MORNING BIRD | “ХАЧИН НАМАР” өгүүллэг

Зохиолч Т.Бум-эрдэнэ

ХАЧИН НАМАР

Навчис хөлөөр хөглөрөх нь бодол ганихраахын шалтаг санж уу. Сэтгэл холбилзуулсан хөндий салхи сэм сэмхэн сэвэгнээд энэ намрын улирал гээч мөн ч хачин шүү. Хүйтэрхээс өмнө амжих гэсэн мэт сүүлийн хэдэн өдрийн нар өнөөдрөөр л дуусгавар болох болов уу даа, янз нь. Худлаа даа, худлаа гэдэг шиг энэ налмагар шар наранд итгэх арга алга. Өдий болтол амьдарсан би энэ зэргийн намрын аалийг нэг мэдэлгүй яахав дээ.
Түүнийг хүлээх ёстой газар нь манай ажлын ойролцоох модон сандал бүхий цэцэрлэг. Хаа очиж энд тамхи татаж болдог нь болж гэм.
Үгүй ээ мөн сонин ертөнц юм даа. Үхэхийн өмнө гэхээр хаашаа ч юм. Гэхдээ л өдий насандаа ийм үг сонсоно гэж бодож явсангүй. Амьдрал баян гэж хэн гээч нь хэлсэн юм бол доо. Хуруухан чинээ жаахан охин надад дурлачихлаа гэх юм. Ийм үгэнд итгэх нас аль хэдийн өнгөрсөн ч гэлээ олон дахин сонсохоор гэмтэй л юм. Ямар гэмгүйдээ л одоо түүнийг хүлээгээд бодолд дарагдан холхиж зогсох вэ дээ.
Олон жилийн өмнө… Үгүй ээ арай чамлалттай байна. Бүүр олоон жилийн өмнө би яг энэ охин шиг хүнд дурлаж билээ. Босон суун бодогдох гэдэг багадаад, болж гэмээнэ хэнд ч хамаагүй хэлчих гээд л… аа бас золиг юм билээ дээ, тэр дурлал гэдэг чинь.
«Чи ахаараа тоглоод байна уу?» гэхэд тэр «Сэтгэл зүрх гэдэгт нас харгалзах гэж үү?» гэж их л додигор хариулж билээ. Би тэр үед үг хэлээгүй ээ. Үгний зай ч түүний хариултанд байгаагүй. Харин том нүдний шилний цаанаас ширтэх түүний харц нь эгдүү хөдөлгөнө. Хамрыг нь чимхчихмээр хөөрхөн. Тиймээ хөөрхөн юм. Эгдүүтэй гэж. Гэхдээ юманд хязгаар гэж бий. Би чамд дурлаж яахан болох билээ дээ гэж тэр эгшинд бодсонсон.
Тээр, хэлээгүй юу. Түрүүхэн тухлуулж асан нар нэгэнтээ үгүй болж одоо хэзээ мөдгүй цас унах нь уу даа гэмээр тэнгэр сааралтан бүрзийжээ. Очиж, очиж ийм өдөр би түүнтэй болзож зогсдог мөн горьгүй еэ. Хүний амьдралаа гэж… хэмээн бодохтой зэрэгцэн нэг их гүн гэгчийн санаа алдаж орхив.
Тамхиа гаргаж асаалаа. Энд ирснээс хойш асааж буй гурав дахь тамхи юм. Амнаас савссан шингэн цэнхэр утаа саарал тэнгэр өөд саваагүйрхэн олгойдно. Эгээ л миний ээдэрч гогцоорсон бодол лугаа. Ингэхэд би түүнтэй анх хаана тааралдлаа даа. Аан тийм, лифтэн дотор. Тэр орж ирэх мөртөө намайг таг гөлөрчихөж билээ. Яг л хичээл тасалсан охин багштайгаа халз тулчих шиг. Би түүн рүү гайхан хараагүй бол тэр ширтсээр л байх байсандаг аа. Хариугүй жаахан юм миний нүднээс цочсон мэт харц буруулахад нь би өөрийн эрхгүй мушийснаа санаж байна. Эгдүү хүрээд тэр л дээ.
Түүнээс хойш бид ямар олон таарсан гэх вэ. Тэдний ажил долоон давхарт, манайх арван гуравт. Хамгийн сонин нь орой бүр долоон давхарт лифтний хаалга онгойход тэр зогсож байдаг байлаа. Тэр надад яг л туулай шиг санагддагийг нуух юун. Томоо нүдний шил зүүчихсэн хүүхэлдэйн киноны өхөөрдөм туулай байдаг даа. Эгээ л тэр гэсэн үг. Энэ өхөөрдөл намайг түүн рүү байн байн харах шалтаг болсон ч байж магад.
Ингээд хэдий хэр хугацаа өнгөрсөн юм бэ дээ, бүү мэд. Ямартай ч би долоон давхрыг учиргүй онцгойлдог болчихсон байв. Лифтэнд орох бүртээ долоогийн тоон дээр харц тусна. Долоон давхраас тэр орж ирэхгүй бол нэг тийм хөнгөн гунигт автчихна. Лифтнээс гарсан хойноо ийш тийш хараачилна. Бодвол тэрийг л хайгаа юм байхаа даа. Тэгснээ гэнэтхэн өөрийгөө шоолно. Ийм л зуршилтай болчихсон доо. Өдгөө хүртэл хүнтэй суугаагүй би гэнэтхэн дурлачихна гэж баймгүй л юм даа. Тэгээд бүр тэр жаахан амьтанд шүү.
Бид хоёр тэгж л танилцсан юм. «Би таныг хүлээгээд хэдэн цагаар ч хамаагүй зогсож чадна» гэж тэр нэг удаа хэлж билээ. Одоо бодоход нээрээ тэр долоон давхартаа намайг хүлээж, лифтний ам сахиж зогслоо гэж үү? Арай үгүй л баймаар юм.
Төдийгөөс өдий хүртэл бид хоёрын хооронд сүйдтэй юм болоогүй ээ. Хэд хэдэн удаа өдрийн хоол хамт идсэн байх. Учиргүй эвгүйрхэн байж нэг кино үзсэн санагдана. Аан тийм, нэг удаа жүжиг үзсэн юм байна. Жүжигнээсээ болсон уу яасан, тэр өдөр надад их таалагдаж билээ. За тэгээд салхинд л их алхсан даа. Тэр юу ч юм ярьж шулганаад л… Би салхидсан тэмээ шиг алсыг ширтээд л… Ичмэглээд байгаа ухаантай. Үнэндээ бол түүнтэй хамт байх нь надад сайхан байдаг аа.
Нэг удаа голын хөвөөнд сууцгааж байтал тэр миний энгэрт ассансан. Аль цагийн гэмээр нялхын үнэр түүнээс үнэртэж билээ. Би түүний хүүхэд шиг царайг удаан ширтээд «Би хөгшин хүн» гэхэд тэр юу ч бодолгүйгээр «Би ч гэсэн цоо шинэ хүн биш» гэх нь тэр. Ер нь тэр бараг л худалч хүнд надтай ярилцах яриагаа бэлдчихсэн юм уу гэлтэй бэлэн зэлэн гэж учиргүй.
Яг л миний бодсоноор бүүдгэр тэнгэрээс цас хялмаалж эхэллээ. За тэгэлгүй дээ, би чинь намрынхаа занг нэг муу юм мэдэлгүй дээ гэсэн бодлоо бататгалаа. Цасан хялмаа цэлмэг тэнгэрээс ч хаялдаг. Энэ удаад харин удахгүй цас унах нь тодорхойдог оо. Тэр ирээгүй л байна. Дахиад нэг тамхи асаахад болохгүй нь юу билээ
– Отгоо ах явахгүй яагаа вэ? гэж танил дуу ард гарахад эргэж харвал манай ажлын охидын нэг аж.
– Ах нь хүн хүлээгээд ээ… гэтэл охины харцанд шооч гэрэл зурсхийснээ ахмад хүнтэй арзганаж болохгүй гэдгээ сэхээрэв бололтой тэгсгээд унтарлаа. Гэмт хүн шиг гэлбэлзэнэ гэдэг шиг хулмалзаж зогстол гудамжны өлөн цагаан гэрэл үүргээ гүйцэтгэхээс гэсэн аятай ёлтойн асав. Бүрэнхий болохын хэрээр энэ гэрэл улам тамирждаг хойно доо, удахгүй тодрох нь ойлгомжтой.
Цасан хялмаа гутлын улан доор дуу гарган чахарах нь амьтай гэмээр. Нааш цааш холхисон гутлын мөр нилээд олуулаа болжээ. Хүлээнэ гэдэг жаргалтай ч юм шиг. Ер нь ингэхэд би хэн нэгнийг ингэтлээ хүлээ лүү? Үгүй юмаа. Санахгүй байна. Санахгүй байна ч юу байхав дээ, хэн нэгнийг хүлээлгүй их олон жил болжээ. Гэтэл би одоо түүнийг хүлээж зогсоно.
Би залуудаа дурлаж байсаан. Учиргүй дурласан. Тэр бүсгүй надад «Чи бид хоёр таарахгүй юм байна» гэж хэлсэн… Үгүй ээ, тэгж биш «Чи бид хоёр тохирохгүй юм байна» гэж хэлсэн. Нээрээ, яг саналаа. Таарахгүй, тохирохгүй хоёр чинь хоорондоо их зөрөөтэй үг байна шүү, одоо бодоход. Тэгээд л би гомдсондоо тэгтлээ их уйлсан байх нь. Гудамжинд ганцаархнаа зогсоод нэг их уйлж билээ. Тэнэг л байж дээ. Тэнэг ч юу байхав дээ зайлуул, тэгтлээ л их дурласан байж. Түүнээс хойш өдий дөчин тав хүртлээ ганц бие явна.
Цас хялмаалсаар л… Ийм намар олныг үзжээ…
«Таны дэргэд байхаар, таны дууг сонсохоор, таны үнэрийг үнэртэхээр надад хамгийн түрүүнд юу бодогддог гээч… нөмөр нөөлөг…» гэж тэр ихээ итгэлтэй хэлдэг юм. Шарилжинд даруулсан хуучнаас хуучин саравч шиг болсон би хүнд нөмөр болоо гэж үү? Харуй бүрийгээр хөдөө хээр бэдчиж явах үед адуу таарвал учиргүй дотно үнэртдэгсэн. Энэ охин арай тэгж хэлээгүй нь л мэдээж. Тэгэхээр тэр энэ үгээрээ “итгэлтэй” гэсэн санааг л илэрхийлсэн байж таарна. Хөгшин хүн итгэлтэй санагддаг тал бий нь ч бий. Гэхдээ хайр сэтгэлийн тухай ярианд нөмөр нөөлөг гэх үг хэр онож буй юм бол?
Тэр гарч ирээгүй л байна. Хялмаан ширхэг учиргүй норгочихгүй ч гэлээ чийг мэдрүүлэх нь тааламжтай. Би дахиад нэг тамхи асаалаа. Тамхины утаа, орой намрын бүрхэг тэнгэр, чийгтэй агаар тэгээд бас дөчин таван нас… Одоо мөдгүй харанхуй болно. Гудамжны сүүн гэрлүүд улам тодоор гийнэ. Яагаад ч юм сэтгэл нялхамсаад сайхан ч юм шиг, сонин ч юм шиг.
Бодохоос ч санаа зовмоор зүйл гэвэл тэр одоо ердөө хорин тавтай. Надаас хорин насаар дүү. Хүүхэд л гэсэн үг. Хэрвээ хүний ёсоор амьдрал зохиох хувь тавилан надад тохиосон бол миний хүүхэд ийм орчмын л охин байх биз. Магадгүй хэд гурван насаар ахиу ч байж болохоор. Мэдээж, амьдрал миний алхам бүрийг хүний жамаар жигдэлж өгнө гэж амлаагүй л дээ. Гэхдээ үеийн нөхдийн минь амьдрал хүний л жамаар хөвөрч, өдгөө зарим нь өвөө, эмээ болж буй сурагтай. Гэтэл би гэдэг амьтан нэг годгор охины аманд унаж, одоо байтлаа шөнө болзоонд зогсох ажээ. Хн, болзоонд шүү… Энэ ер нь зөв үү? Тиймээ, энэ яадаг ч байсан буруу байна. Энэ бүхний эцэст хэн буруутай вэ гэвэл би л буруутна. Өдий насны өвгөн жаахан хүүхдийн толгой эргүүлээд, шар сэмжиндээ ороолдсон хог вэ гэвэл би хаашаа харж үхэх вэ?
Хэрвээ би жар хүрнээ гэж барагцаалбал надад арван таван жил л үлджээ. Нэг их сүрхий арван таван жил гээд л амаар багтаж ядаад байгаа юм шиг боловч үнэндээ энэ чинь таван мянга хэдэн зуухан өдөр шүү дээ. Талыг нь унтаад өнгөрөөчихнө. Өнгөрсөн амьдралтайгаа хурьцуулахад өнөө маргаашгүй л болох хугацаа гэж бодохоор дотор бачуурах шиг. Гэхдээ хэн намайг буруутгана гэж? Хэний өмнө би ичих ёстой гэж? Ингээд бодохоор дотор уужирмаар ч юм шиг.
Ингэхэд яагаад ийм уруу дорой юм бодоод унав даа. Бас ч гэж болзоонд зогсоо эр хүн байна даа гэж бодоод өөрийгөө шооллоо. Тэртээ дээрх саарал тэнгэрт тал саран бас намайг шоолох мэт үл мэдэг сүүмэлзжээ. Сая л олж харлаа. “Тиймээ, тийм… Би өөрийгөө мэдэж байна, муу золиг минь” гэж хэзээ язааны анд нөхөд мэт түүн рүү хашгирмаар санагдана.
Нээрээ ч дээ, тэр охин бид хоёр учраа оллоо гэж бодъё… бодоход шүү дээ… Арван таван жил… за сайн бол хорин жилийн дараа би хаа нэг тийш яваад өгнө. Харин тэр минь ёстой нөгөө авъя аа авч болохгүй, хаяъя аа хаяж болохгүй насан дээрээ ганцаараа үлдэх нь. Хөөрхий дөө, хэн нэгэнтэй таарлаа гэхэд тэрийгээ гэх, намайг санах гээд сэтгэлээ тэлээлж явах болно. Бас л нэг зовлон.
Үгүй ээ, тэгээд айлын жаахан охиныг алсдаа ийм болох нь ээ гэдгийг мэдсээр байж одоо ингэж сэмбэгнэж болох уу? Өдий насны ухамсарт хүрсэн эр хүн байна даа чи одоо нэг хүн шиг хариулдаа гэж өөрөөсөө асуулаа. Ёстой хүний үнэргүй юм болохдог оо. Ээ дээ, ингэж залуу хүний хөлд өнжмөл хөвд шиг ороолдож болохгүй юм байна.
Би бодсоны эцэст шийдлээ. Шийдвэр маань уртаа гэгчийн санаа алдалтаар илэрсэн гэхэд болно.
Ах нь явъя даа туулайхан минь. Яагаад хүлээлгүй явсан минь түүнд ч, надад ч ойлгомжтой юм чинь одоо яая гэхэв. Хөөрхий минь нэг жаахан уйлна л биз…
Би тамхиныхаа ишийг цасан хялмаа руу няслаад эрсхэн алхлаа.
Хөөрхийдөө, уйлна л биз гэснээс уйлахаараа тэр яадаг бол? Уйлахыг нь би ерөөс хараагүй юм байна. Нөгөө том шилээ аваад л… Ишш чааваас, уйлах ер нь түүнд зохих уу даа? Жижигхээн гараараа нүдээ дараад, жижигхээн мөрөө чичигнүүлээд энэ чөтгөрийн нүд шиг ёлтгор гэрлийн дор суугаад уйлна гэж үү? Яг л тэртээ он жилүүдийн өмнө миний уйлсан шиг уйлах юм болов уу? Тэгээд над шиг бүх насаараа хорвоог ганцаар туулбал яана. Би ч яахав эр хүн. Харин тэр жижигхэн туулай? Биш юмаа… биш юм…
Би эргээд өнөөх олон мөр бүхий хүлээлгийн талбайдаа гүйхээрээ шахам ирлээ. Түрүүхэн хаясан тамхины иш шалба нороод унтарчээ. Ахиад нэгийг асаалаа. Би түүнийг орхиж болно. Гэхдээ харанхуй шөнийн гудамжинд уйлуулж биш… Аливаа юмны эв олддогсон доо…
Нэг анзаарах нь ээ би тамхиа хурдан, хурдан сорох мөртөө ишийг нь учиргүй зажлах ажээ. Би үнэндээ тэр охиныг бодоод эргээд ирсэн үү? Эсвэл өөрийгөө өрөвдөө юү? Ээ лүдээ гэж, би дурлачихлаа гэж үү? Ай мөн ч болчимгүй байна даа, Отгоо минь гэж өөрийгөө зүхлээ.
