ТАНД ХЭРЭГТЭЙ | Чацарганы долоон ашигтай чанар

6 минут уншина

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Чацарганы 7 ашигтай чанар

1. Шим тэжээлт бодисоор шимжүүлнэ. Чацарганы жимсэнд хүний биеийн хэвийн амьдралд хэрэгтэй эрдэс бодис, витаминуудын нэгдэл, ургамлын бодисууд илэрсэн. Байгалийн их хэмжээний антиоксидант нь насны өөрчлөлтийг удаашруулж, хорт хавдар, зүрхний өвчнөөс хамгаална.

Навч, мөчирт байх бодис нь цусны даралтыг хэвийн байлгаж, зүрхний өвчнөөс хамгаалахад тустай. Ялангуяа үүнд кверцетин онцгой үүрэгтэй. Чацарганы зөөлөн хэсэгт калий, кальци, магни, фосфор, төмөр зэрэг чухал бодис байдаг. Эдгээр бодис цус төлжих, ясны нягтаршилд сайн нөлөөтэй. Ашигтай бодисын шингэцийг чацарганад байдаг фолийн хүчил, В1, В2, В6, Е витаминууд, аскорбины хүчил, биотин хангана.

Чацарганад байдаг нийт ургамлын тосны ихэнх нь хүний биед илүү зохимжтой моно ханаагүй болон поли ханаагүй тос юм.

Ургамалд бараг байдаггүй омега тосны хүчил чацарганад байдаг. Түүнд омега-3, омега-6, омега-7, омега-9 хүчил бүгдээрээ байна.

2. Зүрхний эрүүл мэндэд тустай

Чацарганы биохими зүрхэнд таатай нөлөө үзүүлдэг байна. Антиоксидантууд зүрхний өвчин өдөөгчдийн нөлөөг дарангуйлна. Антиоксидантын тусламжтайгаар бүлэн үүсэх, цусны даралт хяналтгүй ихсэх, цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэл буурна.

Эрүүл 12 эрэгтэйд 4 долоо хоногийн турш чацаргана өгч туршихад цус өтгөрөх маркер буурч байжээ. Өөр нэг судалгаа 30 хоног үргэлжилжээ. Оролцсон хүмүүст өдөр бүр 50 г чацаргана жимс өгч судалсан ажээ. Цусны даралтай хүмүүсийн даралт буурсан байв. Липидийн хувьд нийт холестерин, нягтаршил багатай липопротеин, триглицерид багассан байлаа.

Даралт хэвийн, цусан дахь холестериний хэмжээ нь физиологийн зохистой түвшинд байсан хүмүүсийн хувьд даралт багасах, холестерин буурах тохиолдол ажиглагдаагүй.

Эндээс үзэхэд чацаргана жимс өвчтэй зүрхэнд сайн нөлөөтэй бөгөөд эрүүл хүмүүст нөлөөгүй болох нь харагдаж байна.

3. Чихрийн шижингээс сэргийлнэ

Чацаргана хэрэглэснээр чихрийн шижин өвчин үүсэхээс сэргийлнэ. Цусан дахь чихрийн хэмжээ ихтэй амьтдад чацарганы нөлөөг судлахад эерэг үзүүлэлт гарсан байна. Чацаргана идсэний дараа инсулиний ялгаралт нэмэгдэж байв. Ийнхүү цусан дахь глюкоз буурахад тус дэм үзүүлдэг.

Хүмүүс дээр хийсэн судалгаагаар чацаргана нь цусан дахь чихрийн хэмжээ огцом унах эрсдлийг, ялангуяа нүүрс-ус ихтэй хоол идсэний дараах эрсдлийг багасгадаг болох нь нотлогджээ.

Глюкозын хэмжээ байнга, үргэлжлэн унах нь ІІ хэлбэрийн чихрийн шижин үүсэхэд хүргэдэг болохыг аль эрт тогтоосон билээ. Ийнхүү чацаргана чихрийн хэмжээ огцом хэлбэлзэхийг зогсоосноор өвчний даамжралыг багасгадаг.

4. Арьс хамгаална

Чацарганыг арьсны эрүүл ахуйд ашиглаж болохыг амьтан дээр хийсэн лабораторийн судалгаа нотолсон билээ. Чацарганы бэлдмэлийг гадуур хэрэглэхэд арьсны бүх давхаргын нөхөн төлжилт түргэсч, шарх эдгэрдэг. Чацарганы найрлагатай тос хэрэглэснээр наранд удаан шарагдсантай холбоотой үүсэх хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаална.

Чацарганы хамгаалах чанар сайн байгаа нь түүний зөөлөн хэсэгт омега-3, омега-7 тосны хүчил байгаатай холбоотой байна.

Хүмүүст хийсэн туршилтаар чацарганы тосон түрхлэг арьсыг чангаруулж, нягтруулдаг болох нь нотлогджээ.

Чацарганы зөөлөн хэсэг нь хэвтрийн нуранга, халуун юманд түлэгдсэн, хүйтэнд хайрагдсан арьсны эдгэрэлтэд тустай. Тогтмол хэрэглэхэд арьс хуурайшихаас хамгаална.

5. Дархлааны системийг бэхжүүлнэ

Чацарганы дархлаа дэмжих чанар нь ургамлын флавоноид ихтэйгээр тайлбарлагдана. Бие организмын дотор биохимийн үйлдлээр идэвхитэй бодисууд чөлөөлөгдөж элдэв халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар дээшилдэг байна.

Лабораторийн судалгаагаар чацаргана жимс гэдэсний савханцрын өсөж үржихийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон.

Бусад судалгаанууд ДОХ, ханиад томуу, герпесийн вирустэй идэвхитэй тэмцдэг болохыг тогтоожээ.

Чацарганы антиоксидантууд болон биологийн идэвхит бодисууд биед үүсэх нян, бохирдлоос биеийг хамгаалдаг.

6. Элгийг эрүүлжүүлнэ

Чацаргана элэгний эд эсэд сайнаар нөлөөлдөг нь Е витамин, их хэмжээний тосны агууламж, каротиноидтой холбоотой.

Элэгний өвчтэй харханд хийсэн судалгаагаар чацаргана элэгний маркерын үзүүлэлтийг сайжруулж байв.

Элэгний хатууралтай өвчтөнүүдэд зургаан сарын турш чацарганы экстракт 15 г өгч туршихад элэгний үйл ажиллагаа мэдэгдэхүйц дээшилсэн байна.

Архины бус шалтгаантай өвчтөнүүдэд 0,5 -аас 1,5 грамм чацарганы жимс өгч туршихад бүх хүний холестерин, триглицерид буурч, элэгний ферментүүд сайжирсан байв.

7. Хавдрын эсрэг үйлчилгээтэй

Хавдрын улмаас үүсч болох эмгэг өөрчлөлтөөс чацарганы флавоноид болон антиоксидантууд хамгаалдаг. Улбар шар жимсгэнэд арвин байдаг кверцетин хорт хавдрын эсрэг үйлдэлтэй. Мөн Е витамин тийм үйлдэлтэй.

Амьтдад хийсэн туршилтаар чацарганы экстракт хорт хавдраар өөрчлөгдөж хувирсан эсүүд олширч, үсэрхийлж тархахын эсрэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон ажгуу. Хэдий тийм сайн нөлөөтэй боловч химийн эмчилгээнд хүрэхгүй болох нь тогтоогджээ.

Чацарганад байдаг процианид, изорамнетин хэмээх бодис гэдэс, уушги, хөхний хорт хавдрын өсөлтийг дардаг болох нь тогтоогдсон бүлгээ.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

TAGGED:
Түгээх