Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдөр жил бүрийн аравдугаар сарын 20-нд тохиодог. Энэ өдрийг ДЭМБ, ясны сийрэгжилтийн эсрэг Европ болон Азийн эмч нарын холбоо, нийгэмлэгүүд, улс орнууд дахь эрүүл мэндийн байгууллага, томоохон эмнэлгүүд олон нийтэд хандсан үзлэг шинжилгээ, зөвлөгөө, судалгааны баримт танилцуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн гол нь ясны сийрэгжилт хүн төрөлхтнийг “идэж” буй чимээгүй тахал” болсон нь аюулын харанга дэлдэх болжээ.

Монгол орон өвөлдөө цас их орж халтиргаа гулгаа их үүсдэг. Халтирч ойчсоны улмаас ясаа хугалах нь олонтаа. Бэртэх гэмтэхээс гадна хүмүүсийн яс сийрэгжиж, хэврэг болсон нь дээрх үзүүлэлтэд жин дарж байгааг тэр бүр мэддэггүй. Монголын хүн амын ясны сийрэгжилтийн нөхцөл байдал, статистик үзүүлэлтүүдийг авч үзвэл 50-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь ясны нягтрал тодорхой хэмжээгээр буурсан (ясны сийрэгжилттэй). Ясны сийрэгжилт буюу остеопороз нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн дараа дэлхийд болон Монгол Улсад эмч нарын санааг зовоож буй архаг өвчний нэг болоод зогсохгүй сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа гэсэн судалгаа байдаг аж. Нөхцөл байдал, бодит үзүүлэлтүүд нь ийм байгаа учраас Олон улсын ясны сийрэгжилтийн сан Монгол Улсыг 2022 онд бүртгэж авчээ. Тус санд бүртгүүлэхийн тулд судалгаа шинжилгээний нөр их ажил шаардагдана. Энэ бүхнийг хөөцөлдөж биелүүлсэн хүн бол “Яс булчингийн эрүүл мэнд, нөхөн үржихүй” –н судалгааг хийж, Япон улсад доктор хамгаалсан Монголын анхны судлаач, Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн тэргүүн Ж.Мядагмаа юм. Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг түүний тэргүүлдэг Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн судлаачдын баг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч нартай хамтран тав дахь жилдээ зохион байгуулав. Энэ өдөрлөгийн үеэр тэд УНТЭ-ийн амбулаториор үйлчлүүлж байгаа 170 гаруй иргэдийн ясны нягтшлыг үзэж оношлон эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн иргэдэд витамин Д, Кальци зэрэг амин дэм болон эмийн хайрцагыг олгож, нийт есөн сая орчим төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр иргэдэд үзүүлсэн байна. Судлаач, доктор Ж.Мядагмаагийн хэвлэлд ярьснаас үзэхэд “Яс сийрэгжихдээ ямар нэгэн шинж тэмдэг анх мэдэгддэггүй. Ясны хугарал болж байж энэхүү шинж тэмдэг илэрч энэ бол ясны сийрэгжилт юм байна гэдгээ мэддэг” гэжээ. Энэ утгаараа “чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэх болсон бололтой. Ясны сийрэгжилтийг халдварт бус өвчин гэж сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон бол 40-өөс дээш насны хүмүүс гурван жил тутамд ясны сийрэгжилтээ оношлуулж байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Ийнхүү олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд буюу дээр дурдагдсан тоон үзүүлэлт, мэдээллийг тогтож үзэх юм бол энэ чиглэлээр Монголын төр, Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогоор анхаарахгүй бол болохгүй гэсэн дохио, “аваарын гэрэл” аль хэдийнэ асчээ. Ясны сийрэгжилт залуужиж байгаа нь манай улсын хүн амын залуу үе, хөдөлмөрлөх хүч, цаашилбал нөхөн үржихүй, өрх гэрээ авч явах эрчүүди йн эрүүл мэнд, эрүүл ирээдүйд ихээхэн уршигтай нь ойлгомжтой. Тиймээс хорт хавдар, чихрийн шижингийн дараа орж буй “чимээгүй тахал”-аас Монгол Улс хүн амаа аврах төсөл хөтөлбөр гаргах уу, өөрсдөд нь даатгаад орхих уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Манай улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль тогтоомжид “Хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах”, “Иргэний эрүүл мэндийг төрөөс хамгаалах” –ыг онцгойлон заасан байдаг билээ.
