HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Д.ГҮНДЭГМАА: Сайн хийсэн “унхан хөхүүр”-т хорин жил сайхан айраг иснэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 05 сарын 13

Хөхүүрийн айраг исгэх Монгол уламжлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчин, хөхүүр урлаач Д.Гүндэгмаагаас ярилцлага авна гэж наадмын дэнжийг бүтэн тойрч эрээд түүнтэй золгосон юм. Харахад нуруу тэгш, арьс толигор, гав шав хөдөлгөөнтэй, үг хэл цэгц тэрбээр өдгөө 70 насыг шүргэж яваа. Багаасаа хурдан морь унаж өдгөө ч дөрөөн дээр салхи татуулан давхиж, айраг исгэлт, адууны соёлын өвийг дөрөв дэх үедээ өвлөн уламжилж яваа түүний хувьд “адуу, айраг гээд ярихаар огшоод байдаг, адууны дэргэд өссөн болохоор адуунаас хол байж чаддаггүй” гэж сэтгэлээ уудална.

“Адуу тогтдог айл гэж байдаг. Манай өвөө, аав хоёр хоёулаа адуучин хүмүүс байсан. Өвөө маань нийгэмчлэлийн үед аавд 300 гаруй адуу тасалж өгсөн юм билээ. Аав маань насаараа нэгдлийн адуучин хийсэн хүн. Би ч адууны дэргэд өссөн болохоор адуунаас хол байж чаддаггүй. Аав ээжээсээ айраг исгэлт, адууны соёлыг өвлөн авсан. Одоо ч үр хүүхдүүддээ энэ соёлыг өвлүүлж байна. Адуучины хүүхдэд айраг, ахуйн соёл гэдэг анхны хөдөлмөр нь байдаг. Манайх одоо гурван азарга, хорь гаруй гүүтэй. Одоо ч гүүгээ өөрөө саагаад, айргаа бүлээд явж байна. Тав зургаан наснаасаа малын захад өсөж тавь гаруй жил малч ухаанаар ахуй амьдралаа төвхнүүлсэн надад биед өвчин үгүй, даралтын эм ч уухгүй шүү дээ. Энэ бол хөдөлмөр хийж явсны л ач байх. Зүгээр суусан бол өвчин ороох байсан байх” гэж бид яриагаа их л энгийн эхлүүллээ.

Надад түүнээс асуух зүйл, мэдэх юм их бий. Хонины номхон морины цулбуур л атгаж явснаас өөр илүүгүй миний хажууд энэ хүн бол дэлхийд адуун соёлтой салшгүй холбоотой Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад дэлхийд ганц Монголын өв уламжлал гэж бүртгүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хүн шүү гэдгийг дахин дэлгэрүүлэн хэлье. Д.Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айргийн амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.

Ар Хужиртын (Өвөрхангай аймаг Баян-Өндөр сум) хотонд гучаад хүүхэд тоглож өссөн. Тэр үеийн адуучин айлууд үгүй мөн олон хүүхэдтэй өнөр өтгөн аж төрдөг улс байжээ. Айлууд хоёр хоёроороо буучихна. Хүүхдүүд нь хамтдаа л өнжинө. Сайхан байсан” гэж хүүхэд насаа дурсах Гүндэгмаа гуай 14 хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. “Эхэндээ ч айлын ганц охин тул ихэд эрх байв. Сүүлд олон дүү нартай болоод зан минь дарагдсан байх” гэнэ. Түүний үеийн хүүхдүүдийн хүмүүжил бол ажилч хичээнгүй гэж тодорхойлом. Найман настай сургуульд ороход айраг бүлээд сурчихсан, мал ялгаж таньдаг, тоондоо сайн хүүхдүүд байсан аж. Айраг бүлдэг хүүхдийн гар их эвтэй болдгийг хэлэв.

Ижий аавынхаа дэргэд гүү малаа сааж ах нарыгаа цэрэгт явсан хойно ч адуу малаа хариулж явсан тэрбээр хорин насандаа айлын хүн болжээ. “Төдийгөөс өдий хүртэл ингэж сайхан аж төрж байгаа минь сайхан ханьтайгаа хамт хөдөлмөрлөсний л гавьяа” гэв. Ж.Сайнбилэг, Д.Гүндэгмаа нар 1977 онд гэр бүл болж тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбожээ. Тэд хоёул нэг нутгийн улс. Сайнбилэг цэргээс ирээд удаагүй… Тэр өдөр сонгуулийн өдөр байв. Батхаан бригадад очиж сонгуулиа өгчхөөд гэрээ гийгүүлүүлэхээр Гүндэгмаа бүсгүйг төрсөн гэрээс нь залж Ар Хужиртад барьсан гэртээ хоёул орж байснаа дурсав. Хурим бол “төрт ёс”. Тийм ч учраас төрийн үйл ажиллагаатай өдрөөр төрт ёсоор гал голомтоо бадрааж байсан тул ихэд бэлгэшээдэг аж.

