2027 оны төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тэргүүтэй 31 гишүүн буюу парламентын дөрөвний нэг нь “Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг задаргаа бүрээр нь олон нийтэд онлайнд нээлттэй болгох” хуулийн төслийг санаачлан өргөн барьсан билээ. Өнгөрсөн баасан гарагт энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх санал хураахад 52 гишүүн татгалзсан хариу өгч, “унагаав”. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг улсын төсвөөр дамжуулан ямар компани, хэр хэмжээгээр авч, юу бүтээснийг ил тод цахим орчинд байршуулахыг гишүүд дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хэлж буйгаар “УИХ дээр төсөв хэлэлцэх болгонд учир битүүлэг дүнгүүд орж ирдэг. Бараа материал, тоног төхөөрөмжинд 60 тэрбум төгрөг гээд хүснэгтэд ороод ирдэг. Энэ дотор юуг, яаж хийх тухай задаргааг тусгахыг гишүүн болсон цагаасаа хойш шаардаж байна. Энэ задаргаа иргэд болон сэтгүүлчдэд хаалттай болохоор сайд нар худал мэдээлэл өгөөд байдаг. Гишүүдийг төсвөө ойлгохгүй байна гэх мэт хариуцлагагүй үйлдэл хийдэг. Тэр ч бүү хэл батлагдаагүй байхад төсвөө зарцуулчихсан асуудал хүртэл илэрсэн. Гэтэл хамтдаа хууль өргөн барьсан МАН-ын 11 гишүүн өнөөдөр эсрэг санал өглөө. Энэ нь МАН төсвийг нээлттэй болгохын эсрэг хатуу байр суурьтай байгааг харууллаа. Яагаад хуучраагүй байхад шинэ сандал, ширээ аваад байгаа юм. Яагаад үнэтэй оффис түрээслээд байгаа юм. Улсын төсвийн 40 их наядын 70-80 хувь нь дан урсгал зардал. Гэтэл задаргаа байхгүй. Энийг УИХ-ын гишүүд ч хянаж оруулах боломжгүй. Сайд болохын тулд хүмүүс яаж үхэл ханхлуулж гүйдэг билээ. Хэрэв энэ урсгал зардлыг хянаад эхэлбэл мөнгөн дүн ч ойлгомжтой болоод ирнэ. Улсын төсөв тэлээд байгаа шалтгаан бол яаж ч зарцуулж болдог хяналтгүй мөнгө. Энэ байдлыг зогсоохын тулд төсөв батлагдахын өмнө нээлттэй хардаг болох хэрэгтэй. Манайх шиг ийм том улсын төсөвтэй, зах зээлд эргэлдэж байгаа төгрөг тутмын 80 хувь нь төрөөс хамааралтай энэ үед улсын төсвийг ил тод болгохоос нааш ардчилал ярих ямар ч боломжгүй. Тэр утгаараа энэ хууль явах ёстой. Уг нь хуультай, хуульгүй Сангийн яам мэдээллээ ил тод тавьдаг байх ёстой” гэж хэвлэлд байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын 2027 оны төсвийн баримт бичгийг parliament.mn вэбсайтад бий. Нийт 413 нүүр бүхий энэ материалд төсвийн хууль, дагалдах хуулиуд, хавсралтууд болон төсөв захиран зарцуулах эрхтэй байгууллагын нэр, хэрэгжүүлэх төслийн нэр, мөнгөний бүхэл тоонууд багтжээ. Ямар ч төрлийн төсөлд тодорхой задаргаа алга. Гол нь 2013 оноос эхлээд одоог хүртэл ашиглалтад ороогүй хэрнээ жил бүр улсын төсөвт тавигддаг бүтээн байгуулалтууд ч байх юм.
2012 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 7,1 тэрбум төгрөгөөр баригдахаар (УТ2103400012) улсын төсөвт суусан Хөгжимт драмын театр одоог хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд анхны өртгөөс 3,7дахин өндөр буюу 26.10 тэрбум төгрөгийн өртөгтэй болж, 2027 оны төсвөөс 890.4 сая төгрөг авахаар тусгажээ. 16 жил дамнан төсвийн мөнгөөр театр барьсан компани болон олгосон мөнгөний задаргаа байхгүй.
2013 онд Улаанбаатар хот, ХУД-т 15 тэрбум төгрөгөөр Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр (УТ1300500001) барихаар улсын төсөвт суулгасан ч одоог хүртэл дуусаагүй бөгөөд 2027 оны төсвөөс 16.93 тэрбум төгрөг авахаар тусгажээ.
2013 онд Улаанбаатар хот, ХУД-т 10 тэрбум төгрөгөөр Дүүргүүдийн прокурорын нэгдсэн байр (УТ1300600001) барихаар улсын төсөвт суулгасан ч одоог хүртэл дуусаагүй бөгөөд 2027 оны төсвөөс 10.52 тэрбум төгрөг авахаар тусгажээ.

Олон жил дуусдаггүй барилгуудын төсөв хаашаа урсаж байна вэ. Олны өмнө ил гарч ирэхгүй ч улсын мөнгийг авчихаад ажлаа хийдэггүй “шимэгч” компаниудад манай үе, үеийн Засгийн газар ямар хариуцлага тооцдог вэ. Эсвэл төсвөөс мөнгө гаргаж өгснийхөө төлөө өөрсдөө хишиг хүртдэг юм болов уу. Яаж ч бодсон 16 жил дамнан өчнөөн тэрбумыг үрсэн Хөгжимт драмын театр улсын хөгжилд эрэмбээрээ хэдэд орох бүтээн байгуулалт вэ гэдгийг уншигч та тунгаах биз.
Засгийн газар өргөн барьсан төсвөө ямар нэгэн байдлаар УИХ-аар батлуулаад авчихвал жинхэнэ “тансагладаг биш ээ, мөнгөөр туйлдаг” байх нь ээ. Өнөөдөр төсвийн орлогыг төвлөрүүлэхийн тулд иргэд яаж махаа зулгаан ажиллаж, компаниуд татварын өрөнд хэрхэн дарлуулж байгаа билээ. Ялархсандаа биш. Ажиллаад байгаа хэрнээ амьдрал сайжирдаггүй. Авсан цалингаасаа нэг ч төгрөг үрэхгүй хадгалсан ч нэг өрөө байр авч хүрэхгүй урвуугаа харсан тогтолцоог эрх баригчид угсарсан. Жил ирэх тусам дундаж давхарга хумигдаж, төр данхайж, халамж хавтгайрч буйг хөдөлмөрийн зах зээл дээр шүд зуун зүтгэж буй иргэд хэлдэг. Атал тэдний төлсөн татвар нь улсын хөгжил, амьдрах таатай орчин, чанартай боловсролд бус хэсэг бүлэг хүнийг “тэжээхэд” зориулагддаг гэдгийг төсвийн задаргааг олон нийтэд нээлттэй тавихыг эсэргүүцсэн УИХ-ын шийдвэр баталлаа.
