Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Хоол идэж байхдаа шингэн юм уух нь таарамжгүй
Энэхүү тун чухал зүйлийг нарийн баримталбал зохино. Шингэн юм гэдэгт ус, цай, кофе, какао зэрэг бусад ундаа цөм орно. Харин сүү бол ундаа биш идэх юманд тооцогдох боловч бас л тусгайд нь хэрэглэвэл зохино. Ухаангүй зэрлэгт тооцогддог адгуусан амьтад юм идэж байхдаа хэзээ ч шингэн юмыг цуг уудаггүй нь тодорхой билээ. Үүнийг тэдгээр амьтан зөн совингоороо мэддэг юм байна гэж болно.
Лабораторийн шинжилгээнээс үзвэл шингэн юм ууснаас хойш арван минут болоод байхад ходоодноос доошилж, өөртэйгээ хамт нэгэнт дэвтээд байгаа хоолны зүйлийг мөн л ялгаран гарсан ходоодны шүүстэй нь хамт хамаад явчих тул хоол боловсруулахад хамгийн ноцтой саад учруулдаг байна. Гэтэл хүмүүс хооллох үедээ шингэн юм уух нь ходоодны шүүсийг ялгаруулж өгдгөөрөө хоол шингэхийг сайжруулна гэж үзэх нь олонтаа. Гэвч үүнийг өөрөөр тайлбарлах учир байна. Үүнд:
Нэгдүгээрт, энэхүү хэвийн бус арга нь хоол боловсруулах шүүсийг эрчимжүүлдэг гэх боловч эрт орой нэгэн цагт булчирхайнуудын ялгаруулах уургийн ажиллагааг алдагдуулна.
Хоёрдугаарт, хоол боловсруулалтад хэрэг болно гэдэг утгаар шингэн юм ууж, ходоодны шүүсийг идсэн юманд үйлчилж амжаагүй байхад нь доош хөөгөөд гэдэс рүү оруулна гэдэг ямар ч ашиггүй үйлдэл болж байгаа хэрэг юм. Хоолноос хойш хоёр цаг болоод уусан шингэн нь ходоодны шүүсийг их хэмжээгээр ялгараад байх үеэр ходоодонд орох тул урвал явагдана. Тэгснээр тэр шингэн ходоодны шүүсийг ходоодноос үлдэн хөөснөөрөө хоол боловсруулалтыг саатуулдаг байна.
Тийм учраас шингэн юмыг хооллохоосоо 10-15 минутын өмнө, жимс идсэнээс хойш 30 минутын дараа, цардуулаг хоол идсэнээс хойш 2 цаг болоод, уурагтай хоолноос хойш 4 цаг болоод уувал зохино.
Хооллож байхдаа шингэн юм уух нь бас зажлахад муугаар нөлөөлнө.
Хоолыг сайтар зажлан жижиглэж, шүлсээрээ норгож дэвтээхийн оронд шингэн юмаар чийгэлсэн болоод сайтар зажлагдаж жижиглэгдээгүй байхад нь залгина гэсэн үг шүү дээ.
Сүү бол хоолны зүйл учраас удаахан шимж, аман дотроо байлгаж, шүлстэй бүрэн зууралдтал нь байлгаж байж сая залгивал зохино. Тэрчлэн ямар ч хоолыг сүүтэй хамт идэж болохгүй. Сайтар зажилж, шүлстэйгээ зууралдуулан дэвтээж байвал залгиж байгаа хоолныхоо амтыг мэдрэх болно. Ингэж боловсруулан идэхэд хажуугаас нь шингэн юм уух ямар ч шаардлага үл гарна.
Хүйтэн ундаа, нимбэгний шүүс, мөстэй цай гэх мэтийг европчууд байнга шахам идээ хоолтойгоо цуг хэрэглэдэг нь хоол шингэхэд саад хийдэг байна. Ер нь хүйтэн зүйл энзимийн ажиллагааг тасалдуулах тул энзимүүд ходоодны халуун хэвийн хэмжээндээ орохыг хүлээж байгаад өөрийнхөө ажиллагааг эхлэхэд хүрнэ. Хүйтэн ундаа анх удаагаа ходоодонд ороход ходоод гэмтэж хөрнө. Тэгээд уусан зүйл ходоодноос гарахад халуун оргиж, ам цангаана. Зайрмаг ч гэсэн мөн ийм л үйлчилгээтэй байдаг. Зайрмаг иднэ гэдэг маань ходоод руугаа мөс хийж байгаа хэрэг юм.
Халуун ундаа ходоодны эрч хүчийг сулруулж, түүний эдийн ажиллагааг эвдлэн, хоолыг боловсруулах ажиллагаанд саад хийнэ. Үүнээс болоод эд сулрах нь ходоодны ханыг цоолоход хүрнэ.
Бас өндөр, нам температур буюу ходоод хэт халаах, хэт хөрөх нь хоол боловсруулах, шүүс ялгарахад саад учруулна.
Кофе, цай, какао, нимбэгний шүүс мэтийн бас бус зүйлд байгаа шингэн нь явж явж ус юм шүү дээ. Гэтэл эдгээр ундаа юм идэх дурыг эрчимжүүлдгээрээ хэт идэхэд хүргэж болно. Мөн түүнчлэн кофе, цай, какао гурав нь цочроох үйлчилгээтэй хүчтэй хорыг агуулж байдаг. Тэдгээрийг олонтаа хэрэглэх нь хоол боловсроход саад болж, мэдрэлийн системийн ажиллагааг тасалдуулан бөөрийг гэмтээнэ. Кофе, цай хоёр нь нэн ялангуяа зуны улиралд ихээхэн хөлрүүлнэ.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
