Шатахууны хомсдол: Давтагдсаар буй асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт доголдож, ШТС-уудад урт дараалал үүсэх нь шинэ үзэгдэл биш буюу өнгөрсөн 15 жилийн хугацаанд ийм нөхцөл хэд хэдэн удаа давтагдсан. Тухай бүрд гадаад нийлүүлэлт, импортын өндөр хамаарал гол эрсдэлийн нэг байсаар ирсэн. Харин 2026 онд ч нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдсөнгүй.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ үндсэндээ импортоор хангадаг бөгөөд импортын дийлэнхийг ОХУ-аас авдаг. Нэг эх үүсвэрээс өндөр хамааралтай ийм бүтэцтэй орны хувьд нийлүүлэгч талын үйлдвэрлэл, экспорт, тээвэрлэлтийн аливаа өөрчлөлт дотоодын зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Энэ бол өнөөдөр гэнэт ил болсон асуудал биш. Өмнөх хомсдол бүр энэ эмзэг байдлыг сануулж ирсэн.
Гадаад нийлүүлэлтийн нөхцөлийг Монголын төр шууд удирдах боломжгүй ч нийлүүлэлт доголдож болзошгүйг тооцож нөөц бүрдүүлэх, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын хэмжээ буурахад эрт хариу арга хэмжээ авах, хомсдлын үед хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй байх нь дотоодын бодлогын асуудал.
Гэвч сүүлийн 2 сар дарааллан иргэд ажил, амралтын цагаасаа хумслан, хэзээ шатахуун авахаа мэдэхгүй ШТС-ын урт дараалалд зогсож байна. Гэхдээ шатахууны нийлүүлэлт доголдох, үнэ нэмэгдэх нь тээвэр, логистикийн зардлыг өсгөж, улмаар бараа, үйлчилгээний үнэд шингэх эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл ШТС-ын дараалалд зогсоогүй, автомашингүй иргэн ч шатахууны асуудлын өртгийг хүнс, бараа, үйлчилгээний нэмэгдсэн үнээр төлөх боломжтой.
Ялангуяа инфляц өндөр, хүнс болон өдөр тутмын хэрэглээний барааны үнэ иргэдийн орлогод аль хэдийн дарамт болж буй үед шатахууны хангамжийн доголдол нь үнийн өсөлтийг нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болж болзошгүй. Тээврийн зардал өсөхөд бизнесүүд нэмэгдсэн зардлыг тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шилжүүлдэг. Ингэснээр шатахууны асуудал тээврийн салбараас хальж, өрхийн бодит худалдан авах чадварт нөлөөлөх эдийн засгийн асуудал болж байна.
Тиймээс шатахууны хомсдлыг хэдэн тонн бензин орж ирэх, хэд хоногийн нөөцтэй байгаагаар хязгаарлан харах боломжгүй. Олон жил давтагдсан нийлүүлэлтийн эрсдэлийг шийдвэрлэхгүй байх тусам түүний өртгийг иргэд ШТС-ын дараалалд алдсан цаг, буурсан орлого, нэмэгдсэн бараа, үйлчилгээний үнээр төлж байна. үнэ өсцөншдээ
