Өөрийн тугалыг алдсан эм заан бусдын амьгүй төрсөн тугалыг тээж явах нь ажиглагджээ
Намибийн цөлд амьгүй төрсөн тугалыг олон цагийн турш тээж явсан эм зааны гэрэл зураг зааны гашуудал, сэтгэл хөдлөлийн талаарх асуудлыг хөнджээ. Уг эм заан тугалын эх байгаагүй бөгөөд хоёр жилийн өмнө өөрийн тугалыг алдсан тухай BBC мэдээлсэн байна.
Гэрэл зурагчин Федерико Веронези 2025 оны есдүгээр сард Намибийн цөлийн Хуаб голын хатсан сайраар явж байсан зааны сүргийг дагахдаа энэ дүр зургийг буулгажээ. Эм заан идэж, ус уухдаа тугалын биеийг түр тавиад, дараа нь дахин авч замаа үргэлжлүүлж байсан аж.
Веронезийн авсан гэрэл зургуудын нэг нь Лондонгийн Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг 2026 оны “Зэрлэг байгалийн оны шилдэг гэрэл зурагчин” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн байна.
Намибийн цөлийн заануудыг хамгаалах чиглэлээр ажилладаг EHRA байгууллагын байгаль хамгааллын хөтөлбөрийн захирал Кристин Винтерийн хэлснээр, өдгөө 14 настай энэ эм заан өөрийн тугалыг алдсанаас хойш бусад зааны амьгүй төрсөн тугалыг тээж явах нь дөрвөн удаа ажиглагджээ. Тус бүс нутагт ийм зан үйлийг баримтжуулсан анхны тохиолдол нь энэ аж.

Гашуудалтай холбоотой байж болох ч шалтгааныг нь эцэслэн тогтоогоогүй
Винтерийн тайлбарласнаар, тугалыг удаан тээж явах нь хагацалтай холбоотой сэтгэл хөдлөлөө боловсруулах нэг хэлбэр байж болзошгүй. Мөн өөрийн тугалыг алдсан сэтгэлийн шархтай холбоотой эсвэл тугалын биеийг махчин амьтдаас хамгаалах оролдлого ч байж болох юм. Гэхдээ эдгээр нь боломжит тайлбар бөгөөд уг зан үйлийн шалтгааныг батлан тогтоогоогүй байна.
Африкийн саваннын заан судлаач, Elephant Voices байгууллагыг үүсгэн байгуулагч Жойс Пүүл Кенид төстэй тохиолдол ажиглаж байжээ. Тухайн эх заан амьгүй төрсөн тугалаа өргөхийг оролдож, дараа нь дэргэд нь хоёр өдрийн турш зогсон хамгаалсан байна.
Заанууд сүргийнхээ гишүүд төдийгүй танихгүй зааны үлдэгдэл дээр очиж, ясанд нь хүрч, хажууд нь удаан зогсох нь ч ажиглагддаг. Эдгээр зан үйл нь заан хагацалд хэрхэн хариу үзүүлдгийг ойлгоход чухал баримт болж байна.

Цөлийн заануудын тоо толгой буурч байна
Нийтлэлд Намибийн цөлийн заануудад тулгарч буй хамгааллын асуудлыг мөн хөнджээ. Винтерийн хэлснээр, тэдний тоо толгой сүүлийн 20 жилийн турш буурсан бөгөөд удаан үргэлжилсэн ган гачиг, усны төлөөх хүн, зааны зөрчил гол дарамт болж байна.
Тугалын хорогдол ч анхаарал татаж байгаа аж. Винтерийн дурдсан мэдээллээр, 2014–2022 оны хооронд төрсөн 16 тугалаас ердөө хоёр нь амьд үлджээ. Судлаачид хүрээлэн буй орчны хүчин зүйлс, архаг стресс, бохирдуулагч бодис болон цус ойртолт үүнд нөлөөлж байгаа эсэхийг судалж байна.
Веронези гэрэл зургаараа зааныг зөвхөн төрөл зүйлийнх нь хувьд хамгаалахаас гадна бодгаль бүрийн сайн сайхан байдалд анхаарахыг уриалжээ.
Эх сурвалж: BBC — “‘A window into its soul’: The rare elephant behaviour that reveals the depths of their emotions”
