Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн танилцуулах чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ө.Шижир болон Хууль зүй, дотоон хэргийн сайдын хооронд өрнөсөн харилцан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир: Хонь хурга нийлчихсэн юм шиг холион бантан болсон Засгийн газрын бүрэлдэхүүн орж ирлээ. Учрал сайдад жаахан урам хугарч байна. Яг одоо энд байгаа сонгогдсон 68 гишүүнээс 41 нь ямар нэгэн байдлаар сайд хийж үзсэн хүмүүс байна. Бараг л жагсаалтын хэдээс бусад нь. Хэдхэн хоногийн өмнө бие биенийхээ хулгай дээрэм, тонуул, хүн амь гээд байж болох бүх гэмт хэргийг ярьж байсан хүмүүс өнөөдөр нэг засагт мөр зэрэгцээд, инээд алдаад сууж байна шт, та хэд. Өнгөрсөн саруудад цүнх цүнхээр мөнгө зөөсөн гэмт хэргүүд чинь хайччихсан бэ. Ингээд эвлэрээд байх юмуу гэдгийг Хууль зүйн сайд болох хүнээс асуумаар байна. Та нар яруу тодоор нэгнээ ярьж өгсөн шүү дээ. Би гэрчилнэ ээ, би гэрчилнэ ээ л гээд байсан. Одоо эвлэрээд нэг танхимд суучихлаа. Монгол Улсын төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, дэд сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хонолоо. Та нар энэ хугацаанд төрөөр ингэж тоглолоо гэсэн үг. Энэ таван хоногийн хугацаанд та нар хоорондоо эвлэрээд сууж байхдаа махны үнэ 31 мянган төгрөг давсаныг, бензиний үнэ өсөх тухай, иргэдийн худалдан авалт буурч, амьдрал хэцүүдэж байгаа тухай нэг ч үг хэлээгүй шүү. Харин төрд байгаа хэдэн албан тушаалыг, яам тамгын газруудыг, мөнгөтэй газруудыг хэний бүлэглэл нь яаж хувааж авах вэ гэдгийг ярьж л тав хоносон. Энэ бол бодит үнэн. Таван хоног төрийн ажлыг, засгийн газрын ажлыг бүтэн гацаалаа. Бизнес эрхлэгчид та хэдийг бүлтийтлээ хараад сууж байгаа шт. Төрийн ажил юу болох бол, хэзээ жигдрэх бол, хэн ирж ажил урагшлах бол гээд. Энэ итгэл найдвар бүгд нуран уналаа. УИХ-ын шинэ дарга хэлсэн үгэндээ “Хариуцлага нэхдэг, хүлээлгэдэг дэг журам байхгүй болсон байна” гэх юм. Та нар засаг бариад 10 жил болж байгаа шт. Сонгууль болохоор л иргэдийг санадаг. Бусад үед нь таг мартдаг. Ийм л засгийн газар, ийм л нам болсон байна. Хэнээс юу асуугаад, хэнд юу хэлээд байгаа юм бэ. Шинэ засгийн газар нь хэмнэлтээс эхлэх ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол бензин, өргөн хэрэглээний бараа материалын үнэ өслөө. Засгийн газар хэмнэх ёстой. “Нэг байгууллага – Нэг машин” гэдэг уриалга гаргаж байна. 2,2их наядын машинтай. Төрийн байгууллагууд 2020 оноос хойш 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн бензин шатахуунд зарцуулсан байна. Мөнгөгүй гээд байгаагүй билүү. Ганцхан километрийн радиуст бүгдээрээ том, том жийп унаад явах юм. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд хулгайд том жижиг гэж байхгүй ээ. Өнгөрсөн 10 жилийн бүх хулгай та нартай холбогдоно. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүмүүс хуу хамчихаад суудлаасаа буухдаа унаж байсан машины дугаараа хулгайлаад явж байгаа шт. 0007 УНҮ гэдэг төрийн тусгай хамгаалалтын дугаар Санжийн Баяр дээр байгаа. 0008 УНҮ гэдэг дугаар танай намын дарга байсан Батболд дээр байгаа. 0012 УНҮ гэсэн дугаар танай намын дарга асан Миеэгомбын Энхболд дээр байгаа. Ядаж машины дугаар хулгайлахаа болиоч. Ямар ичдэггүй юм бэ. Хэдэн зуун сая доллар хуу хамсанаа та нар хоорондоо яриад байгаа шүү дээ. Хэн хэн яаж хулгайлснаа гэрчилээд байгаа шт. Тэгээд ядаж машины дугаарыг нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагад нь үлдээгээч ээ. Ичиж зовдоггүй юмуу. Би дахиад хэлье, өнгөрсөн сард бүгдээрээ гэмт хэрэгтэй олон ангид кино үзлээ. Одоо эвлэрээд, мөрөө алгадаад, нэг танхимд хамт суух юм байна л даа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан: Төрт ёс, хууль журам, ёс суртахуун гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьж ажиллана аа. Хоёрдугаарт, шүүхээр нотлогдоогүй, эцэслэгдээгүй гэмт хэрэг, хэн нэгний хардлага сэрдлэг, гүтгэлэг, эсвэл гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг урьдчилан хэн нэгэн нь ялладаг, эсвэл шүүх хуулийн байгууллага юм шиг загнадаг хандлагыг нийгэмд өөрчлөх ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт, мэдээж шүүмжилж болно, гүтгэж болохгүй. Хардаж болно, доромжилж болохгүй. Тийм учраас нийгэмд үнэхээр хууль журам нь байхгүй болчихсон юмуу, эсвэл бүгд хулгайч дээрэмчнээр дүүрчихсэн юмуу, эсвэл гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юмуу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Шижир гишүүний ярьж байгаа асуудал дээр ямар ч мэдээлэл алга байна. Дараа тодорхой тайлбар өгч болох байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир: Би яриагүй ээ. Хэн нэгэн зохиож ярьсан ч юм биш. Таны нэг засагт хамт суух гэж байгаа наад хүмүүс чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр нэгнийгээ илчилсэн юм. Тиймээс та надаас асуулт асуух хэрэггүй ээ. Дэлхий нийтээр геополитикийн нөхцөл байдал хүндэрч, түлш шатахууны үнэ нэмэгдэх гэж байна. Тэгэхэд та нар яс булаацалдсан ноход шиг хэд хоног хоорондоо зодолдлоо. Цаашдаа үнийн өсөлт дээр яах вэ. Манай улс алт, зэс, нүүрс гээд гуравхан зүйл зардаг. Үүн дээр аж үйлдвэрийн яам нь ямар бодлоготой байгаа юм. Нөгөө хэдэн цаасаа эргүүлж тойруулж хараад суух юмуу. Эрс шийдэмгий бодлого хийх юмуу. Тодорхой хариулт авмаар байна. Нэг талаас өрөвдөлтэй юмаа даа. Хэдэн биенийхээ хулгайг яриад, юу ч болоогүй юм шиг нэг засагт тэврэлдээд сууж байгааг нь харах.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням: Шижир гишүүний асуултад хариулъя. Манай улс байгалийн баялгийн олборлох салбараас хамааралтай эдийн засагтай. Харамсалтай нь бидний буруу, зөв популизмаас шалтгаалж энэ салбараа хөгжиж дэвших ямар ч боломжгүй болгочихсон. Тийм учраас өмнөх засгийн газрын үед боловсруулж бэлэн болгоод, яамдаас бүх саналаа авчихсан байгаа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг яаралтай УИХ-д өргөн барьж, хайгуул хөрөнгө оруулалтыг татах, шинэ мөнгө оруулж ирэх, тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой болгох, зэсийн салбарын АМНАТ-ыг бодитой болгох, бусад шинэ төслүүдийг хөдөлгөх боломжийг нээсэн хууль орж ирнэ. Бид ухаад шууд экспортлодог орон. Харин одоо бидний хувьд олборлосон түүхий эдээ ядаж хагас боловсруулна. улсын хэмжээнд Биржийн тухай хуулийн нөхцөл байдлаас шалтгаалаад 47 боловсруулах үйлдвэр хаалттай байна. Энийг нээнэ. Дотоодын борлуулалтыг зөвшөөрнө. АМНАТ-ыг шударга, зөв болгоно. Үүнд чиглэсэн өөрчлөлтүүд болон Хүнд үйлдвэрийн тухай хууль орж ирнэ. Хүнд үйлдвэрийн тухай хууль бол Монгол оронд үгүйлэгдэж байгаа боловсруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх бодлоготой, хөрөнгө оруулалтыг татах чиглэлтэй. Ган хайлуулах үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл, Алт боловсруулах үйлдвэрийн төсөл, Хөнгөн цагааны хайлш бэлтгэх үйлдвэрийн төсөл явна. Зарим нь тендер зарлагдсан яваа. Зарим нь тун удахгүй зарлагдахад бэлэн болчихсон явж байна.
