2023 оны байдлаар дэлхий дахинд хэрэглэгдэж буй товчин зайнуудын 25–45 хувийг CR2032 болон CR2025 төрлийн литийн зай эзэлж байгаа бөгөөд эдгээр нь ахуйн хэрэглээнд хамгийн өргөн хэрэглэгддэг. Эдгээр товчин зайг залгих эрсдэл бага насны хүүхдүүдийн дунд өндөр байдаг [1].
АНУ-д 1997–2010 оны хооронд 13-аас доош насны 40,400 орчим хүүхэд товчин зай залгисан буюу залгисан байж болзошгүй гэсэн шалтгаанаар яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Үүнээс гадна 1995–2010 оны хооронд 7 сартайгаас 3 насны 14 хүүхэд товчин зай залгисны улмаас амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ [2].
Эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөө:
Товчин зайны хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл нь түүний хэмжээ, химийн найрлагаас шууд хамаардаг байна. Ялангуяа, 15–23 мм-ийн литийн зайг залгисан тохиолдолд улаан хоолойд гүнзгий түлэгдэлт, үхжил зэрэг хүнд хэлбэрийн хүндрэлүүд үүсдэг. Мөн зайг залгиснаас хойш хэдхэн цагийн дотор дисфаги (залгихад хүндрэлтэй байх), одинофаги (залгихад өвдөх), бөөлжих, ханиалгах, цочромтгой болох зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг.
Зарим тохиолдолд судас гэмтэж, их хэмжээний цус алдалт үүсэж, амь насанд аюул учруулдаг байна. Түүнчлэн, улаан хоолойн түлэгдэлт, нарийсал, хаван, эдийн цоорол, гуурсан хоолойн фистул, дууны хөвчний саажилт зэрэг ноцтой хүндрэлүүд ч үүсдэг [2].
Лабораторийн орчинд хийсэн судалгааны үр дүн
Товчин зай хүний улаан хоолойд тээглэх үед үүсэх гэмтлийн механизмыг ойлгохын тулд лабораторийн нөхцөлд, гахайн улаан хоолойн загварыг ашиглан хийсэн судалгаанд дараах үр дүн гарсан байна.

Зураг 1. Улаан хоолойд үүссэн гэмтэл, 10 минутаар
Товчин зай улаан хоолойд тээглэснээс хойш
· 20 минутын дараа гүн хүрэн өнгөтэй, хар толбо бүхий цагариг хэлбэрийн түлэгдэлт үүссэн, 50 минутын дараа зай байрлуулсан хэсгийн эсрэг талын эдэд түлэгдэлт үүсэж эхэлсэн байна. Харин 70 минут болоход улаан хоолойд цагариг хэлбэрийн үхжил үүсэж, цагариг доторх салст бүрхэвч түлэгдэн бараг бүрэн үхэжсэн. Мөн эсрэг талын эдэд хэд хэдэн хар хүрэн толбо илэрсэн.

Зураг 2: Улаан хоолойд үүссэн гэмтэл, цагаар
• 90 минутын турш өртөхөд, улаан хоолойн хоёр талд цагариг хэлбэрийн түлэгдэлт тодорхой харагдахуйц үүсэн, 2 цагийн дараа салст бүрхэвч дахин сэргэхгүйгээр гэмтэж, нимгэрсэн байдалтай байсан бөгөөд доорх ягаан булчинт давхарга ил гарсан байсан. Мөн зай байсан хэсгийн эргэн тойрны эд агшсан.
• Дараагийн 4-7 цагийн хугацаанд улаан хоолойн хоёр талын салст бүрхэвч бүрэн арилж, гүн үхжил үүсэж, булчинт давхарга тод улаан өнгөтэй болсон. Харин 8 цагийн дараа гэхэд эсрэг талын цагариг дотор тал мөн үхжиж эхэлсэн ч эдийн цоорол хараахан үүсээгүй байсан [2].
Үүнээс дүгнэхэд товчин зай улаан хоолойд тээглэснээс хойших эхний 20–70 минутын дотор салст бүрхэвчид ноцтой түлэгдэлт, үхжил үүсгэж, 2–8 цагийн хугацаанд гэмтэл гүнзгийрч, булчинт давхаргад хүрч, нөхөн төлжих боломжгүй болдог нь харагдаж байна. Иймд товчин зай залгисан байж болзошгүй тохиолдолд эмнэлгийн тусламжийг яаралтай авах шаардлагатай.
ЗӨВЛӨМЖ:
Эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлийг анхаарах шаардлагатай.
· Зайг хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд ил харагдахгүй газар эсвэл цоожтой шүүгээнд хадгалах;
· Гэртээ байгаа жижиг зайгаар ажилладаг эд зүйлсийг нягтлан шалгах. Хэрэв таг нь сул, эсвэл зай нь амархан сугаран гарах боломжтой бол тухайн эд зүйлийг аюулгүй байдлаар бөхлөн тогтоох;
· Ашигласан зайг жирийн хог хаягдалтай хамт хогийн саванд хаяхгүйгээр цоожтой саванд хадгалж CU, Emart, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд байршуулсан “Ашигласан батарей хаях сав” эсвэл City Tower-ын 12 давхарт байрлах Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо–нд аваачиж тушаагаарай.
ТА ХҮҮХДЭЭ БАТАРЕЙ ЗАЛГИСАН БАЙЖ МАГАДГҮЙ ХЭМЭЭН ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА БОЛ
· Нэн даруй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хандах;
· Хэрэв зайг залгиснаас хойш 12 цагийн дотор байвал 10 минут тутамд 10 мл зөгийн бал (хамгийн ихдээ 6 удаа) уулгаж болно. Энэ нь эхний 2 цагт үүсэж болзошгүй хүндрэлээс сэргийлэхэд тусална.
· Хүүхдийг бөөлжүүлэхгүй байх нь чухал бөгөөд ингэснээр зай улаан хоолойд дахин гэмтэл учруулахаас сэргийлнэ [5].
Эх сурвалж:
1. Centers for Disease Control and Prevention (CDC), Injuries from batteries among children aged <13 years–United States, 1995-2010, https://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm6134a1.htm
2. University of Groningen, Button battery induced oesophageal lesions: how and when?, Groningen, The Netherlands 10th July 2015, https://fusedbuttonbattery.com/wp-content/uploads/2024/11/Bachelor-thesis-by-P.-Doekes.pdf
3. Global Button Cell Batteries Market Size By Application (Consumer Electronics, Medical Devices), By Type (Alkaline Button Cell Batteries, Silver Oxide Button Cell Batteries), By End-User (Retail, OEM (Original Equipment Manufacturer)), By Voltage (1.5V, 3V), By Chemistry (Lithium, Alkaline), By Geographic Scope And Forecast https://www.verifiedmarketreports.com/product/button-cell-batteries-market/
4. Global Button Cell Market Insights, Forecast to 2030, https://reports.valuates.com/market-reports/QYRE-Auto-20M4222/global-button-cell
5. Button Battery or Magnet Ingestion Clinical Guideline, https://doclibrary-rcht.cornwall.nhs.uk/DocumentsLibrary/RoyalCornwallHospitalsTrust/Clinical/EmergencyDepartment/ButtonBatteryIngestionClinicalGuideline.pdf
Боловсруулсан: Г.Болормаа, эрсдэлийн харилцаа холбоо хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ХСШУА, НЭМҮТ
