HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Б.Баатархүү: Монголчууд ёс суртахууны маш өндөр өгөгдөлтэй. Гэвч одоо…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 04 сарын 22

HumanZ редакц “Шинэ үеийн мэргэн ухаан” урианыхаа доор Монгол соёл иргэншлийн үндсийг танин мэдэх, задлан шинжлэх, тайлан тайлбарлах агаад уламжлал шинэчлэлийн зохист харьцааг тэнцвэртэй байлгах, үзэгч сонсогчдодоо монгол соёл иргэншлийн үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх, уламжлан хөгжүүлэх иргэний ухамсрыг төлөвшүүлэхэд орших “Мэргэн Монголчууд” төслийг эхлүүлж байна. Уг төслийн хүрээнд эрдэмтэн судлаачид, өв тээгч, уламжлагчдаас Монголчуудын үнэт зүйлийг тодруулан, мэргэн ухааныг нь хуваалцах болно.

“Мэргэн Монголчууд” ярилцлагын булангийн тэргүүн зочин Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүтэй “Монголчуудын ёс суртахуун ба үнэт зүйл” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Ёс суртахуун ба үнэт зүйл

" 2013 оноос Соёл Урлагийн Их Сургуулиас санаачлан бусад шинжлэх ухааны академи болон их дээд сургуулиудтай хамтран нийслэл хот болоод орон нутагт социологийн болон асуулгын аргаар “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл”-ийн судалгааг хийсэн. Уг судалгааны үр дүнд Монгол хүний эрхэмлэн дээдлэх есөн зүйлийг тодорхойлсон. Эдгээр есөн зүйлд эх нутаг, өв соёл, гэр бүл, эрдэм боловсрол, нүүдэлчдийн ухаан, ёс суртахуун, төрт ёс гэх мэт багтана. Тиймээс үнэт есөн зүйлийн нэг нь ёс суртахуун. Үнэт зүйл гэдэг бол ямар нэг эд баялаг, мөнгө төгрөг биш. Харин Монгол хүний ямагт эрхэмлэн дээдэлж явах ёстой тэр зүйл. Онцлог нь гэвэл ёс суртахуун бол бүх үнэт зүйлийн суурь юм. Ёс суртахуун гэдэг үнэт зүйл байхгүй бол бусад үнэт зүйлс ч орших боломжгүй. 

Монголчуудын ёс суртахуун буюу бидэнд байх ёстой үзэл

Ёс суртахуун их энгийн. Түүнийг хэмжих хэмжүүр нь хүн хүнтэйгээ, хүн байгальтай зөв зохистой харьцах, хүндлэх явдал. Гэвч бидний ухамсартай байнга хамт явж байх ёстой ёс суртахуун доройтолд орчихсон. Тэр доройтол гудамжинд явж байхад л харагдана. Хогоо хаяж, ёс бус үгээр харьцаж, цахимд нэгнээ гутаан доромжилж байна.

Монгол хүн хээрийн чулууг газраас нь хөдөлгөвөл чулуу гурван жил газраа үгүйлж зовдог юм билээ гэж эх нутгийнхаа ширхэг чулууг ч амьдчилж үздэг ард түмэн. Монголчууд энэ ёс суртахууны үзлийг хүүхдүүддээ багаас нь суулгаж, энэ үзлээр хүмүүжүүлж ирсэн. Бид ярьдаг даа, хүн байх ухаан гээд… Тэгвэл энэ ухааныг одоо бид хүүхдүүддээ суулгаж байна уу гэвэл бас үгүй болчхоод байна. Ямагт үнэт зүйлийнхээ нэгдүгээрт байх ёстой ёс суртахууны урдуур мэдлэг, чамирхлыг тэргүүнд тавьдаг болж. Гэвч ёс суртахуунгүй мэдлэг бол хөнөөл юм. Тэр хүүхэд ирээдүйд хөнөөл хийх гэж өсөж байгаагаас ялгаагүй болно. Дээшлээд ёс суртахууны алдагдалтай хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ бүх тогтолцоог нурааж байдаг. Тиймээс дээр хэлсэнчлэн ёс суртахууныг доороос нь усалж, сууриар нь зөв тавих хэрэгтэй. Бидний суурь бол хүүхэд шүү дээ.

