“Хархорум-2025” олон улсын кино наадмыг амжилттай зохион байгууллаа

5 минут уншина

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа, Кино урлагийн зөвлөл болон Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум – 2025” Олон Улсын кино наадмыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Наадмын шүүгчдээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Оскарын шагналт продюсер Марк Баше, Олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч Кристина Ашенбреннерова, Кино куратор Николай Никитин, Кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллав.

“Хархорум – 2025” Олон Улсын кино наадмын хүрээнд:

  • Кино наадмын хүрээнд нийт 8 улсын 21 кино бүтээлийг албан ёсоор сонгон, 40 удаагийн үзвэрээр Шангри-Ла “Өргөө IMAX” кино театрт үзэгчдэд хүргэсэн ба Кристиано Бортоне найруулагчийн “My place is here”, Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” кино үзвэрүүдийн дараа үзэгч, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг хийв.
  • Түүнчлэн “Кино төслөө хэрхэн амжилттай танилцуулах вэ” сэдэвт мастерклассыг зохион байгуулсан бөгөөд “Хархорум” кино наадмын уран сайхны бодлого эрхэлсэн захирал Н.Цогтбаяр удирдан явуулж гол илтгэгчээр продюсер Микеланджело Масанкай ажилласан юм.
  • Мөн “Монголын анимейшний хөгжлийн төлөв”, “Арилжааны киноны хөгжил: Боломж ба саад бэрхшээл” сэдэвт панел хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэг нь Монголын кино зах зээлийн бодит нөхцөл байдал, шинэ боломж, тулгарч буй сорилтуудыг нээлттэй хэлэлцэх, уран бүтээлчдэд хамтран хөгжих боломжийг олголоо.
  • “Хархорум-2025” наадмын үеэр Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх  “Asian Contents & Film Market”-д оролцох кино төслүүдийг шалгаруулах “Монгол кино төслүүд” танилцуулах үйл ажиллагааг 2 үе шаттайгаар зохион байгуулж, дараах төслүүд шалгарлаа.

“Шилдэг төсөл” – “Watermelon” – найруулагч Э.Ган-Очир

“Онцлох төсөл”:

·         “I Hate Pink” – найруулагч А.Энхтөгс

·         “Ever-Rest” – найруулагч Э.Гантөмөр

·         “Spirit of the steppe” – найруулагч Л.Ганболд


Наадмын хаалтын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Хархорум” наадмын уран сайхны бодлого эрхэлсэн захирал Н.Цогтбаяр нар оролцож үг хэллээ. Мөн олон улсын нэр хүндтэй шүүгчид, уран бүтээлчид, урлаг, соёлын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.


Хаалтын арга хэмжээний үеэр “Хархорум-2025” Олон Улсын кино наадмын нэр хүндтэй номинациудаар шагнал гардуулав. Үүнд:

  • “Телевиз болон дижитал платформын шилдэг цуврал” төрөлд найруулагч П.Дэлгэрбаярын “Мөрч” цуврал шалгарч шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж нар гардууллаа.
  • “Box Office” буюу Кино театруудад хамгийн өндөр борлуулалттай хамт олноор “Фантастик продакшн шалгарч шагналыг Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ-ийн Ч.Мөнхзул болон наадмын шүүгч, кино судлаач, шүүмжлэгч Т.Амарсанаа нар гардуулсан бөгөөд тухайн бүтээлийн зах зээл дэх үзэгчдийн хандалт, орлого, нийтлэл мэдээлэл зэргийг үнэлэв.
  • “Шилдэг найруулагч” төрөлд “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдорж шалгарч Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ-ын тэргүүн, “Хархорум” наадмын уран сайхны бодлого эрхэлсэн захирал Н.Цогтбаяр болон Ардын жүжигчин Н.Сувд нараас шагналаа гардан авсан юм.
  • “Шилдэг кино” төрөлд Францийн найруулагч Жиллес Лёлушийн бүтээл “Beating Hearts” буюу L’Amour ouf уран сайхны кино бүтээл шалгарлаа. 8 орны 13 кино бүтээлээс шалгарсан шилдэг киноны шагналыг Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал болон олон улсын шүүгч Кристина Ашенбреннерова нар зарлав.
  • “ICON” шагнал буюу кино урлагт өндөр хувь нэмэр оруулсан, уран бүтээлчийн карьер, бүтээлүүдийг үнэлсэн энэхүү тусгай шагналт байрын эзнээр “Фантастик продакшн”-ий найруулагч Б.Тамир шалгарлаа. Шагналыг кино наадмын хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи болон Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг нар гардууллаа.

“Хархорум–2025” Олон Улсын кино наадам нь Монголын кино урлагийн шинэ шатны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг тэлэх, уран бүтээлчдийг урамшуулан дэмжих, соёлын гүүрийг бий болгох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ боллоо.

TAGGED:
Түгээх