BTS, BLACKPINK-ийг сонсож даган дуурайсан охид хөвгүүд олширлоо. Будааны хүүхдүүдийн соёлын бодлогод автаж үндэсний өв соёлоо үгүйсгэж байна гээд л хэдэн жилийн өмнөөс нэгэн үеэр нь тоншиж бурууг тохож байсан нь одоо ч хэвээрээ. Одооны монгол хүүхдүүд тууль хайлахыг ч мэдэхгүй гэж чичлүүлсээр… Гэвч нүүдлийн соёл иргэншилтэй үүх түүх, соёлын арвин сантай манай улсын хувьд уламжлал шинэчлэлийнхээ соёлын асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэж чадаагүй л… Өв тээгч буурлуудаа өнхрөөд өгвөл юутай үлдэх вэ гэдгийг ч нэг бодмоор…
Монгол хүүхдүүд үндэсний өв соёлоо үгүйсгэсэндээ бус тэдэнд хүрэх соёлын бодлого хүчгүйгээс дэлхийн цар хүрээнд тэлж буй БНСУ-ын соёлын түрлэгт хамт давалгаалцгааж байна. "Хотонд өссөн бэлтрэг хурга л болдог" гэдэг шиг бид нэгэн үеэ буруутгах арга байхгүй. Харин ямар хүүхдүүд хэрхэн өсгөхөө улсаараа, яамаараа, бодлогоороо шийдэх хэрэгтэй.
Даган дуурайхгүй юм аа гэхэд яалт ч үгүй харагдаж, сонсогдоод байгаа К-Поп хөгжмийн урсгал, кино бүтээлүүд мөн БНСУ-ын үндэсний хоол зэрэг нь дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёл болж түүчээлж байна. Ийнхүү тэдний соёлын бодлого хүчтэй байгаа нь тус улсын Засгийн Газраас тэргүүндээ тавьсан соёлын салбарыг дипломат харилцааны үр дүнтэй арга хэрэгсэл болгон салбартаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж буйтай холбоотой. Тиймдээ ч 1990 оноос хойш соёлын салбарын хөгжлөөрөө Азидаа хүрээгээ тэлж өдгөө дэлхийн чансааны амжилтыг тогтоосоор буй юм. БНСУ-ын олон улсад өрсөлдөхүйц соёлын бодлогын нөлөөллийг бий болгосон гурван хүчин зүйлийг Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурдсан байдаг. Үүнд ардчиллын түүхэн амжилт, дотоодын хязгаарлагдмал нөөцөөс үүдэлтэй контент хөгжил, технологийн дэвшил ба хэвлэлийн эрх чөлөөт үзэл санаануудыг дурджээ.
БНСУ-ын соёлын бодлого нь үндэсний соёл, өв соёлыг хадгалж, дэлхий даяар түгээх, соёлын инноваци, бүтээгч үйл ажиллагааг дэмжих, мөн олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой байдаг. Үүний тулд Засгийн газар, төрийн байгууллагууд олон төрлийн хөтөлбөрүүд, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ улсын хүндээ чиглэсэн иргэний нийгмийн гол бодлогууд дэлхийн жишиг болсоор. Тэгвэл манай улсад анх 1956 онд Соёлын яам үүсгэн байгуулагдаж, 1959 онд татан буугдаж байжээ. Үүний дараа 1961 онд дахин байгуулагдаж 29 жилийн түүхэндээ кино урлаг, сонгодог урлаг, цирк, театрыг хөгжүүлж ирсэн ч 1990 онд дахин татан буугдсан. Гэвч 1992 онд байгуулагдахдаа “Соёл урлагийг дэмжих сан”-тайгаар үйл ажиллагаагаа явуулж 1998 онд Гэгээрлийн яам болон өөрчлөгдөөд 2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон харьяалагдсан байдаг. Ийнхүү эхлүүлснээ дуусгалгүй, дорвитой бодлогын ард гарч чадалгүй өдий төдий он жилүүдийг өнгөрөөсөөр 2020 онд Соёлын яам дангаараа өрх тусгаарлах болсон. Дэлхийн хөгжлийн зах зээл, даяаршлын асуудлууд хурц хөндөгдөж ирсэн энэ цаг үед ам мөлтөс толгойтой яам болох нь тэр. Гэвч төдийгөөс өдийд манай улс 24 жилийн хугацаанд Соёлын яамгүй, хавсарга хэлбэрийн соёлын удирдлагатай явж ирснийх алдсан зүйл их. Тэдгээрт соёл урлагийн бодлого, уламжлал шинэчлэлийн асуудлууд, залгамж халаа ба хүний нөөц, стратегийн бүтцийн томоохон хөрөнгө оруулалт болон тэдгээрийн төлөвлөлт, хэрэгжилтүүд саатсан. Тиймдээ ч өдгөө соёлын яамны үнэт зүйл бодлого зэргийг ээрээд суухад үндэсний өв соёлын үнэт зүйл, дархлааг соёлын бодлогоороо нягт болгосон нь үгүй гэлтэй. Харин ч К-Попын нөлөөнд автаж буйг нь мэл гайхаж цэл хөхөрдөг байж Соёлын яам маань хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүддээ K-Поп урлагийн солилцооны төслүүдийг тусгаж хэрэгжүүлдэг нь тус яамны албан ёсны цахим хуудаст цагаан дээр хараар бичигдсэн байдаг.
Мөн тодруулбал “Соёлын яамны эрхэм зорилго нь төрт ёс, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлсэн, ёс суртахуунтай, соёл, бие бялдрын боловсрол эзэмшсэн, эх оронч, өв тэгш Монгол хүнийг төлөвшүүлж, залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэн, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын олон улсад өрсөлдөх чадварыг тогтвортой өсгөж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар үндэсний бахархал, нэгдмэл байдлыг бататган бэхжүүлэхэд оршино” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд яамны гол чиглэл хүүхэд залуусруугаа хандсан байгааг уншиж ойлгож болно. Тэгвэл хүүхэд залуусын амьдралын хэв маяг, өдөр тутмын сонголт, мэдээ мэдээлэл, соёл урлагийг хаанаас олж авч буйг тандан судлах ажил нь дутмаг байгаагийнх уу, нэг л байгаа онохгүй. Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн хэдэн суваг уламжлал шинэчлэлийн арга зүйд тулгуурласан үндэсний гэх монгол хүүхдийн кино, нэвтрүүлгүүдийг түгээдэг эсэх, хүүхэд залуусын идэвхтэй хэрэглээ болсон юүтүбд хэдэн монгол дуу бүжигтэй хуудсууд байдаг эсэх тэр байтугай монгол үндэсний урлагийн хэдэн хамтлаг, уран бүтээлчид байдаг эсэхийг тоолвол тодорхойгүй, нэрлэвэл барьцгүй.
Тэгвэл хүүхэд сурах, даган дуурайхад дөрвөн төрлийн арга барилаар суралцдаг. Үүнд харах- харж сурах, сонсох- сонсож сурах, хүрэх- хүрч сурах, хөдлөх- хөдөлгөж, хийж сурах орно. Уг дөрвөн арга барил бидний хүүхдүүдийн хамгийн ойр байхаараа гадны соёл тэр дундаа К-Поп соёлын нөлөөг л авч мэдэрч, сурч байна.
Соёл урлагийн боловсрол нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, бүтээлч сэтгэлгээ, амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг болохыг олон улсын судалгаанууд баталж байна. Соёл урлагийн боловсрол нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, бүтээлч сэтгэлгээ, амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг болохыг Financial time, The Guardian зэрэг олон улсын байгууллагуудын судалгаанууд баталж байна.

3 настай Сорхуны ээж
Манай охин зурагтаар ч тэр утсаар ч тэр өөрөө л юүтүб олоод үзчихдэг. Түүний үздэг зүйлс нь Сocomelon, Проро, Ноён Талхны Үсчний газар.
5 настай Эрхэтийн ах
Манай дүү юүтүбээр бичлэг үзэх дуртай. Богино анимэйшнүүд дийлэнхдээ үздэг.
9 настай Энхсолонго, Үүлэнсолонго хоёрын ээж
Охид маань дуу бүжигт дуртай. Миний утсаар тик ток хийдэг. Blackpink-ийн дуун дээр бүжиг бүжиглэдэг. Энэ насны охид К-Попыг даган дуурайх хүсэл сонирхолтой юм байна даа гэж би боддог.
