Японд 100 болон түүнээс дээш настай 107,677 хүн амьдарч байгаа нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2026 оны есдүгээр сарын 15-нд мэдээлснээр энэ тоо өмнөх жилээс 7,914 хүнээр нэмэгджээ.
Нийт 100 настны 94,298 нь эмэгтэй, 13,379 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тэдний 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.
Японд 1963 онд 100 болон түүнээс дээш настай ердөө 153 хүн бүртгэлтэй байжээ. Энэ тоо 2020 онд 80,450, 2024 онд 95,119, 2025 онд 99,763 болж өссөн бол энэ жил анх удаа 100 мянгын босгыг давлаа.
Тус улсын Эрүүл мэндийн сайд өндөр настнуудын тоо нэмэгдэж буйг амьдрах орчин, хооллолт, шим тэжээлийн нөхцөл сайжирсан болон анагаах ухааны хөгжилтэй холбон тайлбарласан байна. Түүнчлэн хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийгмийн хамгааллын тогтолцоог тогтвортой байлгах нь чухал болохыг онцолжээ.
Уг тоог оршин суугчдын есдүгээр сарын 1-ний бүртгэлд тулгуурлан гаргаж, насыг 2026 оны есдүгээр сарын 15-ны байдлаар тооцсон байна.
