СУРВАЛЖИЛГА | “MEF-Youth Perspective” арга хэмжээний эргэн тойронд

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор 2024 оны хоёрдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн арга хэмжээ, нэгдсэн хуралдаанууд Төрийн ордон, ДБЭТ, Соёлыг төв өргөө, Чингис хааны музей зэрэг газруудад хуралдаж эхлээд буй.

Харин Эдийн засгийн чуулганы залуучуудад чиглэсэн нээлттэй үйл ажиллагаа болох  "Mongolian Economic Forum-Youth Perspective" арга хэмжээ Чингис хаан музейд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд нийслэл төдийгүй 21 аймгийн хүүхэд, залуучуудын төлөөллийг урин оролцуулж бүс, орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн чиг хандлага, алсын хараа, хөгжих боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэгвэл энэхүү Эдийн засгийн чуулганы залуучуудад чиглэсэн нээлттэй үйл ажиллагаа болох “Mongolian Economic Forum-Youth Perspective” арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нээж үг хэллээ.

Тэрбээр “Улс орны хөгжлийг хөдөлгөх гол хүч нь тухайн улсын залуус, залуу ажиллах хүч, оюутан суралцагчид байдаг. Учир нь залуу үе дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, инновац, технологийн хөгжил, даяаршил, дижиталчлалын ололт амжилтыг тухайн улс, бүс орон нутагт хамгийн хурдтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөгжлийн бодлогод залуусын санаа бодлыг тусгах нь хамгийн чухал. Миний хувьд бид бүсчилж хөгжихөд үндсэн 3 асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжил хүний хөгжлийг дэмжсэн байна.

Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжил боловсролын хүртээмжтэй байдлыг хангасан байна.

Гуравдугаарт, Мэдлэг инноваци, технологид суурилсан, эдийн засгийг дэмжиж  солонгоруулна” хэмээн онцолсон юм.

Энэхүү арга хэмжээ Чингис хаан музейд хоёрдугаар сарын 02-ны өдрийг дуустал зохион байгуулагдана. Ингээд “Mongolian Economic Forum-Youth Perspective” арга хэмжээг оролцогчдийн сэтгэгдлийг хуваалцъя.

Г.МӨНХЧИМЭГ /БЗД-Н СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН/ 

Арга хэмжээн дээр ирээд залуучууд хоорондоо нэгдэж, тэдэнд болоод нийгэмд тулгамдаж буй асуудлыг хуваалцаж, оролцож байгааг харахад их сайхан байна. Би өөрөө залуучуудын идэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг хүний хувьд оролцоод өөрийнхөө бодол санааг хаана явж байгааг мэдэх, эргээд юуг залуучууддаа түгээх, хамтдаа яаж эх орноо хөгжүүлвэл болох зэрэг олон зүйлийг олж харлаа.

Мэдээж залуучууд бидэнд нийгэмд гараад ажиллаад явахад олон саад бэрхшээл, асуудал тулгардаг. Энэ зүйлсээс болоод сүүлийн үед ихэнх нь гадагшаа явах талаар боддог болсон гэхэл хилсдэхгүй. Харин миний хувьд улс орноо асуудалтай нь үлдээх бус иргэн бүр, залуучууд бүр чадах чадхаараа эх оронч үзлийг ямар чухал болохыг мэдээсэй, мэдүүлээсэй гэж хүсдэг. Энэ ч утгаараа арга хэмжээн дээрх илтгэгч залуусын үзэл бодол, үнэ цэнийг сонсоод их сайхан санагдлаа.

Г.ТҮВДЭНДОРЖ /ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД/

Энэ удаагийн Монголын эдийн засгийн форум Бүсчилсэн хөгжлийн бодлогыг олон нийтэд танилцуулж орон нутгийн хөгжлийн гарц шийдэл юу байгааг нийгмийн бүлэг, төлөөллийг орхигдуулалгүйгээр халуун тогоондоо хэлэлцэж байгаагаараа онцлог болж байна.

Манай улс Хүний хөгжлийн индексээр 99-д эрэмбэлэгдэж байна. Харин Норвег, Ирланд, Хонконг зэрэг улс орнууд дэлхийд тэргүүлж байгаа. Гагцхүү залуучуудын сурах хүсэл эрмэлзэл, хэрэгцээг нь бүрэн хангаж, дэмжсэн боловсролын чанартай, хүртээмжтэй, орчин үеийн тогтолцоог бүрдүүлж чадсанд оршиж байгаа юм. Гэтэл манай хүүхэд, залуучууд дэлхийд оюуны чадавхаараа есдүгээр байрт эрэмбэлэгддэг. Тэд олон уралдаан, олимпиадуудад өндөр амжилт үзүүлдэгээс гадна мэдээлэл технологийн дэлхийд тэргүүлэх томоохон компаниудад ажилттай ажиллаж байна.


Монгол улсыг хөгжилд хөтлөх хамгийн том нөөц, боломж нь оюуны өндөр чадавхтай монгол хүн гэдгийг баталж байна. Иймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хүнийхээ хөгжлийг дэмжсэн байх ёстой.

Мөн манай орны хувьд уул уурхай давамгайлсан эдийн засагтай орон. Иймд шинжлэх ухаан, технологи-үйлдвэрлэл-хамтын түншлэлийг хөгжүүлж, эдийн засгийн чадамжтай, дижитал технологид бүрэн шилжих нөхцөлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах ёстой гээд олон зүйл бий. Ямартай ч залуучуудын гаргасан санаачилга эх орны ирээдүйн хөгжлийг тодорхойлсон үр дүнтэй, бүтээлч үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Б.ГЭГЭЭРЭЛМАА /”ЭРДЭНЭС ТӨМӨР ГЭГЭЭРЭЛ ХХК” ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/

Миний хувьд энэхүү арга хэмжээнд анх удаа оролцоод явж байгаагийн хувьд сэтгэл их өндөр байна. Олон ч зүйлийг сурч авч байна. Мэдээж залуучуудад гэлтгүй бүх л хүмүүст нийгмийн зүгээс асуудалтай зүйлс бий. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховроос эхлүүлээд утаа, түгжрэл гээд л.

Гэхдээ миний анзаарснаар залуучууд, оюутнууд оролцоот байдлаа орхигдуулаад байгаа юм шиг санагддаг. Угтаа улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хүн бүр оролцож байж л тэнд үр дүн гарна гэж хардаг.

Бас үеийн хүүхдүүдээ ажилд аваад нэг зүйл ажигласан. Ер нь ажлын байран дээрх хүмүүсийг ажиглахад “зөвхөн мөнгө харж ажилласан хүний гүйцэтгэл” нөгөө талд “хийж байгаа ажлаа туршлага, сайжрал гэж харж хийсэн хүний гүйцэтгэл” асар ялгаатай байсан. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, дор бүрнээ хичээгээсэй, оролцоотой байгаасай гэж хүсдэг дээ.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *