Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлээгүй байгаа ч “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч тодорхой хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан уг асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын даргад албан бичгээр гаргасан. Уг ажлын хүрээнд Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээрсарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан”танхимд зохион байгуулсан билээ.Уг сонсголд Төрийн байгууллагаас 24, төрийн бус байгууллагаас 9, төсөл хэрэгжүүлэгч 8, Ховд аймаг болон Ховд аймгийн Мянгад сумаас 46, иргэн хуулийн этгээд 34, шинжээч 11 буюу нийт 132 хүн оролцсон.
Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлт:
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны долоодугаар сарын 08-ны өдрийн “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 15/12 дугаар тогтоолоор “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыгМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль хороо, Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж, сонсголд Улсын Их Хурлын гишүүд болон шинжээч, оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн дараах байдлаар танилцуулж байна:
1.Улсын Их Хурлаас зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор явуулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага албан тушаалтан энэ хуульд заасны дагуу сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах юм.
2.“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн 4.2.6-д “Эрчимтэй хөгжиж байгаа дэвшилтэт технологийн түүхий эдийн талаар тусгайлсан бодлого боловсруулж, гадаадын өндөр технологийн хөрөнгө оруулалтыг татна”, мөн 4.2.14-д “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэж Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлээр Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон.
3.Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм.
4.Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үелэх системийн лантаноидын бүлгийн 15 элемент, итри болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шинж чанар төстэй, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй элементүүд хамаарна. Халзан бүрэгтэй ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхигүй.
5.Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл болох юм.
6.Байгалын цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009% байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт юм.
7.Халзан бүрэгтэйн орд газрыг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль /1997 он/-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу олгосон байдаг. Улмаар 2001, 2004 онд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төрлийг хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн.
Одоо хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 242, 243 тоот тушаалаар эзэмшигчийг өөрчлөн өнөөгийн хүчин төгөлдөр эзэмшигч рүү шилжүүлсэн.
8.Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдаж байна.
9.Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж, цацрагаас шалтгаалсан эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй байна.
10.Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага байна. Тухайлбал цацрагийн хэмжээ нь Халзан бүрэгтэй төсөл орчимд хамгийн их газраа 1.67 микрозиверт/цаг байгаа нь Шинжлэх Ухааны онолын үүднээс авч үзвэл хүний биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй.
11.Төсөл хэрэгжүүлэгч нь Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоо, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, хэлэлцүүлсэн боловч ургамлын суурь судалгаа болон усны чанарын судалгааг сайжруулах шаардлагатай гэж үзээд БОУАӨЯ-аас буцаасан байна. Ордын ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг харьяа яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулж, иргэдээс санал авч, баталгаажуулах шаардлагатай.
12.Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай.
13.Орон нутгийн иргэд болон Иргэний нийгмийн байгууллагуудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг Төрийн байгууллагуудаас сонсголын явцад тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл муутай, нотлогдохгүй байсан.
14.Сонсголд оролцогчид, гишүүдийн зүгээс газрын ховор элементтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг давхардуулан хуульчилсан нь ойлгомжгүй, сайжруулах шаардлагатай болохыг илэрхийлсэн.
15.УИХ гишүүд, төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, орон нутгийн төрийн байгууллага газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар харилцан ойлголцол, ойлголт муутай байна. Төрөөс олгосон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай.
16.Орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа хангалтгүй, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа маш муу явуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын санаачилга сул байна.
17.Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, үр ашиг, үүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг, хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалтгүй ажилласан.
18.Сонсголын явцад Төрийн захиргааны байгууллага, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас тусгай зөвшөөрөлтэй талбайд албан ёсны 1 иргэний өвөлжөө байсан тухай мэдээлэл ирүүлсэн. Цаашид нөлөөллийн бүс дэх айл өрхийн талаар холбогдох хуулийн дагуу нарийвчлан судлах шаардлагатай.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал:
1.Монгол Улсын газрын ховор элемент хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал, хуулийн нийцлийг хангах, давхардлыг арилгах талаар Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс санаачилга гаргах. Тухайлбал: газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө оруулалт татахад саад учруулж, давхардал үүсгэж буй Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;
2.Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу Монгол Улсад эрдэс баялгийн салбарт газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзан бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгч нар хариуцах;
3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, геологи хайгуулд гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас анхаарах шаардлагатай. Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явц дахь байгаль орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах;
4.Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох, харилцан ойлголцлыг нэгтгэх үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах;
5.Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоолол, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд Мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж, ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай. Иймээс чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй байх, хангалттай мэдээлэлтэй байх;
6.Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг дээр “4.2.13. Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ” гэсэн зорилт туссан байдаг. Цаашид энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй;
7.Сонсголын үеэр төрийн захиргааны төв байгууллага, шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдэд мэдээллийн зөрүүтэй ойлголтууд байгаа учраас цаашид төрийн захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;
8.Газрын ховор элементийн хүдэрт цацраг идэвхт уран тори бага хэмжээгээр дагалдах байдлаар агуулагддаг бөгөөд бусад төрлийн ордуудад ч уран тори агуулагдах явдал байна. Халзан бүрэгтэй ордын байгалийн цацраг идэвх нь тухайн ордын хүдрийн олборлолт, баяжуулалт, гүн боловсруулалтад нөлөөлөхгүй. Гэхдээ төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхийн нөлөөлөл технологийн процесст ямар бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан, Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулан, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах;
9.Хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх хангалтгүй байгаа тул Цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц, лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналууд иржээ.