Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын тухай мэдэх ёстой зүйлс

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын тулгын чулууг өрөлцөж, үндэс суурийг нь тавьсан хүмүүсийн тухай түүх бас дурсамж…

15 жилийн түүхтэй клубт өөрчлөлт, шинэчлэл байнга л гарч байдаг. Жам ёсоороо явсаар ийм урт хугацааг клуб өнөө туулжээ. Гишүүнээр элссэн хүмүүст клуб яг л хоёр дахь хамт олон, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийн анд нөхөр, суралцах орчин мэт тийм дотно.

Цагаан атаархал, өрсөлдөөн ч тэр дунд хөвөрнө. Өрсөлдөгч сонин, сайт, сэтгүүл, тв-ийн Эдийн засгийн албаныхан энэ л клубын “малгай” дор өөрийн итгэл үнэмшил, хүсэл сонирхлоор цуглан нэгдэж 15 жилтэй золгосон байна.

2011 онд клубт орж байхад Мөнхбаяр ах, Болд-Эрдэнэ ах, Дэлгэрцэцэг эгч, Ариунзаяа эгч, Ганзориг ах, Батзориг, Даваадулам эгч, Клубын шинэ Зохицуулагчаар өнөө томилогдсон Оюунчимэг эгч, Гандиймаа эгч, Энхбат ах, Эрдэнэчимэг, Цээпил эгч, Жанцан ах, Дашдэлэг ах, Мөнхчимэг гээд клубын анхны гишүүд нь байлаа.

Тэд л улсын эдийн засгийг тодорхойлон бичиж байлаа. Тэд бас хоорондоо ширүүхэн өрсөлдөгч нар байлаа. Энд дурдаагүй өөр хүн үлдээсэн, орхисон байж мэднэ шүү. Тэд яах аргагүй хоймор суудлын эзэд юм.

Хэвлэлийн хүрээлэнд байнга уулздаг, клубээ зорьж ирдэг, клубээ ярьдаг цаг үеийн хүмүүс. Одоо ч энэ хандлага хэвээр байгаа. Хэвээр байгаа учраас 15 жил тасраагүй, тасалдаагүй, зогсоогүй юм. Тэр эгнээ рүү шинэ сурвалжлагч мань мэт 2011 онд алхан орж, улмаар өнөөдрийг хүртэл “зууралджээ”.

Клубын анхны дарга нь Мөнхбаяр ах болж байлаа. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн чиглэлийн хамгийн анхны мэдээллийн сайтыг эрхлэн гаргаж байсан юм, тэр үед. Хэвлэлийн хүрээлэнгийн хэвлэлийн хурал болдог танхимд ширээ тойрон сууж, санал хураалт, санаа бодлоо солилцон клуб даргатай болсон юм.

Эргэн санахад 20 орчим сэтгүүлч клубт байсан байх аа. Тэгж л санаанд бууж байна. Удирдах зөвлөл гэж бас байгуулагдаад, тэнд нь багтаж байлаа. Идэвхтэй байж дээ, оролцооны хувьд…

Хэвлэлийн хүрээлэн клубыг маш сайн бойжуулсан. Чимэдээ ах, Мөнхмандах захирал, Тунгаа эгч, Ариунаа эгч клубын уур амьсгал, соёл, сэтгүүлчдийн ур чадварт ихээхэн оюуны хөрөнгө оруулалт хийж чадсан юм. Талархах ёстой хүмүүс бол тэд билээ.

Өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб өргөжиж, үйл ажиллагаа нь тэр хэрээр тэлж, салбарт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг оюунд ч тэр хэмжээгээр нэмэр тус болж чадсан байна. Эдийн засгийн хүрээнийхэн ч энэ клубыг эртнээс мэдэх, таних болжээ.

Клубын Зочин сэтгүүлч, Өглөөний уулзалт, Хэлэлцүүлэг, Сургалт, Алсын томилолт, Хөгжлийн яриа гээд олон уулзалт, арга хэмжээг хийдэг болсон байна. Эдийн засгийн чиглэлээр бичих сэтгүүлчдийн тоо, редакц ч тэр хэрээр нэмэгдсэн байна. Энэ бүхэнд оролцож, клубын нэг хэсэг байсанд баяртай бас азтай гэж өөрийгөө тооцож байгаа.

Засгийн газрын Хэвлэлийн мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, Eagle ТВ-ийн Ганзориг ах, өөрийн Майнинг Инсайт сэтгүүлээ эрхлэн гаргаж байгаа Болд-Эрдэнэ ах, Эдийн засгийн сэтгүүлчдээс Балдорж шагналтан болсон Өнөөдөр сонины Энхбат ах, гэр бүлээрээ ямагт клубээ гэдэг Мөнхбаяр ах, Дэлгэрцэцэг эгч, клубын төлөө өөрийн үндсэн ажлаа орхих шахан зүтгэж, өнөөдөрт хүргэсэн Ариунзаяа эгч, Болд ах, Баяржаргал, Зоригт, Мөнхжаргал, өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээ удирдаж байгаа, клубын дарга NTV Энэбиш, Эрдэнэтуяа, Санчирмаа, Алтанцэцэг эгч, цаг үргэлж Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ноён нуруу нь байсан, клубын шинэ Зохицуулагч Оюунчимэг эгч ийм эрхэм хүмүүс Эдийн засгийн сэтгүүлчдийн клубыг бүтээлцэж, 15 жилийн өндөр түүхэнд авчирсан байна.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб Эдийн засгийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд ямагт бат бэх цайз, хана хэрэм нь байх болтугай. Хөгжлийн үндэс болсон “баян бүрд” нь байх болтугай.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *