Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр /2023.05.03/ орон нутаг болон нийслэлийн сэтгүүлчид Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форумд оролцохоор Туушин зочид буудлын үүднээс хот хоорондын автобусанд суугаад Хэнтий аймгийн Чингис хотыг зорив. Энэ бүрэлдэхүүнд манай редакцаас сэтгүүлч М.Мөнхсолонго, М.Баасандэлгэр нар багтав. Учир гэвэл, мэргэжлийн сэтгүүл зүйг видео контентын хэлбэр лүү хөрвүүлж яваа залуус салбарын хөгжлөөс хэр хөндийрсөн бэ. Сэтгүүл зүйн нийгмийг соён гэгээрүүлэх үүргийн дор 700 орчим видео контент бүтээсэн нь байгаа онож чадав уу. Цаашдаа багаараа мэргэшсэн сэтгүүлч болохын тулд хаанаас эхлэх вэ зэрэг асуултын хариу болон мэргэжил нэгтнүүдийн уур амьсгалыг биеэр мэдрэхийн тулд гэх мэт холын шалтгаантай. Мөн орон нутагт бидэнтэй ижил мэргэжилтэй хүмүүс хэрхэн орлого олдог вэ, нийгмийн асуудал яаж шийдэгддэг, гол бизнес модел нь юу байгаа бол гэхчилэн ахуйн шинжтэй асуултаа ч бэлдээд амжсан байв.
Улаанбаатар хотоос гарч амжаагүй байтал Ерөнхий сайд 100 сэтгүүлчийг нутагтаа аваачиж хооллоно, сонгууль эхэлжээ гэх мэт шуум чих дэлсэв. Томилолт болгоны ард хоцорсон сэтгүүлчид хардаж сэрдсэндээ элдэв таамаг дэвшүүлж, шоолонгуй өнгө аясаар сонждогийг өдөр тутмын сонинд байхдаа бага сага гадарлах тул их зүйл бодсонгүй. Зохион байгуулагчид нь хооллосон, дагаж явсан хэд нь хоол горьдсон нэртэй үлдээгүй томилолт, арга хэмжээ, хурал зөвлөгөөн байхгүй биз.
Өдрийн 13.00 цагаас хөдөлсөн автобус оройн 18.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд түр саатав. 21 аймаг, Улаанбаатар хотоос ирсэн зочдыг сумын Засаг дарга Л.Цэнгэл морин хуурын аязаар угтан авлаа. Буйдхан сумын цайны газарт оройн зоог барив. Цаашлаад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын урлангаар зочлон танилцаад Чингис хот руу хөдөллөө. Томилолтын эхний өдөр аян замд өнгөрсөн бөгөөд, сэтгүүлчид өөрийн намтар болон салбартаа ажилласан туршлагаа хуваалцаж, ахмад үеийн төлөөлөл хуучин үеийн сонин хачныг хуваалцсаар өндөрлөлөө.
Томилолтын хоёр дах өдөр …
Хэнтий аймаг, Чингис хот, 2023.05.04
Хөтөлбөрийн дагуу өглөө 06.00 цагаас нэгдсэн байдлаар спорт ордонд дасгал хийсэн юм. Энэ үеэр аймгийн ахмадууд ч бас дасгал хийж байсан нь эерэг санагдав. Эл өдрийн үндсэн хөтөлбөр бол хэлэлцүүлэг. Оролцогч сэтгүүлч нарыг аравтаар баг болгон хувааж, зохион байгуулагчдын зүгээс ахлагч томилов. Ирц, оролцоо, идэвхийг оролцооны самбарт тэмдэглэнэ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд тодорхой сэдвүүдийн хүрээнд илтгэл бэлдсэнээ танилцуулж, оролцогч сэтгүүлч нар үзэл бодлоо илэрхийлж, харилцан санал бодлоо хуваалцах байв.
“ХЭНТИЙ АЙМГИЙН 100 ЖИЛ ТОХИОЖ БАЙНА”
Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форумын үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээлэл өглөө.
Хэнтий нь 18 сум, таван тосгонтой. 80.3 мянган хавтгай км2 нутаг дэвсгэртэй бөгөөд 79,4 мянган хүн амтай, 5,1 сая толгой малтай аймаг юм. Энэ онд тус аймагт 92 төсөл арга хэмжээний 279 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ.
- Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтаар дулааны станц барьж байна.
- Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир ус, дулаан хангамжийн сүлжээнд холбох төслийн ажлыг 2022 онд эхлүүлсэн. Эхний ээлжинд 1,2 дугаар багийн гэр хорооллын шугам сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд дулааны шугамын ажил 20 хувь, бохир усны шугам сүлжээний ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Хоногт 3000м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 2021 онд ашиглалтад оруулав.
- 2022 онд 120 км авто зам ашиглалтад оруулж, 250 орчим км авто зам байгуулах ажил өрнүүлж байна.
- Аялал жуулчлалын цогцолбор бүхий бүтээн байгуулалтын ажлын явц дунджаар 80 хувьтай байна.
- 67.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр зургаан сургууль, найман цэцэрлэг, таван дотуур байр шинээр барьж байна.
- Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажил 90 орчим хувьтай байна.
“Олон дагагчтай фэйсбүүк хуудас хэвлэл мэдээллийн хэрэгсэл МӨН, БИШ”
МСНЭ-ийн мэдээллийн сайт хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар форумын үеэр Цахим сэтгүүл зүйн контент боловсруулах сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлд цахим сэтгүүл зүйн давуу болон сул тал, мэдээллийн агуулга болон контент боловсруулахдаа анхаарах зүйлс, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эргэн тойронд зэрэг агуулга багтсан байв.
Илтгэгчийн танилцуулсан PPT файлаас авав.
Энэ үеэр “Олон дагагчтай фэйсбүүк хуудас хэвлэл мэдээллийн хэрэгсэл МӨН, БИШ” сэдвийн хүрээнд сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ. Зарим аймгийн сэтгүүлч нарын дунд байгаа нийтлэг ойлголт нь олон дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн гэж үздэг. Тиймдээ ч “пэйж” нээгээд хандалт сайн авахыг эрмэлздэг. Харин зарим нь сайт, телевиз, радио, сонинг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцно. Фэйсбүүк бол энгийн платформ. Тиймээс цахим хуудсыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх нь учир дутагдалтай гэсэн байр суурьтай байв. Энэ тал дээр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр “Бид яагаад сургуульд сурч сэтгүүлч мэргэжил эзэмшдэг вэ. Өнөөдөр яагаад энэ зөвлөгөөнийг хийж байгаа вэ. Үүнийг бодох ёстой. Илүү мэргэжлийн болох буюу фэйсбүүк хуудсаас ялгарч, салбараа таниулахын тулд чуулж байна. Тиймээс ямар ч их дагагчтай, хандалттай байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох боломжгүй” гэж хариулсан юм. Цахим ертөнц хөгжиж, технологийн дэвшил сайжрах тусам сэтгүүл зүйн салбарын үндсэн суурь зарчим алдагдаж, тухайн тогоон доторх хүмүүсийн дунд зөрүүтэй ойлголт үүссэн байгаа нь тус илтгэлийн үеэр харагдаж байлаа.
ХАРЬЦУУЛАЛТ
Улаанбаатар хотод ажилладаг сэтгүүлчийн хувьд орон нутгаас ирсэн төлөөллүүдтэй санал бодлоо хуваалцах нь сонирхолтой байлаа. Хэрэглэгчийн тоо болон хамтран ажиллах түншийн зөрүү орон нутаг болон нийслэлийн хооронд багагүй бий. Жишээ нь, аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн орлого олдог вэ гэдэг асуулт. Манай humanz.mn сайтын хувьд видео контентоо гол бизнес модель болгон ашигладаг. www.humanz.mn вэбсайтыг хөгжүүлэхийн зэрэгцээ HUMANZ START UP суваг дээр видео контент нийтэлдэг. Цахим орчинд 600 мянга орчим дагагчтай. Өдөрт хамгийн багадаа 100 мянган үзэлт авдаг. Энэ утгаараа нэг видео контентын зах зээлийн үнэ 3.300.000 төгрөг. Голчлон бизнесийн байгууллагууд захиалга өгдөг учраас нийтлэлийн бодлого, үндсэн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Гэтэл орон нутагт нөхцөл байдал тэс ондоо аж. Хүн амын тоо харьцангуй өөр учраас сурталчилгаа байршуулах, төлбөртэй мэдээ нийтлэл бичих зэрэг эрэлт тэр болгон үүсэхгүй. Ихэвчлэн улс төрийн хамаарал бүхий хүмүүс болон төрийн байгууллагын төсөвт тааруулан ажиллаж байгаа гэдгээ тэд нуусангүй. Сүхбаатар аймгийн сэтгүүлчийн ярьсанаар сумын наадам болон зарим үйл ажиллагаан дээр очиж 60-100 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээ үзүүлдэг гэх яриа хүртэл гараад амжсан юм. Энэ тал дээр МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэсэнгийн танилцуулсан “Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын менежемент” илтгэл цагаа олсон түлхэц байв.
Илтгэгчийн танилцуулсан PPT файлаас авав.
Шуудхан хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн санхүүгийн эх үүсвэрээ бий болгох арга замыг ний нуугүй зааж, жинхэнэ нөү хау хаана байгааг дөтөлж өгсөн гэхэд болно.
Томилолтын гурав дахь өдөр …
Хэнтий аймаг, Хан хэнтий чуулга, 2023.05.05
Анх ирснээ бодвол нэгнийгээ давгүй сайн мэдэхтэйгээ болжээ. Манайх энэ телевиз, манайх энэ сонин, манай хаяг энэ гээд л харилцаа холбоог бэхжүүлэх ажил жинхэнэ утгаараа өрнөв. Нэгнийхээ ажлыг дэмжиж, мэдээллийг түргэн шуурхай түгээж, хамтдаа хүч нэгтгэн ажиллах шийдэлд хүрсэн нь энэ форумын том үр дүн байлаа. Энэ өдөр Хан хэнтий чуулгын уран бүтээлчид бидэнд зориулан урлагийн тоглолт бэлдсэн байв. Ардын дуу, эгшиглэнт хөгжим, нүд хужирлах уран бүжгийн үзүүлбэр. Жинхэнэ утгаараа жаргаж үдэх цаг хугацаа хөврөх нь тэр. Тоглолтын дараа өдрийн зоогоо барьчихаад томилолтын баг хоёр хуваагдав. Нэг хэсэг нь Хэнтий аймгийн бүтээн байгуулалтыг эко автобусаар явж сонирхсон бол нөгөө хэсэг нь асуулт хариултыг QUIZ тэмцээнд оролцов. Сүүлийн өдөр гэдэг утгаараа оройн арга хэмжээнд сумын клубын бүжиг рүү бөөнөөрөө яван хатирлаа …
Тоглолтын сонин хачинг дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй хүргэх болно.