Тэд тамхинаас гарах гэж вэйп рүү шилжиж байгаа үеийнхэн биш, харин вэйпээр дамжин тамхи, улмаар илүү өндөр донтуулагчтай бүтээгдэхүүн рүү орж буй шинэ урсгалын үе

6 минут уншина

Гудамжинд хамт алхах өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь вэйп татан, жимсний үнэртэй утааг аажуухан үлээнэ. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүсийн хэн нь ч тэдэнд битгий тат гэж хэлэхгүй. Харин яг тийм насны өсвөр насны хүүхэд тамхи татаж зогссон бол түүнийг дороо л зэмлэх эсвэл шүүмжлэлтэй байдлаар харах байсан биз. Яагаад бид тамхийг болохгүй хортой гэж боддог хэр нь вэйпийг зүгээр юм шиг мэдрэмж суусан юм бол? Зүгээр л моод шүү дээ, тамхинаас хор багатай байх, гэхчлэн өнгөц дүгнэлт давамгайлж, вэйпийн хэрэглээг хор агуулсан бодисын хэрэглээ гэхээс илүүтэй соёл, стиль, зүгээр нэг тамхи орлуулах бүтээгдэхүүн мэтээр хүлээж авдаг хэв шинж тогтжээ. Гэвч бидний өсвөр насны хүүхдүүдийн вэйпний хэрэглээнд дуугүй л өнгөрөх байдал үнэхээр зөв үү? Үнэртэх үнэр, амтагдах амт нь өөрчлөгдсөнөөс хор нь буурсан гэсэн үг үү, эсвэл бид зүгээр л хор хөнөөлийг бүрэн ухамсарлахгүй, тоохгүй болсон уу?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2024 оны мэдээллээр дэлхий даяар 13-15 насны ойролцоогоор 37 сая өсвөр насныхан никотин хэрэглэж байна. Энд зөвхөн уламжлалт тамхи бус электрон тамхи буюу вэйп ч багтдаг бөгөөд электрон тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд насанд хүрэгчдээс 2-3 дахин өндөр байна гэж ДЭМБ онцолжээ. Зарим улс оронд арван хүүхэд тутмын гурав нь вэйп хэрэглэж үзсэн байна. Монголд ч сургуулийн орчинд электрон тамхины хэрэгсэлтэй сурагчид нэмэгдэж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглэж байгаа зүйлийг ч мэдэхгүй байна. Энэ нь нэгэнт ганц нэг хүүхдийн “моод” бус, нийгмийн түвшинд шинэ донтолтын зуршил тогтож эхэлсний дохио юм.

ДЭМБ энэ асуудлаар маш тодорхой байр суурь илэрхийлдэг: “Электрон тамхи нь тамхины аюулгүй хувилбар биш, харин никотины шинэ хэлбэрийн донтуулагч бүтээгдэхүүн юм.”

Өөрөөр хэлбэл, вэйпийг тамхи татдаг хүмүүсийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдэг ойлголт өсвөр үеийнхний хувьд бүр буруу хэрэглэгдэж байна. Тэд тамхинаас гарах гэж вэйп рүү шилжиж байгаа биш, харин анхнаасаа вэйпээр дамжин тамхи, улмаар илүү өндөр агууламжтай бүтээгдэхүүн рүү орох урсгал бий болжээ. Судалгаагаар электрон тамхи хэрэглэж эхэлсэн өсвөр насныхны олонх нь хожим улам өндөр никотин агууламжтай бүтээгдэхүүнд шилждэг нь тогтоогдсон. Энэ нь вэйп бол тамхинаас гарах шат бус, харин тамхинд орох эхний хаалга гэдгийг нотолж байна.

Гэсэн ч нийгмийн хандлага тамхи ба вэйпийг өөр түвшинд харж байна. Тамхи сорж буй хүүхэд олон нийтийн дунд татахдаа ичмээр буруу үйлдэл хийж байна хэмээн ухамсарладаг бол вэйп хэрэглэж буй хүүхэд байдаг л үзэгдэл мэт дүр зураг илхэн. Тамхи бол хор, харин амттай утаа бол хор биш мэт хүлээж авах сэтгэлзүйн ялгаа үүсжээ. Вэйпийн өнгөлөг дизайн, жимсний үнэр, инфлюенсерүүдийн хэрэглээтэй зураг, сошиал хуудсууд дээрх “cool” дүр төрх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байна. Ийнхүү амт, үнэрийн хуурмаг нь химийн бодисын бодит хорыг нууж, нийгмийн хяналтаас бултаж байна.

Эрүүл мэндийн хувьд электрон тамхи зөвхөн уушгийг бус тархийг ч гэмтээж болзошгүйг шинжлэх ухааны судалгаанууд харуулдаг. Өсвөр үе бол тархины мэдрэлийн холболтууд ид хөгжлийн шатандаа байдаг үе учраас никотинд илүү хурдан донтдог. Электрон тамхины утаанд зөвхөн никотин бус хар тугалга, никель зэрэг металлууд, уушгинд сорви үүсгэх диацетил, зүрхний хэмд нөлөөлөх бодисууд агуулагддаг. Удаан хугацаанд хэрэглэвэл амьсгалын зам багасдаг, архаг бөглөрөлтөт уушгины өвчин (COPD)-ийн эрсдэл нэмэгддэг гэдэг нь тогтоогдсон. Нэмж хэлэхэд, никотинд эрт донтсон өсвөр насныханд сэтгэлийн түгшүүр, депресс, анхаарал сарних зэрэг сэтгэцийн асуудал нэмэгдэх хандлагатай байдаг. Одоо бид ДЭМБ ийн анхны судлагаануудыг л уншиж, анхааруулж байна.

Бид өнөөдөр ДЭМБ болон олон улсын байгууллагуудын гаргаж эхэлж буй эхний үеийн судалгаанууд дээр үндэслэн вэйпийн хор хөнөөлийн талаар ойлголт авч эхэлж байна. Учир нь электрон тамхи бол зах зээлд харьцангуй сүүлд хүчтэй нэвтэрсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн бөгөөд түүний урт хугацааны хор хөнөөлийг бүрэн дүгнэх хэмжээний цаг хугацаа хараахан өнгөрөөгүй байна. Гэсэн хэдий ч вэйп хэрэглэдэг, никотинд донтсон бүтэн нэг үе аль хэдийн бүрэлдэж эхэлсэн нь бодит байдал юм.

Тамхины хувьд манай улс хуультай. Тамхины хяналтын тухай хуулиар нийтийн газар, ажлын байр, сургууль, үзвэр үйлчилгээний орчинд татахыг хориглодог. Харин вэйп эсрэгээрээ бараг ямар ч хяналтгүй хэрэглэгдэж байна. Хоолны газар, үзвэр үйлчилгээний танхим, хурал цуглаан дотор, бүр ажлын байр хүртэл вэйп татах нь хэвийн үзэгдэл болчихсон. Үүнээс болж вэйп хэрэглэх үйлдэл ухамсарт сонголтоос илүүтэй рефлекс болсон зуршил болон тархаж байна. Орчин нөхцөл, цаг үе хамаарахгүйгээр сорж татдаг энэ дадал нь никотины хэрэглээг илүү тогтмол, давтамж өндөртэй болгож, улмаар донтолтын гүнзгийрэл илүү түргэн явагдах эрсдэлийг бий болгож байна.

Гэвч эцэг эхийн мэдлэг дутмаг, электрон тамхийг хор бага гэсэн ойлголт давамгай, сургуулийн орчинд хяналт сул, онлайнаар бараа борлуулах явдал замбараагүй байгаа нь хүүхдүүдийг энэ хэрэглээ рүү улам татаж байна. Бид өсвөр үеийнхнийг тамхи татахаас хамгаалж чадсан ч вэйпийн өмнө дуугүй байснаар тэднийг болзошгүй өвчлөл, донтолтын зам руу чимээгүйхэн алхуулж байна.

Утаа гоё үнэртэй, амттай байлаа гээд хор нь арилахгүй. Тиймдээ ч өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудлыг зөвхөн утаа, үнэрээр биш, агуулгаар нь дүгнэх цаг болжээ.

TAGGED:
Түгээх