Бидний хүүхэд байхад ямар нэг зүйл ярихынхаа өмнө “сайн бод” гэж сургаж байсан билээ. Учир нь сэтгэл хөдлөлд автсан үедээ, эсвэл бодлогогүй хэлсэн үгнээс болж та өөрөө эвгүй байдалд орох, бусад хүмүүсийн сэтгэлийг сэвтээх, харилцаандаа ангал үүсгэх магадлалтай байдаг гэнэ. Тиймээс ярихынхаа өмнө эрүүл ухаанаар, ухаалгаар бодох нь хүн бүрд байх ёстой чадварын нэг аж. Ингээд уг чадварыг хэрхэн хөгжүүлэх, ярихынхаа өмнө бодсоноор ямар амжилтад хүрч болох талаар мэдээллийг танд хүргэе.
Харилцан ойлголцоход тустай
Өөрийн хэлэх гэж буй зүйлийг нарийн сайн бодож хэлэх нь үл ойлголцол болон нэмэлт асуулт үүсэхгүй байхад тусална. Тиймээс зүгээр л аманд орсноо хэлж, дараа нь өөрийгөө хамгаалахыг оролдох, алдаагаа засах гэж ичихийн оронд бодож байж хэлэх нь хамаагүй дээр. Хэдий чинээ та өөрийгөө зөв ойлгуулж чадна, төдий чинээ ярилцаж байгаа хүн тань таныг ойлгоход хялбар байх болно. Энэ нь хамт олон, найз нөхөд, гэр бүл гээд бүх төрлийн харилцаанд асар их хэрэгтэй.
Маргаан үүсэхээс сэргийлнэ
Ярихаасаа өмнө бодох нь хэн нэгэнд таагүй, гомдол төрөхүйц үг хэлэхээс урьдчилан сэргийлж чадна. Үүнээс гадна энэ нь хэн нэгний таагүй хэлсэн үгэнд шууд хариу үйлдэл үзүүлэх, хэт их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж авахаас ч мөн таныг хамгаална. Хэрвээ та ярихаасаа өмнө боддог төрлийн хүн бол та маргаан үүсэхээс өмнө асуудлыг шийдвэрлэж чаддаг чухал хүн бололтой.
Харилцан хүндлэлийн уур амьсгалыг бүрдүүлнэ
Эрт дээр үед бидэнд зааж сургадаг байсан ярихаасаа өмнө “бод” гэх дүрмийг баримталснаар та харилцан хүндлэлийн уур амьсгалыг бүрдүүлнэ. Уг зуршлын ачаар та бусдын бодлыг хүндэтгэдэг, бусдыг сонсож чаддаг нэгэн мэт харагдахаас гадна үзэл бодол тань нийцэхгүй байсан ч тайван хариу үйлдэл үзүүлж чаддаг болохыг батална. Энэ нь харилцан хүндлэлийн харилцаа үүсэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Та зөв үлгэр дуурайлал үзүүлэх болно
Таны биеэ авч яваа байдал тань бусад хүмүүст зөв үлгэр дуурайлал болох бөгөөд тэд танаас сурч, бусад хүмүүстэй харьцахдаа өөрийгөө зөвөөр илэрхийлэх чадвартай болно. Ярихынхаа өмнө бодох чадвар нь найз нөхөд, ажлын хамтрагч, үр хүүхдэдээ эерэг үлгэр дуурайлал үзүүлэхэд тусална.
Түгшүүрийн байдлыг арилгана
Чухал уулзалт, чухал яриа, чухал болзооны үеэр хүмүүс буруу зүйл хэлэхээсээ айж, ихээхэн түгшдэг. Тиймээс ярихаасаа өмнө бодох чадварт суралцсанаар та өөрийн үзэл бодлыг санаа зовох зүйлгүйгээр, тайван хэлж чадна.
Нэр хүндэд сайнаар нөлөөлнө
Ярихаасаа өмнө бодох чадвартай хүмүүсийн эргэн тойронд буй хүмүүс түүнийг зөвхөн тухайн зүйлтэй холбоотой зүйлийг л ярьдаг гэдэгт бат итгэлтэй байдаг учир хүндэтгэлтэйгээр ханддаг. Энэ нь хувийн төдийгүй ажил хэргийн уулзалт дээр амжилт гаргахад багагүй туслах болно.
Сэтгэл хөдлөлөө хянах чадварт сургана
Заримдаа таагүй уур амьсгалын үед сэтгэл хөдлөлөө хянах гэдэг нь нэлээд хэцүү байдаг. Тэгвэл ярихынхаа өмнө бодож сурснаар та ямар ч нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө хянах чадвартай болно. Ингээд та бусдын үгэнд автах бус харин өөрийн мэдрэмжид бүрэн нийцэж ажиллана.
Хэрхэн ярихаасаа өмнө бодож сурах вэ?
Энэхүү чадварыг бусад чадварын адилаар хөгжүүлэх боломжтой. Аливаа зүйлийг тогтмол давтаж хийснээр зуршил болдог гэдгийг санах нь зүйтэй. Тэгвэл уг чадварыг хөгжүүлэх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.
Эхлээд амьсгалж, дараа нь бод
Хэрвээ танд буруу зүйл хэлэх гэж байгаа мэт санагдвал тэр даруй ярихаа зогсоож, гүнзгий амьсгаа ав. 2-3 удаа гүнзгий амьсгаа авах нь танд тайвшрах, бодох хугацааг олгоно. Яриа нь дунд зогсолт үүссэнд санаа зовох хэрэггүй бөгөөд энэ нь байдаг л зүйл юм. Хамгийн гол нь энэ зогсолтын дараа та ямар нэгэн сэтгэл хөдлөл илэрхийлэх ёсгүй бөгөөд харин зөвхөн зөв, хэлье гэсэн зүйлээ хэлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд та хэнд ч таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй.
Өөрөөсөө лавлаж асуу
Ярихынхаа өмнө “Үүнийг хэлэх хэрэгтэй юу? Үүнд заавал хариулах хэрэгтэй юу?” гэдгийг өөрөөсөө сайн асуугаарай. Хэрвээ аль аль асуултад та “үгүй” гэж хариулж байвал үг хэлэх хэрэгтэй юу гэдгээ нэг бодож үзэх нь зүгээр.
Өөрийн нөлөөг бод
Таны хэлэх үг хамтран ярилцаж байгаа хүнд тань хэрхэн нөлөөлөхийг бодоод үзээрэй. Энэ нь та хоёрын харилцан яриа эергээр үргэлжлэх үү эсвэл маргаан болох уу гэдгийг олгоход тусална. Ерөнхийдөө аливаа зүйлийг хэлэхдээ харилцан яриаг эерэг, хамтран ажиллахад тустай байдлаар илэрхийлэх нь зөв.
“Би” гэх үгийг ашигла
Бусад хүмүүсийг буруутгаж, шүүмжилсэн хэв маяггүй өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах нь маш чухал. Жишээлбэл: “Чи намайг хэзээ ч сонсдоггүй” гэж хэлэхийн оронд “Надад үг хэлэх боломжийг олгохгүй байх үед намайг хэн ч сонсохгүй байгаа мэт санагдаж байна” гэж хэлээрэй. Энэ нь нээлттэй харилцааг үүсгэхээс гадна та хоёрын дунд маргаан, таагүй харилцаа үүсэхээс сэргийлнэ.
Алдаанаасаа суралц
Заримдаа та бодохоосоо өмнө ярьдаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд алдааг суралцах боломж гэж хараад, болсон зүйлдээ дүн шинжилгээ хийж, энэ алдааг давтахаас урьдчилан сэргийлээрэй.
Зуршлыг тогтмол болгохын тулд “сануулга” ашигла
Өөрийн утасны дэлгэц, ширээ гэх мэт байнга хардаг, байдаг газраа “ярихаасаа өмнө бод” гэх үгийг нүдэнд ил харагдахуйц газар тавиарай. Эсвэл уг хэллэгийг илэрхийлэх нэг зүйлтэй болох зүйтэй. Жишээлбэл: Ягаан өнгийн балыг тухайн хэллэгээр төлөөлүүлж, балаа харах бүрдээ ярихаасаа өмнө бодох хэрэгтэй гэдгийг санах юм.
Харилцааныхаа зорилгыг тодорхойл
Тухайн харилцаанд та яг ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлоорой. Үүнийг тодорхойлсны ачаар та тэвчээртэй байх хэрэгтэй юу? эсвэл гэнэтийн тайлбар хийхээс татгалзах хэрэгтэй юу гэдгээ ойлгож чадна.
