Эрүүл мэндийн яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Олон улсын хавдрын хяналтын холбоо (UICC), Америкийн эмнэл зүйн хавдрын нийгэмлэг (ASCO) хамтран “Олон мэргэжилтэн хамтарсан багийн хөхний хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Гурван өдрийн энэхүү сургалтыг олон улсын 9 мэргэжилтэнтэй баг явуулж байгаа ба аймаг орон нутаг, дүүрэг, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдар судлаач эмч, дүрс оношилгооны эмч, мэс заслын эмч, хими эмчилгээний эмч, эмгэг судлаач эмч, эм зүйч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, хөнгөвчлөх эмч, сэтгэцийн эмч, нөхөн сэргээх мэс заслын эмч, туяаны их эмч, сувилагч зэрэг 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна.
2021 онд ДЭМБ-аас хөхний хавдрын дэлхийн санаачилгыг гаргаж 20 жилийн хугацаанд жил бүр хөхний хавдрын нас баралтыг 2,5%-иар бууруулах зорилт тавьсан. Ингэхдээ эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэх, оношлох болон хөхний хавдрын цогц менежментийг хэрэгжүүлэх гэсэн гурван чиглэлийн стратеги агуулж улс орнуудыг эрт илрүүлэх, эмчлэх тогтолцоог бэхжүүлэхээр заасан байдаг.
Манай улсын хувьд хөхний хавдар эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын 4-р байранд орж, жилээс жилд тохиолдлын тоо нэмэгдэж байна.
Сургалтаар хөхний хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний уялдаа холбоог сайжруулахад эмч мэргэжилтнүүдэд хэрэгцээтэй орчин үеийн мэдлэгийг олгох юм.
