Мексикт анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдсоноос хэдхэн цагийн дараа эмэгтэй хотын дарга амь үрэгджээ.
Мексикийн баруун хэсэгт орших нэгэн хотын дарга эмэгтэйг өнгөрөгч зургаадугаар сарын 3-ны өдөр тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдсоноос хэдхэн цагийн дараа буудан хөнөөжээ.
Мичоакан мужийн Котижа хотын дарга Йоланда Санчес Фигуэроаг бие хамгаалагчтайгаа фитнессээс буцаж гэр лүүгээ явж байхад нь цагаан өнгийн фургон машинтай хүмүүс буудсан гэж мужийн ерөнхий прокурор мэдэгдэв.
Санчес Фигуэроа болон түүний бие хамгаалагч хоёулаа дараа нь эмнэлэгт нас барсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг нэн даруй эхлүүлжээ.
Клаудиа Шеинбаум үнэмлэхүй ялалт байгуулж Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсноос хэдэн цагийн дараа энэхүү харамсалтай үйл явдал болсон нь улс төрд эрчүүдийн оролцоог дэмждэг соёл, ажлын байрны эмэгтэйчүүдийн хүчирхийллээрээ дээгүүр бичигддэг тус улсын тухай ихийг хэлж буй.
Түүнчлэн Мексикийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан уг сонгуулийн үеэр улс төрчдийн эсрэг олныг хамарсан хүчирхийлэл гарчээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон арван улс төрийн нэр дэвшигч, өргөдөл гаргагчид сонгуулийн санал хураалтад нөлөөлөхийг оролдсон гэмт хэргийн бүлэглэлийн гарт амиа алдсан байна.
Шеинбаум аравдугаар сарын 1-нд ерөнхийлөгчийн албан тушаалаа өөрийн өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадорыг орлон эхлүүлэх юм. Өмнөх ерөнхийлөгчийн олон удаагийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд нь Мексикчүүдийг ядуурлаас ангижруулснаар хоёр ерөнхийлөгчийн харьяа Зүүний Морена намд нааштай сонгуулийн үр дүн авчирчээ.
Гэвч эмэгтэй ерөнхийлөгч шинэ суудалдаа суумагцаа л бүлэглэн хүчирхийлэл, хэрэг нь тайлагдаагүй алга болсон хүмүүс зэрэг дотоодын болон хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх яаралтай ажлуудтай тулахаар байна.
Мексик улсад хүн амины хэрэг дэлхийд дээгүүрт ордог бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд аюултай газар хэвээр. Өдөр бүр 10 орчим эмэгтэй хэн нэгний гарт амь насаа алдаж байна гэсэн тоо баримт байдаг. Тус улсад 100 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон хэвээр байгаа бөгөөд тэдэнд юу тохиолдсоныг одоо болтол илрүүлээгүй. Mexico Evalua судалгааны төвийн мэдээлснээр 2022 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 95 орчим хувь нь шийдэгдээгүй байна.
Мичоакан мужийн засгийн газар зэрэг орон нутгийн эрх баригчид хотын дарга болон түүний бие хамгаалагч руу халдсан халдлагыг ихээхэн буруутгаж, бухимдлаа илэрхийлэв. Тус мужийн Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас “Холбооны агентлагуудтай хамтран ажиллаж, үйл явдалд буруутай хүмүүсийг олохоор ажиллаж байна” гэж мэдээлжээ.
Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин
