HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Т.Оюунтуяа: Илүүдээ биш, илүүчлэх сэтгэлтэй хүн л сайн дураараа хандив өгдөг

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 06 сарын 15

Лантуун дохио төрийн бус байгууллага нь АНУ болон Австрали улсад салбартай билээ. HumanZ редакц энэ удаа “Лантуун дохио Автстрали” салбарын үүсгэн байгуулагч Т.Оюунтуяатай хүүхэд рүү чиглэсэн сайн дурын ажлын тухай ярилцлаа. 

  • Хүмүүсийн “Лантуун дохио” гэр бүлтэй учирсан түүх сонирхолтой байдаг шүү дээ. Таны хувьд яаж холбогдож байв? 
  • Хорь гаран настай байхаасаа л сайн үйл хийх юмсан, сайн үйлийн аянд оролцож үзэх сэн гэдэг мөрөөдөлтэй байлаа. Боломж бололцоо гарахгүй л яваад байсан.  2019 онд үл хөдлөхийн нэлээн том хүрээлэлд орсон юм. Тэднийх хөгжиж буй орнуудад хүүхдийн сургууль, тосгон барьж өгөх төсөл хэрэгжүүлэх үед Лантуун дохиогийн гадаад харилцаа хариуцсан Ариунсанаа гэж бүсгүйтэй холбогдлоо. Тухайн үед “Ид шидийн орон 2” баригдаж байсан. Бид хамтран төсөл бичихээр болж хамтарсан юм. Ажил урагштай, үр дүнтэй, хамтрахад сэтгэл хангалуун хамт олон байсан. Дараа жил нь буюу 2020 онд албан ёсоор багаа бүрдүүлээд, “Лантуун дохио Австрали” салбараа байгуулсан. Манай багийн гишүүд бүгд сайн дураараа ажилладаг. Жилдээ үндсэн 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Том арга хэмжээ зохион байгуулах үедээ бид сайн дурын ажилтан урьдаг. 
  • “Лантуун дохио Австрали” салбарын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөөч. Тэнд амьдарч буй монголчууд руу чиглэсэн ажил хийдэг үү?
  • Манайх жил бүр хийдэг тогтсон үйл ажиллагаатай. Хамгийн том арга хэмжээ нь Австралийн Сидней хотод “Famday, Familyday” гээд хүүхдийн баярт зориулсан өдөрлөг. Зочноор 1500-2000 хүн ирдэг. Зөвхөн монголчууд гэлгүй Австрали гэр бүлүүд ч ирдэг. 2026 оны өдөрлөгөө зургаадугаар сарын 7-ны өдөр хийсэн. Үүнээс гадна гэр бүлд зориулсан хувь хүний хөгжлийн арга хэмжээ зохиодог. Зарим нэгээс нь дурдвал иог, бясалгалын өдөрлөг, “Gala night” ид шидтэй ах эгч нар буюу хандивлагчдад зориулсан тоглолт, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах “Teen box” төсөл, “Magic runner” гүйлт гэх мэт. 
  • Олон төрлийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг юм байна. Монголд байгаа салбартайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ? 
  • 2021 оноос бид Ид шидийн орны сэтгэл заслын танхимыг тохижуулж, үйл ажиллагааны зардал болон багшийг нь цалинжуулж эхэлж байлаа. Харин одоогийн байдлаар Ид шидийн оронд Австрали салбар маань Монголд байгаа Ид шидийн орны хэрэгжүүлж буй дөрвөн хөтөлбөрийг 100 хувь дэмжин ажилладаг. Үүнд, 1206 хөвгүүдийн хөтөлбөр, Сэтгэл заслын өрөө, Спорт бүжиг, Teenbox дөрөв багтдаг. 
  • 1206 хөвгүүдийн хөтөлбөрийг яагаад сонгосон бэ? 

Монголын багтайгаа ярилцаж шийдсэн л дээ. Хүүхдэд өдөр тутам хэрэгтэй, амьдралын ухаан суулгахаар хөтөлбөр юу байж болох вэ гэдэг талаас нь бодож байгаад л хөвгүүдийн хөтөлбөрийг дэмжсэн юм. Одоо өөрчлөгдсөн байж магадгүй л дээ. Манай нийгэмд хөвгүүд орхигдох гээд байдаг хандлага бий шүү дээ. Охидуудаа боловсролтой болгоё гэж ээж, аавууд анхаардаг. 1206 хөтөлбөр бол хөвгүүдэд хүнийг хүндэтгэх соёлоос эхлээд амьдралд хэрэгтэй энгийн чадвар, дадал, Монгол ёс заншил, ахуйг үзүүлдэг юм билээ. Номын хуудсаас унших нэг хэрэг шүү дээ. Үеийнхэнтэйгээ нийлээд, хөдөө яваад, цэргийн ангид очоод, хамт амьдраад үзэхээр хүүхдэд үлдэх төлөвшил нь илүү үр дүнтэй байх болов уу. Бодит амьдрал дээр орчинг нь бүрдүүлж хөвгүүдтэй ажилладаг учраас бидний хувьд үнэ цэнтэй санагддаг. Энэ удаа ч гэсэн эх орондоо ирсэн дээрээ 12.06-д хамрагдсан хөвгүүдтэйгээ уулзахаар Ид шидийн оронд ирсэн байна. Австралид байгаа манай баг зохион байгуулалтын нарийн ширийнд оролцдоггүй. Сошиалд тавих зураг бичлэгийг харж өхөөрдөөд л, манайхан ийм гоё ажил хийж байгаа юм байна гэж баярлаад л сууж байдаг даа. 

  • Лантуун дохио болон СЭМҮТ хамтраад “Teenbox” нэртэй өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөтөч болох ном гаргасан байна лээ. Энэхүү төслийн нийгмийн үр, өгөөжийг та хэрхэн харж байна вэ? 
  • Нэг үеийн хүүхдүүд хоорондоо ойлголцох, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ ямар асуудал тулгардагийг мэдэх нь өөрөө ямар нэгэн шийдлийн эхлэл. Хүүхэд үүнд гомддог, үүнээс айдаг, үүнд дургүй гэж тайлбарлах. Хэрэв хүнд байдалд орсон бол хэрхэн өөртөө туслах тухай мэдээлэл өгөх нь гол үр дүн. Хүний хамгийн анхаарах ёстой чухал зүйл бол сэтгэл зүй. Яг л махан биеийн эрүүл мэндтэй тэнцүү хэмжээнд тавихаар чухал асуудал. Би өөр дээрээ ч мэдэрдэг. Хүн сэтгэл зүйгээрээ ямар нэгэн тухгүй байдалд орвол бүх зүйл нурдаг. Тиймээс хүүхдийнхээ сэтгэл санааг тайван байлгахад бид анхаарах хэрэгтэй. Гэрийн уур амьсгал, томчуудын харилцаанаас эхлээд харилцан хамааралтай. Одоо нийгэмд өөрчлөгдсөн байх л даа.

Бидний үед том хүний өөдөөс битгий юм яриад бай гээд халгаадаггүй байсан шүү дээ. Залуу эцэг эхчүүд хүүхдээ хүндэлж, нэг түвшнөөс харилцдаг болсон нь авууштай. 

  • Өөрийн цаг, мөнгө, сэтгэлээ сайн дураараа хүүхдэд зориулахын утга учир нь юу вэ? 
  • Би дөрвөн жил ид шидтэй эгч буюу хандивлагч байсан. Удалгүй Лантуун дохио төрийн бус байгууллагыг Австралид байгуулаад, хүүхэдтэй холбоотой ажилд гар бие оролцож эхэлсэн. Үүний шалтгаан маш энгийн. Хүүхэд бол цагаан цаас. Эхнээсээ суурийг нь зөв тавиад өгвөл сайн хүн болж төлөвшдөг. Насанд хүрээд, үзэл бодол нь тогтчихсон хүний өөрчлөх амаргүй шүү дээ. Харин хүүхэд бол өөр гэдэг бодлоос л энэ ажилдаа дурлаж байлаа. Би ганцаараа энэ бүгдийг хийдэг юм биш л дээ. Ард баг минь бий. 17-20 сайхан сэтгэлтэй, авьяастай, ирээдүй хойч үеийнхээ төлөө гэсэн чин эрмэлзэлтэй бахархам залуус бий. Австралид байгаа шилдэг залуусаар багаа бүрдүүлж, эх орныхоо төлөө нэг зорилго дор нэгдсэн нь гайхалтай шүү. Аливаа зүйлийг өөрөө гараараа, оюун бодлоороо хийж үзэж байж л ямар их хөдөлмөр, зүтгэл ордгийг мэдэрдэг шүү дээ. Би хүүхдийн төлөө ажиллаж эхэлснээсээ хойш асар олон зүйл сурч, анзаарч байгаа нь талархууштай. Хүүхэд монголын ирээдүй учраас өөрийн чадах жаахан ч хамаагүй зүйлээ хийе гэдэг бодлоор л энэ ажлаа хийдэг дээ. 
  • Та олон жил гадаадаар амьдарчээ. Эх орондоо ирэхэд юу хамгийн их өөрчлөгдсөн байна вэ. Харилцаа, хандлага талаас нь анзаарав уу?
  • Залуу ээж, аавуудын хандлага гоё болжээ. Биднийг хүүхэд байхад дагаж мөрддөг байсан “зөв” зүйлүүд одоо цагт тохирохгүй гэдгийг ойлгосон гэх юмуу. Аав ээжийнхээ надад гаргадаг байсан хандлагыг хүүхдэдээ гаргавал буруудна гэдгээ ухаараад, зөв чиглүүлдэг болсон байна гэж анзаарлаа. Мэдээж хүн бүр биш л дээ. Зарим нь хоол унд, хувцас, утас гэх мэт эдийн засгийн хэрэгцээг нь хангачихаад дотоод сэтгэлийг нь ойлгох тал дээр дутмаг ч юм шиг. Мэргэжлийн хүн биш учраас дүгнэж хэлэх хэцүү ч өөрийн харсан харилцаанаас эдгээрийг анзаарлаа.
  • Дийлэнх хүн өөрийн амьдралаа асуудалгүй болгосны дараа нийгэмд санаа тавьж, бусдад тусла. Өөрийгөө яая гэж байж юун хүнд туслах гэдэг шүү дээ. Та энэ дээр ямар бодолтой явдаг вэ?
  • Австралид байгаа манай багийнхан бүгд л цаг завгүй ажилладаг. Өөрийн гэсэн гэр бүлтэй, ажилтай, хичээлтэй. Тэгсэн ч Лантуугийн ажилдаа нэмэлт цаг гаргаж, амжуулж, болгож явдаг. Тэрнээс цаг завтай, мөнгөтэй, нэр хүндэд дуртайдаа биш. Илүүчлэх, сэтгэл гаргах, хүүхдийн төлөө үйлдэл хийнэ гэдэг чин үнэн хүсэл байгаа учраас хандив цуглуулж, Монгол руу илгээж, өөрсдөө үйл ажиллагаагаа явуулдаг. Хандив өргөдөг хүмүүсээ харсан ч тэр. Илүүдээ биш, илүүчилж өгөх сэтгэлтэй. Мөнгө ч тэр, цаг хугацаа ч тэр. Үүнийг зарим хүн ойлгодоггүй л дээ. Гэхдээ хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Бид чинь хорвоо ертөнцөд ирэхдээ өөрийн гэсэн даалгавартай, өгөгдөлтэй төрсөн байж таарна. Тэр нь заавал төрийн бус байгууллага байгуулж, сайн дурын ажил хийх биш л дээ. Ер нь хүн эх орноо хөгжүүлнэ гэдэг шиг санаанд багтамгүй том зорилго тээж явахаас илүү би хувьдаа юу хийж чадах вэ гэдгээс эхэлбэл үр дүнтэй байх. Эргэн тойрондоо эерэгээр нөлөөлөх, хэлсэндээ хүрэх гэдэг ч юмуу. Зургаан жилийн өмнө багаа байгуулж байхдаа өнөөдрийн хэмжээний амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Харин одоо бид жилдээ 70-80 сая төгрөгийн хандив босгоод эх орон руугаа явуулдаг. Шинэ жилээр “Ид шидийн уут” аяныг дэмждэг. Өөрийн чадах жижиг ч хамаагүй зүйлээ сэтгэлээсээ хийсэн болохоор үр дүн гарсан гэж боддог. Гэхдээ шантрах үе байна л даа. Гэр бүлийн хүн ч гэсэн чи бид хоёр амьдраад байна уу, үгүй юу. Хамаг цагаа л лантуугийн ажилдаа зориулах юм гэдэг. Цаг хугацааны эрхээр хийж буй зүйл минь үр өгөөжөө өгөөд эхлэхээр дэргэдэх хүн ойлгодог юм билээ. Одоо бол дэмждэг. Манай багийнханд ч бас энэ төрлийн асуудал нийтлэг. 
  • Австралиас зорьж ирээд “Ид шидийн уут” аянд явж захын хорооллын айлуудаар орж, хүүхдүүдэд бэлэг тараасан гэсэн. Тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ? 
  • Аливаа зүйлийг сонсоод, хараад, унших нэг хэрэг. Өөрөө бодит амьдрал дээр туулж, мэдрэх өөр болохоор оролцож үзье гэж бодсон юм. Тэгээд 2022 оны шинэ жилээр ирж “Ид шидийн уут” аянд цасан охиноор явсан. Надад маш сонин, эвгүй байсан. Хэзээ ч төсөөлж байгаагүй хүнд, хэцүү амьдралаар хүмүүс амьдардаг гэдгийг хараад шоконд орж байсан. Хамгийн хэцүү нь хүүхдүүд. Ээж, аав нь архины хамааралтай болчихсон. Хоолгүй, гэр нь хүйтэн. Ямар ч гэм зэмгүй хүүхдийг хорвоо дээр төрүүлчихээд айж ичээгээд, даарч хөргөөд, гэдсийг нь хонхолзуулж байгааг хараад зүрх зүсэгдэж, сэтгэл эмтэрсэн. 
  • Нийгмийн төлөөх ажилд цаг, зүтгэлээ зориулсан хүний хувьд олон нийтийн ямар хандлагыг өөрчлөгдөөсэй гэж боддог вэ? 
  • Нийгэм хамт олноос үүснэ. Хамт олон айл гэрээс үүснэ. Айл гэр хувь хүнээс үүснэ. Тиймээс хувь хүн болгон дор бүхнээ зөв байхын тулд хичээхэд л болно шүү дээ. Гэтэл нэг хэсэг нь нийгмээ сайн сайхан болгох сон гэж хамаг чадлаараа хичээж байгаад шантардаг. Нийтээрээ тэднийг шүүж, зөв бурууг дэнслээд гараа хумиад суудаг байж таарахгүй. Мэдээж тухайн нийгмийг удирдаж буй хүмүүсийн ур чадвар, хандлагаас олон зүйл шалтгаална л даа.
Миний хамгийн ихээр эмзэглэж, харамсмаар санагдаж байгаа зүйл нь манай монголчууд хэтэрхий их цагийг фэйсбүүкэд өнгөрөөх юм. Австралид цахим руу орж, бусдын амьдралд анхаарах цаг байдаггүй болохоор өөр санагдаж байна. 
Х.ТЭМҮҮЖИН: Парламентийн засаглал бүхий оронд “парламентийг үл хүндэтгэх” гэдэг гэмт хэрэг
Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд орууллаа
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Бямбасүрэнгийн Шаравын сор бүтээлүүдээр “Дуусашгүй…III” тоглолт болно
ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?