Одоо цаг үед хүүхдийн хүмүүжилд “хялбар арга” давамгайлж байна. Хүүхэд уйлахад гар утас өгч аргацаах, эрүүл уламжлалт хоолны оронд хийжүүлсэн ундаа, түргэн хоолоор орлуулах нь амар мэт боловч урт хугацаандаа донтолт үүсгэх, хяналтгүй, тэвчээргүй зан төлөвийг бий болгодог. Бага насанд суусан ийм дадал нь зөвхөн эрүүл мэндийн бус, ёс суртахууны асуудал болж хувирдаг.

Нийгэмд мөн “хялбар аргаар амьдрах” хандлага хүчтэй болсон. Хөдөлмөр, тэвчээр, бэрхшээл давж байж олж авсан мэдлэг, туршлага л хүнийг төлөвшүүлдэг. Харин богино зам хайх, бэлэн мэдээлэлд найдах, хуулж дуурайх нь хүнийг дотроос нь хоосруулдаг. Хүн зөрчилтэй тулгарч, түүнийг давж байж өсдөг. Харин энэ үйл явцыг алгасах тусам ёс суртахуун доройтдог.

Хүүхдийг багаас нь ёс суртахуунтай болгож төлөвшүүлэх тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хүүхэд хүмүүжлийн хамгийн чухал орчин бол нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт боловсролын байгууллагын орчин. Гуравдугаарт нийгмийн орчин буюу гаднах орчин. Маш сайн хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүүхэд гэрээсээ гараад сургууль, сургуулиасаа гараад автобусанд сууя гэж бодъё. Тэгэхэд тэр автобус дотор хараалаар нэгэнтэйгээ харьцаж хоорондоо хэдэр ёдор зан гаргаж ундуй сундуй байвал хүүхэд тийм л зүйлийг тэндээс сурна.

Цэцгийн үзүүр шарлахад дан үзүүрийг биш доорх хөрс, савыг янзалдаг шүү дээ. 

Үүнтэй адил гэр бүл, боловсролын орчин, нийгмийн хэв шинжид байх уламжлалт соёлын ойлголт дахь ёс суртахуунлаг байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх ухаанд; аав ээж хоёр нь ам мурийж байхад хүүхэд нь ороод ирвэл хэрэлдэхээ болидог, хүүхдэд улай үзүүлэхгүй гээд мал төхөөрөх, улааны идэш уушаа нүднээс далд бэлддэг ёс бий. Одоо бид хүүхдүүдээ төвөгшөөгөөд зурагтын удирдлага эсвэл гар утас, таблет зэргийг бариулаад суулгачихдаг. Гэвч тэд үзэж байгаа суваг, цахим орчиноос мал амьтан байтугай хүн алахыг ч дур чөлөөтэй үздэг болсон. Дээрээс нь эцэг эхчүүд, бусад хүрээллийн томчуудаас хүүхдэд үзүүлэх зөв үлгэр дуурайлал хомс болчихсон. Тийм учраас өнөөдөр, энэ нийгэмд хүүхдүүдийн дунд ёс бус үйлдлүүд гарч байна. Хүүхдийн өсөж бойжих орчинд нь юу байнга харагдаж байна тэрийг л хүүхэд дуурайдаг. Сүүлийн үед хүүхдүүд нэгнээ дээрэлхэж байна гээд л чих дэлсгэж байна. Үндсэндээ тэр бол дээрэлхэлт биш тэр бол гэмт хэрэг. Бид хүүхдүүдээ ёс суртахуунгүй өсгөж хүмүүжүүлсний үр дүнд харгис үйлдлээр гэмт хэрэг үйлдсээр байна.

Долоо, наймхан настай жаахан охин тамхи татаж үзжээ. Багш нь түүнээс яагаад ингэх болсныг асуухад “манай байранд байдаг гоё эгч тамхи татаад зогсож байдаг. Би тэр эгч шиг болно” гэсэн байдаг. Тэгэхээр бид ёс суртахууны чиг баримжаагаа ч сайн тодорхойлох хэрэгтэй. Хэний хажууд ямар байдлыг үзүүлэх болон эс үзүүлэх гэх мэт. Ерөөс тэгж багаас нь хүүхдүүдийн ёс суртахууныг дээдэлж, тэдний хүмүүжилд эергээр нөлөөлж чадвал хожмоо маш зөв ёс суртахуунтай, үнэт зүйлээ хамгаалж чадсан нийгэм, улс төр цаашлаад эх орны ирээдүйг бүтээж чадах юм. 

Гоё цэцэг тарья гэвэл хөрс шороог нь бэлддэгтэй адил. Хүүхэд бол цэцэг, ёс суртахуун бол хөрс шороо. 

Монголчуудын ёс суртахууны дортойтол ба шалтгаан

Түүхээс харахад алив шилжилтийн үе ёс суртахууны хамгийн тод жишээнүүдийг харуулж байдаг. 

Ёс суртахуун ямар үед хамгийн өгөгдөл сайн байсан бэ гэхээр Монголчуудын хамгийн хүчирхэг үе буюу бидний мандан бадарч байсан Монголын эзэнт гүрний үе, Чингис хаан ба түүний залгамжлагчдын байгуулсан тэр монгол гүрний үед. Тиймдээ ч бид түүхэндээ хамгийн тодоор мандан бадарч байсан. Энэ үед хариуцлагын тогтолцоог хамгийн чандаар сахиж ирсэн. Уул нь тухайн үетэй адил өнөөдөр ч төрийн түшээд, төрийн албаныхан, хуульчид тангараг өргөдөг. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ ээ гэж амлаад төрийн далбаанаасаа адис авдаг. Гэсэн ч няцдаг. Ард түмэн эх орныхоо эрх ашгийг хамгаалдаггүй, амин хувийнхаа эрх ашгийг хичээдэг. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ингээд л хариуцлагын тогтолцооноос эхлэх ёс суртахуун хамгийн муу үзүүлэлтийг үзүүлнэ. Үндсэндээ бол ёс суртахуунтай хүнд хулгай хийх, худал ярих ухамсар байдаггүй. Үүнийг чандлан сахиж байгаа тэр ёс суртахуунтай эрх мэдэлтнүүд цөөхөн учраас өнөөдөр манай улсын нөхцөл байдал тийм ч сайн жишигт хүрэхгүй байгаа. Учир нь бид дотроосоо буюу хамгийн доороосоо ялзраад эхэлж байгаа хэрэг.

Түүхийн хичээл дээр хамгийн түрүүнд л анхны төрт улс болох Хүннү эзэнт гүрний талаар үздэг. Хоёр мянга гаруй жилийн тэртээ Хятадын сурвалжит бичигч үлдсэн домгоос сөхөхөд: Хүннүгийн Модун Шаньюй хаанд хөрш орших Дунху гүрнээс нэгэн элч ирж түүнээс хайртай хатнаа өгөхийг шаарджээ. Хаан энэ тухай түшмэдээсээ асуухад зарим нь өг гэж, зарим нь төрийн хатнаа өгөхгүй ч гэж эсэргүүцэж. Гэсэн ч хаан хатнаа өгөөд явуулжээ. Элч хоёр дахь удаагаа ирэхдээ эрдэнийн сайн хүлэг морио өгөхийг шаарджээ. Мөн л өгнө, өгөхгүй гэсэн мэтгэлцээн болсон ч өгөөд явуулжээ. Элч гурав дахь удаагаа ирэхдээ хоёр улсын хооронд байх хэсэг газраа өгөхийг шаарджээ. Мөн л түшмэдээсээ асуухад өгөхгүй гэсэн нь байсан ч зарим нь тэрхүү эзэнгүй газраа өгчихье гэж байжээ. Тэгэхэд Модун Шаньюй хаан газар бол улсын үндэс хэмээж газар нутгаа өгөхийг зөвшөөрсөн түшмэдийг цаазлан цэрэглэн мордож Дунху гүрнийг мөхөөсөн гэх домог бий. 

Түүхчид ярьдаг лдаа. “Газар бол улсын үндэс гэж үзжээ. Нөгөө талаараа эхний хоёр удаа ирэхэд хаан эсэргүүцэх бэлтгэлгүй байсан. Гурав дахиа ирэхэд цэрэглэн дайрсан” гэж… Магадгүй бодит байдал тийм байж болно. Гэвч бид эндээс удирдагч хүний ёс суртахуун буюу эрх ашгийн эрэмбийг ойлгож авах ёстой.  Өөрөөр хэлбэл хатан, морь хоёр бол хааны хувийн асуудал, газар нутаг бол ард түмний болоод эх орных. Түүхийн энэ үеэс болон Чингис хааны болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн бол дэлхийн хамгийн том гүрэн байсан. Үүний гол нууц нь Монголчууд асар өндөр ёс суртахуунтай байсны нөлөө.

За дараа нь Манжийн үеийг ярихгүй бол болохгүй. Манжийн үеийг Монголын түүхэнд бол улс төрийн бутрал юу гэж ярьдаг. Энэ үед Монгол ноёд хоорондоо эв нэгдэлгүй болж, ээлж дараалан манжид урваж байжээ. Тухайн үед Урианхай буюу одоогоор Оросын Тува, хойшлох юм бол Буриадууд, баруун тийшээ Торгууд, Алтайн цаад Шинжааны Ойрадууд, урагшаа Дээд Монгол, Өвөр Монголын маш олон Монгол туургатан, элэг нэгтнүүдээ харьд тасалж байж өнөөдөр Халх гэдэг энэ хэсэг нь л тусгаар тогтнолоо авч үлдсэн. 

Дундад үед Монголыг удирдаж байсан тэр удирдагч нарын ёс суртахууны ялзрал доройтол, амин хувиа хичээсэн байдлын үр дагавар л дээрх юм. Тэгвэл өнөөдөр ч тухайн үеийн түүх ч давтагдаж байгааг харж болно. Эрх мэдлийн төлөө л ажиллаж амьдарч, хувийн жаргалаа гүйцэлдүүлэхийн тулд олон нийтийн буюу ард түмний эрх ашгийг үгүйсгэж байгаа нь олон. Нэг жилийн дотор хэдэн ч засаг төрийн нүүрийг үзэж байгаа юм тиймээ? Энэ бол бид нарын төрт ёс, ёс суртахууны доройтолдоо ганхаж байгаагийн нэг хэлбэр мөн үү гэвэл мөн. 

Ёс суртахууны асар өндөр өгөгдөлтэй хүн л удирдагч байх ёстой. Үгүй бол тэр удирдагч биш сүйрэл

Өнөөдөр Монголын нийгэмд ёс суртахууны доройтол илт мэдрэгдэх түвшинд хүрчээ. Энэ нь зөвхөн хувь хүний зан төлөвийн асуудал биш, харин улс орны хөгжилд нөлөөлөхүйц системийн шинжтэй сорилт болж байна. Ийм нөхцөлд бодлогын түвшинд боловсрол, гэр бүл, нийгмийн орчныг бүхэлд нь хамарсан шинэчлэл зайлшгүй шаардлагатай болж байна. Ялангуяа хүүхдийг зөвхөн мэдлэгтэй бус, хүн болгон төлөвшүүлэх асуудал хамгийн чухалд тавигдах ёстой.

Гэхдээ энэ асуудлыг зөвхөн төр, бодлогоор шийдэхээс илүү хувь хүн өөрөөсөө эхлэх шаардлагатай. “Би хэр ёс суртахуунтай хүн бэ?”, “Би хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?” гэсэн асуултыг хүн бүр өөртөө тавих хэрэгтэй. Ёс суртахууны үндсэн хэмжүүр нь бусдад шаардлага тавихаас өмнө өөртөө шаардлага тавих, өөрийгөө хянах чадвар юм.

Өөрийн эрх ашгийг хамгаалах нь зүй ёсны хэрэг боловч бусдын эрх ашгийг зөрчих ёсгүй. Жишээлбэл, цалин хөлсний асуудлаар дуугарч байгаа хүн өөрийн шаардлагыг илэрхийлэхдээ бусдыг дорд үзэх, харьцуулах замаар илэрхийлэх нь өөрөө ёс зүйн зөрчил болдог. Ёс суртахуун гэдэг нь ийм жижиг мэт боловч чухал ялгаанаас эхэлдэг. Үүнийг нэгэн жишээгээр тайлбарлая. Талбай дээр эмч нар цалингаа нэмүүлэх хүсэлтэй жагсаал хийж байсныг санаж байна уу? Тухайн үед нэгэн эмч залуу үзэл бодлоо илэрхийлсэн үгтэй цаас бариад зогсож байсан. Тэр цаасан дээрээ “би эмч гэхдээ тайчигчаас бага цалин авч байна” гэж бичсэн байдаг. Энэ бол ёс зүйн зөрчил. Тэр өөрийнхөө эрх ашгийг хамгаалахдаа бусдын байдал руу халдсан. Монголчуудын ёс суртахуунд тийм зүйл байгаагүй. Өрөөл бусдыг гутаан доромжлох, түүний үнэт зүйл, оршихуйг үгүйсгэдэггүй. Харин хамтдаа гарц хайж эв нэгдлийг түрүүнд тавьдаг байсныг олон эх сурвалжаас олж мэдэх боломжтой.

Ёс суртахуун бол хуулийг тулгахаас өмнөх дотоод хяналт

Монголын нийгмийн эмзэг асуудлуудын нэг нь архидалт болоод байгааг дээр дооргүй л ярьж байна. Хүүхдүүд хүртэл архи хэрэглэж байна гэх болсон.Энэ нөхцөл байдалд хууль, хориг арга хэмжээ дангаараа хангалтгүй. Хүн өөрөө өөрийгөө хянах, ухамсрын түвшинд зөв бурууг ялгах чадвартай байх нь илүү чухал. Зарим оронд шашин, соёлын нөлөөгөөр архидалтыг дотоод ухамсартайгаар хязгаарладаг нь үүний жишээ юм. Эл асуудлыг ярихад ч ёс суртахууны асуудал сөхөгдөх юм.

Уул нь манай ард түмэн бол дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт гэсэн архины хэрэглээний ёс суртахуунтай улс. Гэтэл одоо ч найр наадам ч тэр уламжлалт баяруудад ч тэр хоцорч ирвэл гурван хундага тат гээд барьчихдаг. Манай уламжлал, түүхэнд тийм ёс байхгүй. Бид буруу хэрэглээгээр ёс суртахууныг уландаа гишгэж байгаагийн л нэг илрэл. Хэрэвзээ багаас нь архи болон бусад хэрэглээг зөв зохистой хэрэглэх тухай ёс суртахуунд нь тусгаад өгчихсөн бол энэ нийгмийн хүнд асуудал болохгүй байсан.

Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт

Ёс суртахууны үнэт зүйлд уламжлал, соёлын ойлголт байнгын уялдаа холбоотой. Бидний уламжлал, соёл нь бидний дотоод хяналт, онцлог болдог. Өнөөдөр нийгэмд энэ дотоод хяналт сулдаж, оронд нь гаднах хэлбэр давамгайлах болсон. Үүний тод жишээ нь уламжлал, соёлыг буруу ойлгож, зөвхөн хэлбэрдэж хэрэгжүүлэх хандлага юм. Уул овооны тахилга нэрийн дор байгальд хог үлдээх, сүү өргөж байна хэмээн бусдын эд хөрөнгөнд сүү асгах, үндэсний хувцсыг утга агуулгаас нь тасалж, зөвхөн гоёлын хэлбэр болгож хэрэглэх зэрэг нь ёс суртахуунгүй үйлдлийг уламжлал нэрээр зөвтгөж буй хэрэг юм.

Уламжлал гэдэг нь зүгээр нэг өнгөц зан үйл биш, харин олон зуун жилийн турш шалгарч үлдсэн амьд үнэт зүйлсийн цогц юм. UNESCO-ийн баталсан соёлын биет бус өвийн тухай конвенц ч үүнийг онцолдог. Соёлын өвийг хадгална гэдэг нь зөвхөн судлаачдын ажил биш, харин олон нийтийн, ялангуяа залуу үеийн ойлголт, хүндэтгэл дээр тулгуурладаг. Монголчуудын хувьд морин хуур, уртын дуу, наадам зэрэг нь зөвхөн соёлын элемент биш, харин хүний хүмүүжил, ёс суртахуунд нөлөөлөх амьд үнэт зүйлс. Гэвч эдгээрийг утга агуулгаас нь салгаж, зөвхөн хэлбэрдүүлэн хэрэглэх нь “мөн чанаргүй хэлбэрдэлт” болж хувирч байна.

Цагаан сар ч мөн адил. Эртнээс төрийн баярын хэмжээнд тэмдэглэгдэж ирсэн энэ уламжлал өнөөдөр ихэвчлэн идээ, ундааны баяр болон хувирчээ. Үндсэн утга нь хүндлэл, эв нэгдэл, шинэ эхлэлийн бэлгэдэл байхад бид түүнийг зөвхөн идэж уух, гоёж харагдах хэлбэрт баригдуулж байна. Энэ нь ёс суртахууныг агуулгаас нь салгасан хэлбэрийн тод жишээ юм.

Нөгөө талд, нийгмийн эмзэг асуудлууд болох архидалт, бухимдал, бие биедээ төвөг учруулах хандлага ч энэ дотоод хяналт алдагдсантай холбоотой. Хүн өөрийгөө хянах чадваргүй болсон үед ёс суртахуун нурж, нийгмийн уур амьсгал доройтдог.

Ёс суртахуун гэдэг нь гаднаас тулгах зүйл биш. Энэ бол дотоод ухамсар, соёл, уламжлал, хувь хүний хариуцлагын огтлолцол дээр бий болдог үнэт зүйл юм. Хэрэв хүн бүр өөрийгөө хянаж сурвал нийгэм бүхэлдээ өөрчлөгдөнө.

Монгол хүний мөн чанар ба бидний алдаж буй зүйл

Өөрсөд дунд маань “Монголчууд угаасаа ийм муухай зан чанартай” гэх ойлголт түгээмэл боллоо гэж байна. Гэвч энэ нь бодит үнэн биш. Харин эсрэгээрээ түүхэн сурвалжуудад Монгол хүнийг шударга, чин сэтгэлтэй, бусдад төвөг учруулахыг цээрлэдэг ард түмэн байсан гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид муу болоогүй харин өөрсдийнхөө мөн чанараас холдсон.

Энэ өөрчлөлтийн нэг шалтгаан нь хялбар амьдралын сэтгэлгээ. Аль болох бага хөдөлмөрөөр ихийг авах хүсэл нь худал хуурмаг, шударга бус байдал руу хөтөлдөг. Урьд нь Монгол хүн санамсаргүйгээр бусдад төвөг учруулсан ч сэтгэл зовдог байсан бол өнөөдөр санаатайгаар бусдын эрхийг зөрчих нь хэвийн мэт болжээ.

Нөгөө талаас нийгмийн эв нэгдэл алдагдаж байна. Монгол соёлд хүн бүр өөрийн үүрэгтэй, тэр үүргээ биелүүлснээр нийгэм урагшилдаг байсан. Ахмад нь туршлагаа, залуу нь эрч хүчээ, дунд үе нь хариуцлагаа үүрдэг байжээ. Гэтэл өнөөдөр үе хооронд, хүйс хооронд, улс төрийн үзлээр талцуулах хандлага нэмэгдэж, энэ эв нэгдэл сулдаж байна.

Монгол хүн гэдэг нь зөвхөн гарал угсаа биш. Харин байгалиа хайрладаг, бусдыг хүндэлдэг, шударга, нинжин сэтгэлтэй, ёс суртахуунтай хүнийг хэлнэ. Энэ бол Монгол хүний мөн чанар.

Гэтэл өнөөдөр бид газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалсан ч энэ мөн чанараа алдах эрсдэлд оржээ. Тиймээс “Монголоо алдлаа” гэх нь газар нутгаа бус, харин дотоод үнэт зүйлээ алдаж байгааг илэрхийлдэг. Бид дэлхийд хүчирхэг байдлаараа эргэн ирэх ёстой, хөгжлийг түүчээлэх ёстой гэдэг. Үүний тулд өөрсдийн ёс суртахууныг суулган хэл, соёл, уламжлалаас суралцах ёстой. Монголчууд “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж хэлдэг. Тэр авдар бол бидний ёс суртахуун, түүх, өв соёл. Тэнд бидэнд хэрэгтэй бүх зүйл бий.

Одоо бидэнд хамгийн чухал нь ёс суртахуунтай Монгол хүнийг төлөвшүүлэх явдал юм

МЭРГЭН МОНГОЛЧУУД

HUMANZ

WISDOM OF NEW GEN

ДЭЛХИЙД | АНУ цаашид ТикТок-ийг хориглох уу
ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
“СУРРОН” унаж замын хөдөлгөөнд оролцсон 32 хүүхэд осолд өртжээ
“Зая Гэгээний Хүрээний гэгээрэл бясалгалын өдрүүд” бурхны шашны үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?