2025 он өндөр үүдээ хаалаа. Бидний амьдралд нэгэн жилийн 365 хоног үргэлжилж баяртай, гунигтай, ердийн хормууд дахин нэгэн жилийн цаглавараар оюун бодолд, сэтгэл зүрхэнд тэмдэглэлтэй үлдэх нь…
Аа бас дэндүү харуусмаар нь… Биднээс хэн нэгэн үүрд одож тэнгэр болжээ.
Улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан, спорт, хэвлэл мэдээлэл, нийгмийн идэвхтний салбарт өөр өөрийнхөөрөө ул мөрөө үлдээсэн, олон нийтэд хүндлэгдсэн эрхмүүд биднийг энэ онд орхилоо. Тэдний зарим нь нэгэн үеийнхнийхээ дуу хоолой байж, зарим нь чимээгүйхэн бүтээж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс байсан юм.
Хүн бүрийн амьдрал өөр. Гэвч нийгэмд үлдээсэн нөлөө, үнэ цэн, үлгэр жишээ нь тэднийг бидний дурсамжид үлдээдэг. 2025 онд биднийг орхисон эдгээр эрхмүүдийн хийсэн ажил, хэлсэн үг, бүтээсэн үнэт зүйлс нь цаг хугацаанаас үл хамааран амьдарсаар байх болно. Тэднийг бид мартахгүй.
Энэхүү нийтлэл нь хэн нэгнийг ялган дүгнэх бус, амьдралынх нь утга, нийгэмд үлдээсэн нөлөөг сануулах, тэдний нэрийг хүндэтгэлтэйгээр дурсах зорилготой.
ЦЭНДСҮРЭНГИЙН ЭНХМАНЛАЙ (1956-2025)

Монгол Улсын Төрийн Соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, гоцлол гитарчин, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь Монголын рок поп хөгжмийн түүхэн дэх тод од. Салбарынхаа “алтан үе”-ийг тамгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлч байв. Түүний хоолой зөвхөн дуулахаас илүүтэйгээр эрх чөлөө, эр зориг, шударга ёсны мэдрэмжийг илэрхийлэм тайвуу хийгээд уужим. Тэрээр 20 гаруй кино, жүжгийн хөгжмийг туурвижээ. 1987 онд ”Мэргэн Бөөдий” телевизийн богино хэмжээний УСК, 1992 онд “Босоо ороолон” МУСК, 1993 онд “Өдрийн оддын зүгт” МУСК, 1995 онд “Шувуухай” МУСК, мөн тус онд “495” рокдрамын жүжиг, 1997 онд Японы NHK телевизийн “Нар хиртэлт” баримтат киноны хөгжим, 1999 онд“Тэнхээтэй сэтгэл” МУСК, мөн ондоо “Амьдралын урсгал” МУСК, “Сэтгэлд шивнэсэн үг” МУСК, 2001 онд “Амин хайр”, “Будлиан” МУСК-ны хөгжмийг бичиж найруулжээ. Түүнчлэн Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжиг, “Жамуха” жүжиг, “Бүгд унтаж байхад” зэрэг жүжгийн хөгжмийг зохиосон юм.
Мөн “Харанга” рок хамтлагийн анхны “Амьдрал” тоглолтoo нэрлэсэн “Амьдрал” дууны үг, ая, “Аялгуу”, “Кисс ми”, “Шивнээ” зэрэг дууны ая, “Зэрэглээ”, “Энэ бол дурлал биш”, “Зүүдэндээ би хайртай”, “Шүүдэр цэцэг”, “Манан”, “Тийм ээ”, “Алсын гялбаа” зэрэг дууны шүлгүүд, “Зөвхөн Монголдоо”, “Аялгуу”, “Чамдаа дуулах дуу”, “Блюз”, “Кисс ми”, “Аавдаа” зэрэг дуунуудыг “Харанга” хамтлагтай хамтран дуулж, олны хүртээл болгожээ. Улмаар “Хүжийн гал”, “Өссөн нутаг”, “Бүүвэйн дуу”, “Отгонтэнгэр”, “Хүү чинь таныгаа” зэрэг хувийн уран бүтээлүүдээ туурвиж, 2006 онд “Амьдрал аялгуу” цомгоо сонсогчдодоо хүргэсэн юм.
1994 онд бие даасан “Учралын хорвоо”, 2006 онд “Амьдрал аялгуу” тоглолтуудаа үзэгчдэд хүргэж байлаа.
Тэрбээр Монголын бүх цаг үеийг рок попын уран бүтээлчдэд зориулан “Чамайг тоссон зам”, “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Амласан хайр” тэргүүтэй олон арван хит дууг зохиож тайзнаа амилуулж байлаа.
Ай даа хүний амьдрал
Эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм даа /Ц.Энхманлай/
БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОН (1955-2025)

Цөөхөн ч дотортой намуухан үгс, донжтой зассан буурал сортой эл эрхэм бол Монголын урлагийн түүхэнд, сэхээтний гавьяаг үргэлжлүүлсэн чухал хүн. Тэрээр нэрт уран бүтээлчээс гадна Монголын залуу хойч үеийн оюун санааны хөтөч, итгэл найдвар, тулах цэг нь болж, урлагт дуртай хэн бүхэнд жигүүр ургуулан, өсөж өндийхөд зүрх сэтгэлээ зориулж чаддаг шилдэг продюсер байсан төдийгүй Монголын рок поп хөгжмийн урлагийн уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Пентатоник” академийн ерөнхийлөгчөөр сүүлийн 20 шахам жил манлайлан ажилласан. Тэрээр дэлхийн болон Монголын рок поп хөгжмийн түүхийн арвин сан хөмрөгтэй үзэгч, сонсогчдыг ойртуулж, иргэдийн хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд өөрийн амьдрал, үнэт зүйлээ зориулан нийгмийн салбар бүрд үр бүтээлтэй ажилласан залуу уран бүтээлчдийг халамжлан хүмүүжүүлэгч, нэрт соён гэгээрүүлэгч юм.
Тэрээр “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны гишүүн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Б.Долгион нь алдарт “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулж, түүхэн замналын хугацаандаа 200 гаруй уран бүтээлийг туурвисны дотроос түүний зохиосон “Урин хавар ирлээ”, “Хослон” дуулъя”, “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Сэхүүн салхи”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Ганцхан чамдаа”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Инээмтгий хүн”, “Цасан үлгэр”, “Намрын гуниг”, “Учралын блюз” болон “Тайтгарал” зэрэг хит дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдэж, хүн бүрийн сонсох, дуулах дуртай дуу болж, үүгээрээ Монголын дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлэн, урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан шилдэг уран бүтээлч юм.
Магадгүй тэр биднээс алсарсан ч ээжийнхээ энгэрт эрхэлж яваа биз ээ…
Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг
Уужим болгон тэлсэн билээ
Аа аа аа аа аа аа аа
Уужим болгон тэтгэсэн билээ /Б.Долгион/
ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ (1942-2025)

Тэрээр бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан. Төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1992-1997 оны хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон.
Хаашаа явахаа мэдэхгүй хүн хаана ч хүрдэггүй /П.Очирбат/
ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ (1932-2025)

Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Х.Цэвлээ гуай тэнгэр болов. Бид эртнээсээ эрдэм мэдлэгтэй, соёлч, бүтээлч хүмүүсээ хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлалтай. Тэгвэл бидний түүхэн дэх нэгэн сэхээтэн эрхэм биднээс алсарлаа.
Х.Цэвлээ нь нийгмийн шилжилтийн үед монголын сэтгүүл зүйн салбарыг манлайлж, “Үнэн” сониноор дамжуулан “Ардчилсан хувьсгалын тохироо бүрдлээ”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Тэжээгчээ алдвалтэтгэврийг хэн хариуцах бэ?”, “Хөл нүцгэн сэхээтэн” зэрэголон арван нийтлэлээр дан ганц намын бус ардчиллынүзэл санааг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн онолын судалгааны хүрээнд татан оруулж, “сэтгүүл зүйн түүхийн дурсгалт бичиг мөн” гэж нотлохыг оролдсон нь монголын сэтгүүл зүйн онол, практик төдийгүй “Монголын нууц товчоо”-ны Олон Улсын судлалд үнэ цэнтэй, шинэлэг судалгааны ажил болжээ.
Монголын үндэсний сэтгүүл зүйн онолын болонпрактик сэтгэлгээний шинэчлэлд өөрийн мэдлэг, боловсрол, ур чадварыг зориулан ажилласан тэрээр “Миний сэтгүүл зүй 1, 2”, “Нийтлэл зүйн тухай яриа”, “Өвөөгийн жор 1, 2”, “Монголын шилдэг нийтлэлийн 59 дүгээр боть” зэрэг үе үеийн багш, оюутан, сэтгүүлч,эрдэмтэн, судлаачдын гарын авлага, сэтгүүл зүйн сургалт, судалгааны үнэ цэнтэй бүтээлүүд болон хөрөг нийтлэлийн“Ээж бидэн хоёр”, “Алтан тууж”, “Дээлтэй судар”, “Болорсудар”, “Манай үеийн баатрууд”, “Сониндумаа”, “Сүмбэргурван оргил”, “Хоточ цагаан банхар”, “Нандин чанар”, “Үзэг бидэн хоёр” зэрэг ном, товхимлыг туурвисан юм.
Сэтгүүлзүйн зорилго бол Монголын ард түмний амьдралыг хамгаалж, урт наслуулах явдал /Х.Цэвлээ/
ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ (1976-2025)

Монгол Улсын хүчит арслан, гавьяат тамирчин Д.Ганхуяг мөн эл онд тэнгэр болов. Түүний даруу зан, сайхан сэтгэлийг шогшрох хүмүүсийн үг эртэд ч хожид ч чанга байсаар.
Тэрээр бага наснаас бөхийн спортыг сонгон хичээллэж, 2000 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Улсын начин цол, 2008 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн бөгөөд 2002 онд тав даван шөвгөрч “Өсөх идэр” чимэг, 2005 онд тав даван шөвгөрч “Улам нэмэх” чимэг, 2006 онд тав даван шөвгөрч “Хурц шаламгай” чимэг, 2009 онд найм даван үзүүрлэж “Үлэмж бадрах” чимэг, 2010 онд тав даван шөвгөрч “Уран мэхт” чимэг, 2011 онд тав даван шөвгөрч “Өрнөн дэлгэрэх” чимэг тус тус хүртжээ.
Д.Ганхуяг нь арал чац томтой, баруун талтай, тахимдах, хутгах, хөмрөх үндсэн мэхтэй, улсынхаа баяр наадамд нэг түрүүлж, 1нэг үзүүрлэн нийт найман удаа шөвгөрсөн хүчит бөхчүүдийн нэг байлаа. Мөн улсын начин цолоос шууд улсын арслан цолд хүрсэн бөхчүүдийн нэгэн төлөөлөл юм.
Түүнийг сагсан бөмбөгийн лигийн “Генералууд” багт тоглож байсныг спортын хорхойтнууд андахгүй. Өөрийг нь өвчсөн мэт дуурайсан хүүгийнхээ дээлийн захыг сагсан бөмбөгийн талбайд мушгин суугааг нь өнгөрсөн жилүүдийн дээд лигийн тоглолтуудад харах дулаахан байв.
Ёс зүйтэй, зөв хандлагатай байхыг л жудаг гэнэ. /Д.Ганхуяг/
ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР (1976-2025)

Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар бидний салбараас, хайртай бүхнээсээ алсрав. Түүний жавхаатай хоолой, түргэн алхаа, эелдэг зан, ажилдаа гавшай ч байдлыг өдгөө ч санан дурссаар. Зорилго, зориг золбоо дүүрэн хамтран зүтгэгч, эрхэм түүнийг цагаас эрт тэнгэрт дэвшин энэ амьдралд өөрийн орлуулашгүй орон зайг үлдээн одсон гашуудалын өдрүүд уртхан…
Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ 10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.
Сэтгүүлч бид ёс зүйгээ эрхэмлэсний үр дүнд дараагийн алхмууд маань сайжирна гэдэгт итгэлтэй байна.
/Ө.Отгонбаатар/
ПУНЦАГБАЛЖИРЫН ЭНХМӨНХ (1985-2025)

Монгол Улсын Тод Манлай Уяач, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Дэд Ерөнхийлөгч, тав дахь үеийн уяач П.Энхмөнх нь Монгол наадам хурдан морины уралдааныг зохион байгуулах, адуу дагасан их өв соёлыг хадгалан хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх их үйлсэд манлайлан оролцож үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хурдан морины эрхэм зүтгэлтэн байлаа. Тэрээр бага наснаасаа аавыгаа дагаж адуутай нөхөрлөж, морьтны их соёлын үнэт өвийг өвлөн тээгч нэгэн байв. Өвөг дээдсээсээ өвлөсөн буянт адуун сүргийг өөрийн оюун ухаанаараа цогцлоон бие болгож уяж, сойн Үндэсний Их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдын “Их Хурд” уралдаан, Улсын бүсийн уралдаан болон олон наадмуудад торгон жолоо өргүүлж, Монгол Улсын Тод Манлай Уяач хэмээх морьтны дээд эрхэм цолны эзэн болж, Монголын нийт морь сонирхогчдын хүндэтгэлийг хүртсэн нэгэн байлаа.
Эл хүндэт эрхэм зөвхөн морин спорт төдийгүй үндэсний спортын бусад төрөл, олон улсын спортын баг тамирчдыг тогтмол дэмжиж, урлаг соёл, нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлст бага хамт олноо уриалж манлайлан оролцож, нийгэмд эерэг үнэт зүйлийг түгээж явсаныг дурсах нь зүйтэй.
Миний бодлоор залуу нас бол омогшил, бахархал юмуу даа. /П.Энхмөнх/ zindaa.mn ярилцлагаас
БЯМБААГИЙН ГАНХҮҮ (1953-2025)

Дэлгэцээр харах бүрд аанайл танил эрхэм, танил ээж харагдаж, сонсогдох нь Ганхүү гуай. Бидний босго давж орж үзээгүй айл бүрийн зүүнтээ нэгэн ээж төсөөлөгдвөл түүн шиг эмэгтэйг л төсөөлөх биз ээ. Амилуулсан дүр, хоногшуулсан алдар нь энэ.
Түүний кино урлагт оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй. Эдгээр он жилүүдэд түүний гол дүрд тоглосон ганцхан кино бий ч бусад олон кинонууддаа дүрээ голыг нь олж үзэгчдэд хүртээсэн нь бахархам.
2017 онд Хазаар цэцэгсийн дуулал МОАК /гол дүр/
2020 онд Сүүдэрт ургасан цэцэг МУСК
2019 онд Соёлын довтолгоо МУСК
2016 онд 6 дахь хүсэл МУСК
2016 онд Ороолон МУСК
2015 онд Тоглож болохгүй нас МУСК
2015 онд Маш нууц МУСК
2015 онд Хамтдаа МОАК
2015 онд Надад итгээч МУСК
2014 онд Зүрхээр наадагч МУСК
2014 онд Ус дээшээ урсдаг МОАК
2012 онд Тнгри МУСК
2011 онд Нэг хоёрын гурав аа МУСК
2009 онд Буруу эргэлт МУСК
2008 онд Сайн уу, амьдрал минь МУСК
2004 онд Уулын төмөр МУСК
2003 онд Амьдрал ОАК
2001 онд Бидний найзын дурлал МУСК
2001 онд Зүрхэнд шивнэсэн үг МУСК
1978 онд Их замын эхэнд МУСК
Жүжигчин болсон минь амьдралын минь хамгийн том хувь заяа… /Б.Ганхүү/ mand.mn хөрөг нэвтрүүлгээс
Б.ОРГИЛ-ЭРДЭНЭ (1980-2025)

Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон “Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool таалал төгсөж биднээс нэгэн гайхамшигт дуу хоолой алсрав. Гэсэн ч түүний үлдээсэн дуу хоолой мөнхөд үргэлжилнэ.
Тэрээр “Ice Top” хамтлагийг үүсгэн байгуулж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан. 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн. Тэр бол зүгээр нэг уран бүтээлч бус, хип хопыг Монголд үзэл санаа, соёлын түвшинд авчирсан уран бүтээлчдийн нэг байв. Хэзээд бид тэнгэрт дэвшсэн хүнээ асар хүндэтгэлтэйгээр үддэг билээ. Харин тэдгээр хүмүүсээсээ гишгэсэн мөр, үнэний сүүдрээс зөвийг авч бурууг нь хаях уужуу ухаан байх нь зүйтэй.
Чамайг эзгүй эцэг эхэд чинь үр нь болж явъя
Хатуу орчлон хазайж явахад түшиг болж явъя
Энэхэн хорвоод эндэж явахад чинь нүд нь болж явъя
Алтан дэлхийн андыхаа төлөө амиа хайрлахгүй явъя…
ОЮУНЧИМЭГИЙН ОСОРЖАМАА (1994-2025)

2025 онд Монголын нийгэм иргэн О.Осоржамааг алдаж, олон нийтийн орон зайд нэгэн том асуултыг чанга гэгч асуув. Түүнийг дурсан санахыг үгүйсгэх хүн байвал гунигтай юм. Мэдээж түүнийг ор танихгүй, мэдэхгүй л бол шүү дээ. Тэр бидэнтэй адил хүн байлаа. Бид амьдрах, амьд явах, нэр төрөө хамгаалах тэгш эрхтэй. Талийгч асан ч гагцхүү энэ тэгш эрхийг алсрах өдөр хүртлээ энэ хорвоогоос эрсэн болов уу. Тэгш эрх байна уу?
Тэрээр 2005 онд Улаанбаатар хотод анх ирж “Хархорин” захаас ажил амьдралын гараагаа эхлэн, шорлог зарах зэргээр бизнес эрхэлж байсан гэдэг.
Түүний хэлдэг үг заримд нь хатуу, заримд нь эвгүй санагддаг байсан ч нийгмийн хувьд зайлшгүй хэрэгтэй өөрийгөө байгаагаараа илэрхийлэх зориг байлаа. Тэрээр тайз, индэр, сошиал орчинд байнга таалагдахыг зорьдоггүй, харин үнэн гэж итгэсэн зүйлээ хэлэхээс ухардаггүй иргэний байр суурийг илэрхийлдэг байв гэхэд хилсдэхгүй болов уу.
Зүс царай арзгар, сарзгар хамаагүй шүү дээ. Сэтгэл сайхан байвал… /О.Осоржамаа/
urug.mn Гашуун яриа хөрөг нэвтрүүлгээс
ЦАГААНРАВДАНГИЙН АМАРБАЯР (1985-2025)

Эх хүүхдийн элч дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяр нь мөн энэ онд өвчний улмаас таалал төгсөж Монголын урлагийн салбараас нэгэн од тэнгэрт харвав. Тэрээр “Амьдрал”, “Аавыгаа саналаа”, “Миний найз”, “Хос жаргал”, “Хайрын солонго”, “Дүү минь” зэрэг олон арван уран бүтээлээрээ Монголын ард түмэнд танигдсан, ураан бүтээлч байв.
Түүний Гэргий Б.Золзаяа,
“Би гашуудаж биш ханиараа бахархаж, дурсаж, сэтгэл дүүрэн явуулж байна.Та бүхнийг гушуудахаас илүү ханийн минь үнэт зүйл, үзэл санаа, хийж зорьж байсан зүйсийг нь ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. Богинохон мэт боловч энэ утга учиртай амьдралдаа гал шиг дүрэлзэж, 100 жил амьдарсан шиг амьдраад буцлаа. Тэр минь захихдаа Би бол УУЛ юм. Намайг явахаар та нар нүцгэн уул шиг нүцгэрээд үлдээсэй гэж хүсэхгүй байна. Үргэлж дэргэд чинь байгаа мэтээр амьдраарай гэж захисан. Ум сайн амгалан болтугай” хэмээн эмгэнэл бичсэн нь бидний хоёр ертөнцийг заагийг хүлээн зөвшөөрөхөд зөөлөн аргадсан үг байлаа.
Сүүлчийн навчис тасарч унахаас нь өмнө
Ижийдээ амжиж очоорой дүү минь
Алтаар урсах цагийн урсгал дундаас
Аав ээжийгээ амжиж хайрлаарай, дүү минь
Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай. /Ц.Амарбаяр/
МӨНХБААТАРЫН ТӨГӨЛДӨР /290/ (2000-2025)

2025 онд Монголын хип хоп, андеграунд урсгал 290 нэрээр олонд танигдсан М.Төгөлдөрийг алдаж, нэгэн үеийнхний дотоод дуу хоолой бүдгэрлээ.
Тэр тайзан дээр ч, микрофоны ард ч өөрийнхөөрөө байсан. Алдаа, эргэлзээ, тэмцлийг нуухгүйгээр дуу болгон хувиргасан нь 290-ийг нэгэн үеийнхний хувьд зүгээр нэг рэппер бус, өөрийгөө илэрхийлэх хэл болгож чадсан билээ. Түүний уран бүтээлүүд одоо ч, хожмоо ч сонсогчдодынхоо плейлистэд, андеграунд соёлын дурсамжид амьд хэвээр үлдэнэ.
Тэрээр 16 настайгаасаа үг бичиж эхэлсэн бөгөөд сургууль дээрээ rhyme book дэвтрээ алдаж байсан гэдэг. Магадгүй түүний оюун санаа, дотоод сэтгэлээс урсан гарсан үгс хаа нэгтэй эгшиглэж байхыг ч үгүйсгэхгүй.
2023 оны TRIPLE X HIT AWARDS RISING STAR болсон. Мөн тухайн жил 29 дуутай “0” цомгоо цацсан.
Үнэн хатуу, худал зөөлөн болохоор чи
Намайг чи
Худал зүйлд татагддаг гэдгийг чинь мэдэж байна /290/ Улаанбаатар гунигтай
Эл нийтлэлд дурдагдаагүй тэнгэр болсон олон эрхмүүд ч бий. Мөн бид тэднийгээ хүндэтгэн, үүрд санан дурсах болно.
