+SPECIAL | Шинэ жил “ИЙМ БАЙВАЛ #ГОЁ”

Хүйтэн өвлийг түр ч болов мартуулж, хүмүүний амьдралд өнгө, дурсамж нэмдэг шинэ жил хэдийн хаяанд иржээ. Ингээд жилийн баярт өдрүүдээр манай редакцаас бэлтгэн хүргэдэг #ИЙМ БАЙВАЛ ГОЁ булан маань ээлжит нийтлэлээ хүргэхэд бэлэн боллоо.

Энэ удаа “ШИНЭ ЖИЛ ИЙМ БАЙВАЛ ГОЁ” сэдвийн хүрээнд 20-иод насны залуусын үзэл бодол хийгээд дурсамжаар аялсан юм. Хэдий нийслэл хот маань утаатай, түгжрэлтэй, тог цахилгааны хязгаарлалттай шинэ оноо угтаж байгаа ч одоо шууд өөрчилж болохгүйгээс хойш цаашид хийх сонголтдоо хэрсүү байж, илүү сайхан шинэ жилүүдийг угтмаар байгаа гэдгээ ч тэд хуваалцаад амжсан юм…

Д. Дэлгэрдалай /20 настай/

12 сар гараад баярын уур амьсгал орох үе их сайхан байдаг. Гацуур мод, өвлийн өвгөн, цасан охид гээд шинэ жилтэй холбоотой бүх зүйл цаанаа л нэг тийм дулаахан мэдрэмж өгдөг гэх юм уу? Миний хувьд шинэ жилээр өнгөрч буй ондоо өөрийгөө ямар байснаа дүгнээд, ирэх жилдээ юу хийхээ төлөвлөж, дутуу зүйлсээ аль болох гүйцээхийг эрмэлздэг. Харин он гарах үед халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад хамтдаа байх мөч хамгийн гоё нь байдаг даа. Харин нэг жил найзынхаа гэрт утсаар тоглож байгаад цаг харсан 11:30 болчихсон байсан. Тэгээд хэрэндээ яараад найзыгаа дагуулаад гэр лүүгээ явсан боловч харьж амжилгүй шинэ оноо угтсан. Магадгүй энэ миний амьдралын хамгийн мартагдашгүй шинэ жилийн дурсамж байх аа…

Шинэ жилээр хүн бүхэн аз жаргалтай, хүүхэд бүхэн баяртай байвал #ГОЁ.

Э. Отгончимэг /23 настай/

Анх хоёр билүү гуравдугаар ангид ороход манай ах надад гацуур авч өгч байсан юм. Тэрнээс хойш шинэ жилийг өмнө өмнөхөөсөө илүүгээр догдлон хүлээж, 12 сар гарав уу, үгүй юу модоо засах гэж яарна. Ямартай ч 12-р ангиа төгстлөө ахын өгсөн гацуурыг зассан байдаг. Тэгээд ер нь бууз, нийслэл салат, бялуугаа идээд яг л сайхан монголжуу тэмдэглэдэг дээ. Харин баярын үеэр сумандаа байвал сумынхаа шинэ жилийн концертыг үзэх шиг сайхан юм байдаггүй байсан.

Гэхдээ сүүлийн үед том болох тусам хүүхэд байсан үе шигээ тэгж их догдолж, баярлахаа болиод илүү бодит хардаг болсон гэх юм уу даа. Яахав нийгэмд сайн сайхан зүйлс байгаа ч саар зүйлс бишгүй. Ядаж л манайхан шинэ жилээр бялуу, жимс ногоо зэргийг хэт үнэтэй зарна. Эсвэл хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан, муудсан бараа хийнэ. Нэмээд утга учиргүй архидна.

Тиймээс шинэ жилээр хүмүүс нэгэндээ илүү хайртай байж, утга учирт ач холбогдол өгвөл #ГОЁ.

Р. Амаржаргал /23 настай/

Одоо санахад 12 орчим настай л байсан болов уу, аавтайгаа гадаа салют буудахыг харчхаад, гэртээ орж ээжийнхээ хийсэн буузыг идэн хамтдаа ширээ тойрон сууж байсан мөч минь яагаад ч юм хамгийн тод санагддаг. Магадгүй хүн гэдэг хүүхэд насны сайхан дурсамжаар насан туршдаа тэжээгдэж амьдардаг байх. Одоо бол нөхөр маань өвлийн өвгөн болж охин бид хоёрт бэлэг өгөөд шинэ жилээ эхлүүлнэ. Дараа нь аавындаа очин халуун ам бүлээрээ өнгөрч байгаа жилдээ хийсэн сайн сайхан бүхнээ ярилцаж шинэ оноо угтдаг даа..

Сүүлийн үед манайхан баяр ёслол болохоор нүсэр тэмдэглэхэд илүү ач холбогдол өгөөд байгаа юм шиг санагддаг. Хамаг мөнгөө шавхана. Өр тавина. Хэдий хувь хүний сонголт боловч байгаадаа тааруулаад баярлах боломжтой л гэж хардаг.

Тиймээс байхгүйгээ бодож өр зээл тавихаас илүүтэй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун тэмдэглэвэл #ГОЁ.

М.Билгүүн /23 настай/

Бага байхад шинэ жилээр бэлэг авч, гацуур засах гээл олон гоё зүйл байдаг ч тэр дундаас солиут буудах бүүр хамгийн дуртай хэсэг маань байсан. Одоо бол хэрхэн зугаатай, сонирхолтой өнгөрүүлэх талаар л их боддог болсон байна. Нэмээд улс орон маань өмнө жилүүдээсээ илүү хөгжиж, амьдрахад таатай болоосой гэж боддог.

Шинэ жилээр улс төрийнхөн, шийдвэр гаргагчид ажлаа сайн хийж, улс эх орон маань дараа дараагийн шинэ онд илүү их хөгжсөн, илүү таатай байвал #ГОЁ.

М.Гэрэлдэлгэр /23 настай/

Хүүхэд байхад шинэ жилээр хамгийн гоё зүйл нь аав ээжээс бэлэг авах, зурагтаар шинэ жилийн холбоотой кино, нэвтрүүлэг үзээд халуун ам бүлээрээ байх л хамгийн сайхан нь байсан. Ямар сайндаа 4-р курс төгстлөө ууттай бэлэг авхуулсан байдаг. Харин одоо гэрийнхэндээ, хоёр дүүдээ бэлэг аваад очдог том эгч болсон доо.

Шинэ жилийн баяраар нүд алдам гоёл чимэглэл, халуун дулаан уур амьсгал дүүрэн байдаг ч согтуу явах хүмүүсийг харахаар хэцүү санагддаг. Цаана нь гэр бүл, үр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодохоор хөнгөн гуниг төрнө. Ер нь гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө гээд яаж ч тэмдэглэсэн байсан хавтгайрсан архидалтгүй байвал болно доо…

Шинэ жилээр жинхэнэ өвлийн өвгөн цас мөсний орноос цан хүүргээ татуулсаар ирж бэлэг өгдөг байвал #ГОЁ.😜

М.Солонго /23 настай/

Хамгийн дуртай баяр чинь юу вэ гэвэл гарцаагүй шинэ жил гэж хэлнэ. Улиран одож буй ондоо хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, тохиолдсон муу муухай зүйлээ ардаа үлдээх боломж юм уу даа. Ямартай ч хэсэг хугацаанд хүйтэн өвлийг мартуулж, юмсыг илүү гэгээлэг, өнгөлөг болгодог нь шинэ жил.
Миний бодлоор нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байгаа ч аль болох гэрэл гэгээтэй талыг харахыг хичээдэг. Ямар ч байсан бид сайнтай, муутай зүйлсийн ардаа орхиод шинэ оноо угтах гэж байгаад талархалтай байна.

Шинэ оноор хүн бүхэн аз жаргалтай, амар тайван бол #ГОЁ.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *