АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВАХДАА АНХААРВАЛ ЗОХИХ ЗҮЙЛС

Та шинээр автомашин худалдан авахаар төлөвлөж байна уу? Автомашин нь байртай адил бидний амьдралдаа хийх томоохон худалдан авалтуудын нэг тул шинэхэн тээврийн хэрэгсэл авахад тань туслах зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна.

1. Хаанаас худалдан авалтаа хийх вэ?

Автомашинаа хэнээс болон хаанаас худалдаж авахаас шалтгаалаад үнэ болон чанарын хувьд ихээхэн ялгаатай байдаг. Та сонголтоо хувь хүн, автомашины ченж, хуучин машин борлуулдаг компани болон албан ёсны төлөөлөгч зэрэг газруудаас хийх боломжтой.

Хувь хүнээс автомашин худалдаж авах нь

Хувь хүнээс автомашин худалдаж авах бол Unegui.mn, Shuurkhaizar.mn, Avtozar.mn гэх мэт зарын сайтууд, Facebook дэх автомашины зарын группүүд болон таньдаг хүмүүсээрээ дамжуулан худалдан авах боломжтой. Энэ сонголт нь магадгүй хямд тусч болох ч нөгөө талаас маш их эрсдэлийг дагуулдаг. Хэрэв та хувь хүнээс автомашин авахаар сонирхож байгаа бол дараах зүйлсийг анхаараарай:

  • Автомашины үйл ажиллагаанд нь ямар нэгэн доголдол байгаа эсэхийг шалгаж авах шаардлагатай. Мэргэжлийн бус хүн энгийн нүдээр хараад эвдрэл, гэмтэл, элэгдлийг тодорхойлох боломжгүй байдаг тул автомашины мэргэжилтнээс тусламж аваарай
  • Машиныг унах тусам эд анги элэгдэж, хуучирдаг. Тиймээс үйлдвэрлэгдсэн огнооноос гадна хэдэн км зам туулсныг шалгах нь зүйтэй. Үүнийг тодорхойлохын тулд гүйлтийн самбар болон хөдөлгүүрийн коллектороос баримжаа авах боломжтой юм. Тодруулбал: гүйлт багатай машины коллектор нь металл гялалзсан өнгөтэй байдаг бол 25,000км-ээс давсан тохиолдолд зэвхий шаравтар, 100,000км-ээс давсан бол бохир хүрэн өнгөтэй болдог
  • Монголд унаж байсан хуучин машин авахаар зэхэж байгаа бол автомашины ченж, дундын зуучлагчгүйгээр аль болох тухайн машины эзнээс худалдан авалт хийх нь санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй
  • Худалдаж авах гэж буй автомашины арлын дугаарыг шалгахаа мартуузай! Арлын дугаарын тусламжтайгаар та машины өмнөх эзэд; барьцаанд байгаа эсэх; өмнөх торгууль зэрэгтэй танилцах боломжтой

Хуучин автомашин борлуулагч нь

Монголд унаж байсан болон унаж байгаагүй автомашинуудыг худалдаалдаг хэд хэдэн борлуулагч нар үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал: Да-Хүрээ трейд, Авто худалдааны цогцолбор, Авто экспо центр, Autobiz, ET Motors, Pruis center.

Монголд явж байгаагүй автомашин авахын давуу тал:

  • Өөрийн хүссэн автомашинаа онлайнаар сонгох боломжтой
  • Гүйлт багатай
  • Хувь хүнээс авснаас илүү баталгаатай мөн өргөн сонголттой
  • Шинэ машинтай харьцуулахад үнийн хувьд хямд

Монголд явж байсан автомашин авахын сул тал:

  • Хувь хүнээс авахаас өндөр үнэтэй
  • Мэдээж өмнө нь эзэнтэй байсан тул эвдрэл гэмтэл байхыг үгүйсгэхгүй

Албан ёсны төлөөлөгчөөс худалдаж авах нь

Хэрэв та цоо шинэ, 0 км-ийн гүйлттэй автомашин авахаар төлөвлөж байгаа бол дараах албан ёсны төлөөлөгчийн газруудаас сонголтоо хийхийг зөвлөж байна:

  • Toyota – Мөнххада, Tavan bogd Motors
  • Nissan – Monnis Motors
  • Porsche – Porsche Center Ulaanbaatar
  • BMW – Bavaria Motors
  • Mercedes benz, Jeep, Ford – MSM Automotive
  • Cadillac, Chevrolet – Nomin motors

Албан ёсны төлөөлөгчдөөс худалдан авалт хийснээр та яг өөрийн хүссэн өнгө, загварын дагуу ямар ч доголдол гэмтэлгүй цоо шинэ автомашин худалдаж авах юм. Үүнээс гадна баталгаат хугацааны дагуу цаг алдалгүй үйлдвэрлэлийн гэмтлийг засах, шаардлагатай сэлбэгийг солих боломжийг олгодог.

Шинэ автомашиныг худалдаж аваад ердөө 1км явахад л хуучинд тооцогдож, үнэ нь унадаг болохыг анхаарах нь зүйтэй.

2. Төлбөрийн ямар нөхцөлүүд байдаг вэ?

Автомашины зээлийн шалгуур үзүүлэлтүүд багассанаар хангалттай хэмжээний бэлэн мөнгөгүй ч санхүүгийн хүндрэл багатай автомашин худалдан авах боломжууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Автомашины зээлийн урьдчилгаа төлбөрийн дүн өндөр байх тусам төлөх хүүгийн дүн багасна. Шинэ автомашин худалдан авахад таван жилийн хугацаатайгаар зээл олгогддог. Харин хуучин автомашинд гурван жилийн хугацаатай зээл олгогддог байна.

Зээлийн хүү /Дунджаар/ :

  • Монголд унаж байгаагүй автомашины лизинг: 1.4% – 1,7%
  • Монголд явж байсан автомашины лизинг: 1.5% – 1.8%
  • 0 гүйлттэй шинэ автомашины лизинг: 1.0% – 1.5%
  • ББСБ-н автомашины лизинг: 2.3% – 2,6%

3. Та гэрээ хийхээ мартаагүй биз?

Та худалдан авч буй автомашиныхаа өмчлөлийг шилжүүлэхийн тулд дараах хоёр төрлийн гэрээний аль нэгийг хийнэ:

  • Бэлэглэлийн гэрээ
  • Худалдах, худалдан авах гэрээ

Бэлэглэлийн гэрээ нь бэлэглэгч, бэлэг хүлээн авагч 2 талын сайн дурын үндсэн дээр хийгддэг. Та бэлэглэлийн гэрээний тусламжтай нэмэлт татваргүйгээр өмч шилжүүлэх боломжтой. Гэвч бэлэглэлийн гэрээнд ямар нэгэн мөнгөн дүн тусгагддаггүй тул та тухайн автомашиныг мөнгө төлж худалдан авсныг шүүхийн өмнө батлах боломжгүй болно. Үүнээс гадна бэлэглэлийн гэрээн дээр нэмэлт мөнгөн бус болзлуудыг тавьж өгч болдог ба тухайн гэрээгээр өмчлөл шилжүүлэх нь маш эрсдэлтэй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Худалдах, худалдан авах гэрээгээр автомашиныг худалдаж авах нь таныг хуулийн өмнө өмчлөлийн тал дээр үүсэх аливаа эрсдэл болон залилангаас хамгаалдаг. Энэхүү гэрээгээр борлуулж буй тал татвар төлөх үүрэг хүлээсэн байдаг ба хүмүүс татвараас зугтан, машиныхаа үнийг багасгах зорилгоор бэлэглэлийн гэрээг ашиглах тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Үүнээс гадна, та энэхүү гэрээний тусламжтай банк болон автомашин эзэмшигчтэй зээлээр мөн төлбөрийн нөхцөл зааж автомашин худалдан авах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: МАНДАЛ ДААТГАЛ

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *