ТАНД ХЭРЭГТЭЙ | Томуу, ханиад хоёрын ялгаа

6 минут уншина

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Томуу, ханиад хоёрын ялгаа

Ханиад, томуу хоёрын аль алиныг вирус үүсгэдэг. Вирус их олон янз байдгийн улмаас зарим тохиолдолд өвчин удаан үргэлжилдэг бөгөөд өвчний шинж тэмдэг өөр байдаг аж. Ханиадыг вирусийн 5 язгуурт хамаарах вирус үүсгэдэг байна. Томуугийн вирус А. В. С гэж гурван хэв маягийнх байна. В. С маягийн вирусээс үүссэн ханиад насанд хүрэгсдэд гайгүй хөнгөн байх учир түүнийг хүнд ханиадтай андуурч болох юм.

Хүн хэрэв С маягийн томуугаар өвчилсөн бол дархлаа нь насан турш хадгалагдаж үлдэх учир дахин өвчлөх нь ховор байна. Бага хүүхэд С маягийн томуунд их өртөмхий байх бөгөөд өвчин нилээд хүнд хэлбэртэй байж болно. А маягийн томууны вирус ихээхэн тогтвортой бөгөөд В. С маягийн вирусээс илүү хувирах чадвартай байна. Ийм вирус удамшлын шинжээ олон өөрчилдөг учир дархлаа нь бага буюу удаан хадгалагддаггүй юм.

А маягийн томуу ханиадаас илүү хүнд шинж тэмдэгтэй байна. Ийм вирус халдварласан нь их халуурах, ядарч туйлдах, амьсгалын систем саатах байдлаар илэрч болно. Энэ нь томуу ихээхэн дэлгэрч тахлын шинжтэй болохын шалтгаан байх нь олонтаа байна. Ханиад үүсгэдэг олонхи вирус 5 язгуурт хамаардгийг дээр нэгэнт өгүүлсэн. Тэдгээрийн тэн хагас шахам нь 1980-аад оны эцсээр нээгдсэн риновирусийн язгуурт хамаарна. Ханиад бол хамар, хоолой, амьсгалын замын дээд хэсгийг өвчлүүлдэг амьсгалын замын халдварт өвчин юм.

Олонхи ханиаданд халуурах, дагжиж чичрэх мэт томуугийн ноцтой шинж тэмдэг байдаггүй. Ялангуяа А маягийн томуу бол бараг ямагт ханиадаас ихээхэн хүнд хэлбэрээр илэрнэ. Томуугийн ханиадаас ялгарах онцлог шинж гэвэл голдуу гэнэт эхэлж, их халууран дагжиж чичирнэ. Биеийн тэнхээ алдарч, ханиалгаж, нусгайтдаг нь энэ хоёр өвчний нийтлэг шинж тэмдэг юм. Томуугийн идэвхитэй үе нь дунджаар долоо хоног орчим үргэлжлэх боловч тамир тэнхээ сулрах, сэтгэлээр унах мэтийн үлдэгдэл шинж хэдэн долоо хоног хэвээр үлдэж болно. Томууг бодвол ханиад хүрсний дараа тамир тэнхээ сэргэх нь илүү хурдан байна.

Жилийн ямар улиралд ханиад, томуугаар өвчлөх магадлал их байдаг вэ? Эдгээр өвчин хир удаан үргэлжилдэг вэ? Хүн хэдий хир хугацаанд халдвар тээгч байх вэ?

Ханиад, томуугаар өвчлөх нь хамгийн их байдаг бүс нутагт эдгээр өвчин жилийн хамгийн хүйтэн сарууд болох арван нэгээс хоёрдугаар сард ихээхэн дэлгэрдэг байна. Жилийн энэ үед өвчлөх явдал ихэсдэг нь цаг агаарын хүйтнээс болохоосоо илүү олонхи хүн тэнгэр хүйтэн байхад орон байранд сууж байдгаас болдог гэж эрдэмтэд үзэж байна. Орон байранд сууж байгаа хүн дулаалгын системийн нөлөөнд ордог бөгөөд энэ нь таны вирус эсэргүүцэх “хамгаалалтын тэргүүн шугам” болох салст бүрхүүлийг хуурайшуулдаг байна. Үүнээс гадна бусад хүнтэй хамт орон байранд байх нь вирус тархахад хялбар болгодог юм.

Учир нь агаар хөдөлгөөнгүй байхад халдвар үүсгэгчтэй хавиралдах магадлал ихсэнэ. “Ханиадны” бүх вирус заавал тэнгэр хүйтэн байхад хүний организмд халддаг юм биш. Тэдгээрийн зарим нь зун идэвхижиж, “зуны ханиад” үүсгэдэг байна. Энэ нь полиомиелитийн (нугастас) холын садан болох ханиадны аденовирус гэгч юм.

Өнгөрсөн зууны тавиад оны үед полиовакциныг нээх хүртэл полиомиелит өвчин хүнд олонхидоо зун тусдаг байжээ. Томуу ходоод гэдэсний замыг хөнөөхөөсөө илүү юуны өмнө амьсгалын системд халдварладаг байна.

Гэхдээ ходоодны томуу гэгч бас байдаг бөгөөд вирусийн өвчин дотор муухай болох, огиулах, чацга алдах шинжээр илэрнэ. Энэ өвчнийг үүсгэдэг вирус нь А, В, С маягийн вируст хамаардаггүй, ротавирусийн язгуурт хамаардаг байна. Энэ өвчний шинж тэмдэг нь янз бүрийн хоолны хордлого гэх мэт нянгийн халдварын шинж тэмдэгтэй их адилхан байдаг учир эдгээрийг андуурах нь их байна. Энэ өвчний илүү нарийн нэр нь гастроэнтерит буюу ходоод-гэдсний замын үрэвсэл гэдэг юм. Энэ өвчнийг висмутийн субсалицилатаар эмчлэхэд эдгэрэх нь хялбар байдаг бөгөөд ер нь нян юм уу вирусээс үүсгэвэртэй гастроэнтеритийг эмчлэхэд энэ эм үр нөлөө сайтай байна. Гастроэнтерит организмыг усгүйжүүлдэг учир өвчинд бие нь суларсан хүүхэд, ахимаг насны хүнд их хүндээр тусч болох юм.

Томууны үед яагаад халуурч, дагжин чичирдэг вэ?

Урьд томууны үед халуурч, дагжин чичирдэгийн шалтгаан нь вирусийн халдвар гэж боддог байжээ. Одоо бол энэ нь дархлааны системд халдвар орсны хариу үйлдэл гэж үзэх болсон байна. Вирус Цельсийн 20-30 хэм орчимд эсийг гэмтээдэг нь биеийн ердийн температураас доогуур байна. Биеийн халуун нэмэгдэхэд вирус өсч үржих, амьд тэсч үлдэхэд бэрхшээлтэй байна. Вирус нэвтрэн орж ирэхэд дархлааны өгдөг хариу үйлдэл бол вирусийг алах юм уу хор хөнөөлгүй болгох эсрэг бием боловсруулдаг өдий төдий тунгалагийн эсийг (лимфоцит) татан оролцуулдаг иж бүрэн, системтэй, маш түргэн хариулт юм. Энэ талар хийсэн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд биеийн халуун нэмэгдэхэд эсрэг бием илүү их үр нөлөөтэй үйлчилдэг гэж үзэх үндэстэй юм.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

TAGGED:
Түгээх