Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ өдөр нь Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхэн үйл явдалтай холбоотой юм.
Тодруулбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурал Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ. Ингэснээр хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах засаглалын тогтолцоонд шилжсэн байна.
Анхдугаар Үндсэн хууль нь Монгол Улсын төрийн байгуулал, иргэдийн эрх, үүрэг, засаглалын үндсэн зарчмыг хуульчлан тогтоосноороо онцлогтой. Мөн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны үндсийг тодорхойлсон түүхэн баримт бичиг юм.
Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан бол 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан гэдгээрээ эдгээр хоёр өдөр түүхэн ялгаатай.
Улс тунхагласны өдрийг 2012 онд бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтаас хасаж байсан ч 2016 онд холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар дахин нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Иймд 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Монгол Улс даяар бүх нийтээр амарна. Энэ жил анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ой тохиож байна.