– Их хүлээв үү? гэх цовоохон дуу жингэнэхүй дор эргэж харвал өнөөх туулай маань үс нь задгай, энгэр нь задгай амьсгаадан зогсоно. Тэр хаа нэгтээгээс гүйжээ. Миний холхисон мөрийг гүйлгэн харснаа намайг хэлсэн хэлээгүй ойлгов бололтой хариу нэхсэнгүй. Энгэр дээр унасан тамхины үнсийг өөриймсөг нь аргагүй гөвөөд
– Ямар их тамхи татдаг юм бэ? Болиоч… Та өвдөх эрхгүй гэдгээ ер нь өдий болтол ойлгоогүй юм уу? гэлээ. Би тулгамдсан уу яасан огтоос дуугарч чадсангүй. Түүнийг дөнгөж өнөөдөр харсан хүн шиг ширтсээр л зогсов.
– Пөөх, энийг хараа… гэж тэр жижигхэн алгаа тэнгэр өөд тослоо. Түрүүний цасан хялмаа одоо бүр том, том ширхэгээр малгайлж эхлэх нь тэр. Би түүний энгэрийг товчилж өгөхөд тэр яг л аавдаа эрхлэх жаахан охин шиг гараа сул унжуулах атлаа том шилнийхээ цаанаас намайг цоо ширтэж байлаа. Тэр харц лав хүүхдийнх биш ээ.
Том, том цасан ширхэг түүний үсэн дээр, мөрөн дээр, шилэн дээр зай завсаргүй буусаар байлаа. Би энэ амьдралын эгшин бүрийг ийм нарийн ажиглаж байснаа санахгүй байна. Ямартай ч түүний зүгээс үнэртэх нялхамсуу үнэр хаа нэгтэйгээ эгшиглэх хөг аялгуу ч гэмээр. Зохихгүй зүйрлэл л дээ. Гэхдээ л тийм.
– Чи ямар их удав аа? гэж намайг сая нэг юм ам нээхэд
– Би удаагүй ээ. Тэр цонхоор таныг би хараад л байлаа гээд долоон давхар өөд заагаад
– Тэгсэн та яг явах гэж байна ш дээ, муухай амьтан гэх нь тэр
Үгүй ээ тэр, намайг өрөөнийхөө цонхоор хараад л зогсож байсан байх нь. Шалгалт л юм байх даа. Би түүнийг өөр лүүгээ татаад удаан ширтлээ. Аргаа барсан хүн аргал сөхөж үзнэ гэгчээр магадгүй би “болно, болохгүй” гэж анх уулзсан тэр л цагаасаа хойш эргэлсэн эргэлзээнийхээ учиг тайлагдаагүй ончроог түүний царайнаас олох гээ юм болов уу
Тэр хоёр гараараа том шилээ зэрэг арчаад дүрлийтэл ширтэх харц нь хичнээн эгдүүтэй гэх вэ. Шонтгор хамрынх нь үзүүрийг зөөлхөн чимхээд өөрийнхөө кепкин малгайг толгой дээр нь тавьчихлаа. Томдсон малгайн дороос тэр бүр ч хөөрхөн харагдана.
Би түүний гарыг алдчихгүй юмсан гэх шиг чангахан атгаад цааш алхлаа. Түүний гар гэж цогоо цог. Яг л халуухан цог атгасан мэт алган дотроос төөнөнө. Шинэхэн орсон цасан дээр бидний мөр тодоос тод үлдэж буй гэдэгт би итгэлтэй байлаа. Мэдээж миний хоёр гишгэсэн, түүний гурав гишгэсэн мөртэй зэрэгцэж таарна.
Энэ намар тэр чигээрээ хачин сонин намар юмсанж уу… Амьдрал гэдэг гайхамшигтай зүйл ихтэй юмаа…
2019 оны намар: УБ хот

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *