Хотожсон амьдрал дунд бид уламжлалаасаа аажмаар холдож, цагаан идээг зөвхөн хөдөө нутагтай холбож ойлгох болсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ ойлголтыг өөрчилж, хайлмаг, өрөм, айраг зэрэг цагаан идээг өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьсон нэгэн сонирхолтой бизнес бий болоод зургаа дахь сартайгаа золгожээ. Энэ бол монголын хамгийн эрт онгойдог уламжлалт цагаан идээний “Цагаа” кафе. Энэхүү кафе нь зөвхөн цагаан идээ бус харин өв соёл, дурсамж, хэрэглээг нэг дор авчирч чадсанаараа онцлог юм. Энэ удаа бид эгч дүүсийн хамтдаа бүтээсэн энэхүү брэндийг онцолж байна.
-Урилга хүлээн аван, ярилцахаар болсонд баярлалаа. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Х.Чанцалдулам: Сайн байна уу, намайг Чанцалдулам гэдэг. ОУ-ын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй.
Х.Жаргалсүрэн: Намайг Жаргалсүрэн гэдэг. Би график дизайнер мэргэжилтэй. Бид төрсөн эгч дүүс
-“Цагаа” кафег нээх анх хэний санаа байв. Яагаад заавал цагаан идээгээр үйлчлэх болов.
Х.Жаргалсүрэн: Манай аав, ээж сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй. Үйлдвэрийн хувьд 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эхний гурван жилээ өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгох дээр ажиллаад, яг зургаан жилийн өмнөөс “Цагаа” гэх брэндийг үүсгээд, бүтээгдэхүүнээ савлаад, худалдаалж эхэлсэн. Энэ хугацаанд манай бүтээгдэхүүнүүд маш их хэрэглэгчтэй болсон. Тэгээд супермаркетуудаар борлуулж эхэлсэн ч хэрэглэгчдээс “өөрсдөөс нь авмаар байна, нэрийн барааны дэлгүүртэй болооч ээ” гэдэг хүсэлт тавьж эхэлсэн. Үүн дээр үндэслээд бид хоёр өөрсдийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй болох уу эсвэл кафе нээх үү гээд их удаан ярилцсан. Ингээд 2025 оны аравдугаар сараас кафегаа нээгээд, давхар бүтээгдэхүүнээ ч борлуулаад явж байгаа.
-Аливаа бизнес, шинэ санаа ямар нэг хэрэгцээнд тулгуурлаж үүсдэг шүү дээ. Тэгвэл энэ бизнес ямар асуудлыг, хэрэгцээг шийдэхийг зорьсон бэ?
Х.Чанцалдулам: Нэгдүгээрт, ихэнх хүн халуун хайлмагийг зуны цагт эмээ өвөөгийндөө эсвэл хамаатан садныдаа л очиж иддэг шүү дээ. Тэгэхээр хэзээ ч хамаагүй гэртэйгээ ойрхон газраас халуун хайлмаг, боорцог, өрөм авч идэх боломжтой газар байсан нь дээр юм байна гээд нээсэн. Хоёрдугаарт, Шанхайд сурдаг байхад тэнд амьдрал 6 цагаас эхэлнэ. Бүх газрууд түүнийгээ дагаад эрт нээчихсэн байдаг. Тиймээс манайд ч гэсэн эрт нээдэг газар байх хэрэгтэй юм байна гээд 7.00 цагт онгойдог байдаг кафегаа нээсэн. Энэ маань ч нүдээ олсон гэж боддог.

Х.Жаргалсүрэн: Мөн монгол хүмүүс байж өглөөний цайндаа дандаа л хиам, сэндвич зэрэг зүйлсийг идэж байхаар хааяа ч гэсэн тослог өндөртэй монгол өглөөний цайгаа уугаасай гэж хүссэн. Тиймдээ ч манайхаас гаргадаг хайлмаг, өрөм, боорцогтой багц хэрэглэгчдэд маань үнэхээр таалагдсан. Тэдэнд хайлмаг, өрөм, боорцог идэхийн тулд заавал хөдөө явах шаардлагагүйгээр шинээр нь, халуунаар нь хотдоо идэх хэрэгцээ байсан байгаа юм.
-“Цагаа” бол монголын хамгийн эрт онгойдог уламжлалт цагаан идээний кафе гэх тодотголтой. Өглөө 7.00 цагт нээх шийдвэр бизнесийн хувьд хэр зөв байсан бэ? Асуудалтай зүйл байв уу?
Х.Жаргалсүрэн: Азаар асуудалтай зүйл байгаагүй. Манай аав, ээж маш эртэч хүмүүс. 5,6 цаг гэхэд хэдийн босчихсон байдаг. Тэд “эрт бос, унтлаа гээд нойр ханадаггүй юм” гээд л бид нарт захина. Энэ нь ч бидэнд дадал болоод, нөлөөлөөд өглөө эрт ажлаа эхлээд, эрт тардаг байх нь зөв юм байна гэж шийдэхэд хүргэсэн. Мөн хоёулаа гэр бүлтэй, хүүхэдтэй учраас тэдэндээ чанартай цаг гаргахад хүртэл сайн нөлөөтэй байдаг. Нөгөө талаараа аав, ээж, ажлын хамтрагчдын маань цаг ч энэ цагийн хуваарьтай таардаг болохоор их амар.

Х.Чанцалдулам: Яг бүх зүйл бэлэн болоод кафегаа нээх гэж байхдаа бага зэргийн эргэлзсэн. Монголчуудыг тийм ч эртэч биш байх гэж бодоод. Гэтэл нээлтийн маргаашаас маш их хүн орж ирээд, үнэхээр эергээр хүлээж авсан. Одоо ч сайхан үгс хэлдэг.
-Монгол хүний хоол хүнсэнд цагаан идээ чухал байр суурь эзэлдэг. Зундаа хүнд хоолоос татгалзаж, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг ч уламжлал бий. Тэгвэл өдөр тутамдаа цагаан идээ хэрэглэх нь яагаад чухал юм бэ? Ашиг тус талаас нь багахан ярилцъя.
Х.Жаргалсүрэн: Миний санаж байгаагаар 5,6 жилийн өмнө мах муу, өөх тос муу, бараг л цагаан идээ хэрэггүй түүний оронд ногоо ихтэй бүтээгдэхүүн ид, ургамлын тос хэрэглэ гэдэг байсан. Тэгээд удаагүй сахар, гурил, будаа битгий хэрэглэ гээд л янз бүрийн зөвлөгөөнүүд явдаг байсан. Үүнийг дагадаг ч хүмүүс бий. Гэтэл ямар ч зүйлд тэнцвэр хэрэгтэй шүү дээ. Хүн бүрд эдгээр зөвлөмж ч зохихгүй. Ялангуяа манайх шиг далайн түвшнээс өндөр, эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг хүмүүс хөнгөн чанарын хоол хүнсийг ихээр хэрэглэвэл ядрах байхгүй юу. Тиймээс ядаж л өглөөдөө тослог өндөртэй хүнс мөн сүү сүүн бүтээгдэхүүнээ хэрэглээсэй гэж боддог.
Х.Чанцалдулам: Ер нь хэрэглэж байгаа, ам руугаа оруулж байгаа хоол хүнсээ тэнцвэртэй байлгах л чухал гэсэн санаа юм.

-Цагаан идээг тогтвортой нийлүүлэхэд хамгийн хэцүү зүйл юу вэ? Стандарт барих тал дээр ямар асуудал үүсдэг вэ?
Х.Чанцалдулам: Үйлдвэрлэлийн процесс тэр дундаа малаа тэжээхээс эхлээд эцсийн савлах шат хүртэл өөрсдөө гар бие оролцоод, мэдээд, туршлага хуримтлуулсан болохоор их давуу талтай.
Х.Жаргалсүрэн: Цагаан идээ бол эмзэг төрлийн бүтээгдэхүүн. Жаахан л хадгалалтын стандарт алдагдахад шууд л хөгцрөх эрсдэлтэй. Тиймдээ ч хамгийн хэцүү зүйл нь хадгалалт. Гэхдээ манай дүү бид хоёр түрүүнд хэлсэнчлэн үйлдвэр дээрээ өөрсдөө гурван жил ажилласан болохоор бүтээгдэхүүнийхээ ааш занг мэддэг болчихсон учраас харьцангуй асуудал бага.
Стандартын хувьд манайх үйлдвэртээ ОУ-ын ISO стандарт нэвтрүүлж чадаагүй ч саяхан тохирлын гэрчилгээгээ авсан. Одоо ХАСОТ(HACCP) нэвтрүүлэх гээд ажиллаж байгаа. Мэдээж шууд л их хэмжээний мөнгө төлөөд бүх зүйлийг хийж чадахгүй ч бага багаар, шат шатаар үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулаад явахыг хичээдэг.

-Монголд бизнес эрхлэх хэцүү тухай олон хүн ярьдаг. Олон ч газар хаалгаа барьж байна. Та хоёрын хувьд бизнес хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байна?
Х.Чанцалдулам: Манайх шиг хүн цөөтэй бичил бизнес эрхлэгчдийн хувьд маш олон төрлийн мэдлэг хэрэгтэй болдог юм байна лээ. Бас зөвлөгөө хэлээд өгдөг, энэ нь ингэдэг, тэр нь тэгдэг гээд тусалдаг хүн их дутагддаг гэх юм уу. Мөн түрээс бол хамгийн чухал асуудал л даа. Өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй, дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд түрээсийн зардал хамгийн том асуудал болдог.
Х.Жаргалсүрэн: Мэдээж бүх зүйл хэцүү эсвэл төр засаг биднийг тэр чигт нь хаячхаад байгаа гэж хардаггүй. Хэдий 100 хувь ээлтэй биш ч ЖДҮ-ийг дэмжих олон төсөл байдаг болчихсон. Мөн бага багаар бизнес эрхлэгчдээ дэмжих ажлууд хийж эхэлж байгаа юм шиг санагдсан. Жишээлбэл, манайх “Хөгжлийн шийдэл ТББ”-аас явуулдаг сургалтад жилийн хугацаанд хамрагдаад, сургалтаасаа олон зүйл сурч, үйл ажиллаагаа базаж авч чадсан. Хэрэв үнэхээр болдог бол хэрхэн үйл ажиллагаагаа зөв явуулах тал дээр зөвлөгөө өгдөг, бид нарт ментор хийх, заах мэргэжлийн көүч нар л олон болоосой гэж хүсдэг дээ.
-Эгч дүүсээрээ бизнес эрхлэхийн давуу тал нь юу байна?
Х.Чанцалдулам: Хамгийн том давуу тал гэвэл нэг айлын хүүхдүүд учраас хүмүүжил, төлөвшлийн хувьд ижилхэн. Тиймдээ ч хэн хэнийхээ ааш занг маш сайн мэддэг. Магадгүй хоёр өөр газар, өөр хүмүүжлээр өссөн хүмүүс хамтарч ажиллана гэдэг өөрөө их энерги, цаг хугацаа ордог байх. Харин бид хоёрт тийм асуудал байхгүй учраас чаддаг чадаагаа хийгээд, нэгнээ нөхөөд л явчихдаг.
Х.Жаргалсүрэн: Миний хувьд төрөх дөхчихсөн үедээ кафегаа нээх шийдвэр гаргаж байсан. Тэгээд арванхоёрдугаар сард шинэ хүнээ өлгийдөж авсан юм л даа. Анхны төрөлт учраас мэдэхгүй зүйлс олон. Тиймдээ ч төрчхөөд л шууд сошиал хаягаараа захиалгаа үргэлжлүүлж аваад, чатдаа хариулаад, ажлаа хийгээд явна гэж санасан. Гэтэл бодит байдал дээр үнэхээр амждаггүй юм билээ. Харин манай дүү надад юу ч хэлэлгүйгээр энэ ажлуудыг өөрөө дааж аваад гялалзуулсан. Чатдаа ороод хариулъя гэнгүүт ямар ч боломж өгөхгүй бүгдийг нь хариулчихсан байдаг гэдэг ч юм уу.
Х.Чанцалдулам: Тийн, би чинь эгчээсээ түрүүлээд хүүхэдтэй болчихсон болохоор бодит байдлыг илүү сайн ойлгож байсан л даа. Өөр нэг давуу тал гэвэл ажил ажил гээд хааяа үнэхээр бүх зүйлээс холдмоор санагдана. Тэр үед долоо хоног завсарлага авлаа шүү гээд л яваад өгнө. Тэр үед эгч маань намайг нөхөөд, ажлаа даагаад үлддэг. Заримдаа нэг нь хүүхдүүдээ хараад, нөгөө нь ажлаа хийдэг ч үе бий. Энэ мэт гоё зүйлс зөндөө. Ер нь эгч дүүгээс найзууд, хамтрагчид болтлоо л явж байна даа.

-Таван жилийн дараах “Цагаа” хэрхэн өөрчлөгдсөн байх вэ? Ойрын зорилгоосоо бидэнд хуваалцаач?
Жаргалсүрэн: Би өмнө жил мөрөөдлийн самбар хийсэн юм. Тэр самбараа энэ жил хартал “Цагаа” гээд биччихсэн, хажуугаараа модтой модон байшин зурчихсан байсан. Хамгийн гоё нь манай одоогийн кафе яг тэр зураг шиг модон байшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жинхэнээсээ биелчихсэн байгааг хараад маш их урам аваад, хамтдаа дахин мөрөөдлийн самбар хийсэн байгаа. Энэ удаа мэдээж талбайгаа томоор зурсан.

Х.Чанцалдулам: Анх нээхдээ бид хоёр жижигхэн байхад л болно. Том байх шаардлагагүй гээд л энэ байшинг түрээсэлсэн юм. Гэтэл нээгээд 2,3 сар болоход манай талбай жижигдээд эхэлсэн. Хүмүүс мэддэг болоод, олуулаа орж ирнэ. Тэр үед харж байгаачлан цөөн сандалтай болохоор багтахгүй. Тиймээс энэ жилийн зорилго маань кафегаа томруулах. Мэдээж энэ жил биелэхгүй байсан ч таван жилийн дараа зорилгодоо хүрчихсэн бас олон салбартай болсон байна аа.
Нэмээд хэлэхэд, бид ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг дэмжиж ажиллахыг хичээдэг. Тиймдээ ч сүү сүүн бүтээгдэхүүн хийдэг, манайхтай хоршиж болохуйц чанарын шаардлагад нийцсэн, шинжилгээний бичигтэй Монгол брэндийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүртээ байршуулж, хамтарч ажиллахад нээлттэй шүү.
Цагаан идээ бол сүүгээр дамжин бидэнд ирж байгаа өв уламжлал шүү дээ. Тиймээс энэ ондоошлоо хамтдаа дэлхийд танилцуулцгаая.

