Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Тааламжтай нөхцөл бүрдсэн үед 1 нян 24 цагийн дараа 16 сая болж үржиж чадна.
Тааламжтай нөхцөл бүрдсэн үед 1 нян 24 цагийн дараа 16 сая болж үржиж чадна. Ийм учраас цаг таныг хүлээхгүй.
Вирус, нян хоёрын аль аль нь бичил биетэн юм. Нян бол нэн эртний нэг эст эгэл амьтан. Бидний эргэн тойрны бүх орчин, далай тэнгис, нуур цөөрөмд нян байдаг. Хөгцний мөөгөнцөр мэтийн зарим нян ашигтай, зарим нь хортой бөгөөд өвчин үүсгэдэг. Нянгийн эс нь хуваагдан нэг нь 2 болж, тэр 2 нь дахиад хоёр, хоёр болох мэтчилэн маш түргэн үржинэ.
Вирус бол нянгаас бүр жижигхэн байна. Вирусийн хэмжээ хамгийн жижиг нянгийн 1/2-ээс 1/1000 хүртэл янз бүр байна. Ашигтай вирус нэг ч байхгүй. Бүх вирус өвчин үүсгэдэгийн дотор ханиад, томуу орно. Вирус бол өөрөө бие даан үржиж чаддаггүй шимэгч юм. Вирус хүний организмын эсэд нэвтрэн орж, эсийн молекул бүтцийг эвдэх замаар удамшлын материалыг нь эзэгнэн өөрийнх шиг болгож, түүнтэй нэгдэнэ. Вирус үржих явцдаа эсийг сүйтгэнэ.
Бүх вирус, нян маш хурдан үрждэг. Тааламжтай нөхцөл бүрдсэн үед нян 20 минут тутам хуваагдаж болох бөгөөд энэ бол 1 нян 24 цагийн дараа 16 сая “үр төлтэй” болж чадна гэсэн үг юм. Ийм учраас та вирусийн юм уу нянгийн халдвартай тэмцэх бол цаг таныг хүлээхгүй. Нянгийн юм уу вирусийн халдварыг зөв эмчлэхийн тулд тэдгээрийн шинж тэмдгийг мэдэх хэрэгтэй.
Вирус, нянгийн өвчин дан улирлын шинжтэй байдаггүй нь харшлаас ялгаатай байна. Нянгийн халдвар нь жишээлбэл ханиахад салст цэр гарах, чихээр юм уу хамрын хөндийн орчмоор хатгуулах мэтийн нэг голлох шинж тэмдэгтэй байдгаараа вирусийн халдвараас ялгаатай байна. Вирусийн өвчин бол гол төлөв хамар битүүрэх, толгой, булчин өвдөх, толгой эргэх, хий ханиалгах, хоолой сөөх мэтийн олон шинж тэмдэгтэй байна. Антибиотик эм нянд нөлөөлдөг боловч вирусийн халдварын үед тус боохгүй. Вирус, нян биднийг ямар янзаар өвчлүүлдэг байна вэ?
Нян бидний эсэд хөнөөлтэй хорт бодис ялгаруулдаг. Нян нилээд хурдан үрждэг учир дархлааны систем тэр хорт бодисыг дийлэхгүй, тэгээд бид өвчилдөг юм. Организмд вирус орж ирэхэд дархлааны систем үүнд хариу өгч, ханиалгах, хоолой үрэвсэх мэтийн ямар нэг жирийн шинж тэмдэг илрэх юм уу эсвэл эсрэг бием бий болгож, тэр нь организмаар хэрэн хэсэж, гаднын харш элементийг олж устгана. Вирус ямар амин чухал эрхтэнд нэвтэрсэн байна вэ, тэр эрхтэнийг хөнөөн сүйтгэнэ. Вирус зарим генийн удамшлын шинжийг хувирган өмөн үүсгэдэг байна. Бас вирусийн халдвар дархлааны системийг ихэд сулруулж, организм элдэв өвчинд өртөмхий болж, өвчин эсэргүүцэх чадвараа алддаг байна.
Нян, вирус хүний организмд халдвар тээгчээс амьсгалын системийн эрхтэнээр дамжин нэг адил замаар нэвтэрч болно. Энэ талаар вирусийг бодвол нян илүү их боломжтой байна. Нян бидний организмд хоол хүнстэй хамт, шээс бэлгийн замаар юм уу эсвэл ил шарх мэтийн бусад нүх сүвээр нэвтэрч болно. Нян арьсан дээр, эсвэл арьсны гадаргын ойролцоо, чийглэг дулаан, хүчилтөрөгчийн эх сурвалж бүхий тийм газар оршиж болно. Энэ бүхэн нь нянгийн үржихэд хэрэгтэй хүчин зүйлс юм. Вирус ч гэсэн организмд нэвтрэх газрынхаа ойр хавьд байх хандлагатай байдаг. Зарим вирус, тэр дундаа ханиад, томуу үүсгэдэг вирус нэн удалгүй илэрч мэдэгддэг бол хүний дархлал хомсдлын хам шинжийн (ДОХ) вирус зэрэг зарим вирус хэдэн сар, жилээр огт мэдэгдэхгүй байж болно.
Ханиад, томууг оролцуулаад вирусийн олон халдварт өвчнийг яагаад эмчлэхэд хэцүү байдаг вэ? Вирус бол хүний биеийн эсэд нэвтрээд эсийн дотоод зохион байгуулалтын хэсэг нь болдог шимэгч юм. Эрдэмтэн нар вирусийг алаад эсийг амьд үлдээх эмчилгээний арга олох гэсэн нь үлэмжхэн бэрхшээлтэй тулгарчээ. Полиовакцин, амантадин зэрэг вирус эсэргүүцэх үр нөлөө сайтай зарим эм вирусийг довтлон хөдөлгөөнгүй болгож, өөрөөр хэлбэл вирусийг сөнөөдөггүй, гагцхүү үржиж чадахгүй болгодог байна.
Нянгийн халдварын тухайд гэвэл нянг устгадаг эм бий. Бас нянгийн өсөж үржихээс сэргийлдэг антибиотик эм бий. Вакцин юм уу бусад эм хэрэгслээр нян, вирусийг хөдөлгөөнгүй болгох нь “түрэмгийлэгч” бичил биетэнтэй идэвхийлэн тэмцэх, тэдгээрийг хүний биеэс зайлуулахад нь дархлааны системд тусалдаг юм.
Удамшлын бүтцээ өөрчлөх чадвартай асар олон янзын вирус байдаг нь вирус эсэргүүцэх арга хэрэгсэл боловсруулахад бэрхшээл учруулж байна. Анагаах ухаан одоо олон төрлийн вирусийн өсөж үржихэд саад хийдэг эм бий болгох талаар ихээхэн амжилт олсон боловч ер нь дархлааг сайжруулах явдал вирусээс салах хамгийн бодитой арга зам мөн.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
