HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Буриад хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 09

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Буриад хуримын ёсон

Буриадын хуримын өмнөх зан үйлд бэр гуйх, хадаг тавих, сүй хэлэлцэх, бэлэг барих, мал барих, хүлэг морь унуулах, өмсгөл өмсөх, болзор гуйх, хаалга эргэх, хөнжил хүргэх, басган зайх (айлчлах) гэх зэрэг олон зан үйл багтдаг ажээ. Их хуриманд ураг буух, тэмээний эрэлчин очих, угтах, суудал их, дэр, нар булаалдах, эрийн ид хав үзэх, морины хурд сорих, эхнэр болох, их андалдаан, сахимж сахих зэрэг зан үйл ордог. Хурим өндөрлөхөд өглөөний төр, ураг мордох, тулам боох, сахимж, шинэ гэрийн наадам тэргүүтэн заншил багтах бөлгөө. Буриад зон 7-9 дэх элгэн хөхүүрээс цааш ураг төрөл сунжрав гэж үзэн, төрөл хагалах болсонд тооцож, хоорондоо ураг барилцан, хуримладаг эртний уламжлалтай.

Бэр гуйх тухай ярилцаад хүүгийн эх гоёлын уужныхаа баруун дээд талд хадсан мөнгөн зоосоо ханзлан авч шившээд дээш шидэхэд нүүрэн талаараа буух юм бол бэрээ зөв сонгожээ гэж үзэж гуйхаар мордох болдог. Ийнхүү бэр сонгоод хүүгийн эцэг сайн морио унаж, сайхан хувцсаа өмсөөд бэрийн эцгийнд идээ цагаа барин очиж найрлана. Найрын үеэр хүүгийн эцэг нь бэр болох охинд аяга өгөхөд, охин аваад эргүүлэн барихад нь нөгөө мэргийнхээ мөнгөн зоосоо охины хүзүүнд зүүх ёстой. Хүү охин хоёрын эцгүүд мэнд амар мэдэлцэн, хэрэг учраа хэлэлцсэний дараа хүүгийн эцэг:

Хандгай намнаач нь манайд

Халиу зүйгч нь танайд байна

Буга намнаач нь манайд байна

Булга зүйгч нь танайд байна

Батнай овгийн хөвүүн …….. настай, жилтэй, мэнгэтэй, цагаангүүд овгийн …… настай,…… жилтэй, мэнгэтэй танай басган ийм хоёр залуусыг айл гэр болон аж төрөх өлзийтэй сайхан ерөөлөө хайрлана уу гэнэ.

Охины эцэг

“Тийм л заяатай байж

Урьд хүний хөвүүн цаашаа тамиртай

Хүзүүний мах хатуу” гэж өгүүлдэг хэмээнэ.

Бурханд хадаг тавих:

Хүүгийн талынхан хадаг тогтоон охиныг буулгахаар зөвшөөрсний эцэст аав, ээжийн нь бэлэг, бурхан шүтээнд нь хадаг өргөнө. Бэрийн талд Бурханд хадгаа тавихад 3-4 хүн очих ба охины тал шүтээндээ зул барихад, гийчид хадгаа тавин гурвантаа мөргөнө. Бурханд хадаг барьж мөргөсний найр хийж, охины талынхан ирсэн гийчдэд идээ бариад сүйн хэлцэл эхэлдэг.

Бэлэг барих:

Хүү талын ахлаач нь бүсгүйн талын тэргүүнд хадаг бэлэг барихад, “Юун бэлэг вэ?” гэж асууна. “Басганы бэлэг” гэхэд “Заар үгүй морин олон, хадам үгүй басган олон, аль ч билээ дээ?” гэхэд “Дулмаа нэртэй басгы тань морин жилтэй…….. нэртэй хөвүүндээ гэхэд “Үрээ минь морин болог, үр хүүхэд минь хүмүүн болог. Найман Намсрай мэт баян болог Найдан жүдэг мэт өнөр болог” хэмээн ерөөл бэлгэ хайрлана. Ийнхүү хүү талынхан бэлгээ хүргээд оройдоо багтан буцахад “нар булаалдана”. Нар булаалдахад хүү талын хүчтэнүүдийн өмнө охин талын залуус нар зөв талд нь гарахаар хүлгийн хурд, хөвүүний авхаалж сорьж нааддаг. Хүүхний талаас шалгарсан нэг залуу, хүлгийн хурдаар зугтаж буй хүү талынхны урдуур ороон давхиж чадваас нараа авсанд тооцно. Чадахгүй бол нараа алдсанд тооцон наадаан төгсөнө.

Бэлэг өгөх:

Цэнгэл наадмын дараа мал барих хугацаа товлоно. Ингэхдээ сарын сайн “Балжиннямтай” өдөр хэдэн толгой бод, бог өгөхөөр харилцан зөвшиж хэлэлцэнэ.

Мал барих:

Хүүгийн талаас бэр болох охинд зориулан сүйн мал хүргэх, түүнийгээ нас шүд шалгах, голох шилэх, нүдлэх, хүйсээр тоолох, имнэх, тамгалах, хүч таргатай туранхай зэргийг нь хэлэлцэн тохирч зөвшилд хүрдэг.

Өмсгөл бэлтгэх:

Охины талынхан басгандаа хувцас урлахын зэрэгцээ хүүгийн талын хамгийн ойрын төрөл садан буюу эх, нагац, авга ах эгч, нагац ах, нагац эгч, ах, эгч нарт нь тус бүрчлэн дээл цамц зэхнэ.

Болзоо:

Бэлгийн ёслолын үед болзоо хэлцэх гэж нэгэн сонин ёс буй. Энэ нь охины эцгийнд тусгайлсан сөн, идээ, хонины толгой сэлтийг оруулан бэрийн болзоо гуйх, бэлэг өгсний найр хийх заншил бөлгөө. Ийм өргөл бэлгээ хүргэн, өвгөн ахлаач нар охины эцгийнд авчирч өгөх ажээ. Бэлгэнд саалийн үнээ, хөнжил хийх ангийн арьс тэргүүтэн багтах ба баруун буриадад бэлгэнд заавал саалийн үнээ байдаг бол, Сэлэнгийн буриадад хөнжлийн арьс, хойд буриадууд гарын бэлэг тус тус өгдөг ажээ. Энэ бэлгийн зорилго нь хүүхэн талынхан зөвшлөө батжуулан хуримын хугацаагаа дахин товлох, хэлэлцэж зөвшихөд оршдог аж.

Хал хэмээх зан үйл:

Хуримын тойг болохоос 1-3 өдрийн өмнө хүргэн хүү хийнэ. Хүүхний садан төрлөөс хурим товлосон өдөр хүлээгдэхэд хүргэний талаас хал хэмээх идээ, мах шүүс, дарс авчран бэрийн талынхныг зочилдог. Найрын дараа гийчид гэрээс гарч түүдэг гал тойрч дүгрэглэн суугаад идээнээсээ цацал өргөж, махан шүүснээс огтлон галд хишиг өгөөд бүгд зооглон хүртэцгээнэ. Орой нь хоёр талын залуучууд хүргэний гэзгэнд бөсөн гоёл зүүж, цагаан цамцанд нь товч хаддаг байжээ.

Халын дараа хөнжил хүргэх, нэр солилцох, шинэ гэр барих ёс үргэлжилнэ. Буриадууд шинэ гэрээ хүргэний эцгийн гэрийн зүүн хойд талд барьдаг заншилтай. Шинэ гэрийн үүд, өрхийг бэрийн талынхан урлаж, гэр барих өдөр хүргэж өгдөг.

Басган зайх

Хуримын өмнө бэр болох охин хоёр эрэгтэй хүний хамт ах дүү төрөл садангийн айлуудаараа гийчилнэ. Үүнийг басган зайх гэнэ. Мөн нэг охин дагалдан басган болох ба хоёр эрэгтэй ахмад нь хэнийд айлчлах, хэнийд хоноглохыг шийднэ. Бэр бүсгүйн хоноглох садангийнх нь айлд басганы наадаан зарлана. Хоноглосон айл нь бэр болж одох охинд хонины чанасан ууц, өвгөн дагуулд нь чанасан толгой, сархадын хамт барина. Ийнхүү басган зайх хийсэн охин найзууддаа гарын бэлэг түгээн үдэлцэх ёслол үйлдэнэ. Одоогийнхоор бол ганц бие бүсгүйн сүүлчийн үдэшлэгтэй төстэй ёс юм даа.

Басган, гэртээ эргэж ирэх:

Басган зайгаад төрсөн гэртээ буцаж ирэхэд хөвгүүд, басгад охины замыг тосон гэрт нь хамт орцгоон цайллага эхэлнэ. Дараа нь хүмүүс гадаа дүгрэглэн зогсоод цай, идээ, мах шүүснээсээ дээжлэн басгандаа ууц тавьж, “Ууцны дуу” дуулан охины малгайн залаанд хадаг уяж өгдөг. Их гэрийн наадаан хэмээх ёслол нь энэ юм. Хадамд гарах басганыг төрсөн гэрт нь ийнхүү хүндлэн дайлсны эцэст харь газар очоод хэрхэн аж төрөх тухай захиж сургасан агуулгатай “Ууцны дуу”-г дуулж өгөх бөгөөд, охин үе тэнгийн басгад, хөвгүүдтэйгээ үүр цайтал бүжиглэн цэнгэдэг бөлгөө.

“Ууцны дуу” нь хадамд гарч байгаа охиныг хар элгийн хүмүүстэй эе эвтэй, сайн сайхан амьдарч явахыг захиж сургасан дуу байдаг. Энэхүү “Ууцны дуу” нь буриадын нутаг нутагт олон өөр хувилбартай байдаг өвөрмөц сайхан заншил юм. Тэдгээрээс нэгийг энд сонирхуулъя.

Хаддаа харвасан сумны минь хангинах

Хайртай хар бага насандаа

Харийн болгох чинь хайртай гэж эхэлнэ.

Харагдаж байнхай ангал нь

Харгуй замын хазгай юм.

Харийн газар өгдөг чинь

Хамаг зонын ёс юм.

Хүхрэн байнхай хөвч нь

Хөтөл замын хазгай юм.

Хүний газар өгөх нь

Хүний зоны ёс юм

гэхчлэн дуулж төрсөн үрээ хүнд өгөх гэж байгаагаа амьдралын жам ёстой, холбон тайлбарлаж, нэг талаар охиноо тайтгаруулж нөгөө талаас сэтгэлээ тайвшруулж буй хэрэг аж. Энэ дууны дараачийн бадагт охиноо:

Хайван хард нь хазаарлан мордуулж адууныхаа зэлээ эвхэж гараарай

Ахмад зоныхоо айлчлахад архиа сөгнөж гараарай

Хониныхоо ирэхэд хоолбой, хоолбой гэж гараарай

Хов жив нь ирэхэд хойшоо сугаран үлдээрэй

Хөтөлийн ганц модыг хөндөл үгүй яваарай

Хүний л ганц үрийг хүндлэнхэн суугаарай

Хөдөө газар бартаатай л хүлэг гэвч бүдэрдэг

Бартаатай л газар хүчтэй шүү, хүндтэйхэн гэж гэндүүзэй.

Хад газар бартаатай л хазаарт гэвч бүдэрдэг

Харийн газар хартай л хайртай гэж гэнэдүүзэй

гэхчлэн амьдралын уртад тохиох алив учралын тухай уран цэцнээр дүрслэн дуулдаг нэг ёсны сургааль дуу юм.

Ууцны дууны төгсгөлд

Ар голын эхэнд аргалийн хурга хөөрхий

Алган дээрээ өсгөсөн аав л эжий хөөрхий

Хөх л буурал морин чинь хөмөлдрөгөн дотроо хөлстэй

Хөгшин буурал эжий чинь хөмсгөн доороо нулимастай

Хэрээтэйхэн хээрээрээ хэтхэн холыг зориорой,

Хэвтсэн нойроо цэлмэж, ээжийнхээ мэндийг мэдээрэй

гэж дуулан төгсгөдөг. Энэ нь охиноо хэдийгээр хүний нутагт бэрлэсэн ч төрсөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ачит ээж ааваа санан дурсаж, энгүй их элбэрлийг нь ухааран явахыг сайн сайхан бэлэг дэмбэрэлтэй үгээр ерөөсөн сургааль юм. Ууцны дууны дараа басган булаалдах наадаан болдог.

Бэр хүргэхэд залуу басгад явахгүй, лхины ээж, төрөл садангууд бэрийн барааг аваачихад оролцоно. Тийнхүү бэр хүргэхэд тэмээний эрэлчин гэж хоёр гурван хүн охины талаас түрүүлэн мордож хүргэний эцгийнд очиж, тэмээ эрж яваа болж сураг тавихад хүргэнийхэн дайлж цайлна. Мөн майханчин, угтамж гэж ёс бас хийдэг.

Тэгсээр бэрийг ургийн газарт ирэхэд, үүдгүй гэрт гал түлээд гурван хүн хүлээн авч оруулна. Бэр гэрт ороход хүү хүүхний талаас нэг нэг бөө цацал өргөдөг нь буриад хуримын нэг онцлог зан үйл юм. Хоёр хадам эцэг хоорондоо аягатай сархадаа сольж хүртэнэ. Харин халх хуримд бэр хүргэхэд аав нь худындаа очдоггүй ёстой билээ. Дараа нь бэрийн байгаа гэрт сархад авчран хоёр ахмад хүн цацал өргөнө.

Бэрийн бараагаа шинэ гэртээ засаж, тохижуулсны дараа гэрийн зүүн талд орны хөшиг татаад, ард нь бэр басганаа суулган үс хагалах ёс хийнэ. Энэ нь басганы найман салаа гэзгийг задлан хэтийн гангаар хоёр хагалан самнаж шанхалж, үсний уут буюу туйванд хийх явдал юм. Чингээд бэрд зүүсгэл чимэг зүүж, эхнэр хүний хувцас өмсгөх үед хүүгийн талаас хэн ч орж ирэх ёсгүй. Хэрэв хүн үүдээр шагайвал нэг хүн хөөтэй, тостой тогооны бариулаар шагайсан хүний нүүрийг нь арчиж хөөдөх наргиан буй. Бэр засал хийлгэж байхад хадам эцгийн гэрт хонины төөлэй, ууц чанаж, тураг махаа тэвшинд засч зоог бэлддэг. Төөлэй ГЭДЭГ нь хонины хуйхалсан толгой чанаж хийдэг хүндэтгэлийн зоог юм. Хуримын зоогт аман хүзүү, өнчин богино хавирга, борви, тойг тавихыг цээрлэдэг.

Бэр мөргөх ёс:

Бэрийг хоёр бэргэн удирдана. Тэд хүргэнийг дуудан гэрт оруулаад шинэ бэрээ гаргаж хадмын гэр өөд явахад замд нь хоёр хүн тосч газарт тохом дэвсэж өгөхөд, бэр тэрхүү тохом дээр сөхрөн мөргөнө. Буриад ёсонд бэр хадам эцгийн гэр хүрэх зуурт гурвантаа мөргөл үйлддэг. Тохом дэвссэн хоёр хүмүүн “Бэр мөргөвэй!” хэмээн хашгирч зарлана. Бэр хадам эцэгтээ мөргөхөөр орж ирэхэд гэрийн үүдээ хусан баганаар даран цэц булаалдах наадан хийдэг.

-Ямар учраас ацтай хусан баганаар үүдээ дарж байгаа юм бэ? гэж бэрийн талынхныг асуухад “Хар буур хавшдаг, халтар тэх бавнадаг, бух мөргөдөг, буур давирдаг юм” гэж хариулах зэрэг цэцэн мэргэнээр мэтгэлцэн байж, гэрийн хаалганы босго дамнаж, хадаг өргөн барьж орох ёстой. Хүргэний эцгийн гэрийн хаалганы босгон дээр тохом бөгтөрч тавихад бэр орж ирээд, эхэлж бурханд нь гурав, галд нь гурвантаа мөргөнө. Галд мөргөхөд нь бэрд хадам эхийн цуулсан, шар тостой мод өгдөг. Бэр тостой модыг галд өргөөд мөргөнө. Хадам эцэг, авга ах, хадам ээждээ мөргөхөд нь чанасан сүүл хэрчиж таваглан өгнө. Бэр мөргөх хүн бүрдээ сүүл өргөдөг. Бэр бурхан шүтээнд наминчлан мөргөх ба хадмын талын хүндтэй хүмүүст мөргөхдөө дээлийн хормойгоо хоёр гараараа барьж ёслон мөргөдөг.

Бэр мөргөхөд, бэр, хүргэн хоёрын гарын эрхий хурууг улаан утсаар холбож, ерөөл бэлэгдэл тавиад утсыг таслана. Бэр мөргөхийн өмнө цагаан эсгий дэвсэнэ. Бэр хадмынхаа гэрт айраг бүлж, гал түлэн, цай самарч идээ барина. Бэр мөргөсний дараа хадам эцэг эх нь бэрдээ бэлгээ өгдөг.

Хувцас бэлэглэх:

Хүүгийн талынхан бэрийнхээ эцэг, эх төрөл саданд дээл, цамц, хүрэм, гутал, өмд зэрэг малгайнаас бусад хувцсыг бэлэглэдэг.

Эхийн цагаан сүү амсуулах:

Хүүгийн талаас аягатай сүү хадаг, морийг худ худгүйн ахлаач болон, басганы эцэг, эхэд барьдаг ёстой. Мөн, бэрийн ээжид цагаан зүсний морь унуулж эхийн цагаан сүүний харамжийн ёс гүйцэтгэдэг заншилта

Хурим өндөрлөхөд тулам боох гэж бас нэг наадаан хийдэг. Эцэг эх, элгэн садан нь гэрээдээ буцахад монголын бүх ястны заншлаар бэр тэднийг үдэж өгөхгүй, гэрээс гарахгүй суусаар үлдэнэ. Буриадын нэг өвөрмөц заншил нь бэр хуримаас хойш удалгүй сарын шинэдээр хадам аавтайгаа хамт төрхөмдөө айлчлахад, эргүүлээд аав нь түүнийг хүргэж өгдөг. Буриад ёсонд бэрээ мөргөсний дараа хадмууд нь дээлийн торго, харагч юм уу улаагч үнээгээр бэлэг барьдаг. Буриад хурим ураг барилдах ёсны зан үйл нь халхаас илүү ойрад заншилтай төстэй байдаг ажээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ
Утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, 102 иргэний амь насыг авран хамгаалав 
Бэлчээрийн ургамлын ургалтын мэдээлэл
1999 оноос хойш АНУ-д халууны улмаас нас барсан хүний ​​тоо 117 хувиар нэмэгджээ
Австралид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “эрэгтэйчүүдийн зан үйлийн өөрчлөлт” хариуцсан албан тушаалтныг томиллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?