Монгол Улсын хөгжлийг хурдасгах нэрийн дор хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн ард улс төр, эдийн засгийн хамаарал бүхий бүлэглэлүүдийн ашиг сонирхол, нөлөөлөл шингэсэн байдаг тухай олон удаа шүүмжлэл өрнөж ирсэн. Гэвч энэ бүхэн нь Хөгжлийн банкны хэрэг илрэх хүртэл төдийлөн бодит жишээтэй байгаагүй. Улсын хэмжээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк нь 2010-аад оны дунд үеэс эхлэн өөрийн анхны зорилгоосоо хазайж, төрд ойр улстөрчид, банк санхүүгийн албан тушаалтнууд, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдийн хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болон хувирсан нь хожим ил болсон баримтуудаар нотлогдсон юм.
Хөгжлийн банкны хэрэг дөрвөн гаруй жил шалгагдаж, эцэст нь 80 гаруй хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцсон. Шүүхийн процессуудын ихэнх нь хаалттай явагдсан тул хэн нь ямар шийдвэр гаргаж, хэрхэн хууль зөрчсөн талаарх тодорхой мэдээлэл олон нийтэд бүрэн ил болоогүй. Харин зарим баримтууд дундаас сугарч үлдсэн гэх тодотголтой цөөн хүний нэр ил гарч ирсэн. Тэдний нэг нь өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж буй О.Банзрагч ажээ.
О.Банзрагч нь МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2001 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банканд ажиллаж, дараа нь Улаанбаатар хотын банканд дэд захирлын алба хашиж байгаад 2016 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүнээр томилогдсон. Түүнийг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн ойрын хүрээллийн хүн хэмээн олон нийт дундаа үздэг бөгөөд энэ талаар хэвлэл мэдээлэл ч удаа дараа онцолж байв.
О.Банзрагч ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон асуудалтай шийдвэрт гарын үсэг зурсан байдаг. Тухайлбал, 2017 оны хавар “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” нэртэй төсөлд зориулж 36 тэрбум төгрөгийн зээл олгохоор ТУЗ шийдвэрлэсэн. Гэтэл уг компани нь ердөө 8 сар ажилласан түүхтэй, орлогогүй, татвар төлдөггүй, хөрөнгийн барьцаа байхгүй, байгаль орчны үнэлгээгүй, мөнгөн урсгал нь 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай зэрэг олон шаардлага хангаагүй байжээ. Ийм нөхцөлд ТУЗ-ийн дарга Б.Даажамба, гишүүд Ж.Бат-Эрдэнэ болон О.Банзрагч нар гарын үсэг зурж, тухайн төслийг баталсан байдаг. Энэ нь санамсаргүй, андуурсан шийдвэр бус — төрийн мөнгөөр тодорхой бүлэглэлд “үр өгөөжтэй” зээл олгосон зохион байгуулалттай шийдвэр байсан гэж мөрдөн байцаалтын дүгнэлтэд тэмдэглэгджээ.
Гэтэл энэхүү хэрэгт холбогдсон ТУЗ-ийн ихэнх гишүүн шүүхэд дуудагдаж, ял сонссон байхад О.Банзрагч ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй, хэрэг бүртгэл ч нээгээгүй байна. Үүгээр ч зогсохгүй, 2020 онд тэрбээр асуудал намжсаны дараа Худалдаа хөгжлийн банк руугаа эргэн очиж, өнөөг хүртэл гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.
Түүнтэй холбоотой хоёр дахь том асуудал бол Хөгжлийн банкны хөрөнгийг арилжааны банкнууд руу байршуулсан явдал юм. Тус банкнаас арилжааны банкнууд руу хадгаламж татах журамд зааснаар сар бүр банкны эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дээд хэмжээг тогтоож байхаар тусгасан байдаг. Гэвч энэ журмыг зөрчиж, 2013–2016 онд Хөгжлийн банкны хадгаламжийн 43.4–86.4 хувь нь зөвхөн Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд төвлөрсөн байна. Жишээ нь, 2015 онд УБ хотын банканд 186.5 тэрбум төгрөгөөр, ХХБ-д 140 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлэн байршуулсан нь журам зөрчсөн ноцтой үйлдэлд тооцогдож байна. Энэ зөрчил илэрсэн хугацаанд яг л О.Банзрагч ТУЗ-д ажиллаж байсан бөгөөд тэрээр дээр дурдсан хоёр банкны аль алинд нь өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан. Хөндлөнгийн хараат бус гишүүний статустай байсан ч бодит байдал дээр сонирхлын зөрчил бүхий этгээд байсныг аудиторын дүгнэлт, АТГ-ын тайлан илэрхийлжээ.
Нэмж хэлэхэд, тухайн үед Хөгжлийн банк Bloomberg TV Mongolia-тай 900 гаруй сая төгрөгийн сурталчилгааны гэрээ байгуулсан нь ч олон нийтийн хардлагад өртсөн. Тухайн гэрээний бодит агуулга, үр ашиг, зарцуулалтад хэн нөлөөлсөн бэ гэдэг тодорхойгүй хэвээр байна. Тухайн үед банкны захирлаар ажиллаж байсан Б.Бадрал болон ТУЗ-ийн нөлөө бүхий гишүүд, түүний дотор О.Банзрагч нар энэ гэрээний ард байсан уу гэдэг асуудал ч дахин сөхөгдөж эхэлсэн.
Төрийн аудитын тайлан, хуулийн байгууллагын мэдээг харахад О.Банзрагчийн нэр олон удаа дурдагддаг. Гэсэн ч шүүхийн танхимд түүнийг дуудаагүй, ял оноогоогүй нь нийгмийн шударга ёсны асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон олон этгээдүүд хуулийн хариуцлага хүлээсэн нь сайн хэрэг ч, нөлөө бүхий цөөн этгээд сугарч үлдсэн нь энэ хэргийн хамгийн том гажуудал болж байна.
О.Банзрагч бол зөвхөн нэг хүний асуудал биш. Тэр бол Монголын санхүүгийн системд бий болсон эрх мэдэл, сонирхлын сүлжээний бодит төлөөлөл. Хэрэв Монгол Улс ирээдүйд Хөгжлийн банк шиг дасан зохицсон нэр хүндтэй байгууллага байгуулъя гэвэл, өмнөх алдаанаасаа сургамж авч, хариуцлагыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үгүй бол “сугарсан эрхмүүд” дахин тодорно.
РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ
