Мэрилин Монрогийн 100 насны ой тохиох байсан өдөрт зориулан АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотод 1000 гаруй хүн цугларч, түүний дурсгалыг хүндэтгэлээ.
Амралтын өдрүүдэд болсон энэхүү арга хэмжээнд оролцогчид Холливудын домогт одын төрхийг дуурайн хувцаслаж, Палм Спрингс хотын төвийг Monroe-гийн “The Seven Year Itch” кинонд өмссөн алдарт цагаан даашинз болон шаргал хиймэл үстэй хүмүүсээр дүүргэжээ.

“Үнэхээр гайхалтай байна. Түүний шүтэн бишрэгчид бүгд энд цугларчээ. Бид Монрод хайртай учраас түүнийгээ хамтдаа тэмдэглэж байна” хэмээн нэгэн фен нь орон нутгийн KESQ телевизэд ярьжээ.
Даваа гарагт Мэрилин Монрогийн 100 насны ой тохиох байсан юм. Жүжигчний жинхэнэ нэр нь Norma Jeane Mortensen бөгөөд тэрээр 1962 онд 36 насандаа таалал төгссөн байна.
Палм Спрингст болсон энэхүү арга хэмжээ нь Мэрилин Монрогийн алдарт шаргал үст төрхийг дуурайн хувцасласан хамгийн олон хүний шинэ дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Өмнөх дээд амжилт нь 2020 онд Австралид тогтоогдсон бөгөөд тухайн үед 254 хүн оролцож байсан аж.
Мэрилин Монрогийн 100 жилийн ойг тэмдэглэх үеэр хүмүүс Палм Спрингс хот дахь “Forever Marilyn” хөшөөний орчимд цугларч, түүний дурсгалыг хүндэтгэлээ.
Мөн энэхүү арга хэмжээ нь Palm Springs Pride болон LGBTQ+ нийгэмлэгт зориулсан хандивын хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлсэн байна.
Шинэ дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна Academy Museum of Motion Pictures “Marilyn Monroe: Hollywood Icon” нэртэй шинэ үзэсгэлэнгээ нээжээ. Тус үзэсгэлэнд анхны кино постерууд, хөрөг зураг, гэрэл зургууд, захидлууд болон өмнө нь төдийлөн олон нийтэд дэлгэгдэж байгаагүй хувийн эд зүйлсийг толилуулж байна.
Мөн Мэрилин Монрогийн дэлгэцэнд өмсөж байсан хамгийн алдартай хувцаснуудын заримыг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Үүнд “Gentlemen Prefer Blondes” киноны алдарт ягаан даашинз багтаж байна.
“Мэрилин Монро: Hollywood Icon” үзэсгэлэн нь Мэрилин Монрог зөвхөн кино од бус, өөрийн дүр төрхийг бүтээж чадсан алсын хараатай жүжигчин, имиж бүтээгч байсан гэдгийг онцлон харуулж байна. Мөн тэрээр Холливудын сонгодог студийн системийн үед өөрийн олон нийтийн дүр төрхийг хэрхэн бүрдүүлж, хөгжүүлснийг судлан харуулсан” хэмээн Academy Museum of Motion Pictures албан ёсны цахим хуудсандаа тайлбарлажээ.
