Марс бол хүйтэн, хуурай, цөлийн гараг. Гэвч хэдэн тэрбум жилийн өмнө тэр уур амьсгалын зузаан давхаргатай, гадарга дээрээ урсгал ус байлгахуйц дулаан уур амьсгалтай байсан гэдгийг шинжлэх ухааны нотолгоо харуулж байна. Тэгвэл юу болсон бэ? Ийм хувь тавилан Дэлхийд тохиолдож болох уу?

“Робот хайгуулын ололтоос үзвэл Марс нь анх Дэлхийтэй тун төстэй байсан ба химийн найрлага, хөгжлийн үе шат, зузаан уур амьсгал, цэнгэг ус, гол мөрөн, нууртай байсан,” гэж “Галактикийн нийгэмлэгийн сансрын бодлого”-ын дарга Кэйси Драйер тайлбарлав. “Гэвч одоо яагаад бид амьдрал тэтгэх Марсыг биш, элсэн цөл мэт гарагийг харж байна вэ? Энэ асуултад хариулах нь Дэлхий хэр эмзэг болохыг бидэнд ойлгуулдаг,” гэж тэр нэмж хэлжээ.
Драйерийн хэлснээр Марс нь одоо уур амьсгалгүй болсон шалтгаануудын нэг нь дэлхийтэй адил хамгаалах соронзон оронгүй байсантай холбоотой. Энэ орон нь нарны цэнэгтэй бөөмсөөс гарагийг хамгаалдаг гол хүчин зүйл юм.
NASA болон Калифорнийн Их Сургуулийн Беркли дахь Сансрын шинжлэх ухааны лаборатори хамтран “ESCAPADE” хэмээх хос дагуулын даалгаврыг хэрэгжүүлж байна. Энэ нь “Escape and Plasma Acceleration and Dynamics Explorers” буюу “Орголт, Плазмын хурдац ба динамикийн судлаачид” гэсэн үгийн товчлол юм. Энэ бол өөр гараг руу илгээгдэж буй анхны хос дагуулын даалгавар бөгөөд хоёр ижил хөлөг Марсын соронзон мандал болон дээд уур амьсгалын гурван хэмжээст зургийг анх удаа гаргаж өгөх юм.
Хоёр дагуулыг Флоридагийн Кеннедигийн сансрын төвөөс Ням гарагт орон нутгийн цагаар 14:45-д Blue Origin компанийн New Glenn пуужингаар хөөргөхөөр төлөвлөжээ. Өмнөх Марсын судалгааны хөлгүүдээс ялгаатай нь, эдгээр хөлөг эхлээд Лагранжийн цэг рүү нар ба дэлхийн татах хүч тэнцвэрждэг орон зайд нисч, тэнд нэг жил орчим тойрон эргэсний дараа Марс руу чиглэх юм. Энэ уян хатан зам нь ирээдүйн Марсын даалгавруудыг урт хугацаанд төлөвлөх, улмаар хүн төрөлхтөн олон хөлөг илгээхэд хэрэгтэй туршлага болох юм.

NASA-ийн мэдээлснээр “Gold” ба “Blue” нэртэй хоёр хөлөг (UC Berkeley-ийн сургуулийн өнгөнөөс нэрлэсэн) Марсын соронзон орон, уур амьсгалын “бодит цагийн хариу урвал”-ыг судална. Тэдгээр нь жижиг хөргөгчийн хэмжээтэй, ойролцоогоор 250 фунт (113 кг) жинтэй. 2027 онд Марсад хүрэхэд тэд уур амьсгал хэрхэн сансарт алдагдаж буйг бодит цагийн нарийвчилсан зураглал гаргах юм гэж Галактикийн нийгэмлэгийн шинжилгээнд дурджээ.
Драйерийн хэлснээр, Марсын уур амьсгал хэрхэн алдагдсан, одоо ч хэрхэн үргэлжилж байгааг ойлгох нь Дэлхийн уур амьсгал, хамгаалалтыг сайжруулахад үнэтэй мэдээлэл болно. “Нарны бөөмс ба Марсын уур амьсгалын харилцан үйлчлэл нь гараг уур амьсгалгүй болсон гол шалтгаануудын нэг гэж үздэг. Тиймээс энэ харилцааг судлах нь Марсын уур амьсгал яагаад үгүй болсон түүхийг ойлгоход тусална,” гэж тэр хэлжээ. Энэ нь NASA-ийн хамгийн хямд өртөгтэй судалгааны хөтөлбөрүүдийн нэг бөгөөд өртөг нь 70–80 сая ам.доллар орчим юм. “Энэ бол бага зардлаар өндөр үр дүн гаргах боломжийг харуулах туршилтын шинжтэй даалгавар,” гэж тэр нэмж хэлжээ.
Гэвч NASA төсвийн хасалттай тулгарч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор MAVEN зэрэг хэд хэдэн судалгааны хөлгийг зогсоох аюул нүүрлэж буйг Драйер анхааруулав. “Марс, Венер зэрэг гарагийг судалснаар хүн төрөлхтөн өөрийн гарагийн уур амьсгал тогтвортой биш гэдгийг ойлгосон. Удаан хугацаанд байгалийн өөрчлөлт ноцтой үр дагаварт хүргэж болдог,” гэж тэр хэлсэн байна.
ABC news