Бидний үеийн сайхан нь нэг гэр барьчихна, хамт хөдөлмөрлөнө, тэгээд л амьдрал эхэлдэг байсан. Чемоданаа бариад л ирнэ. Тэр үед хүмүүс нэг их эд хөрөнгө бодохгүй, сэтгэлээ л хардаг байж дээ. Цаашлаад үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чухал. Хүүхдүүд гараас гарах сайхан. Олон ч ач, зээтэй өнөр болж байна. Одоо хүүхдүүд минь амар хялбараар амьдралыг төсөөлөлгүй, сайхан хөдөлмөрлөж, хүний сайн байхад хэн хэн нь хичээвэл босгоод ирсэн амьдрал нурахгүй, бүтэн байсан амьдрал хугасрахгүй гэж Гүндэгмаа гуай сэм зөвлөлөө.

Ар хужиртын залуу хос өдгөө найман хүүхдийг гараас гаргаж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзагад хүргэжээ. “Биднийг залууд, тэр үеийн ажил амьдрал, нэгдлийн мал, хөдөлмөр дунд хүүхдээ өсгөнө гэдэг амар байгаагүй. Жил болгон шахуу төрнө, мал ахуйгаа хийнэ, норм төлөвлөгөөгөө биелүүлнэ. Ноос ноолуур, сааль сүү, мах бүгд нормтой байсан үе. Гэхдээ хөдөлмөрлөж байгаадаа л баяртай байдаг байж дээ” гэж хуучлав.

Түүний үг үйлдлээс хөдөлмөр сонсогдоно, хөдөлмөр мэдрэгдэнэ. Тэгээд л олон үг, оршилгүйгээр хөдөлмөрийн талаар гээд асуучихлаа. Тэгэхэд “Хөдөлмөр хийж яваа хүн сэтгэл амгалан байдаг юм. “Хийчихлээ” гэсэн сэтгэл өөрөө жаргал. Хүн сэтгэлээрээ баян байх хамгийн чухал. Юм хийж сур. Хүний хийж сурсан эрдэм, хөдөлмөрийг хэн ч булааж авч чаддаггүй юм” гэж сэтгэл сэргэтэл хариулав.

Манай ард түмэн ярьдаг даа. Ясны хөдөлмөрч улс шүү гээд. Энэ үг Сайнбилэг гуайн гэр бүлийнхэнд яг тохирно. Ийм л хөдөлмөрч хүмүүсээс тийм л сайхан хөхүүрүүд гарч адуутай айлын үнэт өв болдог байх. Танайд хөхүүр хийдэг өөр арга технологи байна уу гээд нэг их юм бодолгүй асуучихлаа. Удам угсаагаараа хийж ирсэн “унхан хөхүүр”-ийн уламжлал тэднийх. Ураг удмаараа Унханыхан гэдэг нэртэй. Тэгээл ч нутаг усныхан нь Унханыханы хөхүүр шиг яасан сайхан том залуу вэ гэж хүртэл зүйрлэдэг аж. Тэгэхээр энэ нэр төрийг аргагүй сайхан авч явааг нь харахад бахархалтай. “Хорин жил ашиглахад яах ч үгүй хөхүүрийг л хийнэ. Өөр арга гэж юу байх вэ миний хүү. Дээр үеэсээ л ян тан нийцсэн зөв аргаар нь л хийдэг юм. Чи бичиж авах уу” гэв… Миний үг үсэггүй бичиж авснаар:

Хөхүүр хийх урлал нь арьс ширээ зөв сонгохоос эхэлнэ. Ихэвчлэн бага үхрийн болон үнээний ширийг ашигладаг. Ийм ширээр хийсэн хөхүүр нь хэмжээнээсээ шалтгаалан 80-120 литр айраг багтаах боломжтой. Харин хэт том хэмжээтэй хийвэл дээд хэсэг нь хэт хатаж, айрагтай хэсэг нь сунах тул хэлбэр дүрсийн хувьд төдийлөн сайн харагддаггүй байна. Хөхүүрээ эсгэхдээ сайн өдөр судраа хардаг уламжлалтай. Сайн хутга уртай гараас л хөхүүрийн эсгүүр сайхан гарна. Эсгэсэн хөхүүрээ эвлүүлсний дараа тэмээний ноосон утсаар оёдог.Тэмээний ноос сонгохдоо ихэвчлэн зогдрын ноосыг нь ээрч утас болгодог бөгөөд ийм утсаар оёсон хөхүүр илүү бат бөх, эдэлгээ удаан байдаг гэнэ. Мөн хөхүүрийн модыг нарсаар хийх нь тохиромжтойд тооцогддог байна. Цаашлаад арьсны өнгө ч чухал үүрэгтэй. Улаан, ягаан, саарал, цагаан өнгөтэй арьсаар хийсэн хөхүүрт айраг хийхэд өнгө нь гэрэлтэж, илүү өнгөлөг сайхан харагддаг. Хөхүүр хийхэд хамгийн тохиромжтой үе нь дөрөв, тавдугаар сар байдаг бөгөөд зуны улиралд хийхэд арьс муудах эрсдэлтэй тул төдийлөн тохиромжгүй гэж үздэг байна.
Бэлэн болсон хөхүүрээ адууны хомоолоор утаж боловсруулдаг уламжлалтай. Харин намар хүйтний ам наашилж эхлэх үед зун исгэсэн айргаа хөхүүртэй нь хадгалдаг байна. Ингэхдээ хөхүүрээ салхины өөд харуулж, нар үзүүлэхгүйгээр амыг нь хоёр талаас нь боон хатаадаг аж. Ийм аргаар зөв хадгалсан хөхүүрийг нэг айл 20 хүртэл жил хэрэглэдэг бөгөөд хадгалсан айргаа өвөл, сар шинийн үеэр задалж уудаг уламжлалтай юм. Хөхүүрийн айраг хэдий их хугацаанд ч  муудахгүй, эрүүл мэндэд сайн. 

Сайнбилэг гуайнд Юнескогийнхон хоёр хоног өргөө цагаан гэрт нь саатаж хөхүүрийн айраг, түүний исгэлтийн аргыг тэмдэглэн суужээ. 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал”-ыг манайхаас түрүүлээд авах гэж байсан буюу Юнескод бүртгүүлэх улсууд их байсан гэнэ… Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг… улсуудад ч айраг исгэх өөр өөрсдийн уламжлалууд байдаг аж. Гэхдээ яахын аргагүй манай улс түрүүлээд авсан. Айраг бол монгол хүний биеийн дархлаанд нэн тустайг мэдэхгүй хүн үгүй биз ээ…

Цагаан идээ, айраг, шим сайхан гардаг гартай хүн гэж нутаг усаар нэг магтаал байдаг. Тэгэхэд дээр хэлсэнчлэн Гүндэгмаа гуай сайхан айргийнхаа амтаар улсдаа данстай хүн. Түүнээс чимчигнэсэн сайхан айргийн исгэлтийг асуухгүй байхын аргагүй. Түүний сайхан айргийн нууц нь өвлөгдөн ирсэн уламжлал нь байж. Айргаа исгэхдээ үнээний таргаар исгэдэг гэнэ. Ингэхдээ саам, тараг хоёроо тэгшхэн хийнэ. Түүний дараа саамаа түлхүү, айргаа бага хийж хөрөнгөө гаргаж авна. Айргийн хөрөнгө гаргах маш олон арга байдаг. Хөрөнгөний хөхүүр гэж түүний өвөөгийн жижигхэн хөхүүр бий. Тэрэндээ саамаа хийж азаргандаа ганзагалаад айргаа исгэдэг байснаа ярих нь соньхон. Угтаа энэ арга бол бидэнд өвлөгдөн ирсэн нарийн дэс дараалал, үйл ажиллагаатай уламжлал. Үүнээс өөр нэгэн арга нь ахрын эсгийнд айргаа шингээх. Намар гүүгээ тавихдаа хамгийн сүүлчийн аргийг ахрын эсгийндээ шингээгээд маш цэвэрхэн боож аван хатааж авна. Дараа нь гүүгээ барихдаа өнөөх эсгийгээ үсийг нь унахгүйгээр хүүдийлээд саамандаа хийж исгэдэг. Мөн энэхүү өв уламжлалаар айргаа өдий болтол исгэж цаашлаад энэ аргыг л хүүхдүүддээ уламжлуулж байгааг нь харахад сайхан.

