Бид хуучин оноо үдэж, дахин нэгэн шинэ оныг угтаад даруй долоо хоног өнгөрөх гэж байна. Шинэ оноо баяр хөөр, утга учиртайгаар хүлээн авч, ирэх оноо төлөвлөх, өөрийгөө илүү сайнаар төсөөлөөгүй хүн бараг үгүй биз ээ.
Тэгвэл он солигдох энэхүү үйл явдалтай хамт яригддаг “шинэ оны эффект” буюу шинэ он эхэлсэнтэй холбоотой сэтгэл зүй, хандлагын нөлөөлөл гэж юу вэ? Энэ нь бодит өөрчлөлт үү, эсвэл түр зуурын сэтгэл хөөрөл үү?
2026 оныхоо нөхцөл, нөөц, төлөвлөгөө, төсөөллийг дахин нягталж харахад энэ асуулт зайлшгүй хэрэгтэй.
Шинэ эхлэл гэсэн сэтгэл зүйн дохио
Шинэ он хүний тархинд нэг төрлийн “таслах цэг” үүсгэдэг. Өчигдөр ба өнөөдөр, хуучин ба шинэ гэсэн зааг тодорч, хүмүүс өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ төсөөлж эхэлдэг мөч юм.
“Өнгөрсөн жил ийм байсан, харин энэ жил өөр байж болно” гэх итгэл найдварын төсөөлөл бидний тархинд идэвхжинэ. Үүний зэрэгцээ урам зориг, хүлээлт, өөртөө өгч буй амлалт нэмэгддэг. Иймдээ ч шинэ оны эхэнд хүмүүс илүү эерэг, илүү зоригтой шийдвэр гаргах хандлагатай болдог. Өөрөөр хэлбэл, бид аль хэдийн “шинэ эхлэл” гэсэн сэтгэл зүйн дохиог хүлээн авчихсан байдаг.
Гэвч бодит байдал дээр энэ эффект ихэнхдээ түр зуурынх. Харамсалтай нь хэдхэн долоо хоногийн дараа хуучин хэмнэл, хуучин зуршил аажмаар эргэж ирдэг. Энэ бол хүсэл ба бодит байдлын зөрүү юм. Шалтгаан нь бид бодит нөхцөл, нөөцөө нэгдүгээрт тавихаас илүүтэй хүсэж буй төсөөллөө нэгдүгээрт тавьдагтай холбоотой. Он солигдох мөчид маргаан, бухимдал, ялгаатай байр суурь хүртэл түр хойшлогдож, “дараа ярья” гэсэн хандлага давамгайлна.
Гэвч үүний нөгөө талд нийгмийн чимээгүй дарамт бий болдог. Жишээлбэл:
- “Шинэ он гарч байхад баярлах ёстой”
- “Заавал өөрчлөгдөх ёстой”
- “Илүү амжилттай байх ёстой” гэсэн бичигдээгүй шаардлагууд он солигдсон эхний өдрүүдэд олон ажлыг хойш тавихад хүргэдэг. Ингэснээр хэсэг хугацааны дараа хойшлуулсан асуудлууд овоорч, бидний төлөвлөгөөний эсрэг дарамт болж хувирах эрсдэлтэй.
Шинэ оны эффектийн алдагдал
Шинэ оны эффект ихэвчлэн том зорилго дээр алдагддаг. “Энэ жил бүхнийг өөрчилнө”, “шинэ амьдрал эхэлнэ” гэх мэт ерөнхий зорилгууд бодит алхамгүй учраас удаан тогтдоггүй. Ингээд шинэ он бидэнд итгэл найдвар өгсөн ч, тэр итгэлийг даах систем, дадал үүсэж чадалгүй замхардаг.
Өөрчлөлт гэдэг нь он солигдох агшинд бус, баяр дууссаны дараах энгийн өдрүүдэд эхэлдэг.
Шинэ оны зорилго нурдаг хамгийн том шалтгаануудын нэг нь хэт олон зорилго буюу бүгдийг нэг дор өөрчлөх гэж оролдох явдал. Жишээлбэл:
- “өглөө эрт босно
- дасгал хийнэ
- ном уншина
- хоолны дэглэм барина
- шинэ ур чадвар сурна” зэрэг өөрт байдаггүй бхий л дадлуудыг нэгэн дор эхлүүлэх нь богино хугацаанд урам зориг өгдөг ч удалгүй тархинд ачаалал болж хувирна. Тархины хувьд тогтвортой өөрчлөлт бол нэг дадлыг автомат болгох процесс юм.

Шинэ оны эффектээс авч үлдэх бодит байдал
Шинэ ондоо төлөвлөсөн бүх төлөвлөгөөгөө төсөө лдөө. Яг хаанаас нь эхлэх вэ? Эхлүүлж амжсан уу?
Төлөвлөгөө бол “юу хийх вэ” гэсэн хариулт. Харин дадал бол “би үүнийг автоматаар хийдэг хүн үү” гэсэн түвшин. Хүн өдөрт дунджаар олон зуун шийдвэр гаргадаг бөгөөд тархи аль болох эрч хүч хэмнэхийн тулд давтагддаг үйлдлүүдийг автомат горимд шилжүүлдэг. Тиймээс ухамсартайгаар санаж, өөрийгөө шахаж хийдэг зүйл удаан тогтдоггүй.
Шинэ оны төлөвлөгөө амьд үлдэхийн тулд тархины энэ механиктай нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө дадал болж хувирснаар бид шинэ оны эффектийн сөрөг нөлөөлөлд орохгүй.Олон хүн “би залхуу”, “би тогтворгүй” гэж өөрийгөө тодорхойлдог. Гэтэл судалгаагаар хүний үйлдлийн ихэнх нь зан чанараас бус, орчин ба давтамжаас хамаардаг. Өөрөөр хэлбэл, шинэ дадал гэдэг нь “өөр хүн болох” тухай биш, харин өөр орчин, өөр систем бий болгох тухай юм.
Бидний дунд “21 хоногт дадал тогтоно” гэсэн түгээмэл ойлголт бий ч энэ тоо нь шинжлэх ухааны нарийн баталгаагүй.
Лондонгийн University College London-ийн судалгаагаар:
- шинэ дадал тогтоход дунджаар 66 хоног
- харин 18–254 хоног хүртэл хэлбэлздэг гэсэн судалгаа бий. Ингэхдээ эдгээр тооны чанар нь дадлын хүндрэл, давтамж, хувь хүний орчноос хамаарна гэжээ. Тиймээс “Би энэ шинэ дадлыг гурван долоо хоног хийсэн, болохгүй юм байна” гэж дүгнэх нь эрт.
Тогтвортой дадалд энерги бага шаарддаг, бараг эсэргүүцэл үүсгэдэггүй үед л тогтдог.
Шинэ оны эффект бол ид шид биш. Харин боломжийн цонх юм. Тэр цонхоор дараах дарааллаар орж чадвал утгатай:
- хүсэл → бодит нөхцөл
- зорилго → хэмжигдэхүйц алхам
- төлөвлөгөө → тогтмол дадал
2026 оноо “ямар хүн болох вэ” гэж төсөөлөхөөс илүү “ямар жижиг дадлыг тогтмол хийж чадах вэ” гэдгээс эхлэх нь илүү бодит.

Шинэ он бол бүхнийг нэг дор өөрчлөх шаардлага биш, зөв чиглэлд хөдөлж эхлэх боломж юм. Оны төгсгөл ч хүрэхгүйгээр тухайн оныхоо сөрөг эффектэд орохгүйн тулд өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх, нэгэн удаагийн алдаанаас болж бүх зорилгоо хойш тавихгүй байх, дадлын хүчийг өөртөө зөв суулгахыг хичээгээрэй. Том зорилгоос илүү өдөр бүр давтагддаг жижиг үйлдэл л бодит өөрчлөлтийг бий болгодог. Учир нь хүний амьдралыг шийддэг зүйл нь нэг удаагийн шийдвэр бус, дадал юм. Дадал тогтох тусам үйлдэл хүч шаардахгүй, автоматаар хийгдэж эхэлдэг. Алдаа гарна гэдэг зорилго нурсан гэсэн үг биш, харин системээ засах дохио. Хүсэл зоригт найдсанаас давтамж, орчин, урамшуулалд түшиглэсэн дадал илүү тогтвортой. Шинэ оны жинхэнэ утга нь төгс эхлэлд бус, дадлаар үргэлжилж чадсан энгийн өдрүүдэд оршдог.
