HumanZ редакц энэ удаагийн ярилцлагаар Монгол өв соёлоо хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх үйлийг тууштай ажиллаж яваа залуусын төлөөлөл, уртын дуучин А.Нарандуламыг онцоллоо. Өвөөгөө дагаж уртын дуунд дурласан бяцхан охин өнөөдөр өнөр олон шавьтай, авьяаслаг бөгөөд эх оронч уран бүтээлч болжээ.

Та “Жарган дуулаарай”, “Заян наваа”, “Бүү ай” зэрэг дуугаараа үзэгч, уншигчдийн сэтгэлд хэдийнэ хоногшсон. Харин энэ удаа мэргэжил талаасаа өөрийгөө танилцуулаач?
Миний хувьд уртын дуучин мэргэжилтэй. Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүн болж төрсний хувьд амьдралдаа хийх ёстой үүрэг хэмээн хүлээн авч ажлаа хийдэг. Ковидын дараагаас уртын дууны сургалтын төв маань илүү идэвхтэй ажилладаг болсон. Хөгширтлөө сургалтын төвөө ажиллуулна гэдэг шийдвэрт бат зогсоод, дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
13 жилийн өмнө СУИС-ийг төгсөөд уртын дуучин болчихлоо. Одоо ажил хийж цалин авъя гэдэг сэтгэхүйтэй байснаас энэ мэргэжлийн гайхалтай, үнэ цэнтэй хэсгийг нь бодоогүй юм билээ. Сургууль төгсөх насанд тийм бодол орж ирдэггүй ч юмуу. Харин сургуулиа төгсөөд, багшийн хараанаас гараад, хувь хүн дээр хариуцлага ирэх үед л уртын дууг илүү ойлгох, судлах эрмэлзэл төрсөн. Дуулахдаа ч бас илүү гүн гүнзгий мэдрэмжтэй, дотоод мөн чанарыг нь ухахыг зорьдог болсон гэхүү дээ.
Уртын дуутай холбогдсон түүхээсээ хуваалцаач?
Таван настай байхаасаа л өвөөгийнхөө дуулахыг сонссоор байгаад хоногшчихсон. Хоногшино гэхээр тэр дуу дахин дахин бодогдоод, өвөөг дуулаагүй байхад дуу нь чихэнд сонсогдоод байхыг хэлнэ л дээ. Өвөө надад уртын дууг махчилж зааж өгөөгүй. Би өөрөө дагаж дуулсаар байгаад л дуртай болчихсон. Эмээ ч гэсэн дээл оёонгоо их сайхан дуулна аа. Одоо бодохоор манайх байнгын л дуу хууртай, анир чимаагүй байж үзээгүй айл шиг санагддаг. Манай ээж бас дуулдаг. Соёлын төвийн эрхлэгч, номын санч хийдэг болохоор намайг багаас минь урлагтай ойр өсгөсөн л дөө. Морин хуур, хуучир гээд л сургуулийн бүхий л сургалтад явуулдаг. Зохиолын дуу дуулаад л урлагийн үзлэгт орохоос уртын дуу дуулах нь илүү таатай санагддаг байлаа. Жаахан байхаасаа л өөр ямар ч мэргэжил бодолгүйгээр СУИС-ийн зохиолын дууны ангид орно доо гэж боддог. Гэхдээ зохиолын дууны анги гэж байдаггүй юм байна лээ. Ямартай ч ахлах сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгөөд уртын дуучны ангид орсон.
Та анхны тайзаа санадаг уу?
Цэцэрлэгт байхдаа л анхны тайзан дээрээ гарсан байх. Харин “Энэ чинь яг тайз байна шүү дээ” гэж мэдэрсэн гэвэл долдугаар ангийн зун сумын наадмын нээлтэн дээр дуулж байсан минь. Дуучин Баясгалангийн ээжийн тухай дууг дуулсан. Өөдөөс нар төөнөөд л, баахан хүн тойроод суучихсан. Тэр хүмүүсийн хамгийн урд эгнээнд, яг голд нь манай өвөө сууж байсан. Би микрофоноо атгаад л өвөөгөөсөө нүдээ нэг ч удаа салгалгүй дууллаа. Манай өвөө гаанс зуугаад л сууж байдаг юм. Тэгсэн гэнэт нулимсаа арчдаг юм даа. Намайг дуулсанд баярласан уу, ээжийгээ бодсон уу мэдэхгүй. Яг тэр агшинд би өөрийгөө тайзан дээр дуулж байгаа юм байна. Би дуулж өгөөд, энэ хүмүүс сонсож суугаа юм байна гэдгийг ойлгосон. Өвөөд таалагдсан байна гэдэг дүүрэн мэдрэмж авч байлаа.
