ДЭМБ | Дэлхий даяар 10–19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй тулгардаг. Энэ нь тус насныхны өвчлөлийн нийт ачааллын 15 хувийг эзэлж байна. Сэтгэл гутрал, түгшүүр болон зан үйлийн эмгэг нь өсвөр үеийнхний өвчлөл, хөгжлийн бэрхшээлийн тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхааралгүй орхисны үр дагавар насанд хүрсэн хойно нь ч үргэлжилж, бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, сэтгэл хангалуун амьдрах боломжийг нь хязгаарладаг.
- Сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөх хүчин зүйлс
- Өсвөр нас ба сэтгэл хөдлөлийн эмгэг
- Өсвөр нас ба зан үйлийн эмгэг
- Өсвөр нас ба хооллох зан үйлийн эмгэг
- Өсвөр нас ба психоз
- Өсвөр нас ба амиа хорлолт болон өөрийгөө гэмтээх үйлдэл
- Өсвөр нас ба эрсдэлтэй зан үйл
- Өсвөр насныханы сэтгэл зүйг дэмжих болон эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- ДЭМБ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Эх сурвалж
Өсвөр нас бол хүний төлөвшлийн онцгой чухал үе юм. Энэ үед явагддаг бие махбод, сэтгэл хөдлөл, нийгмийн өөрчлөлтүүд, мөн энэ үеийн ядуурал, хүчирхийлэл, дарамтад өртөх зэрэг нөхцөл нь өсвөр үеийнхнийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөмтгий болгодог.
Өсвөр үеийнхнийг таагүй нөхцөлөөс хамгаалах, нийгэм ба сэтгэл хөдлөлийн чадварыг нь хөгжүүлэх, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих, шаардлагатай тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох нь өсвөр насанд нь төдийгүй насанд хүрсэн хойно нь эрүүл, сайн сайхан амьдрахад чухал ач холбогдолтой.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай өсвөр үеийнхэн нийгмээс тусгаарлагдах, ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлолтод өртөх эрсдэл өндөр байдаг. Гутаан доромжлолтод тусламж хүсэхэд ч саад болдог. Мөн тэдний
хүний эрх зөрчигдөхөөс гадна суралцахад нь хүндрэлтэй болох, эрсдэлтэй үйлдэл хийх, бие махбодын эрүүл мэнд нь муудах эрсдэлтэй.
Сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөх хүчин зүйлс
Өсвөр нас бол сэтгэцийн сайн сайхан байдалд чухал нөлөөтэй нийгэм, сэтгэл хөдлөлийн дадал хэвшлийг төлөвшүүлэх гол үе юм. Үүнд:
- эрүүл унтах дадал хэвшүүлэх;
- тогтмол хөдөлгөөн, дасгал хийх;
- бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх чадварт суралцах;
- хүмүүстэй харилцах чадвараа хөгжүүлэх;
- сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах зэрэг багтана.
Гэр бүл, сургууль болон нийгэмд хамгаалсан, дэмжсэн орчин бүрдүүлэх нь чухал.
Сэтгэцийн эрүүл мэндэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Өсвөр насны хүүхэд хэдий чинээ олон эрсдэлт хүчин зүйлд өртөнө, сэтгэцийн эрүүл мэндэд нь үзүүлэх сөрөг нөлөө төдий чинээ их байна.
Өсвөр насанд сэтгэл зүйн дарамт үүсгэж болох хүчин зүйлсэд хүнд нөхцөл, бэрхшээлтэй тулгарах, үе тэнгийнхэнтэйгээ адил байх дарамт, өөрийн хэн болохыг танин мэдэх үйл явц багтана. Хэвлэл мэдээллийн нөлөө болон жендэрийн тогтсон ойлголт нь өсвөр үеийнхний бодит амьдрал, өөрсдийн талаарх төсөөлөл, ирээдүйн хүсэл тэмүүллийн хоорондох зөрүүг улам нэмэгдүүлж болно.
Гэр бүлийн амьдралын чанар, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа нь мөн чухал нөлөөтэй. Хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэл, дээрэлхэлт, эцэг эхийн хатуу ширүүн хүмүүжил болон нийгэм, эдийн засгийн ноцтой хүндрэлүүд нь сэтгэцийн эрүүл мэндэд учрах эрсдэл гэж үздэг.
Амьдралын нөхцөл, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлалт болон чанартай тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдлаас шалтгаалан зарим өсвөр үеийнхэн илүү өндөр эрсдэлтэй байдаг. Үүнд:
- хүмүүнлэгийн хямралтай, тогтворгүй орчинд амьдарч буй хүүхдүүд;
- архаг өвчтэй хүүхдүүд;
- аутизмын хүрээний эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээл болон бусад мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүд;
- жирэмсэн өсвөр насныхан болон өсвөр насны эцэг эхчүүд;
- эрт эсвэл албадан гэрлэсэн хүүхдүүд;
- өнчин хүүхдүүд;
- үндэстэн, бэлгийн чиг баримжааны цөөнх болон бусад ялгаварлан гадуурхагдсан бүлэгт хамаарах өсвөр үеийнхэн багтана
Өсвөр нас ба сэтгэл хөдлөлийн эмгэг
Өсвөр үеийнхний дунд сэтгэл хөдлөлийн эмгэг түгээмэл тохиолддог. Сандрах, хэт их санаа зовох шинжээр илэрч болох түгшүүрийн эмгэг нь энэ насныхны дунд хамгийн түгээмэл бөгөөд бага насны өсвөр үеийнхнээс илүү ахлах насныханд элбэг байна.
Түгшүүрийн эмгэг:
- 10–14 насныхны 4.1 хувь;
- 15–19 насныхны 5.3 хувьд тохиолддог гэж тооцоолжээ. (1)
Сэтгэл гутрал:
- 10–14 насныхны 1.3 хувь;
- 15–19 насныхны 3.4 хувьд тохиолддог гэж үздэг. (1)
Сэтгэл гутрал болон түгшүүрийн эмгэгт сэтгэл санаа гэнэт, хурдан өөрчлөгдөх зэрэг ижил шинж тэмдэг илэрч болно.
Түгшүүр болон сэтгэл гутрал нь хичээлийн ирц, суралцах үйл явцад ноцтой нөлөөлдөг. Бусдаас зайгаа барьж, харилцаанаас татгалзах нь нийгмээс тусгаарлагдах, ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлж болно. Харин сэтгэл гутрал нь амиа хорлоход хүргэх эрсдэлтэй.
Өсвөр нас ба зан үйлийн эмгэг
Зан үйлийн эмгэг нь ахлах насны өсвөр үеийнхнээс илүү бага насныханд түгээмэл тохиолддог.
Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг буюу ADHD нь анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, хэт хөдөлгөөнтэй байх, үр дагаврыг нь үл харгалзан үйлдэл хийх зэрэг шинжээр илэрдэг. Энэ эмгэг:
- 10–14 насныхны 2.7 хувь;
- 15–19 насныхны 2.2 хувьд тохиолддог. (1)
Бусдыг эсэргүүцсэн, догшин эсвэл сүйтгэх шинжтэй зан үйлээр илэрдэг зан үйлийн эмгэг:
- 10–14 насныхны 3.3 хувь;
- 15–19 насныхны 1.8 хувьд тохиолддог. (1)
Зан үйлийн эмгэг нь өсвөр үеийнхний боловсролд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Өсвөр нас ба хооллох зан үйлийн эмгэг
Мэдрэлийн гаралтай хоолноос татгалзах эмгэг буюу анорекси, хэтрүүлэн идсэнийхээ дараа бөөлжих зэрэг үйлдэл хийдэг булими зэрэг хооллох зан үйлийн эмгэг нь өсвөр нас болон залуу насанд ихэвчлэн эхэлдэг.
Эдгээр эмгэг нь хэвийн бус хооллох зан үйл, хоол хүнсний талаар хэт их бодож түгших байдлаар илэрдэг. Ихэнх тохиолдолд биеийн жин, галбиртаа хэт санаа зовох шинж дагалдана. Охидод хөвгүүдээс илүү түгээмэл тохиолддог.
Хооллох зан үйлийн эмгэг нь бие махбодын эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна сэтгэл гутрал, түгшүүр, бодисын хэрэглээний эмгэгтэй хавсран тохиолдох нь элбэг. Энэ нь:
- 10–14 насныхны 0.1 хувь;
- 15–19 насныхны 0.4 хувьд тохиолддог гэж тооцоолжээ. (1)
Эдгээр эмгэг нь амиа хорлох эрсдэлтэй холбоотой. Анорекси нь эрүүл мэндийн хүндрэл эсвэл амиа хорлолтын улмаас эрт нас барахад хүргэж болох бөгөөд бусад сэтгэцийн эмгэгтэй харьцуулахад нас баралтын түвшин хамгийн өндөр байдаг.
Өсвөр нас ба психоз
Бодит байдлыг хүлээн авах чадвар алдагдах буюу психозын шинж тэмдэг бүхий эмгэгүүд ихэвчлэн өсвөр насны сүүл үе эсвэл насанд хүрэх эхэн үед илэрдэг.
Хий юм харах, сонсох болон бодит байдалд нийцэхгүй зүйлд үнэмших зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ нь өсвөр үеийнхний өдөр тутмын амьдрал, боловсролын үйл ажиллагаанд оролцох чадварыг алдагдуулж, гутаан доромжлол болон хүний эрхийн зөрчилд өртөхөд хүргэдэг.