10 настай Жаргалбаярын ээж
Хүүхдээ улиралдаа нэг удаа кино театрт хүүхдийн эсвэл хүүхэлдэйн кино үзүүлдэг. Манай Улсад үндэсний гэх тодотголтой хүүхдийн кино бүтээлүүд гарын таван хуруунд багтахаар ховор. Мөнх Тунх, Ами Тами гэсэн хүүхэлдэйн кинонуудыг хамт сууж үзэж байсан. Сүүлд “Цоохор найз” нэртэй цувралыг үзэхэд гурван анги гараад л зогсчихсон. Магадгүй цааш үргэлжлүүлж хийх дэмжлэг, төсөв байдаггүй юм болов уу гэж бодож байгаа.
17 настай Аригун
Дунд ангид байхад их завсарлагаанаар монгол бүжгийн хөдөлгөөнөөр дасгал хийдэг байсан. Одоо зөвхөн бага ангийнхан л тэр дасгалыг хийж байгаа.
Дээрх хариултуудаас харахад үндэсний үнэт зүйлсийг өвлүүлэх суурь арга зам алдагдаж буй. Тодруулбал:
Монголын уламжлалт урлаг тэр дундаа бий биелгээ, ардын дуу, үлгэр, хөгжим зэрэг нь үндэсний ухамсар, соёлын дархлааг тээдэг. Гэвч эдгээрийг хойч үедээ дамжуулах бодлого хүүхдүүдийн соёлын бодлогын түвшинд орхигдож байна. Хүүхдүүдийг багаас нь үндэсний өв соёл, утга зохиол, урлаг судлалтай ойр байлгах аваас үндэсний бахархал, үнэт зүйлтэй, монгол хүн гэдэг ухамсартай иргэн болон төлөвших боломж бүрдэнэ. Энэ нь гадаад соёлын хэт нөлөөлөл, өөрийн үнэт зүйлээс ангижрах аюулыг саармагжуулах чухал алхам юм.
Монгол үндэстний дархлаа бол бидний хэл, соёл, зан заншил, урлагийн өв юм. Харин эдгээр үнэт зүйлсийг ирээдүйд авч явах хүн нь өнөөдрийн хүүхдүүд. Урлаг, соёл бол энэ өвийг хүүхдэд амьд, мэдрэмжтэй, бахархал төрүүлсэн хэлбэрээр дамжуулах хамгийн үр дүнтэй хэрэгсэл. Энэ ч утгаараа урлаг, соёл нь үндэсний үнэт зүйлсийг өвлүүлэх суурь арга зам болдог. Гэвч бид энэ арга замыг алдаж байна. Үүнд:
– Орчин үед хүүхдүүдийн чөлөөт цагийн ихэнхийг гадаад контент эзэлж, тэд гаднын соёлоор илүү амьсгалж, улмаар өөрийн соёлоос хөндийрөх хандлага нэмэгдэж байна.
– Зурагт, юүтүб, тоглоомын орчинд үндэсний өв соёлыг сурталчилсан контент цөөн.
– Зарим сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрт үндэсний урлагийн боловсрол хангалттай ордоггүй.
Монгол Улсын Соёлын Яаманд хүүхдүүдэд чиглэсэн дараах бодлого байвал зохилтой. Үүнд:
– Хүүхдийн сургалт, чөлөөт цагийн хөтөлбөрт үндэсний урлаг, аман зохиол, үндэсний баяр ёслолын агуулгыг тогтмол, системтэй оруулах.
– Орон нутгийн сургууль, соёлын төвүүдэд ардын урлагийн дугуйлан, хөтөлбөрийг дэмжих санхүүжилт, бодлогын дэмжлэг хэрэгтэй.
– Зурагт, юүтүб, тоглоомын орчинд үндэсний өв соёлыг сурталчилсан контент бүтээгчдийг дэмжих
Үр хойчдоо өв соёлоо үлдээх хамгийн найдвартай зам бол урлаг, соёлын боловсролоор дамжуулан үндэсний үнэт зүйлсийг тэдэнд бага наснаас нь төлөвшүүлэх явдал юм. Хүүхдийн соёлын боловсрол бол тухайн нийгмийн соёлын дархлаа гэж ойлгож болно.