Ихэнх хүн уртын дуу дуулах хэцүү гэж ойлгодог шүү дээ. Эвтэйхэн нэг дуу аялдаг болъё гэвэл суурь нь юу вэ?
Багшилж эхэлснээс хойш хүмүүс яг юу дуулмаар байгаа вэ, яаж дуулбал илүү таатай байх вэ. Хүчлэхгүйгээр, зүрх сэтгэлээсээ жаргаж дуулах процесс яаж явах вэ гээд бодохоор биеэ чангалахгүй, оюун санаагаараа тайван байх л юм билээ. Тайван байх үедээ хүн уушигны багтаамжаараа хангалттай амьсгал авч чаддаг. Тэрийгээ зөв зарцуулах, хуваарилах. Өндөр өнгөн дээр яаж дуулах вэ. Шуранхай дээр яах вэ зэргийг зөв амьсгалын дадлаар сурдаг. Харин дуулах болгондоо баахан юм бодоод байвал тархи хэтэрхий олон зүйлд ажиллана. Тэгэхээр зөв амьсгалыг аль хэдийнэ дадал болгосон байх хэрэгтэй. Дадал болгосны дараа тайван суугаад дуулбал сэтгэл, мэдрэмж төрөн гарах нөхцөл бүрддэг. Багшлах хугацаандаа би ийм л дүгнэлтэд хүрлээ. Миний хувьд дуулах үедээ ямар нэгэн дурсамжтай холбогддог. Ер нь бол дуулахдаа урьдчилж бэлдэлгүйгээр тайван, яг тухайн цаг үедээ өөрийгөө орхиод чөлөөлөх. Харин “Хүмүүст ийм мэдрэмж төрүүлье дээ. Ийм л санагдахаар дуулъя даа” гэх хэрэггүй. Нэг дууг хэчнээн тайзан дээр, ямар орчинд дуулахаас хамаарч уур амьсгал нь өөр өөр байдаг. Тэгэхээр уртын дууг дуулах яг тухайн цаг үед яаж дуулахтай шууд холбоотой.
Хэрэв хичээвэл хүн бүр уртын дуу сурах боломжтой юу?
Миний бодлоор хүн болгоны сэтгэл зүрхний гүнд цог байдаг. Хэрэв огших юм бол бид бүгдээрээ Толин хул дээр биелдэг шүү дээ. Яаж ингэж бүжиглэв ээ гэтлээ хөөрч, омогшдог. Дуу яг л түүнтэй адилхан. Сэтгэлд нь байгаа очийг жаахан сэргээгээд, нэг л удаа дүрэлзүүлээд өгвөл хүн бүр дуулж чадна. Яаж гэдгээ л олох хэрэгтэй. Гэрийн нэг гишүүн дуулж сурч байна гээд бодъё л доо. Тэрийгээ гэртээ очиж бэлдээд л. Эхэндээ бол бусад гишүүд “Ямар чихэнд чийртэй юм бэ. Чи өөр өрөөнд ороод дуул л даа” гэнэ. Долоо хоног өнгөрлөө. Төвөгшөөхөө болиод чимээгүй сонсдог болно. Дараагийн долоо хоногоос нь “Наад дуу чинь ямар нэртэй билээ, чи хэр удаан сурч байна” гээд л сонирхож эхэлнэ. Тэрний дараагийн долоо хоногоос “Хамт суръя л даа, хөгшиндөө заагаад өгчих” гэдэг тохиолдол болж байсан юм. Тэгэхээр хүн дуунд дасаад, хоногшоод, эцэст нь хүсдэг. Монголчуудад дууны тал тийм нэг онцгой чанар яалт ч үгүй байдаг. Хүмүүс “би солгой” л гэдэг. Сүүлийн үед би нэг бичлэг хийгээд байгаа юм. Чиний дуртай дуу чинь юу вэ. Аав ээжийн чинь хоногшуулсан дуу юу вэ гээд асуудаг. Хүн болгон л нэг дууны нэр хэлдэг. Аав машин барихдаа сонсдог болохоор Заян наваа надад аялагдаад байдаг юм байна гэх зэргээр хариулдаг. Ингэж мэдрээд, бүдэг бадаг ч хамаагүй нэг дуу санана гэдэг нь чинь тэр хүний дотор нэг юм байгаа л гэсэн үг. Үүнийг ил гаргахад л болно.

Европ руу Хөөмийн фестивальд яваад ирсан шүү дээ. Уур амьсгал ямар байсан бэ?
1700 оны үеийн Швейцарийн Romainmôtier гээд тосгонд Европ дахь анхны хөөмийн фестиваль 2025 оны наймдугаар сард болсон. Хөөмий, морин хуур, уртын дуу гурав бол хоорондоо салшгүй холбоотой язгуур урлаг. Тиймээс бид арга хэмжээгээ уртын дуугаар нээе ээ гээд зохион байгуулагчид нь холбогдсон юм. Миний хувьд маш баяртай хүлээж авсан. Европод байгаа монголчууд хөөмийн наадамд ирлээ. Тэднээс илүү их тооны Европ залуус хөөмий, морин хуур сураад уралдах гэж фестиваль дээр ирсэн байгаа юм. Тэд уртын дууг үнэхээр гүн гүнзгий мэдэрч сонсож байгаа нь үнэхээр гайхалтай. Хөөмийн наадам дээр уртын дуу сонсох боломж олгосонд баярлалаа гэдэг сэтгэгдэл фестивалийн албан ёсны вэбсайт дээр ирснийг зохион байгуулагчид надад явуулсан. Дээрээс нь ирэх жил дахиж ирээч ээ. Ирэх ирэхдээ таны уртын дууны сургалт энд заавал байх ёстой зүйл байна аа гэхэд уртын дуучны хувьд энэ явдал хамгийн том шагнал шиг л санагдсан. Энэ дуу биш ээ. Энэ эдгэрэл байна. Онцгой, ид шидтэй зүйл байна гэж хэлсэн нь үнэхээр талархууштай.
Та эх оронч, эх орондоо хайртайгаа илэрхийлдэг хүн шиг анзаарагддаг?
Би ийш тийш явахаараа долоо хоноод л монголыг санаад байдаг. Миний гарт Алтайн нурууны шивээсүүд бий. Анх мөсний баяраар Хөвсгөлд очиж үзээд хайрлахгүй байхын аргагүй байгалийг өвөг дээдэс минь бидэнд үлдээгээ вэ гэдэг мэдрэмж төрсөн. Ийм сайхан эх оронд төрсөн нь ямар их хувь заяа вэ гэж бодоод энэ шивээсээ хийлгэсэн юм. Манай өвөөгийнх зуслан дээрээ ганцаархнаа буудаг айл. Дэнж дээр нэг гэр байгаа нь миний дурсамжид хадгалагдаад үлдчихсэн. Тэгэхээр нь бодит болгоод авч үлдье гээд өвөөгийнхөө гэрийг бас шивүүлчихсэн гэдэг ч юмуу.
Эх оронч үзэл гэж юу вэ гэхээр эзэмшсэн мэргэжлээ уламжлуулж үлдээхэд хувь нэмрээ оруулах. Энэ миний Монгол хүн болж төрсний үүрэг хариуцлага гэж боддог. Энэ үүрэг хариуцлагыг ухамсарлаж байгаа минь эх оронч үзэл юм болов уу

.
Уртын дууны хүний сэтгэлийг татдаг амин сүнс гэх үү, хамгийн гол нууц нь юундаа байна вэ?
Миний хувьд уртын дууны амин сүнс амьсгалдаа байдаг гэж боддог. Амьсгалаа авах, зарцуулах гээд л техникүүд ярьж байгаа биз. Амьсгал авах процесс дуутай нийлэхээрээ ер бусын мэдрэмжийг хүнд өгдөг. Нэгдүгээр курстээ бид нар амьсгаагаа ч мэдэхгүй орно шүү дээ. Тэрийг дадал болгохын тулд 10 гаруй жил зарцуулсан байна. Дөнгөж одооноос л амьсгалын гайхамшиг гэж юу юм бэ. Энэ нь зөвхөн уртын дуу дуулах үед биш. Бүхий л амьдралын цаг, хором, мөчид үнэ цэнийг мэдэрч, дадал болговол дуулах үед дэмжиж өгөх амин сүнс нь амьсгал байгаа юм. Сэтгэл санаа тайван, сандраагүй, бэлэн болсон үедээ хамгийн зөв бөгөөд ашигтай амьсгал авсан үед уртын дуу миний санасан зорьсноор урсаж гарах мэт санагддаг. Сандарсан үед хүний амьсгал цээжин дээр ирээд хөөрчихдөг. Тийм үедээ би өөрийнхөө санасан хэмжээнд уртын дууг аялж чаддаггүй. Тэгэхээр бид тайзны ард сэтгэл зүй, бие, амьсгалаа бэлдэх хувийн цаг хэрэгтэй байдаг.
