Өдөржин завгүй ажиллаж, өөртөө амрах зав гаргалгүй явсаар ядарч туйлдах нь олонтаа. Гэвч урт хугацааны амралт заавал хэрэгтэй гэж бодох хэрэггүй. Богинохон хугацаанд ч зөв аргаар амарвал эрч хүчээ нөхөж, ажлаа илүү сэтгэл хангалуун үргэлжлүүлэх боломжтой. Ингээд бид танд ердөө 60 секундэд ядаргаагаа тайлах энгийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Тааз руу хараад 60 секунд тоолоорой
Толгойгоо дээш өргөн тааз руу харахад хүзүү, нурууны даралт багасч, нүд амардаг. Ингэхдээ 60 хүртэл аажуухан тоолоход тархи тайвширч, ядаргаа мэдэгдэхүйц буурна. Энэхүү энгийн үйлдэл нь ажлаа дахин эрч хүчтэй эхлэхэд тусална.
Нэг минутын бясалгал хийх
Бясалгал хийхийн тулд заавал тусгай байрлал авах шаардлагагүй. Зүгээр л тухтай сууж, нүдээ аниад өөрийгөө байгальд, далайн эрэг дээр эсвэл тайван орчинд амарч байна гэж төсөөлөөрэй. Ердөө нэг минутын турш ингэж бодох нь тархийг амрааж, сэтгэл санааг сэргээдэг.
Хийх ажлуудаа бичиж тэмдэглэ
Ажлын байраа орхихгүйгээр амрах нэг арга бол хийх шаардлагатай ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих юм. Ингэснээр толгой доторх ачаалал багасч, ажлууд илүү ойлгомжтой болж, аль хэдийн хийсэн зүйлсээ ч анзаарч эхэлдэг.
Тайвшралыг мэдрэх дасгал
Тэгш зогсоод гараа залбирах мэт нийлүүлж, нүдээ аниарай. Яг одоогийн биеийн болон сэтгэлийн мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүлж, нэг минут чимээгүй зогсоход хангалттай. Анх удаа шууд үр дүн мэдрэгдэхгүй байж болох ч давтан хийвэл тайвшрал аяндаа бий болдог.
Амьсгалын энгийн дасгал
Гүн амьсгал авч, аажмаар гаргах нь булчинг суллаж, зүрхний хэмийг тогтворжуулдаг. 10 удаа ингэж амьсгалахад стресс, ядаргаа мэдэгдэхүйц буурч, сэтгэл санаа тайвширна.
Ердөө 60 секунд л сөрөг бодлоос түрхэн зуур холдож, өөрийгөө сэргээхэд хангалттай. Хамгийн гол нь тэр хугацааг өөртөө зориулж, зөв ашиглах явдал юм.