Шизофрени нь 15–19 насныхны 0.1 хувьд тохиолддог. (1)
Өсвөр нас ба амиа хорлолт болон өөрийгөө гэмтээх үйлдэл
Амиа хорлолт нь 15–29 насны өсвөр үе, залуучуудын нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан юм. (2)
Амиа хорлох эрсдэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:
- согтууруулах ундааны хортой хэрэглээ;
- хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн байдал;
- тусламж хүссэн хүнийг гутаан доромжлох хандлага;
- тусламж үйлчилгээ авахад тулгардаг саад;
- амиа хорлоход ашиглаж болох хэрэгсэл, арга замын хүртээмж зэрэг багтана.
Бусад мэдээллийн хэрэгслийн нэгэн адил цахим орчин нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжих эсвэл сулруулахад чухал нөлөө үзүүлж болно.
Өсвөр нас ба эрсдэлтэй зан үйл
Бодисын хэрэглээ, бэлгийн эрсдэлтэй зан үйл зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон зан үйл өсвөр насанд эхэлдэг. Ийм зан үйл нь сэтгэл хөдлөлийн хүндрэлээ даван туулах буруу арга болж, өсвөр үеийнхний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болно.
Залуучууд хожим амьдралынх нь турш үргэлжилж болох бодисын хортой хэрэглээний дадалтай болох өндөр эрсдэлтэй.
2019 онд дэлхий даяар 15–19 насныхны согтууруулах ундааны хэрэглээ 22 хувь байсан бөгөөд хүйсийн ялгаа маш бага байжээ. Зарим бүс нутагт хэрэглээ нь нэмэгдсэн байна.
Тамхи болон каннабисын хэрэглээ ч анхаарал татсан асуудал юм. Насанд хүрсэн олон тамхичин 18 нас хүрэхээсээ өмнө анх тамхи татсан байдаг.
2022 онд дэлхийн хэмжээнд өсвөр үеийнхний каннабисын хэрэглээ насанд хүрэгчдийнхээс өндөр байжээ. Тодруулбал, өсвөр үеийнхний 5.5 хувь, насанд хүрэгчдийн 4.4 хувь нь хэрэглэсэн байна.
Бусдын эсрэг хүчирхийлэл үйлдэх нь боловсролын түвшин доогуур байх, гэмтэх, гэмт хэрэгт холбогдох, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг зан үйл юм. 2021 онд хүн хоорондын хүчирхийлэл нь ахлах насны өсвөр үеийнхний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг байжээ.
Өсвөр насныханы сэтгэл зүйг дэмжих болон эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, асуудлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь дараах чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Үүнд:
- сэтгэл хөдлөлөө зохицуулах;
- эрсдэлтэй зан үйлээс өөр, эрүүл сонголт хийх;
- хүнд нөхцөл, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болох;
- дэмжлэгтэй нийгмийн орчин, харилцааны сүлжээг бий болгох зэрэг багтана.
Эдгээр хөтөлбөрийг цахим орчин, эрүүл мэнд, нийгмийн халамжийн байгууллага, сургууль болон олон нийт зэрэг төрөл бүрийн сувгаар, олон түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа хамгийн эмзэг бүлгийн өсвөр үеийнхэнд хүрэхийн тулд олон төрлийн арга ашиглах хэрэгтэй.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай өсвөр үеийнхний хэрэгцээнд тохирсон арга хэмжээ авах нь нэн чухал.
Өсвөр үеийнхнийг шаардлагагүйгээр байгууллагад тусгаарлан байршуулах, эмийн эмчилгээг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, эмийн бус аргыг нэн тэргүүнд сонгох хэрэгтэй. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон хүний эрхийн бусад баримт бичигт нийцүүлэн хүүхдийн эрхийг хүндэтгэх нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн зарчим юм.
ДЭМБ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өсвөр үеийнхний эрүүл мэндийн хэрэгцээнд хариу арга хэмжээ авахад нь засгийн газруудад туслах стратеги, хөтөлбөр, арга хэрэгслүүдийг боловсруулан ажилладаг.
Тухайлбал, “Өсвөр үеийнхний хөгжил, сайн сайхан байдлыг дэмжих” буюу Helping Adolescents Thrive (HAT) санаачилга нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийг бэхжүүлэхэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан ажил юм.
Энэ санаачилга нь:
- сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих;
- сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх;
- өөрийгөө гэмтээх үйлдлээс сэргийлэх;
- архи, мансууруулах бодисын хортой хэрэглээ зэрэг залуучуудын сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Эх сурвалж
- 2021 Global Burden of Disease (GBD) цахим мэдээллийн сан. Сиэтл: Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэн; 2024. 2025 оны наймдугаар сарын 13-нд хандсан.
- ДЭМБ-ын Дэлхийн эрүүл мэндийн тооцоолол, 2000–2021.
- Архины хэрэглээ, эрүүл мэнд болон бодисын хэрэглээний эмгэгийн эмчилгээний талаарх дэлхийн нөхцөл байдлын тайлан. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2024.
- Дэлхийн мансууруулах бодисын тайлан. Женев: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба; 2024.
https://www.who.int/news-room/fact-sheets/detail/adolescent-mental-health
