СОНГУУЛЬ 2024 | БЗС-д холбогдсон ч дахин нэр дэвшиж буй гишүүд

xr:d:DAFf3u8Cdgo:2,j:2568079597,t:23041206

Нэг хэсэг БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН-гийн хулгай олны чихийг дэлсүүлсэн. Арга ч үгүй биз. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг уг сангаас улстөрчид хамаарал бүхий этгээд, эхнэр хүүхдэдээ зээл авч өгөөд, буцааж төлөхгүй байх нь хууль журам талаасаа ч, ёс зүйн талаасаа ч байж боломгүй явдал. Харамсалтай нь манайхан аливаа асуудлыг хэд хоног шуугиад л мартчихдаг. Ямар сайндаа л тухайн үедээ сангуудын хулгай, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ дахиж сонгохгүй гэдэг акц хүртлээ л хийж явсан. Гэтэл дахиад л мартчихсан буюу бүр дэмжээд явцгааж буй.

Нөгөө талд иргэдийн боломжийг хулгайлж, өөртөө давуу байдал үүсгэж явсан увайгүй улс төрчид хэрэг хүлээх нь битгий хэл дахин гишүүн болохоор зэхэж, би ийм зүйл хийлээ, одоо үүнийг хийнэ, би л чадна, би л үргэлжлүүлнэ гэж амлаж явна.

Угтаа аль ч тойрогт сонгож болохуйц маш олон нэр цэвэр, итгэл үнэмшилтэй нэр дэвшигч байгаа. Өөрөөр хэлбэл хулгай хийдэг, худал хэлдэг эдгээр хүмүүсээс бусдыг сонгох эрх нь уншигч, сонгогч танд бий. Ингээд танд БЗС-д нэр холбогдсон гишүүдээс сануулъя.

БШУ-НЫ САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН

Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн дүү болон эхнэрээ Боловсролын зээлийн сангаар сургаж, улмаар зээлээ чөлөөлүүлсэн баримт нь ил болсон. Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН

 УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч суралцсан.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.долларын зээл авсан. Улмаар эргүүлэн төлөөгүй суралцагчдын нэгт багтаж байсан. Харин энэ талаар Даваасүрэн гишүүн өөрийн цахим хаягаараа дамжуулж, “Манай охин зээлээр сураагүй гэдгийн баталгаа болгож архиваас буцалтгүй тусламжийн тэтгэлгийн гэрээг нь авлаа. Сурлагын амжилт, Улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль авч тэтгэлэгт хамрагдсан юм. Мөн түүний авъяас чадварыг үнэлж, Америкийн Пенсильваний Их сургуулиас магистрын сургалт, доктор буюу Phd-ын сургалтыг хоёуланг нь 100 хувийн тэтгэлэг өгч сургаж байна. Америкчууд охины маань ур чадвар, хөдөлмөрч зан чанарыг нь үнэлж татвар төлөгчдийнхөө мөнгөөр тэтгэлэг өгч сургалаа. Монголын төр нэг авъяастай иргэндээ бакалаврын сургалтын тэтгэлэг өгсөн нь ямар нэг хууль зөрчөөгүй. Хүүхдийг алаг үзэх ёсгүй” хэмээн охиноо өмөөрч байсан удаатай.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэн Английн Бристолын Их сургуульд Боловсролын менежментийн мэргэжлээр суралцахаар 27,166 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч А.Эрдэнэхүслэнгийн энэ зээлийн мэдээлэл 2021 онд ил болж, улмаар нийгмийн шүүмжлэл дагуулсан тул С.Амарсайхан аргагүйн эрхэнд хаасан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ

УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан нь ил болсон. Мөн түүний хувьд Хөгжлийн банкны хэрэгт хүртэл нэр холбогдоод амжсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охин Дэлгэрмаа, Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан байдаг. Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан бол  2017 онд Ч.Норовдэлгэр 2017 онд АНУ-ын “Penn State University”-д хоёр жил суралцахаар Боловсролын зээлийн сангаас мөн 32 мянган ам.долларын зээл авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.

Ж.ЭНХБАЯР

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр БЗС-аас зургаан мянган ам.долларын зээл авч Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан байна. Мөн ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдож байсан удаатай.

АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР

Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр том охин Г.Хуландаа 2016-2017 онд хоёр ижил нэхэмжлэлээр дөрвөн удаагийн шилжүүлгээр 151 мянган ам долларыг Боловсролын зээлийн сангаас илүү шилжүүлсэн гэсэн мэдээлэл тухайн үед цацагдсан. Үүний 52 мянган ам.доллар нь нэг жилийн сургалтын төлбөр, бусад төлбөр нь 23 мянган ам.доллар гэж аудитын тайланд дурдсан байдаг. Г.Хулан АНУ-ын “Brown”-ий их сургуулийг  Компьютерын технологийн чиглэлээр 2018 онд төгссөн.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ:

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын зээлийн сангаас 6000 мянган ам.долларын зээл авч, Нидерландын Маастрихтын Менежментийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр 1.5 жилийн хугацаанд суралцсан.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *