Засгийн газраас эхлээд аймаг хүртэл үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх албан ёсны вэбсайттай. Төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсууд бий. Метагаас авсан цэнхэр тэмдэгтэй. Дийлэнх төрийн байгууллагуудад хэвлэлийн алба, хэлтэс, төлөөлөгч байдаг. Тэд албан мэдээ бэлтгэж олон нийтэд хүргэдэг, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү илгээдэг. Тухайн өдөр юу болсон тухай мэргэжлийн камераар авсан зурагтай, албан тексттэй. Энэ ажлыг гүйцэтгэсний төлөө хөвлэлийн албаны ажилтнууд иргэдийн татварын мөнгөөс бүрдсэн төсвөөс цалинждаг. Дараалал нь маш ойлгомжтой. Хүнсний яам байлаа гэж бодоход олон нийтэд мэдээлэл бэлтгэж өгөх орон тооны 1-2 хүн заавал ажилладаг. Сүүлийн үед төр хэмнэлтийн хууль ярьж, хэвлэлийн албуудаа татан буулгалаа гэх боловч даргын “Reel” хийдэг хүнгүй байгууллага гэж байхгүй. Харин ч reel-ийг хэн гоё хийх вэ гэдэг эрэлт үүссэн гэхэд буруудахгүй. Уншигч та Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын засгийн газар, Parliament.MN зэрэг хуудсууд руу ороод үзээрэй. Цаашлаад бүх яамдын нэрээр вэбсайт, цахим хуудас бий. Зарим нь тогтмол идэвхтэй ажилладаг бөгөөд мэргэжлийн хэмжээнд бэлтгэсэн мэдээ оруулдаг. Ихэнх нь даргынхаа уулзалтын зургийг “Санал солилцлоо, чиглэл өглөө, уулзалт хийлээ, хамтын ажиллагааг сайжруулна” гэсэн гарчигтай нийтэлдэг. Энэ мэдээг хэвлэлийнхэн усан мэдээ гэж нэрлэдэг. Нэг хэсэг нь юу ч хийдэггүй. Аль нь ч бай төсвийн мөнгөөр санхүүжсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа гэсэн үг.
Нэг давуу тал нь, хэрэв та үнэхээр сонирхвол анхны эх сурвалжаас шууд мэдээлэл авах боломжтой бөгөөд иргэдэд үзүүлэх гэж л тэнд хүмүүс хөдөлж байгаа болов уу. Магадгүй улс төрийн мэдээлэл сонирхдог бол албан ёсны хуудсуудыг эх сурвалж болговол дараа хариуцлага нэхэх, шийдвэрүүдийг хооронд нь тулгах, төрд ажиллаж буй хүмүүсийн ярианы бодит байдал, хандлагыг тодорхой харах боломжтой юм шүү л гэж.
Хийх нь ч яах вэ, тухайн орон тоон дээр ажил үүргээ гүйцэтгэж яваа хүний хөдөлмөр. Гэхдээ тэр хийсэн ажлыг нь иргэд үзээд хангалттай мэдээлэл авч чаддаг болов уу. Үнэхээр олон нийтэд хүрээд, ойлголт өгөөд, ажил урагшлахад нөлөөлдөг болов уу. Бүр цаашлаад эдгээр чамин бичлэг, чанартай зураг, албан үгээр холбосон мэдээллийг үзэж амждаг болов уу. Үйлчилгээний салбараас эхлээд жинхэнэ төсөв бүрдүүлж буй хувийн хэвшилд ажилладаг хүмүүс бол юун төрийн мэдээ унших. Юун фэйсбүүк эргүүлэн өнжих. Ерөөс цалин буухад төлөх нэхэмжлэл, зээл, төлбөрийн хооронд яваа хүмүүс гар утсаараа төрийн байгууллагын вэбсайт эсвэл албан хуудас руу орж мэдээлэл уншиж, үздэг болов уу.
Арав орчим жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа албан мэдээг бичиж явжээ, түгээж иржээ, одоо ч хамтын ажиллагааны хүрээнд, чухалд тооцсоныгоо нийтэлж буй. Гэхдээ энэ хийгээд байгаа ажлын үр дүн юу вэ. Дарга нарын REEL болон “уулзалт хийлээ, санал солилцлоо” гэсэн гарчигтай албан мэдээ хоёр энэ нийгэмд яг ямар хэрэгтэй юм бэ гэдэгт тулчихлаа. Хийхгүй байя гэхээр хамтын ажиллагааны хүрээ хумигдана. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг тул жишгээ дагана. Атал үр дүн, өгөөжийг олж харахгүй байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус яваад байдаг. Ажиглаад байхад улс төр, сэтгүүл зүй гэдэг хоёр салбар учиргүй их ажиллаад байгаа юм шиг хэрнээ нийгэмд үлдээх үнэ цэн, эерэг үр нөлөө нь хангалттай биш юм даа..
