүй, богино хугацаанд ухаалаг шийдвэр гаргаж, нийслэлтэй уян хатан байдлаар хамтарч чадах хүнийг л “сайдаар” томилохгүй бол бид ирэх өвөл нийтээрээ хөлдөнө. Үүнийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч хэлсэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцрох үед хариуцлагаа хүлээгээд албан тушаалаа өгнө гэсэн тэрбээр өнөөдөр сайд болгоно гэсэн гээд мэдэн будилаад явж байна. Хэвлэлээр ч бичээд, зураг хөрөгтэйгөө цацагдаад эхэллээ. Мэдээж өөрөө бол “би мэдээгүй шүү дээ, би шийдэхгүй шүү дээ, Ерөнхий сайдын эрх мэдэл, намайг шууд л ажилла гэсэн шүү дээ” хэмээн намуун дуугаар гэмгүй царайлж сайдын суудалдаа шигдэх санаагаа бүтээж байна.
Тог тасрах уу. Бараг л хэвийн үзэгдэл, монголын нэг өдөр болох хүртэл дөжирсан асуудал л даа. Өнөөдөр тасарсан, өчигдөр тасарсан. Ер нь өдөр бүр хэсэгчилж цахилгаан хязгаарлаж буй. Цаашдаа зөвхөн таслаад барахгүй хот хөлдөж магадгүй гээд хээвнэг хэлж зогсдог болсон, манай дарга нар. Энэ нь улстөржих, эсвэл попрохоос тэс ондоо буюу монголчуудын дийлэнх илүү нь амьдарч буй нийслэлийн иргэдийн бодит эрсдэл. Цэцэрлэг халаалтгүй бол юу болох вэ. Эмнэлэгийн тог тасарвал яах вэ. Төрийн байгууллагаас эхлээд Баянхошууны нэг гудамжинд тог тасарвал тэр хавийн иргэдийн амьдралд ямар доголдолд үүсэх вэ гээд ахуй амьдралаа хөрвүүлээд бодвол эрчим хүчний салбарыг нэн түрүүнд анхаарах нь зүйтэй.
Анхаарч буй анхны хэлбэр бол салбартаа болон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар бүхий менежер. Бидний сүйд болж сурснаар бол сайд. Манай улсад, тодруулбал Монгол Ардын намд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ажлаа мэдэх эрчим хүчний инженер олдохгүй байна гэж байх уу. Яагаад өртэй юм шиг байнга Б.Чойжилсүрэн гэж хүний сайдаар томилдог юм бэ. Саяхан буюу зургаадугаар сарын 2-нд ДЦС-3 ТӨХК-ийн өндөр даралтын турбин чех дотор гал гарч, нэг хүн нас барсан нь хариуцлага хүлээх шалтгаан биш үү. Яг ямар ур чадварт нь хорогдоод, аль ажил нь үр бүтээлтэй байсан болоод суудалд нь уяад байгаа юм бэ. Яг үнэндээ тендергүй авсан барилгын ажил, хамаарал бүхий компанийн тоо, авсан лицензийг нь харвал Б.Чойжилсүрэн гэж хүн дангаараа эрчим хүчний салбарыг өндийлгөвөл өндийлгөхөөр хугацаа өнгөрлөө. Гэтэл нүдэнд харагдах ажил огт үйлдээгүй атлаа зовлон тоочиж, “Бид сүүлийн 2-3 өвөл хүндрэлтэй нөхцөлийг даван туулсан. Дахиад 2025, 2026 онд иймэрхүү байдлаар явна” гээд зогсож байгаа хүнийг сайдын суудалд үлдээдэг нь ямар учиртай вэ.