“Өнөөдөр тэнгэр сайхан байна. Ер нь тэнгэр сайхан байхад малчин хүний жаргал тэр шүү дээ. Цаг агаар сайхан байвал мал тарган, сэтгэл уужуу. Харин ган зуд болбол малчин хүний санаа ч тэр, бие ч тэр зовно. Малчин хүн гэдэг тэнгэрийн аясыг харж амьдардаг улс даа. Сайхан байвал “сайхан байна” гээд л, хэцүүдэхээр эрвийх дэрвийхээрээ л амьдардаг юм. Цаг агаар сайхан байвал өвс, ургамлын ургалт сайжирна. Тэгээд өвс, усны сайхын сорчилж отор хийнэ дээ. Отор хийхгүй, малдаа нэмэлт зүйлс хийхгүй бол мал онд орохгүй, тамир тэнхээ нь амархан муудчихдаг. Муу малын дунд өвчин зүдүүр ч тасрахгүй. Тиймээс малчид алив бүхнээс сэрэмжилж малч ухаантай байх хэрэгтэй байдаг юм.

Мал маллана гэдэг хамгийн ухаалаг, хамгийн авхаалж самбааг шаардах ажил. Бидний үед малын тоо толгойноос илүү чанарыг боддог байсан. Бэлчээрээ хайрлана, малаа улиралд нь тохируулж маллана. Одоо бол олон малтай байхыг л урьтал болгох нь их болж дээ. Угтаа малын тоонд биш чанарт нь анхаарах хэрэгтэй. Яах вэ, олон малтай байх нь малчид орлоготой байх үндэс суурь ч алсдаа малаас гарах түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир, мах зэрэг зүйлс чанараа алдах эрсдэлтэйг бодууштай. Таван хошуу мал бол манай улсын эдийн засаг, нийгэм, соёлын амин чухал салбар. Малчид бид олон мянган жилийн нүүдлийн мал аж ахуйн хэв маяг, ахуйн соёлыг залгамжилж яваа улс. Мал аж ахуйн салбар бол одоо үед ч хөдөө аж ахуйн голлох салбар бас малчид маань ч хөдөлмөр эрхлэлтэд онцгой байр суурь эзэлдэг” гэх сайн малчны түүний үгийг хэн хүнгүй тогтож сонсоход авууштай юм их бий. Гүндэгмаа гуай нэгэн ид шидтэй тэжээлийн хомоолын талаар ярилаа. Адууны тосыг сөлийн хомоолтой хольж бөмбөглөөд малдаа өгдөг уламжлалыг анх удаа түүнээс сонсов. Тэгж бэлдсэн хар хомоол малд тэнхээ, тэжээл болохоос гадна өвөлд малыг дааруулдаггүй шидийг үзүүлдэг аж. Энэ арга нь малаа өнтэй өвөлжүүлэх, хивэг тэжээлийнхээ мөнгийг ч хэмнээд малчдын зайлшгүй мэдэх ёстой л арга шиг…

“Таван хошуу мал бол тус тусын идээшүүлэх, хариулах онцлогтой. Би яривал адуугаа л яримаар байна”

Адууг улирал бүрийн онцлогт тохируулан зөв бэлчээрт хариулах нь тарга хүч авах, тэнхээ суух үндсэн нөхцөл болдог. Зуны улиралд адууг ялаа, шумуул багатай, сэрүүхэн уур амьсгалтай хяр царам, ар зоо, задгай уужим тал хөндийд бэлчээх нь хамгийн тохиромжтой. Мөн ус сайтай, төрөл бүрийн ургамалтай бэлчээр адууны тарга хүчийг сайн авхуулна. Ерөнхийдөө адуу зуны улиралд хэдий чинээ сэрүүн газар байна, төдий чинээ илүү тарга хүч авдаг. Харин намрын улиралд адууг сэрүүн уур амьсгалтай, ялаа шумуул багатай уул нурууны зоо дэнж, задгай тал хөндийн сөл өвстэй газраар бэлчээхийг илүүд үздэг. Намар гандалгүй үлдсэн агь, ботууль, таана, мангир, хөмөл, хиаг, морины уруул, багалуур, цагаалж зэрэг өвс ургамал адууны тарга тэвээрэгт сайн. Ийм бэлчээрт адууг салхи сөрүүлэн, тайван тогтуун хариулах нь зөв. Адууны тарга хүчийг сайн авхуулахын тулд бэлчээр нутаг сэлгэх нь бас чухал. Нэг газраа удаан байлгахгүйгээр ойр ойрхон нутаг сэлгэж, тогтмол усалж, хужирлан тааваар нь бэлчээх нь адууны тэнхээ тамирт тустай. Өвлийн улиралд адууг агь, ерхөг, хялгана, хиаг, багалуур, хазаар өвс, суль, таана, бударгана зэрэг соргог нарийн өвстэй бэлчээрт гаргах нь тохиромжтой. Мөн алсын хүйтэн салхинаас хаацайлсан нөмөр зоо нуруу, толгод бүхий нутгийг сонгон аравдугаар сарын сүүлчээс өвөлжөөнд ойртуулан бэлчээдэг уламжлалтай. Хаврын улиралд адууг сөл сайтай, соргог ургамалтай, нөмөр дулаан бэлчээрт хариулна. Энэ үед адуу өвлийн турш алдсан тарга хүчээ нөхөх учраас өвс ургамлын шим тэжээл, бэлчээрийн сонголт нэн чухал.

