Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Торгуудын хуримын зарим онцлог ёс дэгийг өгүүлье.
Их хурим. Бэр гуйх ёс баруун аймгийн ястнуудад нийтлэг тул алгасаад, торгуудын хуримын зарим онцлог ёс дэгийг өгүүлье.
Их хурим нь хүүхэн авахын урьд өдөр хүүгийн тал охины эцгийн гэрийн гадаа оосор бүчгүй жолом юмуу гэрээ нүүлгэн авчирч барихад охины гэрийнхэн урьд нь зэхсэн оосор бүрийг авчирч татна. Гэр нүүлгэн ирэхэд хүргэний талаас 20-30 орчим хүн ирнэ. Ураглаж буй залуугийн ойрын ах дүүс, садан төрөл, бэргэн зэрэг хүмүүс ирцгээнэ.
Өдөр ирсэн хүмүүс гэрээ барьж үдээс хойш “шагай чөмөг хөөх”, тооноор бууны замаг оруулах зэргээр хэдэн наадам тэмцээн хийнэ.
Хүүгийн тал тооноор гадагш нь замаг шидэхэд гадаа зогссон хоёр талынхан түүнийг нь газар унагалгүй барьж авах гэж тэмцэлдэх ба, авсан тал нь дийлсэн болж, нөгөө тал нь хадаг өгдөг байжээ.
Хуримынхан үдэш марал гудайтал найрлан, шөнө унталгүй дуулалдсаар үүр цайхын алдад охиныг авахаар хүргэн, бэргэд ахан дүүстэйгээ эцгийнд нь орж ирнэ. Хүргэний талынхан эхлээд галд нь тос өргөж, бурханд хадаг тавиад идээ амсаж цай ууцгаана. Энэ үед охиныг эцэгтэй нь хадгаар холбосон байдаг нь нэн сонирхолтой. Хүргэний талынхан тамхиа нэрэх зуур ирсэн хэрэг зоригоо хэлээд авчирсан идээгээ засч охины эцэг, эх, авга нагац нарт тохиролцсон бэлэг сэлтээ барина. Ийнхүү гар цайлгасны дараа хоёр талын идээ цагаагаа нийлүүлж өрөх ба хүргэний талын авчирсан саванд нь цагаан бөс уядаг.
Найрын дараа хүргэний талынхан гарахад эцэг эх нь охиноо төрсөн гэр оронд нь дайлж цайлна. Энэ үеэр хүргэнийг гэрт оруулж түүнд зориулан төхөөрсөн шинэ хувцсыг өмсгөнө. Хүргэнд голдуу тэрлэг, малгай, бүс шинээр оёж өгдөг заншилтай. Охины эцэг хүргэндээ хувцсыг нь өмсгөөд бүсэнд нь цагаан бөс ар ташаа тус хавчуулж өгөөд, хоёр хацрыг нь үнсээд ахан дүүстээ хүндтэй, нутаг усандаа нэртэй, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болохыг хүсэмжлэн ерөөлийн үгс айлддаг.
Хүргэний талынхан бэрээ авч гарахдаа нүүрийг нь бүтээгээд холбосон хадгийг эцгээс нь салгаж татах үед охин эцгээсээ салахгүй зууралдан уйлна. Охиныг урьдаас бэлтгэсэн бүтээлэгтэй эмээлтэй моринд мордуулж авч явна. Зарим нутагт охиныг нөхөрт нь дүүрүүлдэг. Замдаа шинэ бэр уйлж элдэв эсэргүүцэл үзүүлж болохгүй. Хүүхнийг аваад явж байхад урьд өдөр нь охины эцгийн гадаа аваачиж барьсан шинэ гэрийг тэмээнд ачин хамт нүүж явдаг. Ийнхүү нүүх замд тэмээний “бурантаг булаалдах” (тэмээний хаар булаалдах ч гэдэг) “хивс татах”, “гуурс нуух” зэрэг атаа маргаан хийсээр явах зуур, бэр түрүүлэн хадмынхаа гадаа очдог.
Бэрийг хадмынд ирэхэд нь буух газарт нь цагаан эсгий ширдэг дэвсэж, дээр нь будаа тариагаар хас (ёнгоруу) дүрслэн цацаж охиныг мориноос нь түшиж буулгадаг. Хуримын гэр ачсан ачаа явсаар хүүгийн эцгийн гадаа ирж охиныг хадам эх, эцэг, тэдний гал голомтонд нь мөргүүлээд цай өгч байхад гэр барьж дуусмагц анхны галаа хүү өөрөө хэт цахин асаана. Үүний дараа бэргэд хоёр залууг эхлээд галд нь мөргүүлээд үүдэнд дэвссэн цагаан ширдгэн дээр, шагай чөмөгний нарийн талаас охиныг, бүдүүн талаас хүүг бариулж наран зүг сөхрүүлж суулгаад:
Шар наранд мөргөм үү?
Шагай чөмгөнд мөргөм үү?
Дээр хан хурмастад мөргөм үү?
Дэргэд дөрвөн аав ээжийн
Заяа сахиусанд мөргөм үү?
хэмээн хэлж тус бүр нэг нэг мөргөөд шагайт чөмөгний махнаас нэг нэг зүсэм мах хүртдэг. Улмаар шагайт чөмгөө хадганд боож унинд хавчуулж байгаад дэрэнд (түнтэг) хийж хадгалдаг. Торгууд хуримын атаа маргааны тухай тодруулъя:
1.”Шагайт чөмөг хөөх” махтай нь чанасан шагай чөмгөнд хадаг уян, хүү охины хоёр тал хагсраасан хурдан морьдоо унацгааж, эхлээд хүүгийн талаас нэгэн морьтон шагай чөмгийг аван зугтаахад, бусад нь түүнийг авах гэж хөөцөлдөнө. Шагай чөмгийг булаалдахдаа нэг нэгэндээ дамжуулан удаалгүй, хэнийх нь тал олон удаа булааж чадсанаараа хүчтэйгээ харуулдаг онцлогтой наадаан аж.
2.“Гуурс нуух” шинэ гэрийг хүүхний эцгийн гаднаас ачаалан нүүж явах замд ачаа хөтөлсөн хүний биед хүүгийн талынхан шувууны өдний гол нуудаг. Өдийг гутлын түрүү, хөөрөгний даалин, малгайны оёдол зэргийн аль нэгэнд нуусныг хүүхний тал олохыг хичээнэ. Ачааг хээр зогсоохгүйгээр хүүхний талын нэг хүн хөтлөөд цааш явж байх засвар гуурс нуусан хүний бие, хувцсанд хайгаад хэрэв олвол хүүгийн тал атаагаа авлаа гэдэг.
3.“Ширдэг татах” шинэ гэрийг охины гэрийн гаднаас ачиж нүүхдээ нэг тэмээний ачааг хивс юмуу, ширдэгээр бүтээсэн байх бөгөөд замдаа тэр ширдэгийг хоёр талынхан хоёр талаас нь ачаан дээгүүр морьтойгоо таталцана. Аль дийлсэн тал нь атаагаа авсан гэж үздэг.
4.“Таваг цохих” хүүгийн талын морьтой хүмүүс худынхаас ирж яваа нүүдлийг замын дунд хүрэхээс нь өмнө тосно. Ингээд хүргэнийг хүргэж яваа охины талынхны өөдөөс тавагтай цагаан идээгээ цацаад тавгаа авч зугтдаг. Тавагтай идээ цацагчдыг охины талынхан хөөсөөр хадмын гэрийн ойролцоох асгасан үнсний орчимд хүрмэгц хөөх эрхгүй болж, хүүгийн тал эргээд тэднийг хөөнө. Хэрэв бэрийн талынхан гүйцэгдвэл ялагдсанд тооцогддог ажээ.
5.“Толгой оруулах” хүүгийн гэрийг эцгийнх нь гадаа барьж дуусахад, тэдний талаас нэг хүн гэрээс хонины чанасан толгой гаргаж шиднэ. Хоёр талынхан тэрхүү толгойг газар унахаас нь урьтан барихаар гадаа хүлээж байна. Аль түрүүлж барьж авсан нь хүчтэйд тооцогдож толгойг авна. Торгуудын зарим нутагт энэ ёсыг “Өвчүү цохих” гэх нь ч бий. Учир нь гэрээс толгой биш, хонины чанасан өвчүү гаргаж шидэхэд, хоёр талынхан газар унахаас нь өмнө барьж авахаар өрсөлддөг.
Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном
