HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 06 сарын 22

Өнгөрсөн жилийн зун Төв аймгийн Лүн сум өнгөрч яваа хэрнээ ногоон байгаль үзэгдэхгүй, шороо эргэсэн тал газар үргэлжилсээр байсанд хачин их гонсойв. Энэ жил ч бас. Налайх, Тэрэлж, Хонхор орчим нэг л гандуу. Хуучин ямар байсныг нь мэдэх тул байгаль доройтож, зуны сар гарсан ч хаврын хавсарга мэт нарийн ширхэгтэй шороо хуйлран босож, энд тэнд халцарсан газартай хөндийд гурайтан зогсох адуу малыг харах цаанаа л хөндүүртэй. Эртнээс л ховор амьтан, ургамлын тухай мэдлэгтэй болох, тэр чиглэлийн улсуудаас үг сонсох, баримтат кино үзэх, зураг хөргийг нь ажиглан шинжих сонирхолтой байв. Тиймдээ ч жил ирэх тусам асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тухай сонирхон бичих хүсэл төрж, байгаль хамгаалагч нартай харилцаа тогтоож эхэллээ. Зах зухаас нь ойлгох тусам харуусал, айдас төрж, цаг хугацаа алдалгүй ямар нэгэн зүйл ёстой мэдрэмж төрүүлдэг салбар. Ус, мод, газар. Ерөөс хүн төрөлхтний амьдралын үндэс атлаа манай улсын хувьд орхигдсоор ирсэн баялаг. Манай улс төрийн бодлогоор эдгээр асуудлаа хэрхэн шийдэж ирсэн нь сонин. Хоёрхон сарын дараа болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр ямар агуулга хөндөгдөж, манай улсад ямар ашиг тус өгөх бол гэдэг нь бүр ч илүү анхаарал татна. Азаар яг энэ цаг үед БНХАУ-ын Монгол дахь элчин сайдын яам, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулж буй цөлжилттэй тэмцэх сургалтын багт багтан, хөрш орны цөлжилтийг сааруулсан туршлагатай танилцах завшаан тохиов. Манай улсын төсвөөс мөнгө гараагүй юм билээ шүү. Хардаж, сэрдэв. Хятадын Гадаад харилцааны газраас зохион байгуулалтыг бүрэн хийж, манай улсаас орон нутгийн төлөөллүүд багтсан ойн салбарын 18 хүн Ниншя аймгийг зорилоо. Хятадын Бээжин хотоос орон нутгийн нислэгээр хоёр цаг орчим яваад зорьсон газраа ирлээ. Хаана нь цөл байгаа юм бэ гэмээр ногоон байгууламжтай, цэвэрхэн орчинтой, сэлүүхэн замтай, гудамж талбай нь шинэ газар очив. Хятадын цөлтэй бүс гэхээс өөр ойлголтгүй онгоцоос буусан болохоор маргаашаас л хачин аймшгийн цөлжилттэй, уруул ам хатам, сэтгэл эмтлэм хэсгээр явна байх гэдэг хүлээлттэй эхний өдөр өнгөрлөө. 

Ниншя нь Хятадын баруун хойд хэсэгт, Шар мөрний дунд дэд хэсэгт оршдог. 66.400 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг бөгөөд Инчуань, Шызуйшань, Үжүн, Гү-Юань, Жунвэй гэсэн таван орон нутгийн зэрэглэлийн хоттой. 22 хошуутай буюу манайхаар бол дүүрэгтэй. Тус бүс нутагт ойролцоогоор 7.29 сая хүн амьдардаг бөгөөд нийт хүн амын 36 хувийг Хотон үндэстэн эзэлдэг. Ниншя нь Хятадын таван өөртөө засах бүсийн нэг юм. 

Цөлжилттэй тэмцэх сургалтын эхний өдөр бид Хятадын гадаад харилцааны газарт Ниншя их сургуулийн Экологи ба байгаль орчны коллежийн дэд захирал Ван Лэйгийн хичээлд суулаа. Нийт 120 хуудас бүхий цөлийн хөрсийг судалсан мэдээлэлтэй танилцсан бөгөөд нэн сонирхолтой, урт хугацааны туршилтыг тэд хийжээ. Бидэнд тусгайлан орсон энэхүү сургалт нь хөрсний доройтлын чиг хандлага, цөлжилтийн үр нөлөө, цөлжилтийн бууруулах арга, шийдэл гэсэн агуулгын хүрээнд өрнөв. Өвөр Монголын нутаг дэвсгэрт дөрвөн том цөл байдаг. Тэдгээрт Муу Ус, Улаан Бух, Тэнгэр, Хөвч (Кубүчи) зэрэг багтдаг. Мөн шар мөрөн буюу Хатан гол бий.  БНХАУ эдгээр цөлийн хөрсийг 60 жил тасралтгүй судалж буй бөгөөд, амьд амьтан тэсэж үлдэхийн аргагүй газруудыг эдийн засгийн эргэлт бүхий бүтээн байгуулалт болгон хувиргасан гэв. Төв царайтай Хятад багш бидэнд 120 минутын лекц орлоо. Түүний хичээлээс ойлгосон бүхнээ энгийн үгээр уншигч танд дамжуулъя.

Мод тарих нь цөлжилттэй тэмцэх төгс арга биш. Хэрэв хэтэрхий их мод тарьвал хөрсний даац хэтэрч цөлжилтийг бий болгодог. Тиймээс зөв технологиор зохих тооны мод ургамал тарих нь хамгийн эхний сорилт болжээ. Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд тэд цөлд хамгийн сайн ургах модыг илрүүлжээ. Тэр бол харгана. Харгана бол цөлжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй ургамал. Гэвч ихдүүлж болохгүй. Хэрэв харганыг нягт тарьвал 20 жилийн дараа хөрс гандана. Гандсан хөрс дээр өөр ямар ч төрлийн ургамал ургахгүй. Магадгүй зарим ургамал эхний жилүүддээ санаанд оромгүй сайхан ургаж болох ч гэлээ яваандаа экологийн асуудал болох эрсдэлтэй ажээ. Хятадууд харганы мөчрийг тайрч бордоо хийдэг. Ингэснээр хөрсний даац хэтрэхгүй. Цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд тэд 100 ширхэг харганын үр цөлд цацжээ. Амьтан идэх нь үү, салхинд туугдах нь уу, хэрхэн хаашаа шилжилт хийж буйг судалсан хэрэг. Ингэхэд, цацсан үрийн 3/2-ыг амьтан идэж, үлдсэн нь манханд дунд шигдэж боловсорчээ. Энэ туршилтаас тэд харганыг яаж тарьвал үр дүнд хүрэх вэ гэдгээ ойлгожээ. Харганы үрийг 5-10 сантиметр булвал нахиална. Хэрэв түүнээс доош булвал нахиалж гарч чадалгүй үхдэг. Цөлийг ургамлаар хучиж, усжуулалт хийж, үр цацах гээд л төрөл бүрийн арга хэрэглэсний эцэст тэд ”усны дөрвөлж” ашиглан элсийг тогтворжуулж, ус нөөцлөх аргыг олжээ. Цөлийн элсээ тариан түрүүгээр дөрвөлж болгон хуваагаад, дроноор харганы үрээ цацаж эхэлсэн байна. Үр дүнтэй арга байсан хэдий ч ямар хэмжээтэй газар хэр зэрэг их үр цацах вэ, бороо орохоор цацах уу, орохоос өмнө цацах уу гэх мэт асуудал үүссэн байна. Үргэлжлүүлэн судалсны үр дүнд хур борооны дараа дроноор үрээ цацах нь тохиромжтой гэдэг шийдэлд хүрчээ. Эхний ээлжинд цацсан үрээ 30 сантиметр ургуулах зорилго тавьж гэнэ. Цөлд дан ганц үр цацаад орхих шийдэл биш. Араас нь ургалтыг хурдасгах нэмэлт хэрэглэх шаардлагатайг анзааран харгана дотроо микро бодис хийж бойжуулжээ. Үүний ачаар богино хугацаанд 30 сантиметр хүрч ургажээ. Харганы үрээ шарилжийн цавуугаар боогоод микро бодис, мөөгөнцөр хоёрыг хийж үрэл болгоно. Тэрхүү микро биеттэй үрлээ дроноор цацна. Мэдээж үр тогтох магадлалтай газрыг сонгоно. Энэхүү урт дараалалтай судалгаа, туршилтын ажлын үр дүнд Ниншя аймаг цөлжилтийнхөө 3/2 буюу 66,6 хувийг сэргээж чадсан бүс нутаг болжээ. Одоо бол тэд дараагийн 20-40 жилд ямар ажил хийхээ төлөвлөж байгаа гэнэ. Ningxia их сургуулийн цөлжилтийн судалгааны баг 12 хүнтэй бөгөөд 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ажээ. 

Шуудхан хэлэхэд энэ баг элсэн цөлийг мөнгө болгохын тулд юу хийх тухай судалгаа хийж, өөрсдийн туршлагаа дэлхий нийтэд хуваалцах амбицтай, үүнийгээ л ажил хэрэг болгож яваа юм байна. 

Ямар ч төрлийн ургамлыг хүчээр суулгаж болохгүй. Хэрэв хөрсөө судлалгүй их хэмжээний мод, бут, ургамал суулгавал хий дэмий хөлс хүчээ барсан хэрэг болно. Эдийн засгийн хувьд ч алдагдалтай. Тиймээс ургамлыг шинж чанараар нь судалж, тохирох хөрсөнд нь шилжүүлэн суулгах хэрэгтэй. Хүний гараар бий болсон ой мод удаан хугацаанд тэсэж үлдэх магадлал 20 хувь байдаг гэнэ. 

Тусгай лекцийн дараа бид Шяомин хөдөө аж ахуй, мал аж ахуйн ухаалаг үйлдвэрлэлийн парк руу хөдөллөө. Ниншя аймаг нь замын түгжрэлгүй, гудамж талбай нь шинэ, амьдрахад амар тайван газар шиг санагдав. Автобуснаас буухад чихэвч тарааж, том дэлгэцтэй өрөө угтлаа. Ниншя Шяомин ХХК нь технологид суурилсан өндөглөгч тахиа үржүүлгийн аж ахуйн нэгж бөгөөд өвөө эмээ, эцэг эхийн үеийн өндөглөгч тахиа үржүүлэх, өндөглөгч тахиа үржүүлгийн инженерчлэлийн технологийг судлах, өндөг гаргах, дэгдээхэй борлуулах, техникийн үйлчилгээ зэрэг ажлуудыг нэг дор нэгтгэжээ. Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэсний тэргүүлэгч, өндөр технологийн ах ауйн нэгж юм. 2021 онд Шэньжэний хөрөнгийн биржийн Chinext хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, тухайн биржид бүртгэлтэй Ниншягийн анхны компани болжээ. Одоогийн байдлаар Миннинг хотод 400 гаруй ажлын байр бий болгож байгаа бөгөөд тэдний 80 хувь нь орон нутгийн цагаачид бөгөөд нэг хүнд ногдох жилийн дундаж орлого нь 50 мянган юань хүрдэг гэнэ. Энэ гайхалтай бүтээн байгуулалтыг элсэн цөлд бий болгосон гэвэл та итгэх үү. Би бол итгээгүй. Өөрийн биеэр үйлдвэр дээр очиж, хоёр нүдээрээ хараад байгаа хэрнээ итгэхийг хүсээгүй ч гэх юмуу.

Ширхэг тоосго байхгүй үеэс эхлээд үйлдвэр сүндэрлэх хүртэл үе шатыг нэг бүрчлэн харуулах танилцуулга бэлджээ. 1992 онд шаваа тавьж, тэр цагаас хойш тасралтгүй хөдөлмөрлөсөөр 2000 онд өнөөдрийн үйлдвэрийг бий болгосон тухайгаа Вэй Шяомин хэвлэлд өгсөн ярилцлагууддаа дурджээ. Энэхүү үйлдвэрээс манай улс ч гэсэн өндөглөгч тахиа авдаг юм байна. 

Танхимын сургалтын үеэр том хэмжээний үйлдвэрийн зургууд үзүүлээд байхаар нь ирээдүйд хүрмээр байгаа зорилгоо ярьж байна гэж ойлготол аль хэдийнэ нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийчихсэн байжээ.

Өндөглөгч тахианы үйлдвэрээс 10 минутын газар яваад мөөгөнцөр өвс тариалалтын бааз руу очлоо. Овоо хэдэн километрийн урттай хүлэмж байна. Эрдэнэшишийн талбай байна. Хүлэмж нь яг л майхан шиг материалтай бөгөөд өвөл болохоор зузаан давхарга бууж ирдэг тохиргоотой болтой юм. Миннинг хотын Юань-И тосгонд байрлах мөөгөнцөр өвсний тариалалтын баазыг Фужянь хөдөө аж ахуйн их сургуулийн Үндэсний мөөгөнцөр өвсний инженерийн технологийн судалгааны төв удирдаж, Фужиан Жунцао олон улсын хамтын ажиллагааны ХХК хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар мөөгөнцөр өвсний тариалалтын талбай 150 му-д хүрчээ. 1980-аад онд Хятадын эрдэмтэн Lin Zhanxi мод огтолж мөөг тариалах уламжлалт аргыг орлуулах зорилгоор өндөр ургацтай өвс ашиглан мөөг тариалах технологийг боловсруулсан. Анх мөөг тариалах зориулалттай байсан ч дараа нь жунцао сортыг нэвтрүүлж цөлжилттэй тэмцэхэд ашиглаж эхэлжээ.

Учир нь:

  • Үндэс нь 3-6 метр хүртэл гүн ургаж элсийг тогтоодог.
  • Хурдан ургадаг тул салхиар элсний нүүдлийг сааруулдаг.
  • Элсний хөрсөнд органик бодис нэмэгдүүлдэг.
  • Малын тэжээл болгон ашиглаж болдог.
  • Мөөг үйлдвэрлэж орлого олох боломжтой.
Жунцао сортын технологи одоо зөвхөн Хятадад бус Африк, Ази, Номхон далайн 100 гаруй оронд түгээгдэж, НҮБ-аас ядуурал бууруулах болон газрын доройтлыг сэргээх сайн туршлагын нэгээр нэрлэгдэж байна. 

Хятад талын зохион байгуулагч нар хэлж байна. Нэгэнт энд ирснийх энүүхэнд цөлжсөн газрыг усалгаатай тариалан болгон ашигласан улаан лоолийн үйлдвэр бий. Тэрүүгээр ороод амталгаа хийе гэж хэлэв. Тав орчим минут явсны дараа сэлүүхэн, ургамлын үнэртэй, төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй үйлдвэрт очив. Ниншя хотын улаан лоолийн үйлдвэрлэл нь Хятадын хэмжээнд Шиньжян, Өвөр Монголын дараах чухал боловсруулах бүсүүдийн нэгд тооцогддог. Ниншягийн хуурай, нарлаг уур амьсгал, өдөр шөнийн температурын зөрүү их байдаг нь үйлдвэрийн зориулалтын улаан лооль тариалахад маш тохиромжтой нөхцөл бүрдүүлдэг ажээ. Улаан лоолийн шүүсийг амсаж үзэхэд хэт өтгөн биш, чихэрлэг амттай байв. Энэ үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь улаан лоолийн өтгөрүүлсэн нухаш (Tomato Paste), кетчуп, улаан лоолийн соус, жүүс, концентрат, хүнсний үйлдвэрийн түүхий эд болгон ашигладаг асептик савлагаатай нухаш. Үйлдвэрүүд нь шинэ хураасан улаан лоолийг шууд угаах, ялгах, бутлах, өтгөрүүлэх, ариутгах, савлах гэсэн бүрэн автомат шугамаар боловсруулдаг. 

Сургалтын хоёр дах өдөр бид эрчим хүчийг ухаалгаар шийдсэн бүтээн байгуулалттай танилцлаа. Алдарт “Тэнгэр” цөлийн Жонгвэй фотоэлектроник баазад очлоо. Тэнгэр цөлийн шинэ эрчим хүчний баазын төсөл нь улсын хэмжээнд 10 сая киловатт хүчин чадалай “Цөл ба хог хаягдал” төсөлд бүртгэгдэж ашиглалтад орсон анхны төсөл юм. Хятад улсын анхны хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах суваг болох “Ниншягийн эрчим хүчээс Хунань хүртэл” төсөл нь 4 сая киловатт салхины эрчим хүч, 6 сая киловатт нарны эрчим хүч зэрэг 13 сая киловатт шинэ эрчим хүчний хүчин чадлыг бий болгохоос гадна дулааны эрчим хүчний оргил үеийн цахилгаан станцуудыг барих ажлыг багтаажээ. Төв газраас цаг гаран давхиж хүрсэн энэ цөлд амьд хүн нэг цаг ч тэсэж үлдэхээргүй халуун бас уудам санагдана. Атал хэдэн арван киломтетр дамнасан нарны панел суурилуулаад, дотоодын эрчим хүчээ хангаж эхэлжээ. Манай улсын хувьд элсэрхэг, говь нутгаа тийм ч айхтар анхаардаггүй шүү дээ. Харин урд хөрш маань хөрсийг судалж, олон төрлийн туршилт хийж, элсэн цөлийг мөнгө болгохын тулд эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь хөдөлмөрч бас энэ чиглэлийн бодлого сайтай байгаагийн илрэл санагдав. 

Элсэн цөлийн нар арьс, маханд нэвт шингэх мэт төөнөх ажээ. Эдгээр бүтээн байгуулалтыг бий болоход хэдэн мянган хүн гар бие оролцсон биз. Өвөр Монголын Ордос хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP-13 буюу Талуудын бага хурлын 13 дахь чуулган 2017 оны есдүгээр сарын 6–16-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тухайн үед дэлхийд өгсөн амлалтадаа бид хүрч чадсан гэж бардам хэлэх хүмүүсийн арьс, үрчлээ, хөлсийг хараад хүндлэх сэтгэл төрж байлаа. 

Хятадын шинжлэх ухааны академийн Шапотоу цөлийн судалгаа, туршилтын станцад очив. Уг станц нь Ниншя Хуй өөртөө засах орны Жүнвэй хотын Шапотоу дүүрэгт 1955 онд байгуулагдсан Хятадын хамгийн анхны цөлийн цогц менежментийн судалгааны байгууллага ажээ. Шапотоу өртөө нь дэлхийд алдартай элс бэхэлгээний технологи, онолуудын төрсөн газар бөгөөд үүнд Зүлэг шатартай элсний хаалт, Тогтворжуулалтыг эсэргүүцэлтэй хослуулсан гол арга, Усны баланс ба усан суурьтай тариалалт зэрэг орно. 2050 му талбайг хамарсан энэхүү цогцолбор нь шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үзэсгэлэнгийн танхим, 60 гаруй жилийн түүхтэй Баотоу-Ланжоу төмөр замын хиймэл элс бэхжүүлэх ургамлын хамгаалалтын системийн ажиглалтын талбай,  40 гаруй жилийн түүхтэй элсэрхэг газрын усны балансын цогц ажиглалтын талбай, биологийн хөрсний царцдасын хиймэл тариалалтын бааз, Хятадын хойд хэсгийн элсэрхэг бүсийн усны балансын автомат симуляцийн хяналтын системтэй. 1990 онд Хятадын ШУА-ийн албан ёсны нээлттэй судалгааны станцаар батлагдсан бөгөөд 1992 онд Хятадын экосистемийн судалгааны сүлжээний станц, 1999 онд Шинжлэх ухаан, технологийн яамны анхны үндэсний туршилтын станцуудын нэг, 2006 онд албан ёсоор үндэсний хээрийн шинжлэх ухааны ажиглалт, судалгааны станц болжээ. Цөлжилтийг сааруулахын тулд удаан хугацаанд тууштай, хамтын ажиллагаатай зүтгэсэн нь судалгааны төвийн танилцуулга, багийн гишүүдийн биеийн хэлэмжээс тодорхой харагдаж байв. 

Хятадын хоёр дахь урт мөрөн болох Шар мөрөн буюу монголчуудын мэддэгээр Хатан гол дээр ирлээ. 5,464 километр урттай, 750 мянга гаруй км² сав газартай. Өнөөдрийн байдлаар Хатан гол нь Ниншя мужийн усалгааны систем, Өвөр Монголын Hetao Plain тариалангийн бүс, Кубүчи, Улаан Бух зэрэг цөлийн бүсүүдийг ногооруулах төслүүдийн үндсэн усны эх үүсвэр болдог. Голын эрэг дагуу үйлчилгээний байгууллагууд байх бөгөөд нутгийн иргэд ирж элсэн цөл болон Шар мөрөнг үзэх боломжтой аялал жуулчлалын бүс болгожээ. Биднийг очих үед Хятадын далайн хотоос ирсэн хүмүүс зургаа авхуулж, элсэн дээр гишгэж, голын эрэг дагуу салхилна. 

Үүний дараа бид Жыхуй Юаньши дарсны үйлдвэрт зочлов. Бид элсэн цөлд бий болгосон бүтээн байгуулалтуудыг үзэж яваа гэдгийг уншигч та мартуузай. Энэхүү нийтлэлд дурдагдах байгууллага болгон багадаа 30 жилийн түүхийг багтаасан, олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд эдийн засгийн эргэлтэд орж, бүс нутагтаа өгөөжөө өгч буй бизнесүүд юм. 

Ниншя Жыхуй Юаньши дарсны үйлдвэр нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Иньчуань хотын Шиша дүүргийн Жэнбэйбаод байрладаг. Дарсны үйлдвэр нь Хэланшань уулын зүүн бэлд орших хаягдсан элс, хайрганы нүхэн дээр экологийн нөхөн сэргээлтээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн хэв маягтай, Хятад дарсны үйлдвэр бөгөөд 18 мянган му талбайг хамардаг. Энэхүү үйлдвэр нь органик усан үзэм тариалах, дарс үйлдвэрлэх, борлуулалт, соёлын аялал жуулчлал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Дарсны үйлдвэр бүхэлдээ усжуулалтын хяналттай дуслын усалгааны системийг ашигладаг бөгөөд ус, бордооны менежментийг нэгтгэдэг. Уг үйлдвэр нь 500 тонн дарс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд, газар доорх зоорь нь 800 мянган шил дарс хадгалах багтаамжтай. Үр тариа ялгах, исгэх, хадгалах, савлах, амтлах, соёлын туршлагыг мэдрэх хэсгүүдтэй. Уулын сүнс, Уулын хүү зэрэг дарснууд нь дотоод болон олон улсаас олон төрлийн шагнал хүртжээ. Усан үзмийн талбайгаар явахад жижигхэн ногоон усан үзэм багшралдах бөгөөд үйлдвэрийн өнцөг булан бүр музей шиг уур амьсгалтай байлаа. Найман төрлийн цагаан, найман төрлийн улаан дарс гаргадаг энэхүү үйлдвэрийн нэг дарс нь 108 юань буюу 54 мянган төгрөгийн үнэтэй. Үйлдвэртэй бүрэн танилцсаны дараа дарс амтлах тансаг орчинтой ресторан угтах бөгөөд, гаднын жуулчдын хөл тасрахгүй байв. Манайхаар бол ухсан карьер шахуу байсан хар нүх шиг газрыг ийм үйлдвэр болгоод, мөнгө эргэлдүүлж байгааг хараад гайхахаас яахав. Суралцах зүйл дэндүү их байна даа, урд хөршөөс. 

Сургалтын гурав дахь өдөр усны дөрвөлж, нарны панел тасралтгүй үргэлжлэх элсэн цөлөөр хөндлөн давхив. Ойн салбарын хүмүүст асууж сураглах, нүдээр үзэх зүйл бишгүй. Зарим нь хүрз бариад тариа дөрвөлжилж үзэж байна. Тайлбарлагч нарын хэл амыг сугалах нь холгүй асууна. Энэ болгоныг сонсож явсных цөлжилтийн тухай давгүй ойлголттой болоод авлаа.

Манай улсын хувьд цөл байхгүй. Харин говьтой. Гэсэн хэдий ч манай аймаг, сум цөлжилтөд өртөж, нүд халтирам болж буй нь үнэн. Хятадын хувьд хөрсөө 60 жил судалж, 30 гаруй жилийн туршлагатай, эдийн засгийн өгөөжтэй компаниудтай болжээ. Манайх энэ чинээ хүрэх хаа ч байсан юм. Гэсэн ч жил ирэх тусам хуурайшиж, доройтож буй газраа нөхөн сэргээж, амьд шинж чанараа хамгаалж үлдэх нь бидний хүрч болох хамгийн том амжилт бололтой. Үйлдвэр барьж мөнгө олох нь ч дүүрчээ. Эхлээд ядаж хөрсөө судлах юмсан. Эсвэл судалсан байгаа мэдээлэл нь олон нийтэд хангалттай хүрээгүй юм болов уу. Энд уулзсан хүн бүр л манай Хятад ард улсын дарга мөнгө өгөөд, дэмжлэг үзүүлсэн л гэх юм. Манай улсад төрөөс өгдөг дэмжлэг туслалцаа хэр юм бол доо. Ийнхүү хоёр улсын байгаль орчиндоо хандаж буй байдлыг харьцуулан бодох зуур гоёмсог хаалгатай, нов ногоон газар ирлээ. Замд тунгалаг ногоон нуур байсан бөгөөд яагаад ч элсэн цөлд явж байгаа мэдрэмж төрөхгүй байв. 

Бидний хамгийн сүүлд танилцах газар бол Байжитаны үндэсний байгалийн нөөц газар. Манайхаар бол тусгай хамгаалалттай газар юмуу даа. 1953 онд байгуулагдсан бөгөөд 1986 онд мужийн хэмжээний байгалийн нөөц газар болж, 2000 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээний байгалийн нөөц газар болон шинэчлэгджээ. Шар мөрний зүүн талд орших Му Ус цөлийн захад байрладаг энэхүү нөөц газар нь голын хамгийн ойрын хэсгээс таван километрийн зайд оршдог бөгөөд нийт 1.48 сая му буюу ойролцоогоор 92 мянган га талбайг хамардаг. Байжитаын гурван үеийн оршин суугчид 60 гаруй жилийн турш элсний хяналт, ойжуулалтыг тууштай хийж, нийт 630 мянган му буюу ойролцоогоор 42 мянган га цөлжилт, нэг сая му буюу 66.667 га талбайн шилжилтийн элсийг хянаж иржээ. 

Үүдээр ороход яг л цэцэрлэгт хүрээлэн шиг уур амьсгалтай. Эргэн тойронд майхан, мах шардаг зуух, ариун цэврийн өрөөтэй. Ой дундуур зугаалах явган хүний зам, улаан дэнлүүгээр чимэглэсэн орчин, тухтай ширээ сандал. Манайхаар бол Тэрэлжийн зарим амралттай төстэй. Энд цөлөөр аялж яваа хүмүүс ирж амардаг бөгөөд  майханд өдрийн гурван хоолтой хоноход нэг хүний 300 юань буюу 150 мянган төгрөг гэнэ. Цааш явтал ундаа, зайрмаг зарж буй мухлаг байна. Лангуун дээрээ урт, нарийн хэрчсэн лууванг нэг удаагийн аяганд хийн өржээ. Энийг яадаг юм бол гэж бодохтой зэрэгцэн бугын сүрэг аядуухан бэлчиж явааг харлаа. Элсэн цөлийг ойжуулаад, амралтын газар бариад, буга нутагшуулчихдаг улс юм даа. 

Ташрамд дурдахад, БНХАУ-аас манай улсад Монгол-Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийг Яармаг орчимд барьж өгч байгаа гэнэ. Энэхүү төвийг зорилго нь Цөлжилт, газрын доройтлын хамтарсан судалгаа хийх, Элсжилт, шар шороон шуурганы мониторинг хийх, Хятад улсын цөлжилттэй тэмцсэн туршлага, технологийг нутагшуулах, Монгол мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах,Туршилтын талбай байгуулж шинэ арга технологи турших, COP17-ийн дараах урт хугацааны хамтын ажиллагааны суурь болох юм. 

Нарны харшил ба түүнээс сэргийлэх тухай
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -14 хэм хүйтэн
Л.Энх-Амгалан: Иргэд даатгуулагчдын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
УБЦТС | Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
2 Comments
  • Балдка says:
    2026-06-22 at 20:49

    Баярлалаа, сургалтад дахин оролцсон мэт боллоо

    Reply
  • Мөнхбат says:
    2026-06-22 at 23:04

    Аливааг үзэх нэг хэрэг, ойлгож авна гэдэг чухал ч түмэнд түгээж бусдад ойлгуулна гэдэг тийм ч амаргүй тархи оюунаа гашилгаж хийдэг хүнд хөдөлмөр. Нэг өгүүлбэр нэг утга санаа үг сонгох гээд ёстой л амаргүй ажилдаа. Мундаг бичжээ. Эртний хятад үгэнд”Сэлэм барьсан баатараас айх биш Бийр барьсан багшаас” гэж үг байдаг. Амжилт

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?