Төрийн ордонд Халзан Бүрэгтэй ордтой холбоотой нээлттэй сонсгол болов оо, өнөөдөр. /2025.09.23,мягмар гараг/
Газрын ховор элементийн тухай мэдээлэл өгөх бүхий л шатны эх сурвалж, Ховд аймгийн Мянгад сумыг төлөөлж 50 иргэн, төрийн байгууллагын шат шатны удирдлагууд оролцов. Нээлттэй сонсгол шүү дээ. Ойлголтоо нэгтгэж, гарц гаргалгаа хайх үйл ажиллагаа. Харамсалтай нь энэ сонсголын эцэст “Сак Сараа” гэж өөрийгөө танилцуулсан “увайгүй” дүр гарч ирснээр цахим орчинд учир утгагүй маазралт хөвөрч төгссөн нь харамсалтай. Өөрийгөө тэмцэгч гэж нэрлэсэн эмэгтэй нь ivoice.mn сайтаар дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ нэр бүхий улс төрчийн амь насанд заналхийлж, нэр бүхий сургуулийн үйл ажиллагааг доромжилж, “Тэр хүнийг буудаж алсан ч миний эрх” гэх зэргээр олон нийтийг турхирсан юм.
Сонирхолтой нь, газрын ховор элемент болон уран хоёрыг ялгаж салгахгүйгээр зогсохгүй “физигчийн үгэнд итгэхгүй, нүдэндээ итгэнэ” гэж хэлэхдээ гаргаж буй биеийн хэлэмжийг нь харахад санаатайгаар тус сонсголыг үймүүлэх зорилготой юу гэж хардаж болохоор.
Энэ хүний овог нэр, эрхэлж буй ажил зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд өөрийгөө монголын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж ярьжээ.
Манай улс газрын ховор элементээ баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулж чадах уу. Хариуцлагатай уул уурхай гэдэг үгийг бодит амьдрал дээр буулгаж, монголчуудын амьдрал жаахан ч атугай өсөн дээшлэх үү гэдэг агуулга хөндөгдөж буй уг сонсголыг олон нийт бараг л анхаараагүй. Харин хэлж буй үгс нь хоорондоо ямар ч логик дараалалгүй эмэгтэйн ярианы дараа цахим орчин буцалж эхлэв. Сак …., Сак …. гэх зэргээр өөрсдийн нэрээ холбоод л .. Яагаад.. Яагаад бид маазрах, талцах, ямарваа нэгэн асуудлын хамгийн наад талын өнгөн хэсэг дээр баасны ялаа шиг шавах дуртай юм бэ. Ийм болчихсон юм уу, угаасаа л ийм байсан юм уу. Хараал хэлдэг, салаавч гаргадаг, дуулж бүжиглэдэг, бусдыг дээрэлхэж танхайрдаг, үг найруулгын алдаатай бичдэг, согтуу хөлчүү “лайв” хийдэг хүмүүсийг хөөргөж, тэднийг олноороо дагаж буй нь манай нийгмийн ёс суртахуун жинхэнэ утгаараа “улны” болж байгааг илтгэх шиг. Нийгмийн үзэгдэл гээд орхиж болох ч гэлээ бид цөөхүүлээ шүү дээ. Эрүүл ухаанаар бодит асуудлаа харж, олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл бөөндөө дуу хоолойгоо нэгтгэж, зөвийг зөв, бурууг буруу гэж дүгнэх ёстой бус уу.
Бүгд биш л дээ. Гэхдээ хүний аминд заналхийлэх эмэгтэйг хөөргөн баясаж буй монголчууд угаарын хий шиг нийгмээ хордуулж байна.
Дашрамд дурдахад, манай улс нэг тэрбум гаруй хүдрийн, 3.1 сая гаруй ислийн нөөцтэй. Таван аймгийн долоон сумын нутаг дахь зургаан орд газрын тусгай зөвшөөрлийн мэдээллээр,
- Дорноговийн Хатанбулаг суманд Лугийн голын орд13 мянган тонн исэлтэй. “Экту” ХХК болон “Рео” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Өмнөговийн Цогт-Овоо Хотгорын орд486 мянган тонн исэлтэй. “Хотгор Минералс” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Өмнөговийн Мандал-Овоо Мушгиа худаг орд82 мянган тонн исэлтэй. “Ремет” ХХ болон “Жи Эс Би Майнинг” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Ховдын Мянгад Халзан бүрэгтэйн орд 1,2 сая тонн исэлтэй. “Монголиан нэшнл Рий Ийрт Корп” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
- Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан оршдог Цагаан чулуутын орд
Увсын Завхан Улаан дэлийн ордтаван мянган тонн исэлтэй. “Гео Инфо” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Газрын ховор элемент нь нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, баттерей, шилэн кабель, хабрид машины бүрэлдэхүүн, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог. Газрын ховор элемент түгээмэл тархацтай биш. Элбэг тохиолддоггүй. Орд дээрээ ч сарнимал байдаг. Олдоц нь ховор. Хамгийн том тоглогч болох БНХАУ 17 хувь нь хөнгөн, 83 хувь нь хөнгөн элемент ашигладаг. Дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 хувь нь БНХАУ-д тогтоогдсон. Иймд дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаараа хангадаг.
Заавал хүргэх сэрэмжлүүлэг
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр есдүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт хоёр өрхийн гурван иргэн нас баржээ. Аймаар уу? Утааны улирал эхлээгүй байхад л угаартаад эхэллээ. Яг одоо үүнийг уншиж буй та гал түлж амьдардаг эргэн тойрны улсууд руугаа утас цохиж, яндангаа хөөлөхөөс эхлээд угаасаар сэргийлээрэй гэж хэлэх нь зөв байх. Төр нь тоохоо больсон, олон нийт нь үхлээс айхаа больсон энэ нийгэмд хувь хүний хийж чадах хамгийн том үйл бол эргэн тойрны хүмүүсээ аюул ослоос сэрэмжлүүлэх болж таарах шив.
Өнөөдрийн тоймловол,
Орон нутгийн зам дээр урсгал сөрж хүний амийг хөнөөсөн этгээд хоёр жилийн ял авав. Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүхдээс сураг гараагүй байна. Увс аймгийн Өндөрхангай суманд бүлэг этгээдүүд нэн ховор ангилалд багтсан цоохор ирвэс агнажээ. Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан хоёр сарын дараа Тайланд улсаас баривчлагдан ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцохоор АНУ-д явна. Анна кашмер Монгол Улсаас анх удаа Лондоны загварын шоунд оролцов. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ.