Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Технологийн шийдлүүдийг ашиглан иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг Улаанбаатар хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 1000 орчим монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг хийж буй бөгөөд томоохон төслүүдийг Хотын дарга өнгөрсөн пүрэв гарагт УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүддээ танилцууллаа. “Дижитал Сити” хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар дижитал хот болохоо зарлалаа. Дижитал хот болохын тулд ямар ажлууд хийх вэ. Хэзээ Улаанбаатар бүрэн дижитал хот болох вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 36 багц бүхий 300 гаруй ажлыг эхнээс нь хийж байна. Үүний нэг нь Ухаалаг Улаанбаатар төсөл. Дэлхийд технологийн дэвшил хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед олон хот технологи дээр суурилсан дижитал шилжилтийг хийж буй. Улаанбаатар хот энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд мэдээлэл технологийн үндэсний компаниудтай уулзаж, төлөвлөлтийг хийсэн. Ухаалаг Улаанбаатар төсөл 27 багц асуудал болж задрах бөгөөд эхний ээлжид 12-ыг хэрэгжүүлнэ. Энэ 12-ыгоо Эрүүл, аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, мэдээллийн системүүдтэй холбох үйл ажиллагаа эхнээсээ бэлэн болсон. Улаанбаатар хот дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц асуудлаа шийдсэнээр Дижитал хот болох бүрэн боломжтой.

Дэлхийд дижитал шилжилтийг таван төлөвөөр ангилдаг. Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр үе шатаас хоёр руу шилжих шатандаа явж байна. Улаанбаатарыг дижитал хот болгохын тулд салбар хоорондын уялдаа холбоо, иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Интеграцийг хурдтай хийж чадсанаар Улаанбаатар хотын дижитал болох үйл явц хурдасна. Энэ нь төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах сайн нөлөөллийг бодитоор бий болгоно.

-Цахим шилжилт олон давуу талыг бүрдүүлнэ. 2016 оноос өмнө манай улс цахим шилжилтийг төрийн байгууллага руу анхаарч хийж байсан. Одоо салбар бүр рүү чиглүүлж байгаагаараа илүү ач холбогдолтой гэж харж байна?

 -Тэгэлгүй яах вэ. Төрийн үйлчилгээ хүнд суртлыг багасгахгүйгээр урагшлахгүй. Цахим шилжилтийг хийхээс өмнө аливаа асуудлыг цаасаар шийддэг байсан нь төрийн үйлчилгээ авах гэж удаан хугацаагаар дараалалд зогсох, цаг хугацааны хувьд тодорхойгүй байдал үүсэх, эрх бүхий албан тушаалтан эргээд хариу өгөхдөө удах зэргээр чирэгдэл үүсгэдэг байсан. Энэ нь төр, иргэн хоорондын холбоо алсрах, төрд итгэх итгэл буурах, улмаар улс төр, нийгэм, эдийн засаг тогтворгүй болох гэх мэт маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Нийслэл Улаанбаатар хот 2016 онд E-Service үйлчилгээ нэвтрүүлж, нийслэлийн 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь өнөөгийн E-Mongolia-гийн суурь болж, хөгжсөн. Одоо 764 үйлчилгээг E-Mongolia-гаар үзүүлж байна.

-Энэ нь мэдээж маш их зардал, цаас хэмнэж байгаа болов уу?

-Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөгийг бодитоор хэмнэсэн. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэснээс гадна иргэдийн сэтгэл санаанд ч эергээр нөлөөлж байна. Төрийн үйлчилгээг таван минутын дотор авч, найман цагийн дотор шийдвэр гарч байна гэх мэт олон давуу талыг бодитоор бий болгосон. Дижитал шилжилтийг хотынхоо хэмжээнд богино хугацаанд хийж байж, цаашлаад дижитал үндэстэн болно. Хурдацтай хөгжиж байгаа технологийг Улаанбаатар хотын хөгжилд ашиглах бололцоог үндэсний 70 компани буюу 1000 монгол инженер хамтдаа бүрдүүлж байгаа. Технологийн давуу талыг сайн ашиглаж, бүх зүйлийг Монголдоо, өөрсдөө хийж байна.

Дэлхийн цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 193 орноос 74-р байрт жагсаж байна. Бид энэ жагсаалтад эхний 50-д багтах ёстой. Мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын бизнесийн орчныг сайжруулах үзүүлэлтээр 2020 онд 190 орноос 81-р байрт, олон улсын авлигын төсөөллийн индексээр 2021 онд 180 орноос 110-р байрт тус тус эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлтийг сайжруулахад цахим шилжилт хэрэгтэй. Өдгөө нийслэлийн бүх шатны буюу 1322 байгууллагын 30 мянга гаруй албан хаагч ERP системд холбогдож, орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцаж, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн.

Нийслэлээс иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээлүүдээс үүдэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байдал үүсэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард байгууллаа. Улмаар дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээ авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулна. Төрд давуу эрх байж болохгүй. Хяналт тавьж, зөвлөн тусалж, арга зүйн зөвлөгөө өгөх тогтолцоо руу орно.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *