Хотын төвийн нэгэн өндөр барилгын хамгийн дээд давхарт, цонхоор нь хот бүхэлдээ цэлийн тайван харагдана. Ёстой л албан тасалгааны цонхоор амьдрал тайван харагдах шиг. Нам гүн ноёлсон буйдхан тухтай, энгийн орчинд намуухан дуутай, инээмсэглэсэн эмэгтэй угтана. Үүдний хэсэгт сэтгэл сэргээмээр шаргал өнгөтэй буйдан. Шар өнгө өөрөө тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг гэдэг, цонхоор гаднах орчны харагдах байдал, дотоод тохижилт бүх зүйлс зохицолтой. Цэмцгэр, тайван орчныг бүрдүүлсэн гурван жижиг зэргэлдээ өрөө, нэг хурлын бололтой тохижуулсан заалтаа, гал тогооны хэсэгтэй тохитой айл уу гэж андуурам ажлын байртай юм.
Энэ газар бол “Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв” нэртэй сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тус төвийн сэтгэл зүйч Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор, сэтгэл зүйч Д.Цогзолмаа багш гаднаас намуухан, бараг л орж ирсэн нь мэдэгдэхгүйгээр чимээ гаргалгүй орж ирлээ. Тэрбээр тайрмал үстэй, нүдээрээ инээсэн эмэгтэй байв.
“20 гаруй жил сэтгэл зүйн зөвлөгөө өгч, их сургуульд сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. Манай салбарын хувьд шийдэгдээгүй, тодорхой болоогүй олон асуудал байдаг юм. Миний хувьд ч удахгүй тэтгэвэрт гарна, бушуухан л амрах минь гэж боддог болсон. Боломж, бололцоогоороо салбарын асуудлыг хэлж ярьдаг л юм” хэмээн хөнгөхөн инээмсэглэн, салбарынхаа шийдэгдээгүй гэх олон асуудлын талаар Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор, сэтгэл зүйч Д.Цогзолмаа яриагаа эхлэв.
“Сэтгэл судлалын шинжлэх ухаан, клиник сэтгэцийн эрүүл мэндийн салбарын асуудлууд нь өөр хоорондоо уялдаа холбоотой боловч нарийндаа зааг ялгаатай салбар, асуудлууд байдаг. Манайд одоогоор эдгээр хоёр салбарын асуудлын зааг ялгааг хууль, эрхзүйн орчны хүрээнд болоод төрийн бодлогын түвшинд ялгаж, салгаж харахгүй байна. Би маш энгийн ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээе. Хүний сэтгэцийн байдлыг ерөнхийд нь гурван түвшинд ангилдаг. Нэгд, сэтгэцийн хувьд эрүүл, хоёрт сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гуравт сэтгэцийн өвчлөлтэй гэж ангилаад тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг, нөхцөл байдлаас нь хамааран мэргэжлийн сорил, асуулгын дагуу онош тавьж тодорхойлно. Тэгвэл сэтгэцийн эмгэг гэдэг нь өвчний Олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд буюу F хүрээний тавдугаар” бүлэгт заасан өвчнөөр оношлогдсон тохиолдлыг хэлдэг. Эдгээр хүмүүстэй заавал сэтгэцийн эмч нар сэтгэл засал болон эмэн эмчилгээ хавсарсан байдлаар ажиллана.
Харин гурван түвшний завсрын хэсэг буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэгт уур бухимдал,стресс, сэтгэл зовнил гэх мэт шинж тэмдэгтэй. Ихэнх ийм хүмүүс өөрийгөө ойлгохгүй байна, яамаар байгаагаа мэдэхгүй ч эргэн тойрныхоо хүмүүст уур бухимдлаа гаргадаг, ажлын бүтээмжгүй болчихлоо гэж манай төв дээр ирдэг. Ийм хүмүүстэй бол сэтгэл зүйч нар сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, зарим төрлийн заслын аргуудаар хавсран ажиллах боломжтой. Сэтгэл заслын аргууд, техникүүд маш олон төрөл байдаг. Жишээ нь: Элсэн засал, хөгжмийн засал, зургийн засал гэх мэт маш олон энгийн сэтгэл заслын аргууд байдаг. Эдгээрийг сэтгэл зүйч нар зөвлөгөө үйлчилгээтэй хавсран сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнтэй ажиллах бүрэн боломжтой байдаг. Энэ өөрөө олон улсад хэрэгжээд явж байгаа систем. Энэ бүлгийн хүмүүст, иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр хүн амын дунд сэтгэцийн эмгэгт өртөх байдал буурах, хүн амыг сэтгэцийн эмгэгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ болж байдаг” гэлээ.
Тэгвэл манай улсын хувьд нийт хүн амын дунд хамгийн сүүлд 2013 онд улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн. Тухайн үед нийт хүн амын 25 орчим хувь буюу дөрвөн хүний нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан. Харин 2024 оноос эрт илрүүлэх үзлэгт сэтгэцийн эрүүл мэндийн асуулгыг нэмж оруулсан бөгөөд 2024 оны байдлаар насанд хүрэгчдийн 9.8 хувь буюу 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх магадлалтай гэжээ. Мөн дээрх хоёр судалгааны дүнг харьцуулан үнэлэх хийх нь өрөөсгөл. Учир нь судалгаа, оношилгооны арга зүй, хамрагдалтын хувьд өөр болохыг судлаачид онцолсон.
Нийгэм, технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүний сэтгэлзүйн байдал, сэтгэцийн эрүүл мэнд нь дэлхий нийтийн асуудал болоод байгаа юм. ДЭМБ-ын 2024 оны тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж. Энэ нь хүн амын сэтгэлзүйн байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь хүн төрөлхтний асуудал болсон төдийгүй Монгол улс бодлогоор энэ салбарт анхаарахаас өөр замгүй болсныг илтгэж байна.
“Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн: “Сүүлийн жилүүдэд харьцангуй хүмүүсийн дунд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар ойлголт, мэдлэг сайн байдаг болчихсон. Хүмүүс өөрийн сэтгэлзүй, сэтгэл санааны байдлаа ажиглаж анзаарч, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчид хандах нь ихсэж байгаа. Манай байгууллагат ирж буй үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь эмэгтэй, 30 орчим хувь нь эрэгтэй. Насны хувьд 30-45 насныхан 50 хүртэлх хувийг эзэлдэг ч 18 хүртэлх насны хүүхдүүд хандаж ирэх тохиолдол сүүлийн үед харьцангуй нэмэгдэж байна. 35 хувь орчим нь хүүхдүүд сэтгэцийн оношилгоо хийлгэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авахаар ирдэг. Харин манай төвийн хувьд шаардлагатай үедээ тогтмол ирж зөвлөгөө үйлчилгээ авдаг үйлчлүүлэгчид байдаг. Ер нь сэтгэлзүйн асуудал бүрэн шийдэгдэж дуусна гэж байдаггүй. Хүн өдөр тутамдаа нийгмийн амьдралд ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн асуудалд өртөж байдаг. Гагцхүү тухайн хүн энэ л асуудлаа өөрөө шийдвэрлэж зохицуулж сурах нь чухал” гэв.
“Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь өөрөө хувь хүний дотоод сэтгэл, хувийн амьдрал зэрэг нарийн гүнзгий сэтгэлийн асуудлыг хөнддөг учир ихэнх хүмүүс өөрийгөө нууцлах, аюулгүй байдлаа хамгаалах, нэр төрөө хамгаалах хүсэлтэй байдаг. Тиймээс бидний зүгээс үйлчлүүлэгчдийн мэдээлэл, тэр байтугай үйлчлүүлэгч хоорондоо таарах нөхцөл байдлыг эрсдэл хэмээн харж цагийн зохицуулалт хийдэг” хэмээн угтах үйлчилгээний ажилтан тухайн үед үйлчлүүлэгч байхгүй байгааг учирлан тайлбарлав.
Манай хүн амын дунд сэтгэлзүйн боловсрол, сэтгэлзүйн асуудлын талаарх ойлголт огт үгүй гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Учир нь хүн амын дийлэнх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч хэсэг болох 30-45 насныхан нийгмийн шилжилтийн үед төрж, өссөн. Тэдний үеийн суурь боловсролын системд сэтгэлзүйн тухай ойлголт байтугай хүний эрхийн тухай ойлголт байгаагүй нь үнэн. Тэд нийтээрээ сэтгэлзүйн асуудлыг “галзуу, солиотой, шар хадны” гэх нэршлээр нэрлэж, тэр хүрээндээ муучилж, гоочилж ирсэн.
Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн хүрээний асуудлыг хамаарах төрийн бодлогын чиг үүргийн ганц байгууллагаа нийтээрээ “шар хадны эмнэлэг” хэмээн гоочилж ирсэн. Угтаа бол энэ нэр Сэтгэцийн эрүүл мэндийн төв гэх байгууллагын байршиж байгаа газар, нутаг дэвсгэрийн л нэршил байгаа юм.
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Блокоор хийсэн хашаатай, гурван давхар цагаан байшин. Эхний харагдах энэ байр бол тус байгууллагын захиргааны албан хаагчид нэгдүгээр давхарт нь байрладаг төв байр гэж болох юм. Хашаа нь дотроо гурван хэсэг барилгууд, өөр хоорондоо зайтай гэхээр чамгүй том хашаанд тус байгууллагын цогцолбор барилгууд байх аж. СЭМҮТ-ээс ямар ч төрлийн үйлчилгээ авахыг хүссэн хүний хамгийн эхний очих хэсэг бол амбулатори. Төв барилгаасаа зүүн тийш зуу метр орчим яваад гурван давхар улаан тоосгон байр байна. Үүдээр нь ормогц бусад эмнэлгүүдийн адил цахим бүртгэл, цаг авах, үйлчлүүлэгчдийг чиглүүлэх хэсэгтэй. Хоёр тийш салах нарийхан урт коридорт хоёр хүн зөрөх үү үгүй юу зайтай өөд өөдөөсөө харсан үзлэгийн өрөөнүүд, өрөө бүрийн үүдэнд хоёроос гурван хүн суух зайтай сандал тавьжээ. Сандал бүр дээр хүн сууснаар барахгүй дундуур нь хүн явахад шүргэлцэхээр хэмжээнд хүмүүс үзлэгийн өрөөнүүдийн үүдэнд оочирлон зогсоно.
Үүдэнд цагаа хүлээн зогсох хүмүүс дотор үзлэг хийж байгаа эмчид “цаг боллоо, би хүлээж байгаа шүү” гэдгээ сануулж, анхааруулж байгаа мэт ээлж, дараалан байн байн үзлэгийн өрөөний хаалгаар шагайна. СЭМҮТ-ийн Амбулаторийн тасгийн цахим бүртгэгч О.Наранчимэг: “Манайд анхлан ирж сэтгэцийн оношилгоо хийлгэх, эхний үзлэгт орохоор ирсэн хүмүүст харьцангуй цаг элбэг байгаа. Дүүрэг тус бүрээр үзлэгийн эмч, үзлэгийн өрөөтэй. Ирсэн хүн эхний үзлэгт ороод эмч цааш нь сэтгэцийн эмгэг тодорхойлох сорилд оруулах, эмгэгийн оношилгоо нарийвчлан хийлгэх ахин үзлэгт орох шаардлагатай эсэх, эсвэл сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол сэтгэл засалч эмчээс сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авах эсэхийг тодорхойлон шийдэж өгдөг. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж үзэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авах шаардлагатай гэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх сэтгэл засалч эмч ганцхан байдаг тул энэ хүмүүс дараагийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдах цаг авахад гурваас 30 хүртэлх хоног хүлээх болдог” гэв. Мөн тэрбээр дээрх үйлчилгээг авахад хэдий тухайн иргэн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг байсан ч гэсэн цагийн тавин мянган төгрөгийн төлбөр төлөх ёстой байдаг. Анзаараад байхад зарим хүмүүс төлбөр төлнө гэхээр цаг авахгүй явах тохиолдол байдаг гэж тайлбарлав.
Хорь гаран насны, 105 тоот өрөөнөөс гарч ирсэн эмэгтэй. Нэрээ нууцлахыг хүсээд “Миний хувьд сэтгэлзүйтэй холбоотой мэдээ, мэдээллийг цахим орчноос их уншиж, судалдаг. Сэтгэцийн хоёрт туйлт эмгэг гэдэг талаар мэдээлэл уншсанаас хойш өөрийгөө ийм эмгэгтэй болсон юм болов уу гэж бодоод энд оношлуулаад зөвлөгөө үйлчилгээ авахаар ирсэн юм. Үнэндээ ийм бага хугацаанд сэтгэлзүйн асуудлыг тодорхойлох боломжгүй санагдаж байна. Надаас эмч нь компьютерынхоо ард сууж байгаад маш энгийн 10 орчим асуулт асуулаа. Тухайн орчин нөхцөл, дээр нь миний суусан сандал унах гээд хөдлөөд би тухтай ч сууж төвлөрч сэтгэл санааны байдлаа ярьж тайлбарлаж чадсангүй. Эмч нь миний хариултыг компьютер дээрээ шивж бичээд, тэр компьютерын гар нь таг таг гээд дуугараад заримдаа бүр ярьж байгаа юмаа мартаад байлаа. Намайг шууд л хэдхэн асуултын араас сэтгэцийн эмгэгийн түвшинд бол биш байна. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. 108 дугаар дээр очоод сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авах цаг аваарай гэлээ” хэмээн дургүйцэн хурдан хурдан ярив.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте 2023 онд “Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолдож, ачаалал үүсгэсээр байна. Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь жендер, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, гэрлэлтийн байдал, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон нийгмийн орчин байдаг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ялгаварлан гадуурхагдах, шударга бус байдалд өртөх, хүчирхийллийн хохирогч болох нөхцөл байдалд амьдарч байгаа учраас тэднийг хамгаалах, анхаарал хэрэгцээ шаардлага тулгараад байна” хэмээн мэдэгдэж байжээ. Ийнхүү дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ өнөөдрийн байдлаар манай улсад ямар түвшинд, ямар ялгаатайгаар, хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаарх мэдээ, сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.
С.Өлзийхишиг