– За одоо би гэдэг хүн. Адуу, айраг ярихаараа ам хална шүү дээ.

– Та ярь лдаа

– Ярьсных… Монгол хүн, монгол адуу гэдэг яасан сайхан дотоод холбоотой гээч. Тэгээд ч адуу бол манай төрийн сүлдэнд заларсан бэлгэдэлтэй амьтан. Адгуусны дотроос хамгийн хийморьлог нь. Найр наадам болоод л хурдан морь уралдана. Наадмын түрүүнд морь орж ирэхэд хэн хүний л шар үс босдог. Тэгээд сайхан ороод ирэхэд гийнгоон дуу л алсармааргүй байгаа юм. Сайхан хурдан морь түрүүлээд ирэхэд гийнгоо сайхан хадах ёстой. Тэр өөрөө морийг сэргээдэг, хийморийг нь бадраадаг зүйл. Одоо хүүхдүүдэд гийнгоо зааж сургах хэрэгтэй байна гэж боддог. Байн дээр л нэг гийнгоо гэж сүр муутай хэлэхээс цаашгүй болсон нь харамсалтай. Бүтэн сайхан гийнгоолохыг адуучид, уяачид маань хүүхдүүддээ зааж өвлүүлэх хэрэгтэй. Бид чинь ажил, амьдралаараа адуутай холбогдсон улс. Адууны тэр их ашиг шим, алдар гавьяаг нь авч яваа улсууд учир өвлүүлэн үлдээхдээ бүрэн бүтэн, утга агуулгаас нь гажуудуулахгүй л авч явах хэрэгтэй гэж би хувьдаа муйхарлах юм. Гэхдээ энэ нэг их буруудахгүй байх.

Сайхан гийнгоо сонсох нь мориныхоо, эзнийхээ ч хийморийг бадраадаг гэхийг дуулаад өнөө зуны наадмаар гийнгоо хадаах нь хэр байгааг чих тавин сонсож явъя гэж саналаа.

Ийнхүү аль сайхнаа хуучлан сууж, яриа шувтрахын алдад адуучин Гүндэгмаа гуай, эгчид нь ойрхны бодож яваа нэг юм бий гэх нь тэр. Чих тавин сонсвол “Адуу, айргийнхаа буянаар их л уригдаж, залагддаг болж одоо өөрөө л хүнийг урьдаг хүн болмоор байна. Одоогийн хүүхдүүдэд хөдөөгийн амьдрал, сүү цагаан идээ, дээс томох, шир боловсруулах зэрэг уламжлалт ухаанаа заамаар байна” гэв. Монгол өв уламжлалаа хэдэн үеэрээ өвлөн тээж өнөө цагт үр хойчдоо залгамжлуулан яваа түүний энэ үг яг одоо биелчихсэн мэт нүдэнд харагдана. Цэцэг ногоо арвин дэлгэрсэн, цэнгэл жаргал ирж байгаа энэ зун Өвөрхангайн Баян-Өндөр рүү хүлгийн жолоо залан Ар хужиртад очиход Сайнбилэг гуайн жуулчны хот хөлд дарагдаж унхан хөхүүр өлгөсөн өргөө цагаан гэрээс Гүндэгмаа гуай сайхан иссэн айргаа бариад биднийг тосох нь лавтай ойрхон. Хэзээний эгч дүүс шиг дотночлон яриа дэлгэсэн зочломтгой зан аальтай тэднийхээр хүрч очихдоо “ганц юм” ч болов сураад авах юм шүү. Манай Монголчууд ашид мэргэн өв уламжлалтай билээ.

HumanZ

Мэргэн Монголчууд

Танд хэрэгтэй | Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
С.Замира: Баян-Өлгий аймаг руу дотоодын нислэг нэмэх боломж байгаа юу
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна
ЦАЙНЫ ДЭЭЖ ӨРГӨХ ЁСОН БА ЦЭЭР
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?