ЛГБТ Төв нь 2014 оноос хойш АйДАХОТБ-ын ОУ-ын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах, ЛГБТИК+ буюу күийр уран бүтээлчдийг дэмжих болон урлагаар дамжуулан ЛГБТИК+ олон нийтийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгын хүрээнд “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсээр ирсэн юм.
Энэ жилийн үзэсгэлэнг ЛГБТ Төв нь 2023 онд зураач, иллюстратор, гэрэл зурагчид болон урлагийн бүхий л чөлөөт уран бүтээлчдийг бүтээлийн төрөл харгалзахгүй “МОНГОЛ ХҮН” үзэсгэлэнд уран бүтээлээ ирүүлэх боломжоор хангаж буй юм. Ирсэн бүтээлүүдийг 2023 оны тавдугаар сарын 17-26-ыг дуустал “МОНГОЛ ХҮН” үзэсгэлэнгээр олон нийтэд хүргэх аж.
- Энэ жилийн АйДОХТБ-ын уриа “Always together: United in diversity” буюу “Үргэлж хамтдаа: Ялгаатай байдлын дор нэгдье” уриан дор зохиогдож байна.
Энэхүү сэдвийн хүрээнд уран бүтээлчдийг:
Монгол дахь соёл уламжлал, нийгмийн бүтцийн зүгээс ЛГБТИК+ хүмүүст ирж буй дарамт, ялгаварлан гадуурхалт эсхүл хөгжил дэвшил,
ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдэл болон тэмцэл,
ЛГБТИК+ хүмүүст гэр бүл болон эргэн тойрныхноос ирэх дэмжлэг, хайр эсхүл дарамт шахалт зэргийг дүрслэн харуулсан бүтээлүүдээсээ ирүүлэхийг хүсэж байна.
АйДАХОТБ-ын тухай:
АйДАХОТБ нь Гомофоби, трансфоби ба бифобийн эсрэг Олон Улсын тэмдэглэлт өдөр бөгөөд 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Өвчний олон улсын ангиллаас хассаныг тэмдэглэн дэлхийн 132 гаруй орон 2004 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 17-нд онцлон тэмдэглэсээр ирсэн.
Гомофоби – Лесбиян, гей хүмүүсийг үзэн ядах, айх, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
Трансфоби – Трансжендэр болон бүх транс хүмүүсийг үзэн ядах, айх, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
Бифоби – Бисексуал олон нийтийг үзэн ядах, айх, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
Күийр – Бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл Күийр гэдэг. Түүхийн хувьд энэхүү үг нь нэлээд сөрөг утга агуулдаг байсан ч энэ үгийг ЛГБТИК+ хүмүүс өөрийн болгож авч чадсан. Хэдий тийм ч бүх ЛГБТИК+ хүмүүс энэ үгийг өөртөө хамаатуулан ашигладаггүй. Ихэвчлэн энэ нэр томъёог хүйс болон бэлгийн чиг баримжааг хоёрхон туйлт хэмээн үзэхийн эсрэг байдаг ЛГБТИК+ хүмүүс хэрэглэдэг.
СЭДЭВ:
2023 онд АйДАХОТБ-ын хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэн нь “МОНГОЛ ХҮН” сэдвийн дор зохион байгуулагдах юм. ЛГБТИК+ иргэд ч мөн адил үндэсний бахархалтай, соёл уламжлалаа бахдан хайрладаг МОНГОЛ ХҮН, хүмүүс шүү гэдгийг сануулж, эх орныхоо иргэн нь, түүхт соёлынхоо хэсэг нь, хөгжил дэвшлийн үргэлжлэл нь гэдгээ тодотгон илэрхийлэх зорилготой юм. МОНГОЛ ХҮН болсны хувьд иргэн таны уран бүтээл зөвхөн урлагийн нэг хэсэг болоод зогсохгүй амьдарч буй нийгэм, улс төр, соёлын бодит дүр зургийг соргогоор харж бүтээлчээр шүүмжлэхийн сацуу эерэг өөрчлөлт авчрах, бусдад хайрлах бас бахархах сэдэл төрүүлэх хүчийг өөртөө агуулсан маш том зэмсэг билээ.
Журам:
1. Уран бүтээлийн төрөл: уран зураг, гэрэл зураг, баримал, видео бүтээл гэх мэт ямар ч хэлбэртэй байж болно.
2. Нэг уран бүтээлч дээд тал нь гурван бүтээлээр оролцож болно.
3. Уран бүтээл нь гэрэл зураг бол доорх чанарын шаардлагыг хангасан байх ёстой.
– Бүх дижитал файлууд нь JPEG буюу .jpg өргөтгөлтэй, 6×4 харьцаатай, доод тал нь 1800 пиксель өргөн (хөндлөн зураг бол) буюу 1800 пиксель өндөр (босоо зураг бол)-тэй байна.
4. Уран бүтээл нь хэн нэгний бүтээлийг хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
5. Бүтээл бүр дээр уран бүтээлч гарын үсгээ зурсан байх.
6. Өөрийн бүтээлийг ЛГБТ Төвийн оффис дээр авчирч өгнө.
7. “МОНГОЛ ХҮН” үзэсгэлэнийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг live хэлбэрээр гуравдугаар сарын 20-ны өдрийн 17 цагт ЛГБТ Төвийн Instagram, Facebook хуудсаар хийнэ.
8. Уран бүтээлийг 2023 оны тавдугаар сарын 12-ныг хүртэл хүлээж авна.
